Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 313

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Г.Анармөнх,

шүүгдэгч Ц.Э /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Ц.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911008590331 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Лхамсүрэн овогт Ц.Э, 1990 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежир мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19-75 тоотод оршин суух хаягтай,

Урьд: -Хан-Уул дүүргийн шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .......................

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шау Ми Монголиа” ХХК-ны лангуунаас Шауми Ми-8 лайт /Xiaomi Mi-8 Lite/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 637.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2019 оны 01 дүгээр сард “Шау Ми Монголиа” ХХК-нд ажилд орсон. Тухайн утсыг авах болсон шалтгаан нь хамаатны хүмүүсдээ үзүүлэх зорилгоор авч явсан. Тэрнээс биш хулгайн гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч Э.Амгаабазар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “…Манай ажилчид өдөр бүр тооллого хийдэг ба 2019 оны 2 дугаар сарын 9-ний өдөр тооллого хийтэл ертөнцийн зүгээр хойд талд байрлах цонхны хажуу талын текний дотор талд байсан Мi-8 лайт нэртэй 1 ширхэг гар утас байхгүй болчихсон байсан. Тэгээд ажилчдаас лавлаж асуугаад 10-аад хоног хайсан. Олдохгүй болохоор нь хяналтын камер шүүгээд сууж байсан чинь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон Ц.Э нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр лангууны араар сонин сонин үйлдэл гаргаад шүүгээ онгойлгож байгаад гадагш гараад явсан. Алдагдсан утас нь бол яг Энх-Амарын онгойлгож байсан шүүгээнээс алга болсон байгаа юм. Тэгээд би дараа Энх-Амараас чи энэ гар утсыг авсан юм биш үү гэж асуусан чинь харин тийм ээ уучлаарай би авчихсан юм гэж хэлж байсан. Мөн миний утас руу найз нь цагаан сарын үеэр аваад явчихсан байна санаа зовоод өгч чадахгүй явсаар байгаад ийм байдалд хүрсэн байна гэсэн мессеж бичсэн байгаа ...” гэх мэдүүлэг /хх-11х/,

Гэрч Х.Энхжаргал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энх-Амар гэх хүн намайг дагалдаж ажиллаж байсан ба 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр намайг амарч байхад манай нөгөө ээлжийн ажилтан гар утсыг биетээр тоолж үзэж байгаад 1 ширхэг гар утас алга болсон талаар мэдээд миний утас руу залгахаар нь би Энх-Амар гэх хүнийг сэжиглэж байсан. Түүнийгээ Амгаабазарт хэлж, Амгаабазар дарга удирдлагуудад хэлж өргөдөл гаргаж өгсөн байна лээ. Тэгээд дараа нь Энх-Амар алдагдсан утас надад байгаа гэж хэлсэн байсан ...Ми-8 лайт загварын цэнхэр өнгийн гар утас байсан ...”гэх мэдүүлэг /хх-13х/,

 Яллагдагч Ц.Э мэдүүлэхдээ: “...2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр ажил дээрээ ирж ажлаа хийж байгаад орой 19 цагийн үед ажлаасаа тарсан юм. Тарах үедээ үйлчлүүлэгчийн сольсон Ми-8 лайт нэртэй гар утас лангууны доод талд их олон хоносон. Би тэгээд ажлаа тараад гарах үедээ тэр гар утсыг нууцаар дарга удирдлага болон бусад хүмүүст хэлэлгүй лангуун доор сууж байгаад өөрийн барьж явсан үүргэвчиндээ нууцаар хийгээд аваад гараад явсан. Тэгээд хулгайлсан гар утсаа гэртээ аваачиж үлдээчихээд ахлахдаа хэлнэ дээ гэж бодож явсан боловч хэлж чадаагүй. Цагаан сарын дараа ажил цуглаад тооллого хийгээд Амгаабазар бусад ажилчдаа цуглуулж байгаад “манайхаас Ми-8 лайт загварын 1 ширхэг гар утас алга болсон байна. Хяналтын камер шүүж үзнэ. Асуудлыг шийдэхгүй бол болохгүй байна” гэхээр нь би санаа зовоод дуугүй суугаад байсан ...тухайн үед би ажил руу очихгүй байсан ба хулгай хийсэн гар утсаа яаж ч чадахгүй гэртээ байлгаад байсан ...Би хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна ...” гэх мэдүүлэг /хх-21-22х/,

         Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-7, 9х/,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шау Ми Монголиа” ХХК-ны лангуунаас Шауми Ми-8 лайт /Xiaomi Mi-8 Lite/ загварын гар утсыг нууцаар, хууль бусаар авч 637.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ц.Эыг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч 637.500 төгрөгийг хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.