Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч П.Бямбасүрэн,

          шүүгдэгч Э.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандахыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809008050397 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, “Петро Чайна” ХХК-д өрмийн туслах ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Жаргалантын 22 дугаар гудамжны 543 тоотод оршин суудаг,

          2016 оны 7 дугаар сарын 29-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзагдсан, Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандах, /регистрийн дугаар УХ 92052570/,

           

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Э.Галмандах нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5 буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “Лайк” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байхдаа тус газрын зохион байгуулагч менежер О.Алтангэрэлийн итгэмжлэн харцуулан Хаан банкны дансанд хийчхээд ир гэсэн орлогын мөнгө болох 555.000 төгрөг, Хаан банкны карт, уг картад байсан гэх 40.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

         

          ТОДОРХОЙЛОХ нь:

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Галмандахыг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5 буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “Лайк” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байхдаа тус газрын зохион байгуулагч менежер О.Алтангэрэлийн итгэмжлэн харцуулан Хаан банкны дансанд хийчхээд ир гэсэн орлогын мөнгө болох 555.000 төгрөг, Хаан банкны карт, уг картад байсан гэх 40.000 төгрөгийг хувьдаа авч завшсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Э.Галмандахад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

                Шүүгдэгч Э.Галмандах нь 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, 5 буудлын орчим үйл ажиллагаа явуулдаг “Лайк” авто угаалгын газарт угаагчаар ажиллаж байхдаа тус газрын зохион байгуулагч менежер О.Алтангэрэлийн итгэмжлэн харцуулан Хаан банкны дансанд хийчхээд ир гэсэн орлогын мөнгө болох 555.000 төгрөг, Хаан банкны карт, уг картад байсан гэх 40.000 төгрөгийг хувьдаа авч завшсан болох нь:

Хохирогч О.Алтангэрэлийн “Лайк угаалгын газарт манайд ажил^адаг, угаагч хийдэг байсан Э.Галмандах гэх залууд орлого болох 555000 төгрөг, Хаан банкны виза карт, уг картад байх 40000 төгрөг, ажлын залуу болох Отгон- Эрдэнийн өмсөж явсан куртка зэргийг авч гарсан, Галмандахад урьд нь 2 удаа мөнгө өгч гаргаж байсан, гайгүй байх гэж найдаад гаргачихсан, би энэ залууг ажилд авсан, надад эргүүлээд мөнгийг чинь бүрэн бүтэн төлсөн тул гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-23-24, 25-26, 27/,

 

Гэрч О.Лхагвасүрэнгийн “... угаагчаар ажиллаж байсан Галмандах гэх залууд дүү Алтангэрэл орлогын мөнгийг энэ карт руу хийчхээд ир гээд АТМ-ээс хийчхээд ир гээд картаа мөнгөтэй цуг өгөөд явуулсан чинь тэр чигтээ аваад явчихсан гэсэн, Отгондэлгэр нь 2018 оны 04 дүгээр сард ажиллаж байгаа ажлаас гарсан, яг хаана ажилладаг гэдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-28-29/,

 

Гэрч Ц.Отгондэлгэрийн “.. Алтангэрэл нь Галмандах гэх залууд урд өдрийн орлого болох 500 мянга орчим төгрөгийг картад хийчхээд ир гээд мөнгө карттайгаа цуг өгөөд явуулсан гэсэн, би куртка өмсөх гээд пааран дээрээс хайсан чинь олдохгүй байсан, тэр өдрөө Галмандах эргэж ирээгүй, миний хувьд энэ жижиг асуудал дээр ямар ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй байхгүй, миний хувьд бичиг баримтаа сэргээлгээд авсан, куртка болон бэлэн мөнгөө тэр Галмандахаас нэхэмжлэхгүй..." гэсэн мэдүүлэг /хх 31-32/

 

            Шүүгдэгч Э.Галмандахын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр цалин бууж надад 100.000 орчим мянган төгрөгийн цалин орсон. 2 хоногийн дараа миний охин Уранбилэгийн 1 насны төрсөн өдөр болох гээд байсан. Тэгээд яаж мөнгө олох вэ гэж бодоод байж байтал 2018.02.06-ны өдөр манай угаалгын газрын зохион байгуулагч Алтангэрэл нь намайг Хаан банкны экспресс банк ороод орлого тушаачхаад ир гэж хэлээд надад 555.000 төгрөгийн Хаан банкны карттай цуг өгсөн. ...Захаас 1 нас хүрч байгаа охиндоо 45.000 төгрөгөөр нэг дээл аваад, Дорнод аймаг руу явах Истана маркийн машинд суусан. Замын зардалд 35.000 төгрөг өгсөн. Тэгээд Дорнод аймагт 2018.12.07-ны үүрээр 04-05 цагийн орчим очсон. Тэгээд хадмындаа шууд очоод өглөө нь Дорнод аймгийн зах руу орж торт болон ширээ засах юм авч, охиныхоо төрсөн өдөрт уг мөнгийг зарцуулсан. Би эхнэртээ цалингаа авсан гэж хэлсэн. ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо бүрэн төлж барагдуулсан…” гэсэн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Э.Галмандах нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Э.Галмандах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Э.Галмандахад танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

          Иймд шүүх шүүгдэгч Э.Галмандахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар  прокурорын саналын харгалзан шүүгдэгч Э.Галмандахад 2.700 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Галмандах нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Галмандахыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Галмандахад 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Э.Галмандах нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Э.Галмандах нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Галмандахад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

                       

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР