Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01108

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01108

 

 

А.,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00703 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А.,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,,,,,,,,

Баянзүрх дүүргийн Прокурорын газар,

Гэм хорын хохирол 176,717,012 төгрөгийг ,,,,,,,,,, сангаас гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,,,, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2021 оны 04 дүгээр сард Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн ба 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр шүүгчийн захирамжаар 10 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Мөн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шүүгчийн захирамжаар намайг албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг 3 сарын хугацаагаар авсан. Өнөөдрийг хүртэл миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байна.

Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр намайг гэмт хэрэг үйлдээгүй байна гэж цагаатгах тогтоол гаргасан.

Дээрх гэмт хэрэгт шалгагдсаны улмаас надад дараах хохирол гарсан болно.

1.1. Нийт өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 66,000,000 төгрөг,

1.2. 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин нийт 4,466,170 төгрөг,

1.3. Ажлын байр татан буугдсантай холбоотой хуулийн дагуу 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 6,000,000 төгрөг,

1.4. Миний бие тус эрүүгийн хэрэгт шалгагдаж ажил албан тушаалаа эрхлэх боломжгүй болсон цагаас хойш Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүх дээр нийт 5 удаа өмгөөлөгч нарын хамт очиж шүүх хуралдаанд оролцсон бөгөөд түүнтэй холбогдох зардлууд болох машины бензин, хоол, буудал гэх зэрэг зардал нийт 6,100,842 төгрөг,

1.5. Миний бие тус эрүүгийн хэрэгт холбогдсоноос хойш цагдан хоригдож, ажилгүй болж, намайг авлигал авчээ гэж олон нийтийн хэрэгслээр хүртэл ярьж байсан бөгөөд энэ бүх үйл явдлаас болж сэтгэл санааны гүн хямралд орж, сэтгэл санааны хямралаас үүдэж өвчин сэдэрч хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан. Тус эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас үүссэн гэм хорын хохиролд 100,150,000 төгрөг.

А.,,,,,,,,,,,,,,, миний бие тус эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас нийт 182,717,012 төгрөгийн хохирол учирсан тул ,,,,,,,,,, сангаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын татгалзал, тайлбарын агуулга:

Авлигатай тэмцэх газарт нэр бүхий иргэдээс гомдол мэдээлэл ирүүлж, улмаар тухайн үед Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан тушаал эрхэлж байсан А.,,,,,,,,,,,,,,,ид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь шүүхийн эрх мэдэл.

Таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дуусмагц А.,,,,,,,,,,,,,,,ийг ажилд нь эргүүлэн томилох эсэх бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрх хэмжээний асуудал юм. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11.5 дахь хэсэгт Засгийн газрын нөөц сангийн санхүүжүүлэх арга хэмжээг тодорхой заасан. Энэ арга хэмжээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой гаргах хөрөнгө байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын татгалзал, тайлбарын агуулга:

Өмгөөлөгч нарт өгсөн гэж байгаа 66,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаанд яаж төлсөн нь нотлох баримтгүй. Завхан аймагт амьдрах боломжгүй болсон, хотоос өмгөөлөгч нараа аваад Завхан аймаг руу нэг удаа явахдаа 1,000,000 гаруй төгрөг гаргаад явсан гэж байгаа боловч баримтаар нотлоогүй гэжээ.

2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс сэтгэл санаанд учирсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх журам батлагдсантай холбоотойгоор хэрвээ энэ хэрэгтэй холбоотойгоор сэтгэцийн хохирол учирсан гэж үзэж байгаа бол тус журмын дагуу нэхэмжлэх эрхтэй байсан.

Мөрдөгчийн саналыг үндэслэж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүгчийн захирамж гарсан. Прокуророос шууд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, цагдан хорьж байгаа асуудал байхгүй. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг баримтлан ,,,,,,,,,, сангаас 27,466,170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.,,,,,,,,,,,,,,,ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 149,250,842 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хэргийн 59-62 дугаар талд "Соёмбо легал партнерс" ХХН болон А.,,,,,,,,,,,,,,, нарын эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан бөгөөд тус гэрээний 1.1-т "Өмгөөлөгч нь А.,,,,,,,,,,,,,,,ид холбогдох эрүүгийн хэрэгт түүний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамгаалах..." гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхгүйгээр А.,,,,,,,,,,,,,,,ийн өмгөөллийн хөлсөнд төлсөн мөнгөний тал хувийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.2. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний гэрээний 3.2.5-д "Үйлчлүүлэгч нь өмгөөллийн үйлчилгээний хөлс болон маргааныг шийдвэрлэхтэй холбогдон үйлчлүүлэгчээс гарах бусад (нотлох баримтыг баталгаажуулахтай холбогдох) зардлыг бүрэн хариуцна гэх зааснаас харахад, үйлчлүүлэгч нь тус маргааныг хянан шийдвэрлэхэд холбогдох бусад зардлыг төлөх үүрэг хүлээсэн.

Гэтэл шүүхээс тус гэрээний заалтыг нэхэмжлэгч нь нотлох баримтыг баталгаажуулахтай холбогдох нэмэлт зардлыг л хариуцах үүргийг хүлээж, бусад зардлыг хариуцахаар тохиролцоогүй байна гэж үзээд нэхэмжлэгч нь сайн дурын үндсэн дээр тус зардлыг өөрөө төлсөн гэж үзэж, хохиролд тооцохгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

5.3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасны дагуу А.,,,,,,,,,,,,,,, нь 10 хоног хууль бусаар цагдан хоригдсон тул түүнд учирсан хохирлыг төр хариуцан арилгах ёстой байтал анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дах заалт нь эрүүгийн хэрэгт цагдан хоригдсоны улмаас учирсан гэм хорын хохирол тооцох үндэслэлд хамаарахгүй гэж үзээд хохирлыг олгохгүй байгаа нь үндэслэлгүй.

Шүүхээс нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсан 20 сарын хугацааны сэтгэл санааны хохирол 30,000,000 төгрөгийг шаардсан үндэслэлээ нэг сарын жишиг цалинтай уялдуулан 1,500,000 төгрөгөөр тооцоолсон гэж тайлбарлаж байх боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй гэж дүгнэжээ. Гэтэл Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягт буюу А.,,,,,,,,,,,,,,,ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр нотлогддог.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөр чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудасны бичилтээр 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс А.,,,,,,,,,,,,,,,ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 80 хувиар тогтоосон байна. Нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт шалгагдаж цагдан хоригдсоны улмаас сэтгэл санааны гүн хямралд орж арьсны өвчин сэдэрч хөдөлмөрийн чадвараа алдаж, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэх тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Мөн түүнчлэн А.,,,,,,,,,,,,,,, тус эрүүгийн хэрэгт 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх нийт 608 хоног ямар ч үндэслэлгүйгээр эрүүгийн хэрэгт шалгагдсан. Үүнээс улбаалан А. ,,,,,,,,,,,,,,, болон түүний гэр бүл түүний хамт 608 хоног хамтдаа шүүхэд биш, Завхан нутгийн ард түмний нүдээр яллагдаж, нутаг орондоо амьдрах нөхцөлгүй болж, Улаанбаатар хотыг зорьсон.

Эдгээр нөхцөл байдлаас улбаалан А.,,,,,,,,,,,,,,,ид эрүүгийн хэрэгт шалгагдаж, цагдан хоригдсоны улмаас сэтгэл санаа нь гүн хямарч, түүнд сэтгэл санааны хохирол учирсан байна. Шүүхээс сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 70,000,000 төгрөгийг хангаагүй нь үндэслэлгүй байна.

Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2-т заагсны дагуу Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн А.,,,,,,,,,,,,,,,ид учирсан сэтгэл санааны хохирлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянзүрх дүүргийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Шийдвэр үндэслэлтэй гарсан. Цагаатгах тогтоол гарсан нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Сэтгэл санааны хохирлыг хангах үндэслэлгүй. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч А.,,,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,, сангаас өмгөөллийн үйлчилгээний хөлс 66,000,000 төгрөг, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацааны цалин 4,466,170 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд гарсан холбогдох зардал 6,100,842 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 100,150,000 төгрөг, нийт 176,717,012 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

2.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ,,,,,,,,,,, болон Баянзүрх дүүргийн Прокурорын газрын зүгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй агуулгаар тайлбар гаргасан.

3. Нэхэмжлэгч А.,,,,,,,,,,,,,,, нь Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 хоног цагдан хоригдсон /1хх 6-12, 30-46/.

3.1. Мөн Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 2021/ЦХШЗ/20 дугаар захирамжаар А.,,,,,,,,,,,,,,,ид Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын албан үүргийг биелүүлэхийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ, хилээр гарахыг хязгаарлах, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын албан байгууллагад очихыг, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ /1хх 10-12/.

Уг захирамжийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн Б/83 дугаар тушаалаар Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.,,,,,,,,,,,,,,,ийг 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн. /1хх 47/

3.2. Завхан аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/23 дугаар цагаатгах тогтоолоор шүүгдэгч А.,,,,,,,,,,,,,,,ид холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасан /1хх 30-46/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

3.3. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

4. Хууль бусаар яллагдагчаар татагдсан, цагдан хоригдсон этгээдэд учирсан хохирлыг төр хариуцан арилгах талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т нийцсэн байна.

4.1. Нэхэмжлэлээс 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 4,466,170 төгрөг гаргуулах хэсгийг шүүхээс хангаж шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

4.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өмгөөлөгч Д.,,,,,,,,,,,,, Д.Эрдэнэтуяа нартай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр, Соёмбо легал партнерс ХХН-тэй 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулсан /1хх 54-57, 64-67, 74/.

Эдгээр гэрээний дагуу өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд нэхэмжлэгч нь Соёмбо легал партнерс ХХН-д 34,000,000 төгрөг, өмгөөлөгч Д.,,,,,,,,,,,,т 22,000,000 төгрөг, өмгөөлөгч Д.Эрдэнэтуяад 10,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөг төлсөн гэж нэхэмжилсэн.

Үүнээс шүүх 46,000,000 төгрөгийг бодитоор төлсөн, өмгөөлөгч Д.,,,,,,,,,,,,т 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг төлсөн баримт нь санхүүгийн анхан шатны баримтад тавигдах шаардлагыг хангаагүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 46,000,000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд заасан зохицуулалтын хүрээнд 23,000,000 төгрөг болгон бууруулсан нь үндэслэлгүй байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

Учир нь нэхэмжлэгч нь дээрх өмгөөлөгч нартай байгуулсан гэрээний дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авсан байх бөгөөд иргэн, захиргааны хэрэгт хууль зүйн туслалцаа авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд төлсөн 46,000,000 төгрөг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан нөхөн төлүүлэх хохиролд хамаарч байх тул энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.

4.3. Мөн нэхэмжлэгчийн эрүүгийн хэрэгт шалгагдах хугацаанд гарсан холбогдох зардал 6,100,842 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангана.

Анхан шатны шүүх Соёмбо легал партнерс ХХН-тэй 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан гэрээний 3.2.5-д зааснаар нэхэмжлэгч нь нотлох баримтыг баталгаажуулахтай холбогдох нэмэлт зардлыг хариуцах үүргийг хүлээж, бусад зардлыг хариуцахаар тохиролцоогүй гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримтад нийцээгүй.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцохдоо 6,100,842 төгрөгийг шатахуун, хоол, буудлын зардалд төлсөн болох нь тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх хугацаанд гарсан уг зардлыг нэхэмжлэгч өөрийн сайн дураар гаргасан гэж дүгнэхгүй /1хх 85-98/.

5. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь сэтгэл санааны гэм хорын хохиролд 100,150,000 төгрөг гаргуулах шаардлагыг тодруулахдаа цагдан хоригдсон 10 хоногийг торгуулийн дүйцэх ялтай дүйцүүлэн 1 хоногийн 15,000 төгрөгөөр тооцон сэтгэл санааны хохиролд 150,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааг 20 сарын сэтгэл санааны хохирлыг сарын 1,500,000 төгрөгөөр тооцож 30,000,000 төгрөг, эрүүгийн хэрэгт шалгагдаж цагдан хоригдсоны улмаас өвчин сэдэрч хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, сэтгэл санааны гүн хямралд орсон үндэслэлээр сэтгэл санааны хохирол 70,000,000 төгрөг тус тус нэхэмжилж байгаа болохоо тайлбарласан байна.

Уг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцээгүйг залруулах нь зүйтэй.

5.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хууль бусаар баривчлагдсан, цагдан хоригдсон тохиолдолд учирсан хохирлыг төр хариуцахаар заасан.

Иймд цагдан хоригдсон хугацааг дундаж цалин хөлстэй харьцуулан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй боловч уг тооцооллоос бууруулсан хэмжээгээр буюу 1 хоногийг 15,000 төгрөгөөр тооцож, 10 хоног цагдан хоригдсон хохиролд 150,000 төгрөг нэхэмжилсэн учир энэ хэмжээнд нэхэмжлэлийг хангана.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын иргэн нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрхтэй.

Энэ үүднээс нэхэмжлэгч нь 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх 20 сарын хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны сэтгэл санааны хохирлыг албан үүргээ гүйцэтгэж байх үедээ авч байсан 1 сарын дундаж цалин хөлс болох 1,500,000 төгрөгөөр тооцож 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаагаар нэхэмжлэгчийн 2021 оны 4-6 дугаар сарын дундаж цалин хөлс нь 1,513,074 төгрөг байна /1хх 80/.

Нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны сэтгэл санааны хохирлыг цалин хөлсөөр тооцож шаардсаныг хязгаарлах, үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймээс эрүүгийн хэрэгт шалгагдсан хугацааны сэтгэл санааны хохиролд 30,000,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт нийцнэ.

5.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолтын хуудасны бичилтээр 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс А.,,,,,,,,,,,,,,,ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг 80 хувиар тогтоожээ.

Анхан шатны шүүх цагдан хоригдсон, эрүүгийн хэрэгт шалгагдсаны улмаас нэхэмжлэгч нь сэтгэл санааны гүн хямралд орж, арьсны өвчин сэдэрч хөдөлмөрийн чадвараа алдаж, хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, шаардлага нь баримтаар тогтоогдохгүй сэтгэл санааны хохиролд 70,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй.

Хөдөлмөрийн чадвар алдалт нь эрүүгийн хэрэгт шалгагдсантай шалтгаант холбоотой талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаарх гомдлыг хангахгүй.

6. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно.

7. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 101/ШШ2024/00703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалтыг баримтлан ,,,,,,,,,, сангаас 86,717,012 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.,,,,,,,,,,,,,,,ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 90,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ