Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01142

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01142

 

 

Б.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01844 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.Төмөрчөдөрт холбогдох,

60,528,150 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жамъян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ,,,,,,,,,,,, ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80-н айлын орон сууцны А блок, 4 дүгээр давхарт 34.77 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авахаар ,,,,,,,,,, ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээний шаардах эрхийг хариуцагч Л.Төмөрчөдөрөөс шилжүүлж авахаар тохирч, уг мөнгийг төлсөн.

,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахад шүүх гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх орон сууцыг өмчлөх эрхгүй болсон учир хариуцагч Л.Төмөрчөдөрт өгсөн 60,000,000 төгрөгийг буцаан авах шаардлага үүсээд байна.

Иймд хариуцагчаас 60,528,150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвшөөрөлтэйгөөр худалдан авахаар тохирсон байсан орон сууцыг захиалан бариулах гэрээний шаардах эрхийг шилжүүлэн өгөхөөр гэрээ байгуулж, нотариатаар батлуулсан. ,,,,,,,,,, ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Ариунболд гэж хүн өөрийн компанийн тамга тэмдэг дараад захиалагчийн эрхийг шилжүүлсэн.

,,,,,,,,,, ХХК нь маргаан бүхий 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,т шилжүүлж өгөөгүй асуудалд хариуцагч Л.Төмөрчөдөр буруугүй.

Орон сууц захиалгын гэрээний эрхийг Б.,,,,,,,,,,,,т шилжүүлсэн, нэхэмжлэгч нь үүний дагуу ,,,,,,,,,, ХХК-тай гэрээ байгуулсан. Хариуцагчийн зүгээс үүргээ биелүүлсэн. Хэрэгт ,,,,,,,,,, ХХК-д Л.Төмөрчөдөр нь ямар нэгэн өр төлбөргүй гэсэн баримт байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч Л.Төмөрчөдөрөөс 60,000,000.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,,т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 528,150.00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 460,591.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,950.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Б.,,,,,,,,,,,, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр ",,,,,,,,,," ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ",,,,,,,,,,,," ХХК-ийн дээр баригдах 80 айлын нийтийн зориулалттай орон сууцны А блок байрны 4 дүгээр давхарт байрлах 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр захиалан бариулахыг зөвшөөрч гэрээг байгуулсан. Энэ гэрээний 3.2-т Төлбөрийн нөхцөл 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн Лхагвасүрэн овогтой ,,,,,,,,,,,,т зарж байгаа тул энэхүү гэрээний төлбөр болох 60,000,000 төгрөгийг 3.1 заалтад байгаа Л.Төмөрчөдөр тоот дансанд Байгалмаагийн хаан банк 5052047872 тоот данснаас барагдуулна." гэж тусгасан байна.

Орон сууцыг захиалан бариулах өмчлөх эрхийг Б.,,,,,,,,,,,,т шилжүүлсэн байх бөгөөд гэрээний үр дүнд бий болсон хөрөнгийг, эсхүл эрхийг Б.,,,,,,,,,,,, хүлээн авч чадаагүйд Л.Төмөрчөдөр буруугүй.

Анхан шатны шүүх Л.Төмөрчөдөр нь үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэж эрх зүйн харилцааг буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэн шийдвэрлэсэн.

Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэх хангалттай нотлох баримт цуглараагүй байхад, хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзлын үндэслэлээ нотлох чухал ач холбогдол бүхий гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй, шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үнэлээгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрийн улмаас гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул өгсөн төлбөрөө нэхэмжилж байгаа. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Б.,,,,,,,,,,,, нь хариуцагч Л.Төмөрчөдөрт холбогдуулан 60,528,150.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр,

Л.Төмөрчөдөр нь ,,,,,,,, ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ,,,,,,,,,,,, ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын нийтийн зориулалт бүхий орон сууцны А блок байрны 4 дүгээр давхарт 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалгаар бариулах гэрээний захиалагчийн шаардах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхээр,

Б.,,,,,,,,,,,, нь гэрээний үнэ 60,000,000 төгрөгийг хариуцагчид төлөхөөр харилцан тохиролцсон, үүний дагуу нэхэмжлэгч нь 60,000,000 төгрөгийг хариуцагчид хүлээлгэн өгсөн байна /хх 14-17, 60-62/.

Дээрх гэрээнд үндэслэн мөн өдөр нэхэмжлэгч нь ,,,,,,,, ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ,,,,,,,,,,,, ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын нийтийн зориулалт бүхий орон сууцны А блок байрны 4 дүгээр давхарт 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

3.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2023/01575 дугаар шийдвэрээр ,,,,,,,, ХХК-д холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ,,,,,,,,,,,, ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын нийтийн зориулалт бүхий орон сууцны А блок байрны 4 дүгээр давхрын 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Б.,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна /хх 9-12/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрдэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Харин маргааны зүйлд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой.

 

4.1. Зохигч нь Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасны дагуу орон сууц захиалгын гэрээний захиалагчийн эрхийг тодорхой үнээр худалдах, худалдан авахаар тохиролцжээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр.

 

4.2. Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэхэмжлэгч нь Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах ,,,,,,,,,,,, ХХК-ийн 2,036 м.кв газар дээр баригдах 80 айлын нийтийн зориулалт бүхий орон сууцны А блок байрны 4 дүгээр давхрын 34.77 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгч болох боломжгүй болсноос үүдэн зохигчийн байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1 дэх хэсэгт зааснаар эрхийн доголдолтой болсон байна.

Энэ нөхцөл байдлаас шалтгаалан нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн 60,000,000 төгрөгөө буцаан авахаар шаардаж буйг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй.

Иймд худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үр дагаварт хариуцагчаас 60,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцнэ. Мөн энэхүү дүгнэлтийн хүрээнд шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.3. Нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зохигчийн байгуулсан гэрээнд хамаарах үйл баримтыг дүгнэсэн байгаа тул нэхэмжлэгчийн тухайн орон сууцыг өмчлөлдөө авч чадаагүй асуудалд хариуцагч буруугүй гэх гомдлыг хангахгүй.

 

4.4. Нэхэмжлэлээс үлдэх 528,150 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй учир энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

 

5. Анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2024/09687 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан ,,,,,,,, ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах, Х.Ариунболдын өв нээгдсэн эсэхтэй холбоотой баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт нийцсэн. Энэ талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/01844 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 492 дугаар зүйлийн 492.1.1-д гэснийг 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ