Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 343

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга Д.Хандсүрэн,

          улсын яллагч Б.Мөнгөншагай,

          шүүгдэгч С.Э, түүний өмгөөлөгч Д.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Эг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809009820136 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсрол, хүний их эмч мэргэжилтэй, Нийслэлийн Өргөө амаржих газар эх барих эмэгтэйчүүдийн эмч ажилтай, ам бүл-4, нөхөр, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. С.Э /регистрийн дугаар /,

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч С.Э нь 2018 оны 02 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн И Сон Хиг хардалтын улмаас бусадтай бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч С.Э шүүхийн хэлэлцүүлэгт “…Энэ эмэгтэй намайг зодсон гэж байна. Тухайн үед гэрч болон хохирогч согтуу байсан. Намайг л зөвхөн зодсон гэсэн байдлаар мэдүүлэг өгсөн байна. Намайг очиход манай нөхөр болон хохирогч машины арын суудал дээр хагас нүцгэлсэн байдалтай байсан. Над руу шууд дайрсан. Би ч гэсэн зодуулсан. Тухайн үед би шүүх, цагдаагийн байгууллагад хандаагүй. Хохирогчийн мэдүүлэг хэтэрхий өрөөсгөл гэж үзэж байна. Гэм бурууг хүлээн зөвшөөрөхгүй..”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 20-ны орой гэртээ амарч байгаад дэлгүүр орчихоод гартал зогсоол дээр зогсож байсан машин дотор хүн байх шиг харагдсан. Ингээд яваад очиход дотор манай Энхтайван үл таних эмэгтэйн хамт арын суудал дээр сууж байсан. Тухайн үед эмэгтэй нь дээгүүр өмссөн хувцсаа тайлсан хагас нүцгэлсэн байдалтай хэвтэж байсан. Мөн манай нөхөр хажууд нь хэвтэж байсан. Тэгээд би бухимдаж нөгөө эмэгтэйг нь машинаас татаж буулгаад та нар юу хийж байгаа юм гэхэд Ч.Энхтайван над руу дайрч нөгөө хүүхнээ өмөөрч над руу дайрч хоёулаа нийлж хэлэх хэлэхгүй үгээр доромжилсон...” гэсэн мэдүүлэг /хх-33/,

 

Хохирогч И Сон Хи-гийн мөрдөн байцаалтад хохирогчоор мэдүүлсэн: “...Энхтайваны эхнэр намайг машинаас чирч буулгаад газар унагаагаад дээрээс өшиглөөд цохиод үстээд намайг зодсон”, “...Миний биед учирсан дээрх гэмтэл, шархыг Энхтайваны эхнэр гэх хүн хүүхэдтэйгээ нийлж машинаас чирч буулгаад хоёр талаас гараараа цохиж хөлөөрөө өшиглөсөн. Миний хувьд машинаас чирэгдэж буугаад хүн зодож эхлэнгүүт нүүрээ дараад л доошоо суучихсан. Тэгтэл Энхтайваны эхнэр хүүхэдтэйгээ нийлж хоёр талаас өшиглөж цохиж зодсон. Газар уначихсан байхад хүртэл үснээс чирч зулгаасан. ...Энхтайваны эхнэр нь хамт байсан 17-18 орчим насны 175 см орчим өндөр нуруутай эрэгтэй хүүхдийг миний хүү гээд дуудаж байсан. Эрэгтэй хүүхэд нь ээжтэйгээ намайг өшиглөж зодсон. Эхлээд Энхтайваны эхнэр намайг машинаас буулгаж зодох үед 4-5 алхмын цаана хараад зогсож байсан юм. Тэгтэл ээж нь учир зүггүй орилж зодох үед ээжтэйгээ нийлж зодсон...” гэсэн мэдүүлэг /хх-16/,

 

Гэрч Ч.Төмөрбаатарын “...цагаан шаргал өнгийн автомашин зогсоол дээр зогссон уг автомашинд эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн автомашин дээр нэг эмэгтэй нэг залуу 2 ирээд тухайн машины арын суудал дээр сууж байсан эмэгтэйг сүүлд ирдэг эмэгтэй чирч буулгаад үстээд зодож эхэлсэн. Тухайн үед сүүлд ирдэг эмэгтэй гартаа гурил элддэг мод барьсан нөгөө эмэгтэйн дээрээс нь гартаа барьсан модоороо зодсон. Тэгээд би салгах гэсэн чинь намайг цохичих гээд байхаар нь би гарт нь байсан модыг булааж аваад цагдаа дуудсан. ...гартаа байсан модоороо толгой болон бие хэсэгт нь олон удаа цохисон мөн хөлөөрөө олон удаа өшиглөсөн. ...Сүүлд бичлэг үзэхэд тухайн эмэгтэйтэй цуг явж байсан залуу өшиглөж байгаа харагдсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

 

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹2733 тоот актын “…LEE SEON HEE-н /И Сон Хи/ биед дух, хамрын нуруу, баруун дээд зовхи, баруун хацрын төвгөрт, зүүн хацар, амны зүүн хажуу хэсэг, баруун шанаа, эрүүний баруун хажуу хэсэгт үргэлжилсэн зулгаралт, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, цээж, ар нуруу, баруун гуя, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, баруун сарвууны чигчий хурууны хумс хууларсан гэмтэл тогтоогдлоо. …Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. …Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-30/,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-36/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-63/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-66/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, LEE SEON HEE-н /И Сон Хи/-ны хохирол төлбөр нэхэмжилсэн баримтууд /хх-71-73, 87-89/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-93-95/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 02 дугаар сарын 19-өөс 20-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 32 дугаар байрны гаднах автомашины зогсоол дээр Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн И Сон Хиг хардалтын улмаас бусадтай бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч И Сон Хи, гэрч Ч.Төмөрбаатар нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Хүний биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн №2733 тоот актын дүгнэлт, шүүгдэгч С.Эы яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар талуудын шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч С.Эы хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн И Сон Хи-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг шинжийг бүрэн агуулсан, прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд уг гэмт хэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдөр шилжих шөнө үйлдэгдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.  

Хуулийн дээрх заалтуудаас харахад шүүгдэгч С.Эд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

Иймд шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Эы үйлдлийн улмаас хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн И Сон Хи-д 1.300.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн зүгээс хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлсөн, хохирогч нь цаашид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй шүүх гэж үзлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай. 

 

            Тус Эрүүгийн хэрэгт Энхтайваны Болор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд Прокурорын 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй.” гэж зааснаар хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэх нь зүйтэй.  

 

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сандагжавын Энх-Отгонд холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Эыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ирсэн камерын бичлэг бүхий 1 ширхэг СиДи-г хэрэгт  үлдээсүгэй.

 

4.Шүүгдэгч С.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР