| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0289/Э |
| Дугаар | 305 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Ч.Т, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бор адуу овогт Ч.Тд холбогдох эрүүгийн 1911006110227 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Бор адуу овогт Ч.Т, Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сибирь армотур ХХК-д ахлах ажилтай, ам бүл 9, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилт сургуулийн 1-27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /....................
Шүүгдэгч Ч.Тэгшжаргал нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сургуулийн 8 дугаар гудамжинд хохирогч Д.Ганбаатарын шанаа буюу эрүү хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 1-р шүдний булгарал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Т яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооноос Нарантуул-2 явдаг чулуун замаар өгсөж явтал би барьж явсан пиво санамсаргүй машинд нь асгачихсан юм. Тэгтэл таксины жолооч намайг пизда чинь пиво асгачихлаа гэж машинаасаа бууж ирээд арын хаалга онгойлгоод намайг заамдаад авсан, тэгэхээр нь би заамдсаныг нь тавиулчихаад цаашаа алхаж байтал цагдаагийн алаг тэрэг хүрээд ирсэн бөгөөд намайг эрүүлжүүлэх байранд хүлээлгэн өгсөн. Намайг машинаасаа буулгачихаад цагдаа ирэх хооронд миний шүд хөдөлчихлөө гэж хэлснээс биш нүүрэнд нь ил харагдах гэтэл шарх байгаагүй. Би таксины жолоочийн хөдөлсөн гэх доод шүдийг нь харсан бөгөөд шүднээс нь бага зэрэг цус гарсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-33-34х/,
Шүүгдэгч Ч.Таас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн өдөр 2.5 литрийн 2 ширхэг пивийг найзтайгаа уулзчихаад таксинд суугаад явж байсан. Машинд суух үед миний нойр муу байсан. Тэр үед барьж явсан пиво асгасан. Гэтэл таксины жолооч намайг хэл амаар доромжилсон. Тэгээд бид маргалдаж ноцолдсон. Тэр үед хохирогч өөрийгөө гэмтээсэн байх” гэв.
Хохирогч Д.Ганбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 9 цаг өнгөрсөн байх үед би өөрийн 9355 УББ улсын дугаартай машинтай “Хүчит шонхор” захын орчим явж байтал замын нугачаан дээр хоёр үл таних эрэгтэй, эмэгтэй хүн машинд орж ирээд суусан. Тэгээд 17 дугаар сургуулийн автобусны буудал орчим хүргээд өг гээд байхаар нь би 7-н буудал руу гэрлүүгээ явж байсан болохоор замаараа дөхүүлье гэж бодоод тэр хоёрыг аваад явсан. 17-н автобусны буудлын орчим байдаг Соёл төвийн хойно Сайн ломбардны зүүн талын хашаанд байрлах нийтийн байрны үүдэнд эмэгтэй нь буусан. Гэтэл эрэгтэй нь согтуурхан буцаагаад Хүчит шонхор зах орчим хүргээд өг гэртээ очоод мөнгийг чинь өгнө гадаа хүйтэн байна хөлдөж үхвэл чи хариуцах юм уу гэх мэтээр хэлээд байхаар нь би буцааж Хүчит шонхор зах руу явж байтал согтуу эрэгтэй залуу нь машин дотор пиво уугаад байхаар нь би түүнд машин дотор архи, пиво ууж болохгүй гэж хэлтэл уг залуу пиво машин дотор асгаад байхаар нь би ингэж болохгүй талаар хэлтэл араас намайг заамдаад авсан. Би урагшаа зүтгэсээр байгаад тавиулаад буугаад хойд хаалган дээрээ очтол уг залуу бууж ирээд намайг заамдаж аваад миний шанаа руу нэг удаа, эрүү рүү нэг удаа цохисон. Намайг цохичихоод шууд цаашаа алхаад явсан. Гэтэл миний үүдэн нэг шүд унасан тул би цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-9-10х/,
Гэрч Д.Оюунбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...нэг машины дэргэд 2 эрэгтэй зодолдоод зогсож байсан бөгөөд юу болоод байгаа талаар асуухад таксины жолооч гэх эрэгтэй таксинд сууж явсан эрэгтэйг машинд пиво асгаад байхаар нь хэлтэл өөдөөс хэл, амаар доромжлоод буу гээд хэлтэлминий шүд рүү цохичихлоо гээд доод үүдэн шүд нь санжигнасан байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /хх-20-21х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн №2219 тоот дүгнэлтэнд: “1.Д.Ганбаатарын биед баруун доод үүдэн 1-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Бусадтай тэмцэлдсэн гэх шинж тэмдэг тогтоогдсонгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид 5% нөлөөлнө” гэжээ /хх-24х/,
Шүүгдэгч Ч.Тын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48х/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-49х/, ажлын байрны тодорхойлолт /хх-54-55х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Шүүгдэгч Ч.Т нь 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 09 цагийн орчим Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Сургуулийн 8 дугаар гудамжинд хохирогч Д.Ганбаатарын шанаа буюу эрүү хэсэгт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь “баруун доод үүдэн 1-р шүдний булгарал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан торгуулийн ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Хохирогч Д.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэм хорын хохирлын талаарх баримт гаргаж өгөөгүй байх ба харин түүнийг цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.