Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01218

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01218

 

 

Я.,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Б.Мандалбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01141 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Я.,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдох,

352,202,980 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ",,,,,,,,,,,,," ХХК-нд 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэрээний хугацааг 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан бөгөөд 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 39,911,398 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо хариуцагч баталгаажуулсан.

Мөн зээлийн сунгалтын гэрээний дагуу хариуцагч нь 43,702,980 төгрөгийг нэхэмжлэгч талд 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлөхөөр үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй.

1.2. 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг хариуцагчид 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр харилцан тохиролцсон, талууд тухай бүр зээлийн сунгалтын гэрээг байгуулж байсан.

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг хариуцагчид 2018 оны 11 дүгээр сарын 05-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатайгаар, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн, тухай бүр зээлийн сунгалтын гэрээг байгуулсан.

2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр сүүлийн хоёр зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөр болох 300,000,000 төгрөгийг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар, жилийн 9.5 хувийн хүүтэйгээр сунгахаар тохиролцож, тус хоёр гэрээтэй холбоотой өр төлбөрийг баталж, 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Үүний хүү 28,500,000 төгрөг бодогдсон бөгөөд 10,000,000 төгрөгийг төлсөн тул 18,500,000 төгрөгийн хүүгийн төлбөртэй болно.

Хариуцагч нь үндсэн зээл болох 300,000,000 төгрөг, хүү 18,500,000 төгрөг нийт 318,500,000 төгрөгийн өр төлбөрийг төлөлгүй нэхэмжлэгч талыг хохироож байгаа болно.

Нийт 352,202,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү

 

2. Хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК нь шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй болно.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн хуулийн 281.1, 282.1-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 352,202,980 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Я.,,,,,,,,,,,,д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,187,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-иас 2,187,500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Миний бие 2024 оны 03 дугаар сарын 13-ний өдрийн 14 цаг 00 минутад Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд С.Амарсанаагийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэг маргаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан буюу дээрх шүүх хуралдаантай давхацсан гэх үндэслэлээр шүүхийн цахим хаяг руу хурал хойшлуулах хүсэлт болон нотлох баримтыг илгээсэн. Гэтэл анхан шатны шүүх уг хүсэлтийг хэлэлцээгүй.

Хүсэлт баримт ирүүлээгүй мэтээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр мэтгэлцэх эрхийг хязгаарласан шийдвэр болсон.

4.2 Талуудын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 406 дугаар зүйлд заасан "хөрөнгө итгэмжлэх" гэрээний агуулгыг илэрхийлж байхад шүүх зээлийн гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон.

4.3. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 10,000,000 төгрөгөөр багасгасан бөгөөд шүүх багасгасан үнийн дүнгээр буюу 352.202.980 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүх тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа 2,187,500 төгрөгийг хариуцагч талаас гаргуулж нэхэмжлэгчид олгож алдаа гаргасан байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас гаргасан тайлбарын агуулга:

Шүүхээс хурлын товыг зохих ёсоор мэдэгдсэн, товоо андуурсан нь хариуцагч талын хариуцлагын асуудал. Шүүх талууд зээлийн гэрээ байгуулсан гэж зөв дүгнэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Я.,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-д холбогдуулан үндсэн зээлийн төлбөр 352,202,980 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан хариу тайлбар гаргаагүй.

 

3. Я.,,,,,,,,,,,, нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг сарын 2 хувийн хүүтэйгээр, 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг сарын 2.5 хувийн хүүтэйгээр, нийт 340,000,000 төгрөгийг ,,,,,,,,,,,,, ХХК-д хүлээлгэн өгсөн.

Талууд дээрх гэрээний хугацааг 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаагаар тухай бүр сунгаж гэрээний нэмэлт өөрчлөлтийг байгуулж байжээ.

 

3.1. Мөн хариуцагч нь хүлээн авсан 40,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 10,748,547 төгрөг төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл 39,911,398 төгрөгийг,

хүлээн авсан 300,000,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 20,000,000 төгрөг төлсөн, үндсэн төлбөрийн үлдэгдэл 300,000,000 төгрөг, хүү 58,526,027 төгрөг буюу 358,526,027 төгрөгийг тус тус төлөхөөр нэхэмжлэгчтэй 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тооцоо нийлж баталгаажуулсан байна.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн. Хариуцагчийн зүгээс хөрөнгө итгэмжлэх гэрээ байгуулсан гэж маргасан нь үндэслэлгүй.

Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчээс хүлээн авсан мөнгөн хөрөнгийг өөрийн өмчлөлд хүлээн авсан байх ба нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхолд нийцүүлэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан үйл баримт тогтоогдоогүй.

Мөн гэрээнд хүү тооцохоор бичгээр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан.

 

4.1. Гэрээний хугацаа дуусгавар болохоос өмнө тооцоо нийлэхэд хариуцагч нь зээлийн үндсэн төлбөрт 339,911,398 төгрөг, хүү 58,526,027 төгрөг, нийт 398,437,425 төгрөг төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хэмжээнд зээлийн гэрээний үүрэгт 352,202,980 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт нийцжээ.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн заалтыг дутуу бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг залруулж, өөрчлөлт оруулна.

 

4.2. Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт улсын тэмдэгтийн хураамжийг илүү хуваарилсан, холбогдох хуулийн заалтыг буруу баримталсан байгааг зөвтгөх нь зүйтэй.

Энэ талаар хариуцагч гомдолдоо дурдсан байгаа боловч уг асуудал нь давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянах эрх хэмжээнд хамаарна.

 

5. 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг 03 дугаар сарын 13-ны өдрийн 15 цаг 30 минутад товлон хойшлуулахдаа шүүхийн зүгээс товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгджээ.

2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан эхлэхэд хариуцагч талаас аливаа хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасан шүүх хуралдааны товыг лавлах үүргээ биелүүлээгүй байна.

Иймд шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байх тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/01141 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-иас 352,202,980 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Я.,,,,,,,,,,,,д олгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 2,187,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,, ХХК-иас 1,918,965 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,918,980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Т.БАДРАХ