Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0305/З |
Дугаар | 221/МА2019/0512 |
Огноо | 2019-10-02 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2019/0512
М.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0358 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, М.А-ын нэхэмжлэлтэй, Цагдаагийн ерөнхий газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0358 дугаар шийдвэрээр:
Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М.А-оос гаргасан “Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/911 тоот “Сануулах сахилгын шийтгэл ногдуулах” тушаалыг бүхэлд нь, мөн даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.А давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 358 дугаар шийдвэрийг 2019 оны 08 дугаар сарын 05-н өдөр гардан аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
1. Шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” болсонгүй.
Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн үйл баримт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Төрийн албан хаагч М.А надад Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/911 тоот тушаал, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалуудаар арга хэмжээ авсан.
Аливаа хүнд арга хэмжээ авах, шийтгэл ногдуулах урьдчилсан нөхцөл нь тухайн этгээд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан байх ёстой. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/911 тоот тушаал нь энэ үүднээс нь авч үзвэл “үндэслэлтэй тушаал” болж чадаагүй.
Б/911 тоот тушаал анхнаасаа ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн, дутагдалтай мэтээр дүгнэж гарсан боловч шүүх дээр очихоороо зөвхөн албан бичгийн хариу хоцроосон болж хувирч байгаад шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэнгүй.
Албан бичиг хоцроосон гэдэг нь зөвхөн шалтаг бөгөөд “шударга ёсны зарчим”-ыг зөрчсөн юм. Зүйрлэж хэлбэл, “давж заалдах шатны шүүхэд очих хэргийг бичиг хүргэгчид өгсөн байхад тухайн этгээд шүүхэд хугацаа хоцроож хүргүүлсний хариуцлагыг шүүгчид ногдуулж байгаатай утга нэг юм.
2. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалын тухайд шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй.
Цагдаагийн ерөнхий газрын дарга 2018 оны 02 дугаар сард миний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн, 2018 оны 12 дугаар сард “сануулах” шийтгэл ногдуулсан, 2019 оны 03 дугаар сард “албан тушаал бууруулсан”, одоо “ажлаас чөлөөлөх” тушаал гаргахаар шалтгагыг нь бодоод олсон байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, 1 жилийн хугацаанд зөвхөн миний тухайд 3 тушаал гаргаад, дараагийнхаа тушаалыг төлөвлөөд байгаа үйл баримтыг шүүх зөв дүгнэсэнгүй. Энэхүү процесс нь Цагдаагийн газрын дарга М.А гэдэг хүний тухайд тусгайлан анхаараад ямар нэг аргаар ажлаас чөлөөлөхийг хүсээд байгаа нь харагдана.
Чухам энэ үүднээсээ “ямар нэг зөрчил олж ир” гэж байгаа үүрэг өгч, шалгалт явуулдаг юм. 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаал нь энэ үүднээсээ урьдаас гарсан байсан тушаал зөвхөн “хэлбэржсэн” төдий юм. Миний бие 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралтаа эдэлсэн.
2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс ажилдаа ороод хуанлийн 18 хоног ажиллаад байтал Цагдаагийн ерөнхий газрын дарга Б/123 дугаар тушаалаараа албан тушаалыг маань түдгэлзүүлсэн. Нийт хуанлийн 248 хоног түдгэлзүүлсэн. ... 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс ажилдаа эргэн орсон. Жилээр тооцож үзвэл 365 хоногоос 85, ажлын өдрөөр тооцвол 261 хоногоос 56 хоног л ажилласан юм. Үүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга мэдэхийн дээдээр мэдэж байсан. Гэтэл ажиллаагүй намайг шалгаад зөрчил тогтоогоод ир гэж үүрэг өгсөн байгаа юм.
Аливаа төрийн байгууллагаас явагдаж буй шалгалт “урьдчилан зөрчил тогтоогоод түүнийгээ батлах замаар явагдах ёсгүй. Гэтэл 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаал, түүний үндэслэл энэ зарчмыг зөрчсөн. Б/188 дугаар тушаал нь чи буруутай, чи ажлаа хийгээгүй гэсэн үндэслэлээр /зөвлөлийн хуралдаан дээр ч энэ агуулгаар танилцуулагдаж, яригдсан/ гарч, шүүх дээр ирэнгүүтээ “чи ажиллаагүй нь үнэн боловч манлайллыг хангаагүй” гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд ... гэм буруу байгаа эсэхийг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/911 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, харин “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/188 дугаар тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж дүгнээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрт тус нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Нэг. “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсээс 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36/6125 дугаартай албан бичгээр албан хаагчийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, “Алба хаагчид албаны үнэмлэх, энгэрийн тэмдэг олгох, хураан авах журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “албан хаагчдын албаны үнэмлэх, энгэрийн тэмдгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд үзлэг шалгалт явуулж, хүргүүлсэн хүснэгтийн дагуу судалгааг гарган, дүнг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дотор ирүүлэх”-ийг цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч нарт хүргүүлсэн байх бөгөөд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын тухайд уг албан бичгийг даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан нэхэмжлэгч М.А тул хүлээн авч танилцжээ.
Нэхэмжлэгч М.А 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус Автобаазын алба хаагчдын үнэмлэх, энгэрийн тэмдгийн ашиглалт, бүрэн бүтэн байдалд үзлэг хийх ажлыг зохион байгуулсан байна. Гэвч дээрх судалгааны хариу хүргүүлэх хугацааны сүүлийн өдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн үдээс хойш 15 цагт судалгааны дүнгийн талаарх баримтад гарын үсэг зурж бичиг хэргийн эрхлэгчид өгч, Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгасан боловч тус албан бичиг хугацаандаа хүргэгдсэн эсэхэд хяналт тавиагүй, ийнхүү хяналт тавиагүй болохоо тэрээр өөрөө хүлээн зөвшөөрсөн байна.
Нэхэмжлэгч М.А-ын “Ажлын байрны тодорхойлолт”[1]-д “... Дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцох, ... байгууллагын албан бичиг, архивын ажлын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу эрхлэх ...”, Ажлын байрны үндсэн зорилтыг, Ажлын байрны нэгдүгээр үндсэн зорилтын хүрээнд “1.1 Дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцож, холбогдох байгууллагад хүргүүлэх ...” гэж заасан байхад ийнхүү хугацаатай үүрэг даалгаврын биелэлт дээд шатны байгууллагад хүргэгдсэн эсэхэд хяналт тавиагүй, хүргүүлээгүй үйлдэлд нь Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1-д “... дээд шатны байгууллага, албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг ёсчлон биелүүлж, захирах, захирагдах ёсны зарчмыг баримтлах” гэж заасныг зөрчсөн гэж үзэн түүнд Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1-д зааснаар “сануулах” сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаалыг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.
Иймээс анхан шатны шүүх “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хоёр. “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалын М.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:
Цагдаагийн ерөнхий газрын даргын Б/188 дугаар тушаалын 1 дэх заалтаар Цагдаагийн дэд хурандаа М.А нь “ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн, алба хаагчдын өдөр тутмын ажилд тавих хяналтаа сулруулсан, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.13, “Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, Ажлын байрны тодорхойлолтын 3.2.1, 3.3.1, 3.4.1, 3.5.1, 3.5.4-т заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлээр Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, Нийслэлийн цагдаагийн газрын Удирдлага, зохион байгуулалтын хэлтсийн жижүүрийн ахлах офицероор томилж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “... Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 03 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 2018 оны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн, “Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам”-д заасан аргачлалын дагуу үнэлэхэд 66.0 буюу “Дутагдалтай” гэж дүгнэгдсэн, энэ байдал нь тус байгууллагын удирдах албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой гэж үзсэн, М.А нь ажлын байрны тодорхойлолтод заасан дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцон, тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх үндсэн зорилго, зорилтоо биелүүлээгүй, албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, ашиглалтын инженер цагдаагийн ахмад О.П, цагдаагийн дэд ахлагч Б.А нараар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын үндсэн чиг үүргийг гүйцэтгүүлээгүй, үйл ажиллагаанд хяналт тавиагүй, диспетчер Б.З-г томилогдсон ажил, үүргээс өөр “хүний нөөцийн туслах” гэх байгууллагын орон тоо, бүтцэд байхгүй ажил үүрэг гүйцэтгэж байхад хяналт тавьж, таслан зогсоогоогүй, цагдаагийн байгууллагын хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаанд ашиглах зориулалт бүхий албаны гражид хувийн эд зүйлийг хадгалсан, эрхэлсэн ажилдаа үр дүн гаргаагүй атлаа тухайн оны 11, 12 дугаар саруудад цалинг 36-40 хувиар нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн, удирдлагын манлайллыг хангаж ажиллагаагүй болох нь шалгалтаар тогтоогдсон ...” гэж нэхэмжлэгч М.А-д албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах болсон, тус тушаалын үндэслэлийг дэлгэрүүлэн тайлбарласан байна.
Нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан “... Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Төлөвлөгөөт бус” шалгалт явуулсан. Ингэхдээ 2018 оныг бүхэлд нь хамарч шалгасан. Тухайн жил би 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ээлжийн амралтаа эдэлсэн, 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа ороод хуанлийн 18 хоног ажиллаад байтал Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны Б/123 дугаар тушаалаар албан тушаалын бүрэн эрхийг хуанлийн 248 хоног түдгэлзүүлсэн, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаал гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс ажилдаа эргэн орсон, жилээр тооцвол 365 хоногоор 85 хоногт, ажлын өдрөөр тооцвол 261 хоногоос 56 хоног ажилласан. Байгууллагын шалгалтаар илэрсэн зөрчилд миний бие буруутай, хамаатай эсэхийг зөв олж тогтоолгүйгээр албан тушаал бууруулсан” гэх давж заалдах гомдол, тайлбар үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь,
Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын даргын “Ээлжийн амралт олгох хуудас”[2], Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 713[3], 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 4039[4] дугаартай мэдэгдлүүд, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтсийн Автобаазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан дүнгийн танилцуулгад “... М.А нь ... 2018 онд нийт ажлын /11, 12 дугаар сард/ 56 хоног ажилласан байна” гэх дүгнэлт, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Автобаазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан дүнгийн тухай” танилцуулга[5], нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзвэл нэхэмжлэгч М.А 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралт эдэлсэн, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/123 дугаар тушаалаар түүнийг албан тушаалын бүрэн эрхийг 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс түдгэлзүүлсэн, улмаар 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Б/748 дугаар тушаалаар албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлснийг 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн цуцалж, цагдаагийн дэд хурандаа цолыг сэргээн олгосноос үзвэл нэхэмжлэгч 2018 онд ажлын 56 хоногт ажилласан нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч маргаагүй, тухайн онд Автобаазын даргаар цагдаагийн хурандаа Ү.З ажиллаж байсан, тэрээр уг төлөвлөгөөт бус шалгалтын дараа өөрийн хүсэлтээр тэтгэвэртээ гарсан байна.
Гэтэл хариуцагч нэхэмжлэгчийг 2018 онд байгууллагын үйл ажиллагааг манлайлаагүй, “Албан хаагчдын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллаагүй, ашиглалтын инженер цагдаагийн ахмад О.П, цагдаагийн дэд ахлагч Б.А нараар ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажлын үндсэн чиг үүргийг гүйцэтгүүлээгүй, үйл ажиллагаанд нь хяналт тавиагүй, диспетчер Б.З-г томилогдсон ажил, үүргээс өөр “хүний нөөцийн туслах” гэх байгууллагын орон тоо, бүтцэд байхгүй ажил үүрэг гүйцэтгэж байхад хяналт тавьж, таслан зогсоогоогүй” гэж үзсэн нь үндэслэлтэй биш байна. Өөрөөр хэлбэл, Авто баазын газрын 2018 оны буюу 12 сарын хугацаанд хамаарах ажил байдалд 2 сар орчим хугацаагаар ажилласан нэхэмжлэгчийг буруутгаж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь шударга бус байна.
Хариуцагч нэхэмжлэгчийг албан тушаал бууруулах нэг үндэслэлийг “ажлын байрны тодорхойлолтод заасан дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцон тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх үндсэн зорилго, зорилтоо биелүүлээгүй” гэж тайлбарласан, Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Аюулгүй байдлын хэлтсийн Автобаазын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалт явуулсан дүнгийн танилцуулгад энэ талаар дурдсан байх боловч нэхэмжлэгчийг дээд шатны аль байгууллага, ямар албан тушаалтны ямар тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцоогүй талаарх баримт нотолгоог Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын 2018 оны үйл ажиллагааг шалгасан ажлын тайлан, танилцуулга, маргаан бүхий тушаалд зааж тусгаагүй, тодорхой бус байх бөгөөд шүүхэд энэ талаарх тайлбар, баримт нотолгоог гаргаж ирүүлээгүй тул нэхэмжлэгчийг уг үндэслэлээр буруутгасныг үндэслэлтэй зөв гэж үзэх боломжгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч М.А өмнө нь буюу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн “хариуг заасан хугацаанд Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлэхийг даалгасан” 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 36/6125 дугаар албан бичиг хугацаандаа хүргэгдсэн эсэхэд хяналт тавиагүй, хоцроосон гэх зөрчилд “сануулах” сахилгын шийтгэл хүлээсэн байх тул тус зөрчлийг Б/188 дугаар тушаалын “ажлын байрны тодорхойлолтод заасан дээд шатны байгууллага, албан тушаалтны тогтоол, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, биелэлт үр дүнг тооцон тогтоосон хугацаанд холбогдох байгууллагад хүргүүлэх үндсэн зорилго, зорилтоо биелүүлээгүй” гэх үндэслэлд давхардуулан хамаатуулах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатарын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/207 дугаар тушаал[6]-аар тус автобаазын 2018 оны 11 дүгээр сарын ажлыг дүгнэж, нэр бүхий 73 алба хаагч, ажилчдын цалинг 30 болон 40 хувиар нэмж олгохыг зөвшөөрсөн байна. Хариуцагч маргаан бүхий тушаалд цалин нэмэгдүүлэн авсантай холбоотой зөрчлийг заагаагүй боловч шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг “цалинг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрсөн нь буруу” гэсэн агуулгаар тайлбарлажээ.
Нэхэмжлэгч “2018 онд 56 хоног ажилласан тул байгууллагын тухайн жилийн ажил байдалтай холбогдуулан надад хариуцлага ногдуулах үндэслэлгүй” гэж маргасан атлаа жилийн үр дүнгийн нэмэгдэл цалинг хүлээн зөвшөөрч авсан нь буруу байх боловч энэ нь албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгч өөртөө цалин нэмэгдүүлэн авах талаар шийдвэр гаргаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 /Ажилтанд үндсэн цалин дээр нь ажлын үр дүнгээр нэмэгдэл хөлс олгож болно/, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 /батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох/, Цагдаагийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 /Цагдаагийн алба хаагчийн мэргэшлийн түвшинг үнэлэх журмыг цагдаагийн төв байгууллагын дарга батална/, 72.3 /Цагдаагийн байгууллагын дарга нь үйл ажиллагаа, мэргэшлийн түвшингийн үнэлгээний үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчийг зохих шатны сургалтад хамруулах, цалингийн нэмэгдлийг тогтоох, албан тушаал дэвшүүлэх, бууруулах асуудлыг тухай бүр шийдвэрлэнэ/, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/246 дугаар тушаалаар батлагдсан “Алба хаагчийн ажлын үнэлэх журам”-ын 111.4.2-т тус тус зааснаар Цагдаагийн ерөнхий газрын харьяа Автобаазын албан хаагч, ажилчдын цалинг нэмж олгох эрх нь тус газрын даргад байна.
Хариуцагчийн тайлбарт нэхэмжлэгчийг “Албаны гражид хувийн эд зүйлийг хадгалсан” гэж буруутгасан байх бөгөөд нэхэмжлэгч “...Автобаазын газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.З-с зөвшөөрөл авсны үндсэн дээр тухайн эд зүйлсийг хадгалсан” гэж тайлбарласан, хариуцагчаас үүнийг үгүйсгэх нотлох баримтыг гаргаж мэтгэлцээгүй байх тул тус үйлдлийг дан ганц нэхэмжлэгчид хамаатуулах, түүнийг буруутгах үндэслэл болгох боломжгүй юм.
Дээрх үндэслэлийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг буруутгасан үндэслэлийг тодорхой цаг хугацаа, үйл баримтаар зааж тодорхойлоогүй, ерөнхий байдлаар “алдаа дутагдал, зөрчил гаргасан, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгасан байх боловч алдаа дутагдал, зөрчлийг бодитоор тогтоогоогүй, баримтаар нотлогдохгүй улмаас хариуцагчийн нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн хариуцагчаас маргаан бүхий уг тушаалыг гаргахдаа байгууллагын бүтэн жилийн үйл ажиллагаатай холбогдуулан хийсэн шалгалтын дүнд үндэслэсэн гэж тайлбарласан байх боловч нэхэмжлэгч 2018 онд 56 хоног ажилласан байхад байгууллагын бүтэн жилийн үйл ажиллгааны явцад гарсан алдаа дутагдалтай холбогдуулан “өдөр тутам тавих хяналтыг сулруулсан” гэж нэхэмжлэгчийг буруутгасан хариуцагчийн шийдвэр бодит нөхцөлд тохироогүй, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.6, 37.1.7, 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3, “Цагдаагийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, “Цагдаагийн албан хаагчийн сахилгын дүрэм”-ийн 13 дугаар зүйлийн 13.11, 13.17-д заасныг тус тус зөрчсөн болох нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчид албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.3-д заасантай нийцээгүй, мөн захиргааны үйл ажиллагаанд баримтлахаар хуульд тусгайлан заасан зарчим болох Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх/-д заасантай нийцээгүй, хууль бус, уг тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож, Автобаазын дэд бөгөөд Захиргааны удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, албан тушаал бууруулах сахилгын шийтгэл хүлээхгүй байх Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан нэмэлт баталгаа алдагдсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан буюу Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалыг хүчингүй болгосон өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0358 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, Төрийн албаны тухай хууль /2002 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 13.1.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.6, 37.1.13, Цагдаагийн албаны тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4.1, 81.4.3, 97 дугаар зүйлийн 97.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Б/188 дугаар тушаалын М.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх “Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/911 дүгээр тушаалыг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] ХХ-ийн 67, 68, 112 дугаар хуудас
[2] ХХ-ийн 63 дугаар хуудас
[3] ХХ-ийн 64, 136 дугаар хуудас
[4] ХХ-ийн 65, 137 дугаар хуудас
[5] ХХ-ийн 104-111 дүгээр хуудас
[6] ХХ-ийн 117, 118 дугаар хуудас