Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01141

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01141

 

 

,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01337 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 353,575,572 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

144,020,170 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,,, ХХК нь БСШУЯ-ны Дундговь аймгийн Өлзийт сумын соёлын төвийн 250 хүний суудалтай барилга угсралтын ажлын тендерт оролцон ялж, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,261,885,032 төгрөгийн үнэ хөлсөөр ажил гүйцэтгэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан.

Ерөнхий гүйцэтгэгч ,,,,,,,,,,, ХХК нь ,,,,,,,,,,,, ХХК-тай буюу туслан гүйцэтгэгчтэй 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр захиалагчтай байгуулсан гэрээний нөхцөлөөр барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцож гэрээ байгуулсан. Барилгын санхүүжилтэд 798,470,481 төгрөгийг ,,,,,,,,,,,, ХХК-д шилжүүлж өгсөн. 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр очиж танилцахад тус санхүүжилтээс гүйцэтгэх ёстой байсан ажлаас нийт 246,397,919 төгрөгийн барилга угсралтын ажлыг огт гүйцэтгээгүй, орхиж явсан байсан. Мөн барилгын зураг төслийн зохиогч Чулуутын багш ХХК-д төлөх ёстой 10,000,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байсныг манайх төлсөн.

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга, архитектурын оношилгоо, зураг төсөл, судалгааны төвийн хийсэн барилгын экспертийн 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт, тайлангаар тус барилгын 1, 2 дугаар давхрын бэхэлгээ муу, 1, 2 давхрууд хотойлттой, барилгын зураг төсөлд заасан хэмжээнээс их, дахиж доголдлыг засварлах шаардлагатай гэж дүгнэсэн.

Тухайн экспертийн тайлан, дүгнэлтийн төлбөрт 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 950,000 төгрөг, Чулуутын багш ХХК-ийн зураг төсөл боловсруулах гэрээний дагуу 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр барилгын гүйцэтгэлийн зураг төсөлд 8,000,000 төгрөг төлсөн.

Мөн 1, 2 давхрын бэхэлгээний ажлыг гүйцэтгэхэд буюу доголдлыг арилгахад нийт манай компаниас зарцуулсан шууд зардал 107,177,343 төгрөг болсон. Иймд хариуцагчаас нийт 353,575,572 төгрөгийг гаргуулж өгнө үү.

1.2. Олгосон санхүүжилтээс илүү гарсан ажлыг хариуцагч гүйцэтгээгүй. 41,896,480 төгрөгийн бараа материалыг үлдээж яваагүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Гэрээний дагуу 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 798,470,481 төгрөгийн санхүүжилт хийгдэх байснаас ,,,,,,,,,,, ХХК нь 483,433,800 төгрөгийг өгсөн. ,,,,,,,,,,, ХХК нь санхүүжилтээ байнга дутуу өгөх, зарим үед огт өгөхгүй байсан зэргээс үүдэн барилгын ажлууд удааширч зогсонги байдалд орсон.

Мнай компани 579,311,500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Тийм учраас үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Чулуутын багш ХХК-д 10,000,000 төгрөг төлөх ёстой гэсэн нь үндэслэлгүй, учир нь үүнийг захиалагч хариуцдаг.

2.2. Нэхэмжлэгчээс гүйцэтгэсэн ажлын хөлс 95,877,700 төгрөг, барилгын материалын үнэ 25,796,480 төгрөг, ажлын багаж техник, материалын үнэ 22,345,994 төгрөг, нийт 144,020,174 төгрөг гаргуулж өгнө үү.

Гэрээ дуусгавар болоход барилгын талбайд барилгын материал, багаж үлдээж явсныг гэрчүүд нотлоно гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 352 дугаар зүйлийн 352.2.2., 205 дугаар зүйлийн 205.1., 205.2.2.-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-иас 110,069,953 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-иас 24,058,380 төгрөг гаргуулан хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлээс 243,505,619 төгрөгийн шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 119,961,794 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,925,827 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878,051 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,308,109 төгрөгийг гаргуулан ,,,,,,,,,,, ХХК-д, нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 278,242 төгрөг гаргуулан хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д олгож шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Талууд гэрээний хэрэгжилтийн явцад үүссэн өглөг авлагын тооцоог нийлж Бямбасүрэнгийн тооцоо гэх баримтыг үйлдсэн. Энэ баримтад үндэслэн үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 222,071,681 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь ,,,,,,,,,,,, ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулахдаа зураг төслийн төлбөрийг хэн нь гаргахыг тодорхой заагаагүй хэдий ч талууд захиалагчтай байгуулсан гэрээний нөхцөлөөр буюу ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай бүхий л төлбөрийг хариуцагч төлөхөөр харилцан тохиролцсон нь уг хоёр гэрээний үнийн дүнгээр тогтоогддог. Иймд зураг төслийн төлбөрт 10,000,000 төгрөг хариуцагчаас гаргуулах ёстой байсан.

Мөн ,,,,,,,,,,,,, ХХК нь дүгнэлт гаргахдаа шүүгчийн захирамжид дурдагдаагүй асуудлаар дүгнэлт гаргаснаас гадна ,,,,,,,,,,,, ХХК нь ажлын талбайд 24,058,380 төгрөгийн бараа материал үлдээсэн гэдэг нөхцөл байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй, ямар баримтад үндэслэсэн болохоо орхигдуулсан.

Иймд шүүхийн шийдвэрт үндсэн нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгосон 232,071,681 төгрөгийг хангаж, сөрөг нэхэмжлэлээс 24,058,380 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрийг бид зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн гаргасан гомдол үндэслэлгүй. Бямбасүрэнгийн тооцоо гэж байгаа боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,, ХХК нь хариуцагч ,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан ажлын хөлсөнд илүү төлсөн 246,397,929 төгрөг, ажлын доголдлыг арилгасан зардал 107,177,643 төгрөг, нийт 353,575, 572 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын хөлс 95,877,700 төгрөг, барилгын материалын үнэ 25,796,480 төгрөг, ажлын багаж техник, материалын үнэ 22,345,994 төгрөг, нийт 144,020,174 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

3. ,,,,,,,,,,, ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний үүргийг гүйцэтгэх үүднээс туслан гүйцэтгэгч ,,,,,,,,,,,, ХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн 250 хүний суудалтай барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээг 1,261,885,032 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулжээ.

Нэхэмжлэгч нь гэрээний хэрэгжилтийн явцад хариуцагчид 488,933,800 төгрөг шилжүүлж өгсөн, ,,,,,,,,,,,, ХХК нь 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс барилгын ажлыг гүйцэтгээгүйн улмаас гэрээ цуцлагдсан. Улмаар ,,,,,,,,,,, ХХК нь Соёлын төвийн барилгыг барьж дуусган 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр ашиглалтад оруулсан.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч нь хариуцагчид ажлын хөлсөнд 798,418,549 төгрөг хүлээлгэн өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн барилгын тооцоо гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг 798,418,549 төгрөг хүлээлгэн өгсөн болохыг үнэн зөв, эргэлзээгүй байдлаар нотлоогүй /2хх 3-4/.

Учир нь уг баримтаар дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг хэзээ, хаана, ямар хэлбэрээр хэнээс хэнд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдохгүй, үүнийг дэмжсэн санхүүгийн анхан шатны баримт хэрэгт авагдаагүй болно.

4. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний ажлын үр дүнг хүлээлгэн өгөх, ажлын хөлс төлөх шинжийг харгалзан тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэжээ.

4.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч ,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтээр хариуцагч нь гэрээний дагуу нийт 464,607,532 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн, харин хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын доголдлыг арилгах зардал 76,793,705 төгрөг болохыг тогтоосон байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн ажлын хөлсөнд төлсөн 488,933,800 төгрөгөөс хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үнийн дүн болох 464,607,552 төгрөгийг хасч тооцон илүү төлсөн 24,326,248 төгрөгийг буцаан шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцжээ.

4.2. Гэрээ цуцлагдах хүртэлх хугацаанд хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажил доголдолтой байсан нь хэрэгт авагдсан ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Реконстракшн төв-ийн барилгын экспертизийн тайлан, шинжээч ,,,,,,,,,,,,, ХХК-ийн дүгнэлтээр тогтоогдсон.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зардал 76,793,705 төгрөг, барилгын бэхэлгээний хүчитгэлийн зураг төслийг Чулуутын багш ХХК-иар дахин хийлгэж баталгаажуулсан төлбөр 8,950,000 төгрөг, нийт 85,743,705 төгрөгийг доголдлыг арилгах зардалд нөхөн төлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т нийцсэн байна.

4.3. Зохигчийн байгуулсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнд Чулуутын багш ХХК-д барилгын зураг төсөл боловсруулсан ажлын хөлс 10,000,000 төгрөгийг хариуцагч төлөх болохыг заагаагүй тул уг зардлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Энэ талаар анхан шатны шүүх Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10.-т зааснаар барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийлгэж, холбогдох зардлыг хариуцах үүрэг нь барилгын захиалагчийн үүрэгт хамаарна гэж зөв дүгнэсэн.

5. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т зааснаар сөрөг нэхэмжлэлээс ажлын хөлсний үлдэгдэл, барилгын талбайд үлдээсэн барилгын багаж хэрэгсэл, эд зүйлсийн үнэ 119,961,794 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй учир үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

5.1. Хэрэгт авагдсан гэрч А.Тунгалаг, С.Цэцгээ нарын мэдүүлэг, шинжээч ,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтэд үндэслэн шүүхээс гэрээ цуцлагдсаны үр дагаварт хариуцагчийн барилгын ажлын талбайд үлдээсэн барилгын материалын зардалд 24,058,380 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.2-т нийцжээ.

2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шинжээч нь Дундговь аймгийн Өлзийт сумын Соёлын төвийн барилгад үзлэг хийх, маргааны зүйлд шинжилгээ хийхэд нэхэмжлэгч талаас 3 төлөөлөл оролцсон, улмаар уг дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг нэхэмжлэгч гаргаагүй тул ,,,,,,,,,,,,, ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн дүгнэлтийг үнэлэхгүй байх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Мөн шинжээч нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 182/ШЗ2023/04056 дугаар захирамж болон Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт ач холбогдол бүхий сөрөг нэхэмжлэлд холбогдох үйл баримтын талаар дүгнэлт гаргажээ.

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 182/ШШ2024/01337 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,438,601 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Т.БАДРАХ