Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01187

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2024/01187

 

 

М.,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01341 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: М.,,,,,,,,,,,,ы нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-д холбогдох,

14,828,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,, хариуцагчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.,,,,,,,,,,,иас 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2020 онд Монгол Улсад орж ирсэн, 60-56 УАХ улсын дугаартай Субарү Форестер маркийн автомашиныг 25,000,000 төгрөгөөр худалдан авахдаа 14,500,000 төгрөгийг ,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-аас зээл авч төлсөн.

,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-иас 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 60-56 УАХ улсын дугаартай Субарү Форестер маркийн автомашиныг барьцаалж, 14,500,000 төгрөгийг 1 сарын 3.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж, фидуцийн гэрээ байгуулж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар cap дуустал зээлээ хэвийн төлөөд явж байсан бөгөөд нийт 3,782,000 төгрөг төлсөн.

Зээлийг буцаан төлөх боломжгүй нөхцөлд хүрсэн гэдгээ ,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-д мэдэгдэж, өөрөө худалдан борлуулж зээлийн гэрээг дуусгавар болгох зорилгоор зар тавьсан боловч ,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК нь миний зөвшөөрөлгүйгээр 2022 оны 12 дугаар сарын 04-ний шөнө манай хашаанд байсан машиныг ачиж яваад 25,000,000 төгрөгөөр худалдан авсан машиныг 16,000,000 төгрөгөөр худалдаж, зээлийг чинь хаасан гэж хэлээд надад нэг ч төгрөг өгөөгүй. Машины зах зээлийн үнэлгээ одоогоор 30,000,000 төгрөг байгаа.

Иймд автомашиныг тооцож авсан мөнгөн дүн 10,500,000 төгрөг, зээлийн гэрээний хугацаанд буцаан төлсөн 3,782,000 төгрөг, зээл авахад даатгал зээл олгосон төлбөр нэр шилжүүлэхэд гарсан нотариатын төлбөр, улсын тэмдэгтийн хураамж 546,100 төгрөг, нийт 14,828,100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК шүүхэд гаргасан тайлбартаа:

М.,,,,,,,,,,,, зээлийн төлбөрөөс 3,782,000 төгрөг төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл төлөлт хийгээгүй. Тиймээс фидуцийн гэрээний 1.5, 2.2.2, 2.2.4-т заасны дагуу 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр автомашиныг эзэмшилдээ авсан.

Тухайн автомашиныг худалдан борлуулах гэтэл эвдрэлтэй байсан учир засварын ажлыг хийж гүйцэтгүүлж 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Машиныг худалдан борлуулж зээлийн төлбөрийг төлүүлэх хүртэл буюу 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр М.,,,,,,,,,,,,ы үндсэн зээл 12,921,917.10 төгрөг, зээлийн хүү 2,356,957.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 31,987.63 төгрөг, нийт 15,310,862.24 төгрөг байсан. Машины ачилтын зардал 150,000 төгрөг, түлхүүр хийлгэх зардал 150,000 төгрөг, татвар торгууль 185,000 төгрөг, засварын зардал 2,650,000 төгрөг болсон.

Зээлийн үлдэгдэл төлбөр 15,310,862.24 төгрөг дээр машин худалдан борлуулахад гарсан зардал 3,135,000 төгрөгийг нэмэхэд, 18,445,862.24 төгрөг болж машин худалдан борлуулж олсон орлого болох 18,500,000 төгрөгөөр барагдуулсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.3, 451 дугаар зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-иас 7,689,138 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс үлдэх 7,138,962 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,090 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-иас 137,976 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,д олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Нэхэмжлэгч нь автомашиныг худалдан борлуулсны зөрүү төлбөр шаардаагүй харин анх байгуулсан гэрээ (тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах, зээлийн болон фидуцийн гэрээ)-нүүдээс татгалзах агуулгатай буюу гэрээ байгуулахад өөрөөс гаргасан зардал, мөн гэрээний хугацаанд төлсөн зээлийн төлбөрөө шаардсан байхад үүнийг шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.

Мөн нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хөрөнгийн үнэлгээний Итгэлт эстимэйт ХХК-д хандан автомашинаа үнэлүүлж, 2022 оны IV улирлын дундаж үнийг тогтоолгосон бөгөөд уг үнэлгээг үндэслэн шүүх хэргийн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Шинжээч нь тээврийн хэрэгслийг бодитоор үзэж хараагүй, дүгнэлт гаргах үед автомашин эвдрэл, гэмтэлтэй байсан эсэхийг харгалзан үзэлгүйгээр дүгнэлт гаргасан.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ 30,000,000 төгрөг гэж, хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтээр 23,000,0000 болон 18,600,000 төгрөг гэж зөрүүтэй үнэлсэн байхад шүүх зөвхөн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг зах зээлийн бодит ханш гэж үзсэн нь үндэслэлгүй.

Хэрэв шинжээчийн дүгнэлт зөрүүтэй, бодитой бус, үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй байна гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3-т зааснаар шүүгч дахин шинжээч томилох ёстой байсан ч энэ чиг үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Гаргасан нэхэмжлэлийн агуулгын хүрээнд шүүх хэргийг шийдвэрлэсэн. Шинжээчийн үнэлгээ бодитой гарсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-д холбогдуулан 14,828,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. М.,,,,,,,,,,,, нь 60-56 УАХ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.,,,,,,,,,,,иас худалдан авахдаа мөн өдөр ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-иас зээлийн гэрээний дагуу 14,500,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэй хүлээн авсан.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэгч нь 60-56 УАХ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг ,,,,,,,,,,,,,,, ,,,,,,,,, ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, холбогдох бүртгэлийг хийлгэжээ.

 

3.1. Гэрээний хэрэгжилтийн явцад үүргийн зөрчил үүссэн учир хариуцагч нь 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 60-56 УАХ улсын дугаартай Субару Форестер маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд авч, улмаар 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Б.Өнөрт 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан фидуцийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тул фидуцийн зүйл болох тээврийн хэрэгслийг хураан авч худалдан борлуулсан хариуцагчийн үйлдлийг буруутгахгүй.

Харин ийнхүү худалдан борлуулахад зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргээс илүү гарсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

 

4.2. Зохигч нь фидуцийн гэрээ байгуулахдаа тээврийн хэрэгслийн үнэлгээг заагаагүй бөгөөд зөвхөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах мөнгөн дүнгийн хэмжээг заасан.

Энэ тохиолдолд анхан шатны шүүх тээврийн хэрэгслийг худалдан борлуулах үеийн үнэлгээнээс мөнгөн төлбөрийн үүргийг хасч тооцож, үлдэх мөнгөн хөрөнгийг хариуцагчид олгосон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэж байна.

 

4.3. Иймд анхан шатны шүүх Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн маргааны зүйл болж буй тээврийн хэрэгсэлтэй адил шинж, чанар бүхий Субару Форестер маркийн машины зах зээлийн ханш нь 2022 оны 4-р улирлын байдлаар 23,000,000 төгрөг болохыг үнэлсэн үнэлгээнд тулгуурлаж, уг үнэлгээнээс нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаарх зээлийн гэрээний үүрэг 15,310,862 төгрөгийг хасч тооцож, үлдэх 7,689,138 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч нь тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авахдаа биет байдлын доголдолтой байсан гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул тээврийн хэрэгслийг засварлахад гарсан гэх зардлыг худалдан борлуулсан үнийн дүнгээс хасч тооцохгүй.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй.

 

5.1. Хэрэгт авагдсан Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 17-ний өдрийн үнэлгээгээр маргааны зүйл болж буй тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зах зээлийн ханш нь 18,600,000 төгрөг гэж үнэлсэн.

Гэхдээ хариуцагч нь тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тул энэ цаг хугацаагаар үнэлсэн Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг шүүх үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс Итгэлт эстимэйт ХХК-ийн үнэлгээг эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй.

Мөн хариуцагч нь тээврийн хэрэгслийг Б.Өнөрт 18,500,000 төгрөгөөр худалдан борлуулсныг харгалзан үзэх ёстой гэж маргаж буй ч гэрээний чөлөөт байдлын дагуу талууд худалдах, худалдан авах гэрээний үнийг тогтоодог тул энэхүү худалдан борлуулсан үнийг бодит үнэлгээ гэж тооцохгүй.

Иймд үнэлгээний талаарх гомдлыг хангахгүй орхив.

 

5.2. 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШЗ2023/07015 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилж, уг хүсэлтээсээ хүсэлт гаргасан тал татгалзсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШЗ2023/03834 дүгээр захирамжаар сэргээсэн.

Уг сэргээсэн захирамжид зохигч гомдол, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр сэргээсэн атлаа үүнээс өөр агуулгаар сэргээсэн гэж шийдвэрт бичсэн байгаа нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх ноцтой зөрчилд хамаарахгүй тул холбогдох гомдлыг хангахгүй.

 

5.3. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан борлуулсантай холбоотой хохирлыг нэхэмжилсэн байх бөгөөд энэхүү үндэслэл, шаардлагын хүрээнд шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймээс нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэх гомдлыг хангахгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 184/ШШ2024/01341 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ