Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01105

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01105

 

 

,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/01466 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдох,

Гэм хор, сэтгэл санааны хохиролд нийт 344,237,677 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

,,,,,,,,, би 2008 онд Шүүхийн тухай хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаар зарлигаар Баянзүрх дүүргийн шүүхэд шүүгчээр томилогдон ажиллаж байсан.

Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлж, мөн өдрөө шүүгчдийг буцаан томилсон 199 дүгээр зарлиг гаргахдаа ,,,,,,,,, намайг ямар нэгэн "хууль зүйн үндэслэл, тодорхой шалтгаангүйгээр" томилоогүй орхигдуулсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дугаар шийдвэрээр намайг Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон шийдвэрлэсэн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлд заасны дагуу байгууллага, албан тушаалтны гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас өөрт учирсан дараах гэм хорын хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Иймд олох байсан орлого буюу авах байсан цалин 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл /108 сар 12 хоног х 2,700,000 төгрөг сарын цалин/ 293,072,727 төгрөг, нэмэгдэл /108 сар 12 хоног/ 51,164,950 төгрөг, сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, нийт 344,237,677 төгрөгийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн эрхийн зөрчил буюу түүнээс бий болсон хохирол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үл хамаарах шалтгаанаас үүдсэн. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд нэхэмжлэгч ,,,,,,,,, чөлөөлөгдсөн.

Нэхэмжлэгч ,,,,,,,,,ийг хууль бусаар шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан, ажлын байранд эгүүлэн тогтоох тухай маргаан буюу хөдөлмөрийн эрхийн маргаан, Шүүхийн ерөнхий зөвлөл нэхэмжлэгчид хохирол учруулсан тухай маргаан зэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байхгүй бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хохирол учруулаагүй болно.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх /12 сая төгрөг/ тэтгэлгийг ,,,,,,,,,т олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг маргаангүйгээр авсан байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 284,609,880 төгрөгийг гаргуулан ,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 59,627,797 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1,808,938 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 1,580,999 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны Е/04, Е/05, 2023 оны Е04 тоот албан бичгээр ,,,,,,,,,ийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-т заасан болзол шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр шүүгчийн албан тушаалд томилох саналыг буцаан ирүүлсэн.

Анхан шатны шүүх Шүүхийн ерөнхий зөвлөл ,,,,,,,,,ийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчид хохирол учрахад Шүүхийн ерөнхий зөвлөлийн буруутай үйл ажиллагаа байхгүй тул хохирлыг хариуцахгүй. Мөн нэхэмжлэгч ,,,,,,,,,т гэм хор учруулсныг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гаргаагүйгээс гадна дээр дурдсанчлан шүүгчээр ажиллах боломжгүй болгосон аливаа үйлдэл, эс үйлдэхүйг Шүүхийн ерөнхий зөвлөл гаргаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нэгэнт биелэгдсэн.

Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг хариуцагч биелүүлсэн байхад уг шийдвэрийг үндэслэн гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Захиргааны шийдвэрээр хариуцагчийн буруутай үйлдлийг тогтоосон тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,, нь хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан олох байсан орлого буюу авах байсан цалин 293,072,727 төгрөг, нэмэгдэл 51,164,950 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, нийт 344,237,677 төгрөгийг гэм хорын хохиролд гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. ,,,,,,,,, нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 60 дугаартай зарлигаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчээр томилогдсон байна.

2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай хуулиар анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж, үүнтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны 41, 42 дугаар тогтоолын дагуу Монгол улсын Ерөнхийлөгч 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас нь чөлөөлөхөд ,,,,,,,,,ийг шүүгчийн албан тушаалаас нь мөн чөлөөлсөн байна.

Харин мөн өдрөө нийт шүүгчийг буцаан шүүгчийн албан тушаалд томилсон 199 дүгээр зарлигт ,,,,,,,,,ийг шүүгчээр томилоогүй орхигдуулсан.

3.1. Ийнхүү нэхэмжлэгчийг шүүгчээр буцаан томилоогүйтэй холбоотой асуудалд түүний нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээгүй нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой болохыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 699 дүгээр шийдвэрүүдээр тогтоож, ,,,,,,,,,ийг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна /хх 7-15, 21-25/.

Дээрх шийдвэрүүдийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл нь 2022 оны 03 дугаар сарын 30, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр ,,,,,,,,,ийг шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлсэн боловч Монгол улсын Ерөнхийлөгчөөс Шүүхийн ерөнхий зөвлөлд 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн Е/04, 05 дугаар сарын 16-ны өдрийн Е/05, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Е/04 тоот албан бичгээр саналыг буцаан хүргүүлжээ.

3.2. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасны дагуу зөв тогтоосон.

 

3.3. Нэгэнт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр хариуцагч гэм буруутай эс үйлдэхүйг тогтоосон байгаа учир хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгчид хохирол учруулсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, үүнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй гэх гомдлыг хангахгүй.

Мөн хариуцагч нь захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж маргаж буй боловч шийдвэрийг биелүүлэхээс өмнөх хугацаанд хамаарах гэм хорын хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцан арилгах үүрэгтэй.

4. Анхан шатны шүүх хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч ,,,,,,,,,т учирсан хохиролд 284,609,880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.1. Шүүхээс нэхэмжлэгчийн авах ёстой цалингийн хэмжээг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн хугацаанаас эхлүүлж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ,,,,,,,,,ийг шүүгчээр томилуулахаар Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2012 оны/, Монгол улсын Шүүхийн тухай хууль /2021 оны/-д заасан хувь хэмжээгээр нэмэгдлийг тооцсон нь үндэслэлтэй.

Уг тооцооллын дагуу нэхэмжлэгчийн авах ёстой байсан цалин, нэмэгдлийн хэмжээг 296,609,880 төгрөгөөр тогтоож, үүнээс нэхэмжлэгчийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 198 дугаар тушаалаар Л Ганзоригт олгосон 12,000,000 төгрөгийн тэтгэлгийг хасч үлдэх 284,609,880 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгахгүй.

Энд дурдсан тооцоололд хариуцагч мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй.

4.2. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

4.3. Зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8 дахь хэсэгт нийцсэн байгааг дурдвал зохино.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/01466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, xариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Шүүхийн ерөнхий зөвлөл нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ