Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01069

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01069

 

 

,,,,,,,,,,, Д.,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,

Г.,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01047 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, Д.,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,, Г.,,,,,,,, нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Оюу толгой ХХК-д холбогдох

,,,,,,,,,,ид 5,190,528 төгрөг, Д.,,,,,,,,,,д 6,166,608 төгрөг, Б.,,,,,,,,,д 10,257,017 төгрөг, Б.,,,,,,,,,,,,д 4,204,096 төгрөг, Г.,,,,,,,,д 6,782,057 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, ,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, Д.,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,,,, Г.,,,,,,,, нар нь Оюу толгой ХХК-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь ээлжийн хуваариар буюу нэг гарахдаа 12 цагаар ажиллаж, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасны дагуу нэг ээлжид ажил үүргээ 14 хоног гүйцэтгээд 14 хоног амарч байна.

Гэтэл Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож, нэмэгдэл хөлс олгоно гэж хуульчилсан.

Тодруулбал, ажилчдыг нөхөн амраалгүй 14 хоног, 12 цагаар ажиллуулж байгаа буюу өдөр бүр дунджаар 4 цаг илүү ажиллуулж байгаа боловч хуульд заасан илүү цагийн хөлс олгохгүй байгаа тул энэхүү илүү цагийн хөлсийг дундаж цалин хөлсөө бодон шаардаж байна.

1.2. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/92 дугаар хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2 дугаар зүйлд заасныг үндэслэн,

1.2.1. ,,,,,,,,,,ийн 2022 оны 10 дугаар сарын 15,221,691 төгрөг, 11 дүгээр сарын 8,894,484 төгрөг, 12 дугаар сарын 8,015,638 төгрөгийн цалингаас, нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 61,792 төгрөг, 168 цагийн хөлс 5,190,528 төгрөг,

1.2.2. А.,,,,,,,,,,ийн 2023 оны 10 дугаар сарын 8,118,134 төгрөг, 11 сарын 11,175,411 төгрөг, 12 дугаар сарын 18,853,677 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 73,412 төгрөг, 168 цагийн хөлс 6,166,608 төгрөг,

1.2.3. Б.,,,,,,,,,,,,ийн 2023 оны 09 дүгээр сарын 8,965,188 төгрөг, 10 дугаар сарын 7,030,437 төгрөг, 11 дүгээр сарын 9,629,306 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход, 50,048.76 төгрөг, 168 цагийн хөлс 4,204,096 төгрөг

1.2.4. Б.,,,,,,,,,гийн 2023 оны 10 дугаар сарын 18,342,751 төгрөг, 11 дүгээр сарын 17,097,126 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 122,107.35 төгрөг, 168 цагийн хөлс 10,257,017 төгрөг,

1.2.5. Г.,,,,,,,,ын 2023 оны 09 дүгээр сарын 10,334,913 төгрөг, 10 дугаар сарын 9,534,029 төгрөг, 11 дүгээр сарын 21,469,309 төгрөгийн цалингаас нэг цагийн цалингийн хөлсийг тооцоход 80,738.77 төгрөг, 168 цагийн хөлс 6,782,057 төгрөг болж байна.

Иймд Оюу Толгой ХХК-иас ,,,,,,,,,,ид 5,190,528 төгрөг, Д.,,,,,,,,,,д 6,166,608 төгрөг, Б.,,,,,,,,,д 10,257,017 төгрөг, Б.,,,,,,,,,,,,д 4,204,096 төгрөг, Г.,,,,,,,,д 6,782,057 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн уртын ээлжийн ажилтны ажиллах нэг өдрийн үргэлжлэх цаг 8 цаг байх ёстой, гэтэл өдөрт 12 цаг ажиллаж байна, тиймээс өдөрт 4 цаг илүү ажиллаж байгаа тул үүнд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгох ёстой гэсэн нэхэмжлэлийн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан ажилтныг байнга оршин суугаа газраас нь өөр, алслагдсан газар байрлуулж ажил үүрэг гүйцэтгүүлэхээр уул уурхай, олборлох салбарын ажил олгогч уртын ээлжээр ажиллуулах горим хэрэглэж болно, 92.3 дахь хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх-аар заасантай нийцэхгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн ажил, амралтын цагийн харьцааны үүднээс авч үзвэл ердийн ажлын цагаар ажиллаж байгаа ажилтан мөн уртын ээлжээр ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цагийн харьцаа адил буюу 1:3 байгаа болно. Тодруулбал, ердийн горимоор ажиллаж байгаа ажилтны ажил, амралтын цаг сард дунджаар 168:504 цаг байдаг бол уртын ээлжийн ажилтны ажил, амралтын цаг мөн ялгаагүй сард дунджаар 168:504 цаг байна.

Тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллагууд цалин хөлсийг сараар тооцож, төлөвлөдөг. Сараар тооцоход сард дунджаар 168 цаг ажиллах нөхцөлийг боловсруулсан байдаг. Энэ нөхцөл нийтлэг үйлчилдэг тул дундаж цалин хөлс тодорхойлох журмыг дагаж мөрддөг.

Хэрэв уртын ээлжийн ажилтан өдөрт 12 цаг ажиллаж болох хуулийн тусгай зохицуулалтыг үгүйсгэвэл, өдөрт 4 цаг илүү ажилласан, 14 хоногт 56 цаг илүү ажилласан байх үр дагавар үүсч, эцсийн дүндээ 6 сар тутам 105 хоног, жилд 210 хоног амрах үр дагаварт хүргэнэ. Мөн ажилтан нь 14 хоног ажиллахдаа нийт 168 цаг ажиллах ба ердийн ажлын цагаар тооцвол 7 хоногт 40 цаг ажиллаж, 14 хоногт 80 цаг ажиллах ба илүү цаг нь 88 цаг болохоор байна.

Энэ нь үндсэн ажлын цагаасаа илүү гарсан илүү цаг тооцох нөхцөлийг бий болгож, илүү цагаар тооцсон тохиолдолд цалин хөлс нь 154 хувиар өсөх нөхцөл байдал бий болохоор байна. Хууль тогтоогчоос уртын ээлжийг хуулиар тусгайлан зохицуулахдаа дээрх шиг нийгмийн хортой үр дагаврыг хүсээгүй болох нь хуулийн үзэл баримтлал, танилцуулга, УИХ-ын чуулганы тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байгаа.

2.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 90 хоногийн дотор, Хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус, тус хандах эрхтэй гэж заасан. Хуульд заасан хугацаанд ямар нэгэн гомдол гаргаагүй ба 1 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч нар нь асуудлаа хуульд заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлээгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,ийн хариуцагч Оюу толгой ХХК-аас 5,190,528 төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,гийн хариуцагч Оюу толгой ХХК-иас 10,257,017 төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,ийн хариуцагч Оюу толгой ХХК-иас 4,204,096 төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,ийн хариуцагч Оюу толгой ХХК-иас 6,166,608 төгрөгийг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.,,,,,,,,ын хариуцагч Оюу толгой ХХК-иас 6,782,057 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч ,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 98,998 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,ид, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 180,062 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.,,,,,,,,,д, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,216 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,д, нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 114,616 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Д.,,,,,,,,,,д, нэхэмжлэгч Г.,,,,,,,,ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,462 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.,,,,,,,,д тус тус олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх ажилтанг 8 цагаас дээш цагаар ажиллуулсанг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ гэж зөв дүгнэсэн атлаа Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасан ажил амралтын хугацаанд ажилтныг илүү цагаар ажиллуулсан хугацааг нөхөн амраасан гэж ойлгоно хэмээн хуулийг буруу тайлбарласан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд энэ хуулийн 87 дугаар зүйлийг баримтлан энэ хуулийн 109.1-д заасны дагуу илүү цагийг тооцож нэмэгдэл хөлс олгоно. гэж, 92.4 дэх хэсэгт Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна. гэж заасан.

Уртын ээлжээр ажиллаж буй ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт заасныг баримталж ажил, амралтын цаг тэнцүү байх тул нөхөн амраах үр дагаварт ажил олгогч хүрэхгүй харин илүү цагийн хөлсийг тооцуулан авах эрх үүссэн юм. Энэ заалтыг хуулийн нэгдмэл тогтолцооны хүрээнд авч үзвэл, уртын ээлжийн ажилтны ажиллах, амрах хугацааг тэнцүү байхыг хуульчилсан ба ингэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт заасан илүү цагийн хөлсийг олгохыг тусгайлан зохицуулсан.

Мөн дээрх хуулийн зохицуулалтууд ажил амралтын цаг тэнцүү байх үндсэн зарчмыг баримталсан байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар уртын ээлжинд ажиллаж буй ажилтнуудыг тухай бүр нь нөхөн амрааж байсан тул илүү цагийн хөлс төлөх үндэслэл үүсээгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,, нь 5,190,528 төгрөг, Д.,,,,,,,,,, нь 6,166,608 төгрөг, Б.,,,,,,,,, нь 10,257,017 төгрөг, Б.,,,,,,,,,,,, нь 4,204,096 төгрөг, Г.,,,,,,,, нь 6,782,057 төгрөг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Оюу толгой ХХК-д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

2.1. Уг маргаанд хамаарах шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмын талаарх шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.6, 154.8 дахь хэсэгт нийцжээ.

3. Хариуцагч байгууллагад ,,,,,,,,,,, Б.,,,,,,,,,, Б.,,,,,,,,,,,,, Д.,,,,,,,,,,, Г.,,,,,,,, нар нь хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын ажлын байранд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, Оюу толгой ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 72 дугаар тушаалаар батлагдсан Ажлын цагийн тухай журам-ын 8.1.7 дахь заалт, хөдөлмөрийн гэрээнд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу нэхэмжлэгч нар нь 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг бөгөөд 1 өдөр ажиллахдаа 12 цаг ажиллаж, 12 цаг амардаг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Мөн хэргийн баримтаар нэхэмжлэлд дурдсан 2022 оны 9 дүгээр сараас 12 дугаар сарын хооронд нэхэмжлэгч нар нь 1 ээлжинд гарахдаа буюу 14 хоног ажиллахдаа 56 цаг илүү ажилласан болох нь тогтоогдсон.

3.1. Ийнхүү нэхэмжлэгч нарын уурхайд 14 хоног ажиллаад 14 хоног амардаг ажил үүргийн хуваарь нь Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт заасан уртын ээлжээр ажиллуулах горимд хамаарч байна.

3.2. Ажилтныг уртын ээлжээр ажиллуулсан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.3 дахь хэсэгт зааснаар ажилтны ажлын өдрийн үргэлжлэл 12 цагаас илүүгүй байх бөгөөд мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно.

Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгохоор зохицуулсан.

3.3. Нэхэмжлэгч нар нь уртын ээлжээр ажиллахдаа нэг ээлжид 14 хоног ажил үүрэг гүйцэтгээд 14 хоног амарсан байх тул тухайн 4 цаг илүү ажилласныг амралтын 14 хоногийн хугацаанд нөхөн амраасан гэж дүгнэх тул тэдгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар илүү цагийн хөлс шаардах эрх үүсээгүй байна.

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 92 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

3.4. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д нийцжээ.

4. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 181/ШШ2024/01047 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ