Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 313

 

 

 

 

 

 

    2019       04           02                                      2019/ШТ/313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Эрдэнэбаатар:                                   

шүүгдэгч: А.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхтүвшин;

хохирогч: Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8-д заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтандөшийн А.Бт холбогдох эрүүгийн 1909002770072 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод терсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............... оршин суух (............. оршин суух бүртгэлтэй), урьд ял шийтгэлгүй, .............. регистерийн дугаартай, хэрэг хариуцах чадвартай, ........... А.Б.

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-215 тоот өөрийн гэртээ эхнэр буюу хохирогч Б.Мы хоолойг нь боож, хүч хэрэглэн онц харгис хэрцгий аргаар зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бэлэг эрхтэн орчимд нь халуун үнс, цогоор түлж биед нь хэвлийн, зүүн гуя, зүүн бугалганд түлэгдлийн шарх, эрүү, хүзүү, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулж улмаар хүсэл зоригийнх нь эсрэг хүч хэрэглэн хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө ажил дээрээ дөрвүүлээ ажлаа хийж байсан. Эхнэрийн найз Мөнх-Отгон, Оюунгэрэл, Алтантуяа нар ирж архи уусан. Дараа нь манай гэрт очиж архи уусан. Эхлээд Оюунгэрэл 23 цаг өнгөрч байхад явсан. Удалгүй 23 цаг 40 минутанд Алтантуяа явсан. Хардалтын улмаас эхнэртээ гар хүрсэн. Шөнийн 1 цаг өнгөрч байхад унтаж амарсан. Үүрээр 5 цагийн үед эхнэртэйгээ бэлгийн харилцаанд орохыг хүссэн. Тэгэхэд манай эхнэр зөвшөөрөөд бэлгийн харилцаанд орсон. Ийм л үйл явц болсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 17-ны орой 22 цаг өнгөрч байхад манай ажил дээр Алтантуяа нэг шил архитай ирсэн. Тэрийг Алтантуяа, Оюунгэрэл, А.Б бид 4 уугаад 23 цаг өнгөрч байхад манай гэр лүү яваад 2 том пиво ууж байгаад Оюунгэрэл түрүүлээд, дараа нь Алтантуяа явсан. Манай хүү Маргад, А.Б бид 3 гэртээ үлдсэн. Тэгээд А.Б намайг хардаад зодсон. Хувцасны захаар заамдаад боосон. Нүүрсний нурам авчирч өвөр дээр тавьж түлээд, өмсөж байсан өмдийг шатаалгасан. Тэгээд нилээд маргалдаж байгаад унтахаар хэвтсэн. Тэгээд унтаж байгаад намайг сэрээгээд миний зөвшөөрлөөр бэлгийн харилцаанд орсон. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Бид хоёр амьдраад 17 жил болсон. Тийм болохоор 2 хүүхдийн минь эцэг болохоор хоригдоосой гэж хүсэхгүй байна гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.М /хх-ийн 10-15/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Маргад /хх-ийн 18/, гэрч Ц.Оюунгэрэл /хх-ийн 23-24/, гэрч М.Алтантуяа /хх-ийн 25-26/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Нинжин /хх-ийн 19-20/, гэрч Ц.Оюунжаргал /хх-ийн 21-22/, гэрч Т.Батхүрэл /хх-ийн 27-28/, гэрч Б.Батжавхлан /хх-ийн 29/, гэрч И.Туул /хх-ийн 30-31/, нарын мэдүүлэг, А.Бын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1517 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/, мөн хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №871 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/, хохирогч Б.Мы 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 7/, хохирогч Б.Моос гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-ийн 66-69/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 65/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/, А.Бын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 76-83/ зэрэг  болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48-215 тоотод байрлах гэртээ “уурхайд ажиллаж байхад завхайрсан, үнэнээ хэл” гэх зэргээр хий хоосон төсөөллийн хардалтын улмаас өөрийн эхнэр Б.Мыг “улайссан галын хайчаар бэлэг эрхтнийг чинь түлж умайлгана” гэж сэтгэл санааны дарамтад оруулан айлгаж, өмсөж байсан фудволкных нь захаар хоолойг нь боох, өшиглөх, үсдэж чирэх зэргээр зодох,  халуун цог бие дээр нь асган түлэх зэргээр хөнгөн гэмтээсэн,

мөн Б.Мыг “янхан минь өөр том бэлэг эрхтэнтэй хүнтэй нөхцсөн үү” гэж заналхийлж, “түлэгдсэн учраас хорсож өвдөж зовиурлаж байна” гэсэн гуйлтыг нь үл хайхран багалзуурыг шахаж хүчээр хурьцал үйлдсэн үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. 

Үүнд:Хохирогч Б.Мы /хх-ийн 10-15/: “...Манай 2 найзыг явсны дараа манай нөхөр А.Б “2 найз чинь янхандах гээд гараад явчихлаа, чи бас явах байсан юм уу” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ” гэхэд намайг заамдаж аваад хоолой бооход нь би ухаан алдаад унасан... Сэрсэн чинь гал тогооны өрөө хүртэл миний үснээс зулгааж чирж авчираад зуухны өмнө суулгаад галын хайчаар халуун нурам аваад “чиний бэлэг эрхтэнийг чинь түлж умайлгана, яасан их янханддаг юм бэ” гээд халуун нурмаа миний гуя, бэлэг эрхтэн хавиар унагаасан... Тэгээд миний араас ирээд надтай бэлгийн харьцаанд орохыг шаардсан. Тэгэхээр нь би “түлэгдсэн болохоор хорсоод өвдөөд байна” гэсэн чинь “яасан янхан минь, өөр том боовтой юмтай болчихсон юм уу” гэж хэлээд орон дээр миний хоолойг боож багалзуурдсан. Би айгаад “тэгье” гэж зөвшөөрөөд А.Бтай бэлгийн харьцаанд орсон...”,

“... А.Б нь миний энгэрээс заамдаж аваад 2 удаа цамцны захаар боож ухаан алдуулсан. Тэрнээс болж миний хүзүү зулгарч улайж урагдсан. 2 удаа миний бэлэг эрхтэн болон гуяны хэсэг хавь руу халуун цогоор түлсэн. Бас нуруу, хөл, гар, гуя, цээжний хэсэг рүү нүцгэн хөлөөрөө өшиглөж байсан ...” ,

“... Тэгээд хэр удсаныг мэдэхгүй нэг сэргээд ирсэн чинь А.Б нь намайг “наад өмдөө тайлаад галд хийж шатаа” гэж хэлсэн. Тэгээд би айсандаа биеийн тамирын болон дотуур өмсөж байсан ноосон өмдөө тайлж гал руу хийж шатаасан. Тэрний дараа А.Б нь галын дэгээ төмөр галд хийж улайсгачихаад гаргаж ирж барьчихаад “одоо наадах руу чинь хийж эргүүлж түлж умайлгана” гэж айлгасан ... Тэгээд дайрангуут нь би гуйгаад “битгий тэг л дээ, би гэмтэнэ ш дээ, чи намайг аллаа ш дээ, битгий ингэ” гээд гуйсан чинь “тэртэй тэрэнгүй би чамайг өнөө шөнө гүйцээж ална” гэж хэлсэн. Тэр үед цаг руу харахад 05 цаг өнгөрч байсан ... Манай нөхөр А.Бын дээрх гаргасан үйлдлийг манай хүү болох 10 настай Маргад харсан. Хүү маань унтаж байгаад дундуур нь босож ирээд харсан, тэгтэл А.Б хүүг маань “босож ирэх юм бол ална шүү, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвт” гэж хэлэхэд Маргад айгаад босож ирээгүй. Нөхрийн дээрх гаргасан үйлдлийг өөр хэн ч хараагүй ээ... А.Б нь ямар үйлдэл хийж байгаагаа мэдэж байсан. Тэгж айхтар болтлоо согтоогүй байсан. ....А.Б бид хоёр 2008 онд гэрлэлтээ батлуулсан. Дундаас маань төрсөн 13 настай охин Нинжин, 10 настай хүү Маргад нар байгаа ...” гэх мэдүүлгээр,

Арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Маргадын /хх-ийн 18/: “... Аав А.Б нь ээж Мөнх-Отгоныг хамгийн эхлээд 3-4 удаа боож унагаагаад ухаан алдуулсан. Тэгснийхээ дараа биеийнх нь хэсэг рүү, цээж рүү нь гараараа цохисон. Тэгснээ үсдэж чирээд үүд рүү аваачингуутаа галын хайчаар зуухнаас цог аваад бэлхүүсний орчимд нь унагаасан. Тэгсэн чинь ээж уйлаад, аав болохоор ээжийг загнасан. Би тэр үед газар орон дотроо хэвтэж байсан чинь аав болохоор ээжийг “чи 2 өдөр хаана байсан бэ” гэж уурлаад байсан. Тэгээд би хөнжил дотроо уйлж байгаад унтаад өгсөн ...” гэх мэдүүлгээр,

Гэрч Ц.Оюунгэрэлийн /хх-ийн 23-24/: “... Би Мөнх-Отгонтой 4-н жилийн өмнөөс найзалсан юм. Мөнх-Отгоны хүү Маргад, манай охин хоёр нэг ангид сурдаг юм ... А.Б, Мөнх-Отгон бид хэд 2018 оны 10 дугаар сараас хойш л цуг нэг газарт ажиллаж байгаа. Энэ хугацаанд бол ажлын байран дээр хэрүүл шуугиан гаргаж байгаагүй ...Батхүрэл гэдэг хүн бол миний төрсөн эгч Оюунжаргалын нөхөр нь байгаа юм. Харин Батжавхлан нь манай ээжийн дүүгийнх нь хүүхэд байгаа юм. Батжавхлан уг нь Мөнх-Отгонтой ямар ч харилцаагүй шүү дээ... Намайг гарч явах хүртэл А.Б бол ухаанаа алдатлаа согтоогүй л байсан шүү дээ ...” гэх мэдүүлгээр,

Гэрч М.Алтантуяагийн /хх-ийн 25-26/: “...А.Б, Мөнх-Отгон, Оюунгэрэл бид дөрөв л архи, пиво уусан. Тэгээд Оюунгэрэл түрүүлээд явсан. Араас нь би явсан. А.Б эхнэр, хүүтэйгээ цуг үлдсэн. Өөр хүн байгаагүй ...” гэх мэдүүлгээр,

Гэрч Т.Батхүрэлийн /хх-ийн 27-28/: “... Батжавхлан, Мөнх-Отгон хоёрын дунд ямар ч харилцаа байхгүй ...” гэх мэдүүлгээр,

Гэрч Б.Батжавхлангийн /хх-ийн 29/: “... Б.Мыг “Око” гэж дууддаг нэрээр нь танина. Би энэ эмэгтэйтэй ямар нэгэн ах дүү, хамаатан садан болон найз нөхөд гэх мэт дотно харилцаа огт байхгүй. Анх хүргэн ах Батхүрэлийн гэрт тааралдаж байсан. Тэрний дараа Батхүрэл ахтай цуг “Око” гэгч эмэгтэйн гэрт нь очиж тааралдаж байсан. Өөр ямар нэгэн харилцаа холбоо огт байхгүй ээ ...” гэх мэдүүлгээр,

А.Бын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 59-60/: “...Ер нь бол зунжингаа Оюунгэрэл найз нь манай эхнэртэй цуг байнга байдаг байсан. Тэгэхээр нь би эхнэр Мөнх-Отгонд хандаж “Оюунгэрэл та 2 ингээд шөнө дөлөөр гарч явдаг юм байна шүү дээ” гэж хэлээд л эхнэр бид 2-ын маргаан эхэлсэн. Ерөнхийдөө би эхнэрээ хардсан. ...Тэгээд би маргалдаж байхдаа бухимдаад “битгий худлаа яриад бай үнэнээ хэл” гэж хэлээд эхнэр Мөнх-Отгоны хоолойг нь 2 удаа гараараа багалзуурдсан. Тэгсэн манай эхнэр хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би дээрээс нь “үнэнээ хэл, үнэнээ хэлэхгүй бол” гэж айлгаад галын хайч аваад галаас цог хавчаад гаргаад ирсэн. Тэгээд би эхнэрийнхээ гуян дээр барьж байгаад галын хайчаа базчихсан чинь цог нь бутраад эхнэр Мөнх-Отгоны гуя орчим өмдөн дээр нь бутраад бутраад унасан...Би эхнэр Мөнх-Отгонтой  бэлгийн харьцаанд орохыг хүссэн. Эхнэр болохоор эхэндээ жоохон дургүйцсэн байдалтай байсан, тэгээд бэлгийн харьцаанд орсон...” гэх мэдүүлгээр,

“... Б.Мы биед хэвлий, зүүн гуя, зүүн бугалганд түлэгдлийн шарх, эрүү, хүзүү, зүүн мөр, цээжинд зулгаралт, зүүн шуунд цус хуралт” бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заасан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн №1517 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 33/,

мөн хүрээлэнгийн 2019 оын 02 дугаар сарын 13-ны өдрийн №871 дугаартай шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн футболканд дулааны үйлчлэлээр гарсан 4 хэсэг шинэ түлэгдэлт, дотоожинд дулааны үйлчлэлээр гарсан 4 хэсэг шинэ түлэгдэлт, татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан 5 ширхэг хуучин ханзралтууд байна ...” гэсэн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №871 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 37/ болон хохирогч Б.Мы 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 7/, хохирогч Б.Моос гаргаж өгсөн гэрэл зургууд /хх-ийн 66-69/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 65/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

Шүүгдэгч А.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай болохыг Шүүх сэтгэц эмгэг судлалын 381 дугаартай дүгнэлтээр тогтоосон болно /хх-ийн 103-104/.

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч өөрөө болон хохирогч, гэрч нар хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон, шүүгдэгч, хохирогч нар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс мөн болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Хэдийгээр хохирогч Б.М шүүх хуралдаанд “А.Б нь надтай хүчээр бэлгийн харьцаанд ороогүй” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгч байх боловч мөрдөн байцаалтын явцад тэрээр удаа дараагийн мэдүүлгээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу аливаа шахалт, албадлагагүй өгсөн нь хэргийн талаар бодитой мэдээлэл агуулсан, хэрэгт ач холбогдолтой хэвээр байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсныг тэмдэглэж байна.

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар тарчилган зовоох, өвтгөн шаналгах хэрцгий адал балмад аргыг зориуд сонгож буюу “улайссан галын хайчаар бэлэг эрхтнийг чинь түлж умайлгана” гэж айлгаж, хоолойг нь боох, өшиглөх, үсдэж чирэх зэргээр зодож, халуун цог бие дээр нь асган түлэх зэргээр өөрийн эхнэрийг сэтгэл санаанд нь дарамт учруулах, бие махбодод нь хүч хэрэглэн халдаж хөнгөн гэмтэл учруулж буй А.Бын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл  мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг, мөн өөрийнх нь зодуур, халуун цогоор түлсэн үйлдлийн улмаас өвдөн шаналж, бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа гуйж хэлсээр атал үгээр заналхийлж, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орж буй А.Бын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8-д заасан “ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, харгис хэрцгий аргаар, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Хохирогч Б.М шүүх хуралдаанд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүх Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, мөн хохирогч Б.Мы “А.Бт гомдол санал байхгүй, хариулагыг нь хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан А.Бын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8-д заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял ял тус тус шийтгэж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзаж түүнийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг хуульд нийцүүлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан ялын хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн А.Бын нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ажлыэ хэсэг нь 32 см урттай, бариулын хэсэг нь 15 см урттай, нийт 47 см урттай төмөр галын хайч 1 ширхэг, шаргал өнгийн торгон дотоож 1 ширхэг, улаан өнгийн футболка 1 ширхэг зэргийг устгахаар тогтов. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ..................... А.Быг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн,

  мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг, харгис хэрцгий аргаар, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.8-д зааснаар шүүгдэгч А.Быг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч А.Бт оногдуулсан хөнгөн ял болох 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг хүнд ял болох 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тогтооосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бын урьд цагдан хоригдсон 87 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ажлыэ хэсэг нь 32 см урттай, бариулын хэсэг нь 15 см урттай, нийт 47 см урттай төмөр галын хайч 1 ширхэг, шаргал өнгийн торгон дотоож 1 ширхэг, улаан өнгийн футболка 1 ширхэг зэргийг устгасугай.

 

7. Шүүгдэгч А.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.МӨНХ-ЭРДЭНЭ