Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шаравын Оюунханд |
Хэргийн индекс | 102/2022/03556/И |
Дугаар | 210/МА2024/00046 |
Огноо | 2023-12-27 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2024/00046
2023 оны 12 сарын 27 өдөр Дугаар 210/МА2024/00046
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/03265 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,
243,163,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Тус компани Хан-Уул дүүрэг 18 дугаар хороонд байрлах орон сууцны Гэрлүг виста төслийн 1 дүгээр ээлжийн орон сууцны 4 барилгад тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажлыг хийж гүйцэтгүүлэх зорилгоор 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ******* ХХК-тай 2021/35-122 тоот гэрээг байгуулж, 1-р ээлжийн орон сууцны 4 барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажлыг орон сууцны 1 блок барилгын 1,838.76 м.кв талбайд 185,000,000 төгрөгөөр буюу нийт 4 блок барилгын 7355.04 м.кв талбайд 740,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр харилцан тохиролцсон ба уг ажлын хөлс, материалын зардал болон бусад бүх зардлууд багтсан.
1.2. Бид 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гэрээний нийт үнийн дүнгийн 30% болох 222,000,000 төгрөгөөс 4 блок барилгын хөөсөнцөр болон тортой хар замаскны ажилд 146,736,240 төгрөгийг урьдчилгаа төлбөрт шилжүүлснээс 51,725,340 төгрөгийн ажлыг гүйцэтгэж, 95,010,900 төгрөгний ажил хийгдээгүй.
1.3. Гэрээний дагуу харилцан тохиролцсон тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажил нь хөөсөнцөр болон тортой хар замаскны ажил, чулуун хар замаск болон эмульсны ажлуудаас тус тус бүрдэнэ.
Үүнээс гүйцэтгэгч компани нь зөвхөн хөөсөнцөр хавтан наах, хадах ажилбарыг хагас дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд бид 1 м.кв талбайд материалтайгаар бүрэн гүйцэтгэх ажлын нэгж үнэлгээг 50,000 төгрөг байхаар тохирсон.
Өөрөөр хэлбэл гэрээний нийт үнийн дүн болон төлбөрийн хуваарийг тус 50,000 төгрөгийн материал багтсан нэгж үнэлгээнд үндэслэн тооцоолж гаргасан бөгөөд ******* ХХК-аас 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн мэйл хаягаар тус задаргааг боловсруулж, хавсарган ирүүлсэн.
Эндээс үзвэл 1 блок барилгын 1838.76 м.кв талбайд хөөсөнцөр хавтан наах, хадах ажилбар /материал багтсан/-ын нийт үнийн дүн 91,938,000 төгрөг болно.
1.4. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл 4 блок барилгад нийт 1451.45 м.кв талбай буюу бодит гүйцэтгэл, түүний чанар нь дунджаар 70 хувьтай болох талаар 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр талууд харилцан акт үйлдсэн. Ковидын үед гэрээ байгуулагдсан бөгөөд ковидын нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж байсан.
1.5. Ажил гүйцэтгэгч нь 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ажлаа дуусгах үүрэг хүлээсэн боловч 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн зогсоосон тул гэрээг цуцалж, 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 113 өдрийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 688,274,660 төгрөгийн 0,2 хувь буюу гэрээний нийт үнийн дүнгийн 20 хувь болох 148,000,000 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан.
Иймд урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 95,010,900 төгрөг, алданги 148,000,000 төгрөг, нотариатын зардал 153,000 төгрөг, нийт 243,163,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Талуудын хооронд 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Гэрлүг виста төслийн 1 дүгээр ээлжийн К3, К4, К5, К6 блок барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажил гүйцэтгэх 2021/35-122 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, урьдчилгаа 146,736,240 төгрөгийг хүлээн авсан. Гэрээ байгуулагдсанд маргахгүй.
2.2. Санхүүжилт орсноор 112,999,000 төгрөгийн бараа материал худалдан авч захиалгын талбайд зохих бүртгэл хийлгэн К2 блокын зоорийн давхарт оруулсан. 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр хоёр тал тохиролцож ажлыг эхлүүлсэн.
2.3. Энэ өдрөөс эхлэн талбай дээр ажиллаж К3 блок барилгын 25.08 м.кв ханын дулаалга, К4 блок барилгын 264.24 м.кв ханын дулаалга, К5 блок барилгын 396,6 м.кв ханын дулаалга, К6 блок барилгын 765.56 м.кв ханын дулаалгын нийт 1451.48 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэн зохих журмын дагуу хоёр талын инженерүүд хүлээлцсэн.
2.4. Талбайн м.кв шинжээчийн дүгнэлтээр ч тогтоогдсон. Ажил хийсэн үнийн дүнгийн зөрүү, урьдчилгаа төлбөрийн зөрүүнд 12,429,044 төгрөгийг төлөхөд хариуцагчийн зүгээс татгалзахгүй.
Бараа материалын үлдэгдэл 23,915,000 төгрөгийн бараа нэхэмжлэгчийн агуулахад үлдсэн. 110,392,200 төгрөгийн гүйцэтгэлийн ажил хийгдсэн.
2.5. Тухайн үед Корона вирусын цар тахлаас шалтгаалан бараа материал түүхий эдийн үнэ огцом өсөж хомсдол үүссэн.
Бүгд Найрамдах Хятад Ард Улс хилээ бүрэн хаасан үе байсан бөгөөд үүнээс шалтгаалж манай ажил доголдож, энэ талаар тухай цаг бүр имэйл, албан бичгээр нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан.
Хоёр тал үнэлгээн дээр нэгдэж чадаагүй тул шинжээч томилуулсан. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, гэрээ цуцлагдсан тул алдангийг төлөх боломжгүй. Нотариатын зардал нь нэхэмжлэгчийн өөрийн үйл ажиллагааны зардал тул төлөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ******* ХХК-аас 24,936,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 218,227,660 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,373,770 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 282,631 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-аас 1,500,000 төгрөг, хариуцагч ******* ХХК-аас 1,500,000 төгрөг гаргуулж Хөрөнгийн Үнэлгээний Төв ХХК-д олгож, шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 24,936,240 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэртэй бүрэн санал нийлэх боломжгүй.
4.2. Нэхэмжлэгч тал ач холбогдол бүхий баримтуудыг шүүхэд гаргаж, мөн шүүхээс үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж баримтжуулсан.
Гэвч анхан шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгох нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 40 дугаар зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." гэснийг зөрчсөн.
Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бусад нотлох баримтууд болох хариуцагч "*******" ХХК-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын явц дүгнэсэн акт, гэрээний хавсралт төсөв, төлбөрийн хуваарь, үзлэгийн явцад үйлдсэн тэмдэглэл зэрэг баримтуудыг нотлох баримтын хүрээнд хэрхэн үнэлсэн, үгүйсгэгдэж байгаа, хэрэг хянан шийдвэрлэхэд хэрхэн нөлөөлж буй талаар тодорхойгүй буюу огт дурдаагүй байна.
4.3. Хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын тоо хэмжээ нь талуудын хувьд тодорхой буюу маргаангүй бөгөөд харин ажлын нэгж үнэлгээ нь хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
Ажлын нэгж үнэлгээ нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажлын төсөв, төлбөрийн хуваарь, мөн үзлэгийн явцад үйлдсэн тэмдэглэлд 1 м.кв ажил нь 50,000 төгрөг гэж тодорхой тусгагдсан. Тус ажлын нэгж үнэлгээнээс үзвэл, хариуцагчийн гүйцэтгэсэн 1451.45 м.кв талбайд гүйцэтгэсэн ажил нь 72,572,500 төгрөг байх ба талууд тус ажлын гүйцэтгэлийг 70 хувьтай гэж дүгнэн, акт үйлдсэнээс үзвэл, 1451.45 м.кв талбайд гүйцэтгэсэн ажлын үнэ нь 51,725,340 төгрөг болно.
Шүүх хэрэгт авагдсан эдгээр нотлох баримт бүрийн талаар үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Гэвч анхан шатны шүүхээс талуудын хооронд байгуулсан гэрээний нөхцөл, харилцан тохиролцоо зэрэг үүнтэй холбоотой нотлох баримтад үнэлгээ, дүгнэлт өгөлгүй, зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан төдийгүй талуудын гэрээний чөлөөт байдлын зарчмыг үгүйсгэсэн байна.
4.4. 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Улсын дээд шүүхийн зөвлөмжийн 3.2-т "Шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ. Зарим тохиолдолд зөвхөн шинжээчийн дүгнэлтэнд тулгуурлан хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагддаг" гэж заасан байдаг.
Иймд гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 95,010,900 төгрөгийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Талууд 1451 м.кв талбайн ажил хийж гүйцэтгэхээр тохиролцсонд маргаагүй. Тухайн үед хариуцагчийн зүгээс бараа материалын үнэ огцом өссөн тул үлдэгдэл мөнгөөр нь ажиллах боломжгүй талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн. Энэ талаар талууд ажил зогссоны дараа харилцан акт үйлдсэн.
Маргааны зүйл болох 1451 м.кв талбайд ямар ажил хийгдсэн, ямар үнэлгээтэй эсэхийг тогтоолгохоор шүүхээс тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилсон. Шинжээч 1451 м.кв талбайн ажлыг хийж гүйцэтгэхэд ямар хэмжээний бодит зардал гарсныг дүгнэсэн. Тухайн үед өндөр үнэлгээтэй байна, ийм ажил хийгээгүй гэдэгт талууд маргаагүй.
Иймд анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 95,010,900 төгрөг, алданги 148,000,000 төгрөг, нотариатын зардал 153,000 төгрөг, нийт 243,163,900 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч 12,429,040 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэжээ. /1-р хх 1-3, 84-85/
3. Хэргийн үйл баримт ,шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:
3.а. Зохигч 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1-р ээлжийн орон сууцны 4 барилгын тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Гэрлүг виста төслийн 1 дүгээр ээлжийн орон сууцны 4 барилгын, 7355.04 м.кв талбайтай, тагтны хэсгийн тааз болон ханын дулаалга, заслын ажлыг хийж, хүлээлгэн өгөх, захиалагч ******* ХХК нь 740,000,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /1-р хх 6-15/
3.б. Төслийн 4 блок барилгын 7355.04 м.кв талбайд ажиллахаар тохиролцсноос хариуцагч 1451.45 м.кв талбайн ажлыг хийж, актаар хүлээлцсэн, нэхэмжлэгч урьдчилгаанд 146,736,240 төгрөг шилжүүлсэн талаар зохигч маргаагүй. /1-р хх 1-3, 84-85/
3.в. Гэрээ цуцалсан үйл баримтын хувьд мөн талууд маргаагүй байна. /1-р хх 1-3, 84-85/
4. Зохигч актаар хүлээлцсэн 1451.45 м.кв талбайн ажлын үнэлгээний талаар маргаж байна.
4.а. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
4.б. ******* ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 55 тоот дүгнэлтээр,
Гэрлүг виста 1 дүгээр ээлжийн орон сууцны К3, К4, К5, К6 блок барилгуудын тагтны хэсгийн ажлаас 2021 оны 12 дугаар сарын 29-ний байдлаар ******* ХХК-ийн 1451 м.кв талбайд хийсэн ажлын үнэлгээг 77,608,700 төгрөг, тус ажилд шингэсэн өртгийг 121,800,000 төгрөг, ажилчдын хөлсний үнэлгээг 22,759,100 төгрөгөөр тус тус тогтоожээ. /1-р хх 143-174/
5. Анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хэргийн бүх баримтуудтай харьцуулан үнэлсэн гэж үзнэ.
5.а. Шинжээч дүгнэлт гаргахдаа гэрээгээр тохиролцсон талуудын тохиролцоо, гэрээний хэрэгжилтийн явцад өртөг шингэсэн нөхцөл байдал, зах зээлийн ханшны өсөлт зэргийг оруулан тооцсон төдийгүй, зах зээлийн үнийг илт үндэслэлгүйгээр өсгөсөн байдал тогтоогдоогүй тул дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ. Талууд анх 740,000,000 төгрөгийн ажлыг 7,355 м.кв талбайд хийхээр тохиролцсон. Үүнээс 1,451 м.кв талбайн ажлыг 70 хувийн гүйцэтгэлтэйгээр хүлээлгэн өгсөн. Энэ тохиролцооны хүрээнд 70 хувийн гүйцэтгэлийн талаар шинжээч дүгнэлтдээ дурдсан.
Мөн нэхэмжлэгч уг шинжээчийн дүгнэлтэд маргаж, нэмэлт болон дахин шинжилгээ хийлгээгүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/03265 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,323 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ш.ОЮУНХАНД