Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 322

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух Цахар Жамбалмаагийн Эрдэнэчимэгийн  хүсэлттэй

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Одбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ж.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Цахар овогтой Жамбалмаагийн Эрдэнэчимэг нь 1961 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Говь-Алтай аймгийн Жаргалан сумд төрсөн. 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас шүүхээр ажилласан жилээ тогтоолгох болсон юм. Иймд миний бүрдүүлж өгсөн нотлох баримтыг үндэслэн 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарыг дуустал Жаргалан сумд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

                                                         ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Учир нь хүсэлт гаргагч хү 1977 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарыг дуустал Жаргалан сумд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлт гаргаснаас 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 138 дугаартай архивын лавлагаанд “Тус аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчин байсан Жамбалмаа овогтой Эрдэнэчимэг нь 1977 оны 10-12 сард 334 төгрөг, 1978 оны 1-12 сард 2422 төгрөг, 1979 оны 1-12 сард 2221 төгрөг, 1980 оны 1-12 сард 2179 төгрөг, 1987 оны 1-12 сард 2654 төгрөг, 1988 оны 1-12 сард 2275 төгрөг, 1989 оны 1-8 сард 388 төгрөгний цалин авч байсан байна...” гэсэн байгаагаар нотлогдон тогтоогдож байна.

Харин хүсэлтээс 1981 оны 01 дүгээр сараас 1986 оны 12 дугаар сарыг дууталх хугацаанд  малчнаар ажиллаж байсан байдал нь шууд нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Иймд Цахар Жамбалмаагийн Эрдэнэчимэгийг 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хүсэлт гаргагч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цахар Жамбалмаагийн Эрдэнэчимэгийг 1977 оны 10 дугаар сараас 1980 оны 12 дугаар сарыг дуустал, 1987 оны 01 дүгээр сараас 1989 оны 08 дугаар сарыг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Батнайрамдал нэгдлийн Завхан гол бригадад малчнаар ажиллаж байсныг тогтоож, хүсэлтээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН