Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 321

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Халиун сумын Үржил 3-1 тоотод оршин суух Хөх толбот Ганболдын Наранцацралтын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-7 тоотод оршин суух Адуучин Төмөрбаатарын Пүрэвдоржид холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 04-ний өдөр  хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Наранцацралт, хариуцагч Т.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Наранцацралт шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ганболдын Наранцацралт нь 1986 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. Нөхөр болох Төмөрбаатарын Пүрэвдоржтой 2008 онд танилцаж, 2011 онд гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр охин П.Анужин маань төрсөн юм. Өнгөрсөн жилүүдэд гэр бүл маань сайхан амьдарч байсан боловч 2015 онд Т.Пүрэвдорж нь зан авираа ихээр өөрчилж, архи ууж ирээд охины минь дэргэд зодох болсон. Мөн Т.Насанжаргал гэх эмэгтэйтэй нууцаар холбоо тогтоож ёс бус бэлгийн харьцаанд удаа дараалан орж эцэг хүн байх үүргээ умартан бид хоёрыг хуурсан. Энэ байдлыг нь би мэдсэн боловч эх хүний уужим сэтгэлээр уучилсан. Манайх Халиун суманд байдаг.  Т.Пүрэвдоржийг гэртээ байж байхад өмнө нь мессеж бичиж байсан хүүхнээс  байнга мессеж ирж, ярьдаг байсан. 2016 оны 04 дүгээр сараас эхлээд ажил хийнэ гээд аймаг дээр байнга байдаг, гэртээ байдаггүй, гэртээ ирэхээ байж дахин энэ ёс бус үйлдлээ давтан Баяншанд багт оршин суугч Нямдоржийн Бүрэнчөдөр гэх эмэгтэйтэй нууцаар холбогдож, ёс бус бэлгийн харьцаанд орсон, түүнийг нь Н.Бүрэнчөдөр өөрөө илчилсэн. Би тэр н.Бүрэнчөдөрөөс тайлбар бичүүлж хэргийн материалд хавсаргасан байгаа. Миний сэтгэл энэ хүнийг миний эр нөхөр, охины минь эцэг байхыг огтхон ч  хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ байдлаас үүдэн охины минь сэтгэл зүйд болон ирээдүйд  хүнд цохилт болж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа учраа олж эвлэрье гээд гэртээ хамт очсон боловч 2, 3 хоногийн дараа нөгөө хүүхнээс нь дахиад мессеж ирсэн. Тэрнээс хойш гэрээсээ бүх зүйлээ аваад явсан. Одоо хамт амьдрахгүй байгаа. Өмнө нь хамт амьдарч байсан. Иймд миний энэ байдлыг харгалзан үзэж охинд минь насанд хүртэл хуульд заасны дагуу тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Пүрэвдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тайлбар байхгүй. Эхнэрийхээ гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Түүний дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч Г.Наранцацралтын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Г.Наранцацралт нь хариуцагч Т.Пүрэвдоржид холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 Нэхэмжлэгч Г.Наранцацралт, хариуцагч Т.Пүрэвдорж нар 2008 онд танилцаж,  2011 онд хуримласан боловч гэрлэлтээ бүртгүүлэхгүйгээр хамтран амьдарч байсан болох нь тогтоогдож байна. Энэ тохиолдолд хууль зүйн хувьд гэрлэлт, гэр бүл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул тэдний харилцаа хамтын амьдралын харилцаатай байна.

 Энэхүү хамтын амьдралын явцад тэдний дундаас 2010 оны 07 дугаар сарын 05-нд охин Анужин төрж Пүрэвдоржоор овоглон бүртгэгджээ. Зохигчид таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж байгаа учир  хүүхдийн асрамж тэтгэлэгийн асуудлыг шийдвэрлэх зүйтэй байна.

 Хариуцагч хүүхдийн асрамж, тэтгэлэгийн талаар маргаагүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн хүмүүсийн дундаас төрсөн хүүхэдтэй адил эрхтэй гэж заасны дагуу охин П.Анужинд хүүхдийн тэтгэлэг тогтоох асуудлыг  Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх үндэслэлтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан хүүхдийн нас, эцэг эхийн анхаарал халамж, ёс суртахуун, ахуйн нөхцөл бололцоо зэргийг харгалзан П.Анужинг эх Г.Наранцацралтын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан хэмжээгээр тэтгэлэг тогтоож эцэг Т.Пүрэвдоржоор тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасны дагуу хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр тус тус заасан тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Адуучин Пүрэвдоржийн Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Адуучин Төмөрбаатарын Пүрэвдоржоос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Пүрэвдоржоос хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 22.283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн Адуучин Пүрэвдоржийн Анужинг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Адуучин Төмөрбаатарын Пүрэвдорж /РД:ДЮ91021435/-оос тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасныг баримтлан  хүүхдийн тэтгэлэг тогтоосон шийдвэрийн хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Чанцалдуламд даалгасугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Наранцацралтад даалгасугай.

4. Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Т.Пүрэвдорж нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагад ногдох тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т.Пүрэвдоржоос хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон 22.283 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН