Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 266

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                            

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,  

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Даваадорж,

Хохирогч А.Батхуяг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жаргалант овогт Б-н А-д холбогдох эрүүгийн 1809053330031 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1968 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт,

-Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан.

-Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн,  Жаргалант овогт Б-н Ань:

 

- Ц.Амарсайханыг түрээсийн орон сууцанд оруулж өгнө, манай дүү ТӨССК-д ажилладаг гэж худал хэлэн хуурч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 850.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөгийг 5753190203 дугаар дансаар шилжүүлэн авч залилсан,

2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514 дүгээр байрны гадна зогсоол дээр А.Батхуягийг Хангай хотхонд оруулж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2.300.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Амарсайхан мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Дундговь аймгийн Луус сумын цайны газарт Б.Алтанзаяа гэх хүнтэй танилцаад цуг хот руу ирсэн. Тэгээд замд явж байсан чинь Б.Алтанзаяа надад “ Та гэр хороололд амьдардаг юм уу. Би таныг түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна. Миний хуурай дүү төрийн орон сууцны компанид ажилладаг “ гэхэд нь би сонирхсон чинь надад “ Гэрээ хийхэд 850.000 төгрөг болдог. Харин авлигалд 1.000.000 төгрөг өгчихдөг юм “ гэсэн. Би гэртээ эхнэр, хүүхдүүдтэйгээ зөвлөлдөөд 1.850.000 төгрөг өгөхөөр болсон. Тэгээд өөрийн 5315195746 тоот данснаас 5753190203 Нарантунгалаг гэсэн нэртэй данс руу 10 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөг шилжүүлсэн. Харин 850.000 төгрөгийг эхнэрийнхээ 5016028831 гэсэн данснаас 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн гэжээ. / хх 12-13 /

 

Гэрч Ш.Нарантунгалаг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Аравдугаар сарын сүүлээр манай байрны мөнгө, тогны мөнгийг төлсөн байхаар нь “ Хэн төлсөн юм бэ “ гэсэн чинь Б.Алтанзаяа “Миний цалин орсон юм” гэхээр нь тоогоогүй. Тэгсэн над руу цагдаагаас ярьсан. Тэгэхээр нь би “Юу болоод байгаа юм бэ” гээд асуусан чинь “Би хүн байранд оруулж өгнө” гэж хүнээс мөнгө авсан юмаа. Тэр мөнгөөр байрны мөнгөө төлсөн. Хүнд өртөй байсан тэрнийгээ өгсөн гэж хэлсэн гэжээ. / хх 24 /

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 43-51 /

 

Гэрч Б.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би Ц.Амарсайханаас “Байранд оруулж өгье” гэж бодож мөнгө авсан. Тэгээд би тэр мөнгийг нь аваад бичиг баримтыг нь хөөцөлдөх гэсэн чинь манай байрны мөнгө гарсан байхаар нь аваад хэрэглэж байсан юм. Болохгүй бол цалин буухаар өгчье гэж бодоод өөрөө хэрэглэсэн юм гэжээ. / хх  20-21 /

 

Хохирогч А.Батхуяг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 09 цагийн үед Хангай хотхоны гаднаас нэг залуу гар өргөж миний машинд суусан.  Замдаа би тэр залуутай танилцсан. Тэр залуу “Намайг Б.Алтанзаяа гэдэг. Чи ядарч яваа эр хүн байна. Би чамд тусална” гэж хэлээд утасны дугаараа солилцсон. “ Би Оюутолгойд ажилладаг. Нэг дэх өдөр чи над руу залгаарай. Би ажил дээрээ очоод дарга нартаа чамайг танилцуулаад ажилд авна" гэж хэлсэн. Тэгээд би нэг дэх өдөр залгаагүй. Арай ч худлаа байх гэж бодоод байж байтал гурав дахь өдөр над руу залгаад “Чи яачихав аа. Би чамайг дарга нартаа танилцуулаад авна гэж тохироод байж байхад” гэж ярьсан. Тэгээд “За. Би чиний ажлыг чинь зохицуулчихлаа. Ажил чинь баталгаатай болчихлоо. Хувцсыг чинь захиалчихлаа. Чи миний эсмэн жолооч болно. Сарын 2 сая төгрөгийн цалинтай. Тэгээд чи Оюутолгойд ажиллахаар явчихвал нялх хүүхэдтэй болохоор ар гэр чинь хэцүүднэ ээ. Тийм учраас би чамд Хангай хотхоны 518 дугаар байрны 8 давхарт байранд оруулаад өгнө өө. Манай хуурай дүү байгаа. Ямар ч асуудалгүй. Чи 2.300.000 төгрөг өгчих. Би чамайг байранд оруулаад өгнө өө” гэж хэлсэн. Тэгээд уг байр нь сарын 230.000 төгрөг төлж, 15 жилийн хугацаатай зээлээр авч байгаа юм. 870.000 төгрөгийг байршуулна. Барьцаа болгож, нөгөө ажил бүтээж өгч байгаа хүндээ 1 сая төгрөгийг өгөх юм” гэж надад хэлсэн. Эхнэр бид хоёр мөнгө цуглуулж байсан болохоор бэлэн 2.300.000 төгрөг байсан юм. Тэгээд бэлэн мөнгөө аваад Хангай хотхоны гадаа Б.Алтанзаяад өгсөн юм гэжээ. / хх 65-66 /

 

Гэрч Б.А мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 11 дүгээр сард гэрийнхээ гаднаас эмнэлэг явах гээд таксинд суухдаа жолооч залуу болох А.Батхуягтай танилцсан. Би А.Батхуягийг ажилд оруулна гэж 2.300.000 төгрөг бэлнээр авсан юм. Би Амарсанаа гэх залуугаас 1.850.000 төгрөг залилан авсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан болохоор Амарсайханы мөнгө төгрөгийг олох зорилгоор А.Батхуягаас 2.300.000 төгрөгийг байранд оруулна гэж хэлээд авсан юм гэжээ. / хх 69 /

 

Гэрч Д.Оюунчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Манай нөхөр бид хоёр хувиараа ажил хийгээд цуглуулж байсан 2.300.000 төгрөг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “ Намайг нэг ах Сүхбаатар дүүргийн Хангай хотхонд байранд оруулж өгнө гэсэн. Мөн ажилд оруулна гэсэн. Мөнгө хэрэгтэй байна “ гээд цуглуулж байсан 2.300.000 төгрөгөө аваад явсан. Тэгээд нөгөө хүн нь ажил болон байранд оруулсан зүйл байхгүй байна гэжээ. / хх 72 /

 

Шүүгдэгч Б.А-г 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 2-5, 77-81 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 27 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ц.Амарсайханаас 1.850.000 төгрөгийг түрээсийн байранд оруулна гэж аваад байрны мөнгө болон өрөө төлсөн. Ц.Амарсайхан “ Яаралтай байрандаа орно. Эсвэл өнөөдөр мөнгөө өгөхгүй бол цагдаад өглөө “ гэхээр нь А.Батхуягаас байранд оруулна гэж мөнгө аваад Ц.Амарсайханы мөнгийг төлсөн. А.Батхуягийн 2.300.000 төгрөгийг удахгүй төлнө. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Хохирогч А.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.А нь миний машинд гар өргөж суугаад замдаа юм ярьж байгаад танилцсан. Тэр “ Хоёулаа адилхан эр улс байна. Би чамд тусалъя. Байранд оруулж өгнө “ гэхээр нь эхнэртэйгээ ярилцаж байгаад 2.300.000 төгрөгийг 1 хоногийн дараа өгсөн. Бас ажилд оруулж өгнө. Сард 2 сая төгрөгний цалинтай. Оюу толгой компаний тээвэр хариуцсан компанид жолоочоор оруулна гэсэн. Хангай хотхоны 548 дугаар байранд оруулж өгнө гээд үзүүлсэн. Тэгээд “ Чи энүүгээр яваад хэрэггүй шүү “ гээд яг төдийд гээд л хойшлоод байсан. Гэвч аль алин ч байхгүй, одоо болтол мөнгийг маань өгөхгүй байгаа. Би халтуур хийж гэр бүлээ тэжээдэг бөгөөд хүнээс мөнгө авсан тул ломбарданд машинаа тавьж, мөнгөө өгсөн. Иймд ломбардны мөнгөө жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.А нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж,

- Ц.Амарсайханыг түрээсийн орон сууцанд оруулж өгнө, манай дүү ТӨССК-д ажилладаг гэж худал хэлэн хуурч 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 850.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 200.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 800.000 төгрөгийг 5753190203 дугаар дансаар шилжүүлэн авсан,

-2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 514 дүгээр байрны гадна зогсоол дээр А.Батхуягийг ажилд оруулж өгнө, Хангай хотхонд байранд оруулж өгнө гэж  2.300.000 төгрөгийг тус тус авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ...Би таныг түрээсийн орон сууцанд оруулж өгч чадна. Миний хуурай дүү төрийн орон сууцны компанид ажилладаг. Гэрээ хийхэд 850.000 төгрөг, авлигалд 1.000.000 төгрөг өгчихдөг юм “ гэхээр нь дансаар 1.850.000 төгрөгийг шилжүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Ц.Амарсайханы мэдүүлэг / хх 12-13 /, ... Аравдугаар сарын сүүлээр манай байрны мөнгө, тогны мөнгийг төлсөн байхаар нь асуухад Б.А “Миний цалин орсон юм” гэхээр нь тоогоогүй. Цагдаагаас ярихаар нь асуухад  “Би хүн байранд оруулж өгнө” гэж хүнээс мөнгө авсан гэж хэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Ш.Нарантунгалагийн мэдүүлэг / хх 24 /,   …Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 43-51 /,  …Би хүн байранд оруулж өгнө” гэж Ц.Амарсайханаас мөнгө аваад байрны мөнгөө төлсөн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.А-н мэдүүлэг / хх  20-21 /, ... Чи ядарч яваа эр хүн байна. Би чамд тусална. Би чамайг дарга нартаа танилцуулаад зохицуулчихлаа. Ажил чинь баталгаатай болчихлоо. Хувцсыг чинь захиалчихлаа. Чи миний эсмэн жолооч болно. Сарын 2 сая төгрөгийн цалинтай. Хангай хотхоны 518 дугаар байрны 8 давхарт байранд оруулаад өгнө өө. Манай хуурай дүү байгаа гээд 2.300.000 төгрөг авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч А.Батхуягийн мэдүүлэг / хх 65-66 /,  ... Гэрийнхээ гаднаас эмнэлэг явах гээд таксинд суухдаа жолооч А.Батхуягтай танилцаж, А.Батхуягийг ажилд оруулна, байранд оруулна гэж 2.300.000 төгрөг бэлнээр авсан юм. Би Амарсанаагаас 1.850.000 төгрөг залилан авсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан болохоор Ц.Амарсайханы мөнгө төгрөгийг олох зорилгоор А.Батхуягаас мөнгө авсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.А-н мэдүүлэг / хх 69 /, ...Манай нөхөр “ Намайг нэг ах Хангай хотхонд байранд оруулж өгнө. Ажилд оруулна гэсэн “ гээд  2.300.000 төгрөгөө аваад явсан. Тэгээд ажил болон байранд оруулсан зүйл байхгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Оюунчимэгийн мэдүүлэг / хх 72 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Б.А-г, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6,5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Ц.Амарсайханы хохирлыг нөхөн төлж, А.Батхуягийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал  зэргийг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулж, Б.А нь Төв аймаг дах сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, эдлээгүй үлдсэн ялыг нэмэх нь зүйтэй байна.

 

 Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүний ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.А-гаас 2.300.000 төгрөг гаргуулан хохирогч А.Батхуягт олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдоогүй  болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

                                                                                   

1. Шүүгдэгч Жаргалант овогт Б-ын А-г  хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-ын А-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заансаар Б.А-д Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Б.А-д энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр өмнөх тогтоолоос эдлээгүй үлдсэн 09 сар 08 хоногийн хорих ялыг нэмж, биечлэн эдлэх ялыг 01 жил 09 сар 08 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.А-д оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.А нь цагдан хоригдоогүй  болохыг дурьдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.А-гаас 2.300.000 төгрөг гаргуулан хохирогч А.Батхуягт олгосугай.

 

8. Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.А-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ