Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2017/00791

 

О.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 

2017 оны 01 дугаар сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэр,

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : О.Гэрэлмаа,

Хариуцагч : Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай

 Хариуцагчийн төлөөлөгчийн  гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Гэрэлмаа, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2016.9.19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр орон тоо цөөрсөн тул 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлж мэдэгдэл өгсөн боловч бүтэц, орон тооны талаар мэдээлээгүй. 2016.11.03-ны өдөр Үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг М.Янжиндуламд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ажлыг дараагийн ажилтан томилогдох хүртэл хугацаанд Ч.Оюунхүүд тус тус хүлээлгэн өгсөн. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016.11.03-ны өдрийн Б/49 дугаартай О.Гэрэлмаад тэтгэмж олгох тухай тушаал өгсөн. О.Гэрэлмаа миний эрхэлж байсан ажил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоогоор Үйл ажиллагааны нягтлан бодогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн гэж 2 орон тоо болон задарсан байна. Гэтэл үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоонд ямар шаардлага, шалгуур тавьж Д.Янжиндуламыг томилсон нь тодорхойгүй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоонд надтай нэгдэж байгаа хүн байхгүй, намайг томилох боломжтой байтал ямар шалтгаанаар томилоогүй нь тодорхойгүй. Мөн Тэтгэмж олгох тухай тушаал нь ажлаас халагдсан гэж үзэх хууль, эрх зүйн шаардлага хангахгүй байгаа зэрэгт гомдолтой байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. 2016.9.20-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч данс бүртгэлд тусгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Дээрх ажлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Гэрэлмаатай холбоотой санхүүгийн олон зөрчил, дутагдлууд гарсан. Нягтлан бодогч О.Гэрэлмаагийн эдгээр үйлдэл нь байгууллагын эд хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.4, 13.7, 14.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20.2.4, 20.2.5, 20.2.6 дахь хэсэгт заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016.9.01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь 52 орон тоотой байхаар батлагдаж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийг 5 орон тоотой байхаар тогтоосон байна. Иймд ажлын байрны шаардлагыг хэн илүү сайн хангаж байгаа, ажилласан жил, ажлын дадлага, туршлага, зөрчил, дутагдал гаргасан байдал, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх, ажилдаа хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж зохих ажлын байранд томилон ажиллуулж байна. Дээрх зөрчил, дутагдал гаргасан тул О.Гэрэлмааг үйл ажиллагааны нягтлан бодогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сангийн  мэргэжилтнээр ажиллуулах  боломжгүй.  Хөдөлмөр  эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн нь төрийн албаны дэс түшмэлийн шалгалтад орж тэнцсэн байх ёстой болно. О.Гэрэлмаа нь төрийн албаны шалгалтад орж тэнцсэн мэдээлэл байхгүй гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаартай шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар О.Гэрэлмааг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан О.Гэрэлмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 дугаартай магадлал гаргаж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийг ажлын байрны орон тоо цөөрсөн гэсэн үндэслэлээр ажлаас халсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.1.2-т заасны дагаа орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоо хассаныг ойлгоно гэж бичсэн ба О.Гэрэлмаагийн ажлын байрны орон тоо цөөрсөн нь дараах үндэслэлтэй. Аймгийн ЗДТГ-ын бүтцийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор бүтэц орон тоог шинээр батлах тухай 2016 оны Б/21 тушаалаар тогтоосон учир албан хаагчдийг чөлөөлж, шинээр өөрчлөн байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын мэдэлд шилжүүлсэн байдаг. Тус газар нь 2 хэлтэст ажиллаж байсан төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд хамаарах 3 нягтлан бодогчийн ажлын байрны орон тоо 1 болсон. Иймээс ажлын байрны орон тоо цөөргүй гэж үзэх үндэслэлгүй. 2. О.Гэрэлмаагийн хөдөлмөрийн хэлтэст эрхэлж байсан "Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ерөнхий нягтлан бодогч" гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний ангилалд хамаарах албан тушаал байсан. Харин, Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын тушаалаар батлагдсан шинэ бүтцээр дээрх албан тушаал нь Үйл ажиллагааны нягтлан бодогч /төрийн үйлчилгээний албан тушаал/ болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн /төрийн захиргааны албан тушаал/ болж гүйцэтгэх чиг үүрэг болон төрийн албаны ангилал, зэрэглэлийн хувьд хоёр хуваагдаж өөрчлөгдсөн байдаг. О.Гэрэлмаа нь төрийн албаны жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгч, төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй, төрийн захиргааны албанд томилогдож, ажиллаж байгаагүй харин төрийн үйлчилгээний албан тушаалын ангилалд ажиллаж байсан тул түүнийг Хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн буюу төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд томилох боломжгүй юм. Харин үйл ажиллагааны нягтлан бодогчийн албан тушаалд О.Гэрэлмаа болон М.Янжиндулам нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин зэргийг харгалзан төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасан зохицуулалтыг баримтлан шалгаруулж авсан болно. Мөн түүнчлэн, О.Гэрэлмаа нь нэхэмжлэлийн шаардлагаа "ажилд эгүүлэн тогтоолгох" тухай гэж тодорхойлон, Иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг Гэтэл яг 2 ажлын байрны алинд нь эгүүлэн тогтоолгох тухай тодорхой заагаагүй байхад шүүх үүнийг анзаараагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.                                       ХЯНАВАЛ:

О.Гэрэлмаа нь "...бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр Хөдөлмөрийн хэлтсээс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллах болсон ч ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож өгнө үү..." гэсэн нэхэмжлэлийг Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдуулан гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй маргасан байна. Анхан шатны шүүх О.Гэрэлмааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа ".. О.Гэрэлмаагийн ажлын байрны орон тоо цөөрсөн...  О.Гэрэлмаа... төрийн жинхэнэ албаны тангараг өргөөгүй...тул түүнийг хөдөлмөрийн эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн буюу төрийн захиргааны албан тушаалын ангилалд хамаарах албан тушаалд томилох боломжгүй... О.Гэрэлмаа болон М.Янжиндулам нарыг... шалгаруулж авсан.... нэхэмжлэгч нь 2 ажлын байрны алинд нь эгүүлэн тогтоолгох шаардлага тавьсан нь тодорхойгүй байгааг шүүх анхаараагүй..." гэсэн байна.

Шийдвэр, магадлалд даархи үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. О.Гэрэлмаа нь Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн нь тогтоогджээ. /хх1-ийн 3-6 /

Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/49 дугаар тушаал гаргаж, Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ерөнхий нягтлан бодогч О.Гэрэлмааг ажлаас нь чөлөөлснөөс маргаан үүссэн байна. /хх 1-ийн 7/

О.Гэрэлмаа нь Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар шилжин ирснээс хойш 2 сар гаруйн дараа хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/49 дугаар тушаалыг гаргаснаас үзвэл О.Гэрэлмаа нь Хөдөлмөрийн хэлтэст бус, харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллаж байсан бөгөөд уг тушаалаар ажлаас халагдсан гэж үзнэ.

2.  Хариуцагч нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/49 дугаар тушаал гаргахдаа  Төрийн албаны тухай хуулийн 23.4, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 37.1.4, 40.1.1, 42.1, Засгийн газрын 2016 оны 09-р тогтоол,  Хөдөлмөр,  халамжийн үйлчилгээний  ерөнхий  газрын  2016 оны  Б/21  дүгээр тушаалыг баримталсан боловч тушаалын үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Тухайлбал, хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсгийг Б/49 дүгээр тушаалд баримталсан боловч уг заалтын аль үндэслэлээр буюу байгууллага татан буугдсан, орон тоо хасагдсан эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн эсэхийг тушаалд заагаагүйгээс гадна, 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 210 дугаар тушаалын хавсралт болох мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан нь тогтоогдоогүй байна.

3.  О.Гэрэлмаа  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжин ирсэн байх тул Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байхдаа гаргасан гэх зөрчлийн талаарх ажил олгогчийн тайлбар нэхэмжлэлийг үгүйсгэхгүй.

4. Харин шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ О.Гэрэлмааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын ерөнхий нягтлан бодогчийн ажилд бус, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сангийн   мэргэжилтний   ажилд  эгүүлэн  тогтоосон   нь  Хөдөлмөрийн  тухай   хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч нь Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжсэн нь тогтоогдсон, түүнээс хойш өөр ажил хийж байсан тухай мэдээлэл хэрэгт байхгүй тул "ерөнхий нягтлан бодогч" нь О.Гэрэлмаагийн " урьд эрхэлж байсан ажил" гэж үзнэ.

О.Гэрэлмаа нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан байхад шүүх "ажилд эгүүлэн тогтоолгох тухай..." түүний нэхэмжлэлийг хангахдаа "үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн"-ий ажилд эгүүлэн тогтоосон нь буруу, энэ тухай хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр магадлалын тогтоох хэсгийн нэг, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  нэг дэх заалтын     "..  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд.." гэснийг "... ерөнхий нягтлан бодогчийн ажилд..." гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                          ШҮҮГЧ                                                    Б.УНДРАХ