Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01186

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01186

 

 

Э.,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/01486 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.,,,,,,,,,гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 8,359,200 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 60 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхар, 5 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түвшин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Бат-Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхцэцэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороололд байрлах 117 айлын цогцолбор хотхоны байранд 1 дүгээр орцны 5 тоотын 2 өрөө орон сууцыг бариулах гэрээг Метал-энд вүүд ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулж, төлбөрийг бүрэн төлж дуусгасан.

Уг байр нь гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оролгүй 2 жил гаруй хугацаа алдаж, 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ашиглалтад орсон. Энэ үед хариуцагч нь материалын үнэ өссөн гэх үндэслэлээр 8,359,200 төгрөг төлөхийг шаардсан тул 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 8,359,200 төгрөг төлж, гэрээг шинэчилж байгуулсан.

Иймд 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 117А/2-Г дугаар гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлтэй байна. Гэрээний үнийг дур мэдэн өсгөсөн, үүнээс гадна талбайн хэмжээг 2.13 м.кв илүү бодсон зэргээр намайг хохироосон тул нэмж төлсөн 8,359,200 төгрөгийг ,,,,,,,,,,,, ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү.

Мөн Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, 16 дугаар хороололд байрлах 60 дугаар байрны 1 дүгээр орц, 2 давхрын 5 тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад өгөхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,,с ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Дэлхий нийтээр тархсан коронавирус цар тахал, улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын улмаас бараа материалын үнэ 2 дахин өссөн нь нийтэд илэрхий үйл баримт юм. Энэ талаар захиалагч Э.,,,,,,,,,тай уулзахдаа тайлбарлаж улмаар гэрээний үнийг 63,483,750 төгрөг байхаар харилцан тохиролцож 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр шинэчилсэн гэрээг байгуулсан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээ дүгнэсэн акт болон орон сууц хүлээлцсэн протоколоор гэрээний 1.4-т заасан м.кв хэмжээг бодитоор хэмжихийг зөвшөөрч, м.кв-ын маргаан гаргахгүйгээр байраа хүлээн авахыг зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардлага гаргах эрхгүй.

Гэрээний үнийн дүн нь нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй дүн тул нэмж 10 хувиа төл гэсэн боловч нэхэмжлэгч төлөөгүй тул гэрчилгээ гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасныг баримтлан Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо /хуучин 16 дугаар хороо/, 16 дугаар хороолол, 60 дугаар байрны 1 дүгээр орц, 2 давхар, 5 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 117А/2-Г дугаартай Орон сууц захиалан бариулах тухай шинэчилсэн гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, гэрээний дагуу төлсөн 8,359,200 төгрөгийг буцаан гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 652,471 төгрөг /433,573 төгрөг, 148,698 төгрөг, 70,200 төгрөг/-ийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шинэчилсэн гэрээний 2.1-т нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй дүн байхаар тохиролцсон. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5.2-т үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50,000,000 төгрөг ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, 5.2.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн тохиолдолд 10 хувийн татвар төлнө гэж заасан.

Иймд Э.,,,,,,,,, нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гэрээнд үнийг тодорхой заасан. Хариуцагч нь гэрээний төлбөр төлөгдсөн гэж үзээд орон сууцыг хүлээлгэн өгсөн байдаг. Иймд гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 8,359,200 төгрөг гаргуулах, Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 60 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхар, 5 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан гэрээгээр ,,,,,,,,,,,,,, ХХК нь 117 айлын цогцолбор хотхоны орон сууцны 1 дүгээр орцны 2 давхарт А блок Г тоот 45,37 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалгын дагуу 2020 оны 2 дугаар улиралд багтаан барьж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр, Э.,,,,,,,,, нь орон сууцны үнэд 55,124,550 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх 16-21/.

Зохигч нь дээрх гэрээний нөхцөлийг 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээгээр өөрчилж, орон сууцны ашиглалтад орох хугацааг 2022 оны 1 дүгээр улирал, гэрээний үнийг 63,483,750 төгрөг болгосон байна /хх 46-50/.

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэхэд гэрээний үнэ 63,483,750 төгрөгийг бүрэн төлж барагдуулж, мөн өдрөө орон сууцыг хүлээн авсан /хх 24-31, 41-43, 100/.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон.

 

3.1. Талууд 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулахдаа тухайн оны 2 дугаар улиралд ашиглалтад орох буюу баригдсан орон сууцыг өмчлөлд шилжүүлэн өгөх, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Энэ талаар анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг ийнхүү залруулан дүгнэж, шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.

 

3.2. Хариуцагчийн зүгээс коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахал, үүний дагуу төрийн эрх бүхий байгууллагаас тодорхой цаг хугацаанд бүх нийтийн болон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн нөхцөл байдлыг харгалзан гэрээний үнэд өөрчлөлт оруулах санал гаргасныг нэхэмжлэгч хүлээн авч 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээг шинэчлэн байгуулсан байна.

Энэ талаар анхан шатны шүүхийн өгсөн дүгнэлт Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт нийцжээ.

Иймд зохигч нь өөрсдийн хүсэл зоригийн дагуу илтэд өөрчлөгдсөн нөхцөл байдлаас шалтгаалан гэрээг шинэчлэн байгуулсан байх тул анхан шатны шүүх 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

 

3.3. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасан.

Нэхэмжлэгч нь 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр орон сууцыг акт, протколын үндсэн дээр хүлээн авахдаа орон сууцны талбайг хэмжиж хүлээн аваагүй, энэ талаар шаардлага гаргаагүй үйл баримтыг шүүх зөв тогтоож, дээрх хуулийн зохицуулалтын дагуу талбайн зөрүүний үнэ 8,359,200 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.

Харин уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж буй хуулийн зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүйг залруулж, өөрчлөлт оруулна.

 

3.4. Нэхэмжлэгч нь орон сууцны үнэ 63,483,750 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир хариуцагч нь худалдаж буй орон сууцтай холбоотой баримт бичгийг шилжүүлэх үүрэгтэй.

Иймд анхан шатны шүүх Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороо, 16 дугаар хороолол, 60 дугаар байр, 1 дүгээр орц, 2 давхар, 5 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой бичиг баримтыг бүрдүүлэн өгөхийг даалгуулах нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

Зохигчийн 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан гэрээний 2-т орон сууцны нийт үнийг 63,483,750 төгрөг гэж заасан ба үнийг нэмж тооцох өөр нөхцөлийг гэрээнд заагаагүй. Гэрээний 2.1-д 63,483,750 төгрөгийн үнэд нэмэгдсэн өртгийн албан татвар тооцоогүй талаар заасан байгаа боловч энэ нь уг татварыг төлөх үүргийг нэхэмжлэгчид үүсгэхгүй.

Энэ талаар өгсөн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/01486 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад 343 дугаар зүйлийн 343.1 гэснийг 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 116,524 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ