Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 346

 

 

 

 

 

 

 

 

 

   2019         04          11                                        2019/ШЦТ/346

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

 

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: П.Бямбасүрэн;

шүүгдэгч: Э.Ц (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ................. Э.Цд холбогдох эрүүгийн 1809047680317 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний  өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 11-ний  өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1980 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын технологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамтаар ............... оршин суудаг, ял шийтгэлгүй, ............... регистерийн дугаартай, ............. Э.Ц.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Яллагдагч Э.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны оройн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 99 тоот гэртээ өөрийн нөхөр болох Ж.Эрдэнэбаярын төрсөн дүү Ж.Эрдэнэтуяатай гэр бүлийн маргаанаас болон маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь биед зовхи, хамрын угалзанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ц мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн гэв.

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Эрдэнэтуяа /хх-ийн 44-45/, гэрч Ж.Цэвэлмаа /хх-ийн 49/ нарын мэдүүлсэн мэдүүлэг,  Э.Цгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 6, 50/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10716 тоот дүгнэлт /хх-ийн 59/, Э.Цгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 73-80/, Э.Цгийн хүсэлт /хх-ийн 107/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны оройн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 504 дүгээр байрны 99 тоот гэртээ өөрийн нөхөр болох Ж.Эрдэнэбаярын төрсөн дүү Ж.Эрдэнэтуяатай гэр бүлийн маргаанаас болон маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь биед зовхи, хамрын угалзанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ж.Эрдэнэтуяагийн /хх-ийн 44-45, 47/:“... ахын гэр руу дүү Цэвэлмаатай хамт очсон, ах архи уусан халамцуу байхаар нь би ахыгаа загнасан, тухайн үед Дэлбэрцэн авгай, Сампирсан авгай “бид нарт чи гай болж байна” гэх мэтээр хэл үгээр доромжилсон, өөдөөс нь хэрэлдсэн. Э.Ц ах бид хоёрыг хэл үгээр доромжлоод улмаар над руу баруун гараараа далайгаад зүүн нүд руу маань нэг удаа самардаж биед минь гэмтэл учруулсан. Одоо эгч О.Э.Цгаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй, эгчтэйгээ эвлэрсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ж.Цэвэлмагаийн /хх-ийн 49/:“... би эгчийгээ дагуулаад ах Эрдэнэбаярын гэрт очсон. Ах гэртээ бандааштай байхаар нь “хоёр хүүхдээсээ ичдэггүй юм уу” гэхэд бэр эгч Э.Ц “та нар бандааш яриад, гэр оронд орж ирээ” гээд хэрүүл эхэлсэн, эгч Эрдэнэтуяа, Э.Ц хоёр хоорондоо хэрэлдэж байгаад нэг нэг удаа гараараа самардах шиг болсон, бие биеийнхээ нүүрийг самардсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

           гэрч Ж.Эрдэнэбаярын  /хх-ийн 51/:“... эхнэр Э.Ц, дүү Туяа хоёр нь бие рүүгээ дайраад гараараа 2-3 удаа самардсан, хэн хэн нь адилхан манай эхнэрийн нүүр хэсэгт хумсны сорви үлдсэн..” гэх мэдүүлгээр,

 

          Э.Цгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 07/ "...хоорондоо маргалдаад Эрдэнэтуяаг гэмтээсэн нь үнэн, энэ үйлдэлдээ гэмшиж байна, Эрдэнэтуяад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлгээр,

 

“...Ж.Эрдэнэтуяагийн биед зовхи, хамрын угалзанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10716 тоот дүгнэлт /хх-ийн 59/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Цгийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Э.Цг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Эрдэнэтуяагийн “...сайн дураар эвлэрсэн, санал гомдолгүй...” гэсэн баримт хэргийн 108 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Э.Цг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган / төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ....................... Э.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ