Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01110

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01110

 

 

Б.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01123 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяа, Х.Эрдэнэцогт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Б.,,,,,,,,,,,,, нь ,,,,,,,,,,,,, ХК-д 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс Салбарын Захиргаа бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаалд намайг чухам ямар ажил үүрэгтээ хайнга хариуцлагагүй хандсан гэдгийг тодорхойгүй, хэт ерөнхий тусгасан.

1.2. Хариуцагчийн зүгээс миний эрхэлж байсан албан тушаалд ямар ч хамааралгүй үйл ажиллагааг надтай хамаатуулж ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, надад ажлын байрны тодорхойлолтыг гаргаж өгөөгүй юм.

Хариуцагч нь тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарах нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн.

Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль, Засгийн газрын 385 дугаар тогтоолд зааснаар Бүрэн эрх төлөөлөгч Ж.Ганбатад онцгой дэглэмийн хугацаанд бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийхтэй холбоотой шаардлагатай тохиолдолд ажилтныг ажлаас чөлөөлөх эрх хэмжээ олгогдсон бөгөөд үүнээс бусад тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг баримтлахгүйгээр субьектив байдлаар асуудалд хандаж, ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөх эрх олгогдоогүй.

Иймд урьд эрхэлж байсан Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн Б.,,,,,,,,,,,,,ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 тоот тушаал хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Тус тушаалыг Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг, Засгийн газрын 2022 оны 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1-д компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгаж, эрх олгосны дагуу гаргасан.

Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хариуцлагыг сайжруулж ажиллах тухай А/683 тоот тушаалыг гаргасан бөгөөд уг тушаалын 1, 5, 6.1, 6.2 болон 9 дэх заалтыг үндэслэн Б.,,,,,,,,,,,,,ыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэ тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийг баримтлахгүй.

2.2. Б.,,,,,,,,,,,,, нь эрхэлж буй ажил, албан тушаалын хүрээнд ажлын алдаа дутагдал гаргасан нь компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хяналт шалгалтын тайлан, холбогдох дүгнэлтүүд болон Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитаар тогтоогдож, компанид их хэмжээний төлбөрийн акт тавигдсан тул түүнийг эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзсэн.

Нэхэмжлэгчтэй тухайн ажлын байранд нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтыг баталж өгөөгүй боловч энэ нь түүний ажилдаа хариуцлагагүй хандсан байдлыг үгүйсгэхгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,ыг хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-ийн Салбарын Захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргын ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-иас 270,023,124 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,ад олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7.-д зааснаар 270,023,124 төгрөгийн олговроос шимтгэл тооцон төлөх, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-д үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,, нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1., 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-иас 1,508,066 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримт, нөхцөл байдлыг буруу дүгнэсэн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд Б.,,,,,,,,,,,,,ыг хөдөлмөрийн болон сахилгын, ноцтой зөрчил гаргасан гэж үүрэгт ажлаас чөлөөлөөгүй. Гагцхүү тайлан, дүгнэлтэд дурдсан асуудлын хүрээнд газрын даргын хувьд өдөр тутамдаа удирдан зохион байгуулах, хянах чиг үүргийг хангалтгүй хэрэгжүүлсэн гэх асуудлыг нийтлэг баримтлагддаг хууль тогтоомжийн хүрээнд бус онцгой дэглэмийн харилцаанд үйлчлэх хууль тогтоомжийн хүрээнд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Анхан шатны шүүх ердийн үед үйлчлэх хөдөлмөрийн харилцаатай адилтган үзэж, маргааны үйл баримтад хэрэглэх ёсгүй Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэх байсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.2. Онцгой дэглэм тогтоосон харилцаанд нарийвчлан зохицуулсан хууль буюу хэрэглэх ёстой хууль нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хууль, түүнийг үндэслэн

гарсан Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоол бөгөөд энэхүү хууль тогтоомж нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй гарсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж ажлаас чөлөөлсөн боловч энэ нь тогтоогдоогүй. УИХ-аас нийтлэг баримталдаг хууль тогтоомжийг мөрдөж ажиллахыг онцгой бүрэн эрхт төлөөлөгчид даалгасан байсан.

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хүрээнд үндэслэлтэй дүгнэлт өгсөн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

2. Нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК‑д холбогдуулж урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхээр шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

2.1. Б.,,,,,,,,,,,,, нь 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөс ,,,,,,,,,,,,, ХК-ийн Салбарын захиргаа, бүтээн байгуулалт, төслийн хөгжлийн газрын даргаар ажилласан байна.

Харин Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1, 3.2, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хариуцлагыг сайжруулах тухай А/683 дугаар тушаалын 1, 5, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 9 дэх хэсэгт заасныг баримтлан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

 

3. Анхан шатны шүүх хариуцагч нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дагуу зөвхөн компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг хэрэгжүүлэх, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн үед Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь ажилтныг ажлаас чөлөөлөх эрхтэй, харин эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх зөрчлийн шинжтэй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах харилцаанд хамаарна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг залруулан дүгнэнэ.

 

3.1. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор ,,,,,,,,,,,,, ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг даалгасан байна.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалт, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолд зааснаар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр ажилтныг томилох, чөлөөлөх эрхийг хэрэгжүүлэх эрхтэй.

Энэ эрхийн хүрээнд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Б/93 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үндэслэлээр Б.,,,,,,,,,,,,,ыг үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалын хууль зүйн үндэслэл нь шаардлагатай тохиолдолд нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүй байхаар заасан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн хүрээнд гарсан байна.

 

3.2. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн гаргасан тушаалд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэж заасан байгаа нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх шаардлагатай нөхцөл байдлыг БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалтад зааснаар тодорхойлсон байна гэж дүгнэнэ.

Энэ тохиолдолд тушаалд дурдсан эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэх нөхцөл байдлыг нийтлэг баримталдаг Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу тогтоосон байхыг дээрх хуулиар шаардаагүй.

Ийнхүү хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дэх заалт, 2 дугаар зүйлийн 1 дэх заалтад нийцсэн байна.

 

3.3. Улсын их хурлын 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 28 дугаар тогтоолд ,,,,,,,,,,,,," ХК-ийн үндсэн үйл ажиллагаанд эрх зүйн нийтлэг хэм хэмжээ, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмыг чанд сахин мөрдүүлж, олон улсын болон Монгол Улсын стандарт, шаардлагыг хангуулахыг Засгийн газарт даалгасан.

Гэхдээ нэхэмжлэгчийг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажлаас чөлөөлсөн байгаа нь уг тогтоолын үйлчлэх хугацаанд хамаарахгүй.

 

3.4. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу ажилтныг ажлаас чөлөөлөөгүй учир нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолт танилцуулаагүй үйл баримтад эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

3.5. Иймд Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь БНМАУ-ын Засгийн газарт бүрэн эрх болгох тухай хуулийн 1 дэх заалтын хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэлгүй нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2024/01123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,508,066 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ