Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 373

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батбаатар би, “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох “Төрийн өмчийн хорооны /хуучин нэрээр/ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 555 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох “Төрийн өмчийн хорооны /хуучин нэрээр/ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 555 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэг танай шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа тул захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах...”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж заасны дагуу нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Г нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алддаг болох; мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болох тухай үр дагаврыг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарлан танилцуулсан болно.    

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Г” ХХК-ийн “Төрийн өмчийн хорооны /хуучин нэрээр/ 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 555 дугаар тогтоолыг захиргааны илт хууль бус акт болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                             Л.БАТБААТАР