Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 376

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,

Улсын яллагч: Г.Ганбагана,

Шүүгдэгч: Д.Г /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-т холбогдох эрүүгийн 1809056840205 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Чулуун констракшин” ХХК-д барилгын туслах ажилтай, урьд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар 2 жил, 2 сарын хорих ялыг 1 жил, 6 сараар тэнсэн хянан харгалзсан, Д.Г,

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны гадаа байсан 81-79 УНБ улсын дугаартай иргэн С.Бумбатын эзэмшлийн авто машинаас бэлэн мөнгө болон тамхи зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Г нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хээрг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Д.Г нь 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хангай хотхоны гадаа байсан 81-79 УНБ улсын дугаартай иргэн С.Бумбатын эзэмшлийн авто машинаас бэлэн мөнгө болон тамхи зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

                                                                                             шүүгдэгч Д.Г нь гэмт үйлдлээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн, түүний үйлдлийн улмаас хохирогч С.Бумбатад бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь зөв байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г-ийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудыг үнэлж, гэм бурууг шийдвэрлэх үндэслэлтэй. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ “мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Эрүүгийн 1809056840205 дугаартай хэргээс:

            Хохирогч С.Бумбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би Спортын төв ордны ойролцоох дэлгүүрт ажилладаг. 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 81-79 УНБ улсын дугаартай приус-30 маркийн авто машинаа Хангай хотхоны 504-р байрны гадна зогсоол дээр орхиод гэртээ орж амарсан. Өглөө миний машины арын жижиг гурвалжин шилийг нь хагалан хулгайч орж машинд байсан 5 блок Raison, 4 блок Change Esse, 3 блок Esse, 1 блок Caster, 1 блок Mild, 4 блок LD зэрэг тамхинууд мөн бэлэн 145.000 төгрөг зэргийг авч явсан байсан. 504-р байрны хяналтын камерын бичлэгийг шалгахад манай эгчийн нөхөр Д.Г миний машины арын цонхыг хагалан эд зүйлс хулгайлан авсан байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

                       Эд зүйл, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 21-22 дүгээр хуудас/, эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23 дугаар хуудас/,

           Гэрч Д.Оюунтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 08 цагийн үед Д.Г гэх залуугаас Raison тамхи 3 блок, энгийн LD 1 блок, 2 хайрцаг Rich гэх мэт арваад хайрцаг тамхи нийт 76000 төгрөгөөр худалдан авсан. Одоо Raison тамхи 7 хайрцаг, саарал LD 2 хайрцаг, сэнстэй west 1 хайрцаг,  rich 1 хайрцаг үлдсэн бөгөөд бусад тамхийг нь үнэ нэмээд 120.000-130.000 орчим төгрөгөөр зарсан. Д.Г түргэн үйлчилгээний цэгээ больж байгаа гэхээр нь тамхийг нь худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

                       “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 36-37 дугаар хуудас/,

            Яллагдагч Д.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр үүрээр 04 цагийн үед Хангай хотхоны тэнд явж байхад салсан эхнэрийн дүү С.Бумбатын приус-20 маркийн машин зогсож байхаар нь очоод жолоочийн эсрэг талын цонхыг хагалаад дотроос нь тамхи болон бэлэн мөнгө авсан. Тэгээд саппорогийн тэнд байдаг ТҮЦ-нд тамхийг зарсан, мөнгөөрөө буудалд ороод архи уусан бөгөөд маргааш нь баригдсан. Би мөнгөгүй болчихоод хулгайн гэмт хэрэг үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Иймд шүүгдэгч Д.Г-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн 1809056840205 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:

Ял шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 50 дугаар хуудас/, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 184 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-69 дүгээр хуудас/ зэргийг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Г-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Д.Г-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хохирогч С.Бумбат нь “...хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол саналгүй...” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2  дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Д.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 300 /гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ялтан Д.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           З.ТӨМӨРХҮҮ