Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01185

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01185

 

 

,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/02056 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,, нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,-д холбогдох,

Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 505,682,426 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч дутуу төлсний улмаас 352,172,022 төгрөгийн өр үүсгэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй алданги 154,510,400 төгрөг болсон.

Иймд нийт 505,682,426 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Алданги 153,510,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд шинэчлэн батлагдаад үйлчилж байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, үйл баримт хуучин хуулийн үйлчлэлийн цаг хугацаанд хамаарч байгаа.

Нийгмийн даатгалын ерөнхий хууль тогтоож зөрчсөн этгээдэд алданги оногдуулах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулсан. Гэтэл алданги тодорхой хэдэн хувь байдаг гэдэг асуудлыг нарийвчлан зохицуулаагүй.

Зөрчлийн тухай хуулийн 10.17.3-т хуульд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй хүн, хуулийн этгээдэд гүйцэтгээгүй үүргийн дүнгээс 0.3 хувиар алданги тооцно гэх хуулийн нарийвчилсан зохицуулалтыг оруулсан. Энэ тохиолдолд үүсээд байгаа асуудал Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтад хамаарч байгаа учраас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдах асуудал биш юм.

2.2. Мөн алданги тооцох хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй. Шинээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус хуулийн 30.1.2-т зааснаар улсын байцаагчийн актаар төлүүлэхээр тогтоосон нийгмийн даатгалын шимтгэл, алданги, торгууль гэж заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн хавсаргаж өгсөн баримтаас харахад акт үйлдсэн үйл баримт байхгүй.

Иймд алданги 153,510,400 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул энэ хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт заасныг баримтлан ,,,,,,,,,,,-аас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 500,682,426 төгрөгийг гаргуулж, Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын газарт олгож, үлдэх 5,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 2,661,362 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх Иргэний хуульд заасан алдангитай холбоотой зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Энэхүү харилцаа нь тухайлсан хууль буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, түүнд үндэслэж гаргасан дүрэм, журмуудад үндэслэж шийдвэрлэгдэх ёстой.

Нийгмийн даатгалын байгууллагын байцаагчийн зүгээс 154,510,000 төгрөг дээр акт үйлдээгүй учраас Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32.1.4, 37.8-д зааснаар хариуцагч компанийн хуульд заасан акттай холбоотой тайлбар, мэдүүлэг гаргах, актын хууль зүйн үндэслэлийг хянуулах хуульд заасан боломжийг хязгаарласан, эрх олгоогүй.

Алданги гаргуулахаар шаардахын тулд улсын байцаагчийн акт үйлдэх, үйлдсэн актад алданги, шимтгэлийн хэмжээг тодорхой заасан байх, уг алдангийг төлөх хугацааг зааж өгөх, тогтоосон хугацаандаа алдангийг төлөөгүй тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах дараалалтай байсан. Хууль болон холбогдох дүрэмд заасан дээрх ажиллагаaг хийгээгүй тул нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй болно.

Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, алдангийн төлбөрт 154,510,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн хүрээнд алданги тооцсон. Энэ тохиолдолд акт гаргах шаардлагагүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газар нь хариуцагч ,,,,,,,,,,,-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 352,172,022 төгрөг, алданги 154,510,400 төгрөг, нийт 505,682,426 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нь алдангийг төлөхгүй гэж маргасан.

 

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, зохих харьяаллын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн боловч маргааны зүйлд хамаарах хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.

 

3.1. Хариуцагчаас 2022 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 352,172,022 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ. Энэ шийдэлд зохигч гомдол гаргаагүй учир үйл баримтын талаар дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй орхив.

Харин хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/ үйлчилж байх хугацаанд хамаарч байх тул энэ үндэслэлээр шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон Нийгмийн даатгалын ерөнхий хууль нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн тул зохигчийн маргаан бүхий харилцаанд үйлчлэхгүй.

 

3.2. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувийн алданги ногдуулж, алдангийн нийт хэмжээ дутуу төлсөн шимтгэлийн 30 хувиас хэтрэхгүй байхаар заасан.

Нэгэнт хариуцагчийн үүсгэсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч байх тул энэ зохицуулалтын хүрээнд алданги гаргуулах шаардлагаас 105,651,606 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, үлдэх 47,858,798 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Үүнтэй холбогдуулан тэмдэгтийн хураамжийн хуваарилтад мөн өөрчлөлт оруулна.

 

3.3. Иймд хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэл 352,172,022 төгрөг, алданги 105,651,606 төгрөг, нийт 457,823,628 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэлийг хангасан нийт дүнгээс энэ хэрэг маргааны зүйлд хамаарах төлөлт эсэх нь тогтоогдоогүй 5,000,000 төгрөгийг хасч тооцохгүй.

 

4. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 25, 26 дугаар зүйлд зааснаар нийгмийн даатгалын байгууллага нь төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжлэх, мөн актаар төлбөр, торгууль ногдуулах эрхийг эдэлнэ.

Энэ хэрэгт нэхэмжлэгч нь актаар бус хуульд зааснаар ажил олгогчийн төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэлийг нэхэмжилж буй уг төлбөрийг заавал акт тавигдсаны дараа нэхэмжлэх хуулийн зохицуулалт байхгүй.

Иймд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал, урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул холбогдох гомдлыг хангахгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/02056 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Нийгмийн даатгалын тухай хууль /1994 оны/-ийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,-иас 457,823,628 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын газарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 47,858,798 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 2.661.362 гэснийг 2,447,068 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 930,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ