| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2019/0274/э |
| Дугаар | 352 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Жавхлантөгс |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 352
2019 04 12 2019/ШЦТ/352
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;
улсын яллагч: Т.Жавхлантөгс;
шүүгдэгч: Б.М (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Тоос овогт Б.Мд холбогдох эрүүгийн 1809044600364дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, жүжигчин мэргэжилтэй, “Андаро караоке”-д менежер ажилтай, ам бүл 2, ахын хамт ...............д оршин суух, ял шийтгэлгүй, .......... регистрийн дугаартай, Тоос овогт Б.М.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.М нь 2018 оны 7-9 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайсайншанд” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох борлуулалтын орлогын 2.768.250 төгрөгийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэг өгөхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч .......... /хх-ийн 7-9/ мэдүүлсэн мэдүүлэг, Б.Мгийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-11, -36-37/, ажлын байрны тодорхойлолт /хх-48-49/, “Далайсайншанд” ХХК-ийн “ажил олгох тухай” захирлын тушаал /хх-50/, Б.Мгийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26-32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 7-9 дүгээр сарын хооронд үргэлжилсэн үйлдлээр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Далайсайншанд” ХХК-нд худалдааны зөвлөхөөр ажиллаж байх үедээ бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох борлуулалтын орлогын 2.768.250 төгрөгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь:
хохирогч Д.О...ийн /хх-ийн 7-9/ “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бага тойруу 41 “Далайсайншанд" ХХК-д Б.М манай байгууллагын сонгон шалгаруулалтад тэнцэж манай байгууллагад ажилд орсон. 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Далайсайншанд” ХХК-д “Камин Галерэй” худалдааны төвийн борлуулалтын орлого болох 2.200.000 төгрөг алга болсон. Худалдааны зөвлөх Б.Мгаас асуухад “карт уншуулсан удахгүй орно” гэж хэлээд, 2 хоногийн дараа Д.О......г, Г.Цэндсугар бид хоёр Б.М худал ярьж байгаа талаар мэдээд нягтлан Б.Нямсүрэнд 7-9 дүгээр сарын борлуулалтын орлого зарлагын тайланг хянахад удаа дараа мөнгө залилсан үйлдэл гарсан байсан. Мөн би нэг удаагийн боломж олгоод, хамт олны дунд нэр хүндийг нь хамгаалж, цалингаасаа байгууллагын хохирлыг төлүүлэхээр ярилцаж тохиролцсон. Гэвч 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Мянгаа нь 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн орлого болох 94.050 төгрөг завшсан болохыг мэдээд Цагдаагийн байгууллагад хандаж байна...” гэх мэдүүлгээр,
Б.Мгиийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 10-11/: “...255 иж бүрдэл Камин зуухыг Цэцэгмаа гэх хүнд зарсан тэр тооцоо болох 2.200.000 төгрөгийг бэлнээр хийсэн. Би тус мөнгийг компанийнхаа хоёр захирлын нэгэнд нь бэлнээр тушаах ёстой байсан. Би тухайн үед 2018 оны 7 дугаар сард өөрийн найз Азжаргалаар дамжуулан 1.800.000 төгрөг 20 хувийн хүүтэйгээр зээлсэн байсан ба тус өрийг төлөхөд 2.160.000 төгрөг хэрэгтэй байсан. Би 2.200.000 төгрөгийн орлогыг хувьдаа авч өөрийн ХААН банкны 5035497528 дугаарын дансанд байршуулсан. Тэгээд найз “Азжаргалаас мессежээр ирүүлсэн мөнгө зээлсэн гэх хүний данс руу 2.160.000 төгрөгийг шилжүүлсэн...”, 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “...Эхний аудитаар 2.200.000 төгрөг гэж гарч ирсэн, сүүлийн аудитаар 2.700.000 төгрөг гэж гарч ирсэн юм. Би уг 2.700.000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр бүрэн өгч барагдуулсан, ХААН банкны дансны хуулга нь хавтаст хэрэг дотор байгаа. Би хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2018 оны 10 дугаар сарын 16-нд төлж барагдуулсан байгаа...” гэх мэдүүлгээр болон хохирлын 2.768.200 төгрөгийг төлж барагдуулсан тухай баримт /хх-ийн 51/, ажлын байрны тодорхойлолт /хх-48-49/, “Далайсайншанд” ХХК-ийн “ажил олгох тухай” захирлын тушаал /хх-50/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь “Далайсайншанд” ХХК-ийн ажилтан болохыг, шүүгдэгч нь “Далайсайншанд” ХХК-ийн орлогын мөнгийг хувьдаа захиран зарцуулсныг, үүний улмаас “Далайсайншанд” ХХК-д эд хөрөнгийн хохирол учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Б.М нь гэрээнд зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээж, борлуулалтынхаа орлогын мөнгийг байгууллагадаа тушаах ёстой атлаа энэ байдлаа урвуугаар ашиглаж, шунахай сэдэлтээр мөнгийг өөрийн хувийн хэрэглээнд хэрэглэж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй түүний санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна
Ийнхүү Б.Мг “Хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч Д.О..........гийн “хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, ямар нэгэн госдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт хэргийн 52 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгчийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар тогтоохоор тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ............ Б.Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан бага хэмжээнээс дээш эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мг нийт 240/ хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ