Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 5

 

О.Л-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1954 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолтой, О.Л-т холбогдох хэргийг Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батцэнгэлийн бичсэн дүгнэлтийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1954 оны байдлаар: Овог Ойдов, нэр Л-, 1910 онд төрсөн, нас 44, эрэгтэй, ард, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, ам бүл 6, тэмээ 3, адуу 1, ямаа 37, хонь 15, гэр 1, намын гишүүн бус, бичиг мэдэхгүй, ял шийтгүүлж байгаагүй, Нарангийн хийдэд 12 наснаас 28 нас хүртэл мяндаг тушаалгүй сууж байсан, нэг хөлгүй.

О.Л- нь 1948 оны 03 сараас 1952 оны 08 дугаар сарыг хүртэл тус аймгийн Луус сумын Лангуудамиран, Сайнцагаан сумын ард Ц.Батхишиг, Б.Доржпүрэв, Ц.Цэдэв, П.Халтар, Б.Цэбум нарынд мал төллүүлэх үеэр ба морь уях, унага уях, аянд явах үеэр Намдагийн даллага авах, Гүнсэн, Хийморийн сан, Алтангэрэл, Ерөөл зэрэг номуудыг удаа дараа уншиж, нас барсан хүний хойтохыг хаана гэж шашны хуурамч аргаар ард түмнийг төөрөгдүүлж, өргөл барьцанд 85 төгрөг, 20 мөнгө, 8 хадгийн хамтаар авч хувийн ашгийг хичээсэн гэмт хэрэгт холбогджээ.

Прокуророос О.Л-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар ял шийтгүүлэх учрыг дурдаж, хэргийг шүүх таслах газарт шилжүүлжээ.

Дундговь аймгийн Ардын шүүх таслах газар О.Л-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар хувьд ногдох хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн лагерьт 5 жил хорьж шийтгэж, түүний бусдаас хууран мэхэлж авсан 85 төгрөг, 8 хадгийг тус тус хураан, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Прокурор Ц.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд бичсэн болон шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “...Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1954 оны 02 дугаар сарын 19-ний өдөр таслан шийтгэсэн эрүүгийн хэргийн 15 дугаар тогтоолоор Ойдов овогтой Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлээр хувьд ногдох хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн лагерьт 5 жил хорих ялаар хилсээр шийтгэсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. О.Л-ын үйлдсэн хэргийн санаа зорилго, ашгийг хичээж, бусдаас шахаж шаардаж өргөл барьц авсан эсэх, хэргийн улмаас нийгэм болон иргэдэд ямар хор, хохирол учруулсан эсэхийг шалгаж, баримтаар бүрэн тогтоогоогүй, нутгийн хүмүүсийн сүсэг бишрэл, гуйлтын дагуу сан тавьж, ном уншиж, тэднээс барьц болгож өгсөн багахан хэмжээний мөнгийг авсныг нь ашгийг хичээсэн гэж үзэж, улс төрийн хэрэгт хилсээр шийтгэсэн байна.

Хэргийн баримтуудаас дүгнэхэд, О.Л- нь өөрийн сайн дураар, ашиг хонжоо харж бусдад ном уншиж, сан тавиагүй, бусдын сүсэг бишрэлийг далимдуулан шашнаар нөлөөлж, хуурч мэхлээгүй, өөрийнхөө мэдэх зүйлээр хүмүүсийн гуйлт, хүсэлтийн дагуу тусалсны хариуд нь сайн дураараа өгсөн зүйлийг авч байсан нь тогтоогджээ.

1934 онд батлагдсан Төр шашныг тусгаарлан явуулах тухай хуулийн 20 дугаар зүйлд: “ ... Гагцхүү сайн дураар өргөн барьсныг авах явдлыг үл цаазална” гэснээс үзвэл албадан авахыг хориглосноос бус сайн дураар өгсөн өргөл барьцыг авахыг хориглоогүй байна.

О.Л- нь бусдын хүсэлтээр шашны ном уншиж, сан тавьж өгч, тэдний сэтгэлээсээ өргөл болгож өгсөн зүйлийг авсныг нь ашгийг хичээсэн гэж улс төрийн хэрэгт зориудаар буруутган хилсээр шийтгэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн .../-т  заасан шинээр илэрсэн нөхцөл болж байна.

Иймд Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1954 оны 02 дугаар сарын 19-ний өдөр таслан шийтгэсэн 15 дугаар тогтоолоор О.Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар ял шийтгэсэн тогтоолыг хүчингүй болгож, О.Л-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар прокурорын дүгнэлт бичив.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

О.Л-ыг шашны мухар сүсгээр ард олныг мунхруулан өргөл барьц авч ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, улмаар Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1954 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 137 дугаар зүйлд зааснаар хувьд ногдох хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн лагерьт 5 жил хорьж шийтгэн, түүний бусдаас хууран мэхэлж авсан 85 төгрөг, 8 хадгийг тус тус хураан, улсын орлого болгон шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг судалж үзэхэд О.Л- нь ард олны сүсэг бишрэлийг далимдуулан мухар сүсгийг төрүүлэн эд зүйлийг авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, түүнээс тусламж авсан хүмүүсийн бие махбодь өвдсөн, нас барсан гэх баримт тогтоогдоогүй, бусдыг ятгаж мунхруулсан гэх гэмт хэргийн санаа зорилго зэргийг шалгаж тогтоогоогүй бөгөөд албадлага, дарамт үзүүлэн хэрэг хүлээлгэсэн мэдүүлэгт үндэслэн ял шийтгэсэн, мөн хохирогч нарын мэдүүлэгт дурдагдсан “..өөрсдийнх нь хүсэлт, гуйлтаар гүрэм, ном уншиж, сайн дураараа эд зүйл өгсөн” гэсэн мэдүүлгийг хэрхэн үнэлж, бусад баримттай харьцуулан няцаан үгүйсгэж байгаа талаар үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр хилсээр ял шийтгэсэн болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн О.Л-ыг хилсээр ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн 137 дугаар зүйл дэх “Ямар нэгэн ашгийг хичээж ард нийтийн дотор мухар сүсгийг төрүүлэн гаргах зорилгоор зальт мэхт явдлуудыг гаргах” үйлдэл нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд тодорхойлон зааснаар түүнийг “улс төрийн хэрэгт хэлмэгдэгч” гэж тооцох үндэслэлд хамаарч байгаа болно.

Иймд прокурорын бичсэн дүгнэлтийг хангаж, Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1954 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хүчингүй болгож, О.Л-ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнд тооцож, цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дундговь аймгийн Ардын шүүх таслах газрын 1954 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар  тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр О.Л-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. О.Л-т холбогдох хэргийн талаар гаргасан прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ 

                                   ШҮҮГЧ                                                        С.БАТДЭЛГЭР

                    Б.БАТЦЭРЭН

                               Ч.ХОСБАЯР

                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН