Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 16

 

                                   

 

 

 

 

 

 

 

А.Баттулгад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Ц.Сонинмөнх

Нарийн бичгийн дарга                             А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн эсэргүүцлээр А.Баттулгад холбогдох эрүүгийн 2016 1900 0399 дугаартай 1 хавтас 189 хуудас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 08-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, яс үндэс халх, 1984 оны 02 сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12-6 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,  Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн №10 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн №14 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №163/а тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Батхаан овогт Алтангэрэлийн Баттулга, /РД:ЙЕ84021312/.

 

Шүүгдэгч А.Баттулга нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, догшин авирлан 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 33 дугаар байрны гадна иргэн Д.Нармандахыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Батхаан овогт Алтангэрэлийн Баттулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгад 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Баттулгад оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

Ялтан А.Баттулгад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж,

 Ялтан А.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Баттулгад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын эрүүгий хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Буянтогтох даргалж, Улсын яллагч прокурор Г.Энхбат, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Ч.Эрдэнэ-Очир, шүүгдэгчээр А.Баттулгыг оролцуулан, нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 201519000399 тоот эрүүгийн хэрэгт прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгайн ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээр шүүх шүүн хэлэлцээд А.Баттулгыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ догшин авирлан 2016-05-27-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутагт байрлах 33 дугаар байрны гадна иргэн Д.Нармандахыг зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Баттулгад 3 жил 5 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоосон болно. Шүүхийн шийтгэх тогтоолын дугаар 2017-01-11-ны 23 тоот тогтоолыг эс зөвшөөрч давж заалдаж байна.

  1. Шүүгдэгч А.Баттулга өөрт оногдуулсан 3 жил 5 сарын ялыг хөнгөрүүлэн үзэх хуулийн зүйл заалтыг тусган үзэж ялыг оногдуулаагүй гэж үзэж байна.
  2. Өршөөлийн хуулинд миний өмнөх хэрэг түүний ял нь өршөөгдсөн тул ялтай байдалд тооцсоноор хэргийг шүүх шийдвэрлэсэнд шүүгдэгч А.Баттулга нь гомдол гаргаж, миний ялыг хөнгөрүүлж өгөх хүсэлт гаргасныг түүний өмгөөлөгч гомдлыг хүлээн авч шүүхэд уламжлав гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Учир нь:

1. Шүүгдэгч А.Баттулга нь урьд 2007 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, 2012 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар, 2015 онд Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил  6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж, хорих ял биеэр эдлэсэн болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-109/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-110-111, 113-115, 118-119/ зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байхад шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн  2015 онд ял шийтгүүлсэн байдлыг бичилгүй орхигдуулж, шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт шүүгдэгчийн...урьд ял шийтгүүлсэн эсэхийг бичих тухай Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 295  дугаар  зүйлийн 295.1.4 дэх заалтыг зөрчсөн байна.

Шүүгдэгч А.Баттулга нь 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №163/а шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар  шийтгүүлж, чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэж байсан ба 2015 оны 11 сарын 06-ны өдрийн 312 дугаар шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар  түүний эдлээгүй үлдсэн 02 жил 06 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн байна.

 

            Дээрх байдал нь шийтгэх тогтоолд тусгагдаагүй атлаа шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.12 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг “ялтай байх хугацаандаа гэмт хэрэг дахин үйлдсэн”-ийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь ойлгомжгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2 дахь хэсэгт заасан  шүүхийн тогтоол нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх шаардлагад нийцээгүй байна.

 

            2. Шүүх шүүгдэгчид оногдуулсан хорих ялын дэглэмийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмд эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн  буруу хэрэглэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарах боловч шүүгдэгч А.Баттулга 3 удаагийн ял шийтгэлтэй, урьд нь хорих ял эдлэж байсан этгээд учир түүнд оногдуулсан хорих ялын эдлэх дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх байжээ.

 

Мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч А.Баттулгын биеийн байцаалтанд ял шийтгүүлсэн хуулийн зүйл заалт /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 гэж/, ял шийтгүүлсэн огноо, тогтоолын дугаар /2010 оны 01 сарын 10 өдрийн 15 дугаарт гэж/-ыг тус тус буруу бичсэн, 2015 оны ял шийтгэлийг бичилгүй орхигдуулсан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр хэргийг буцааж байгаа тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очирын “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1, 317.1.4,  321 дүгээр зүйлийн 321.1.1, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэ-Очирын “шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх” тухай давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

4. Магадлалд хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй.        

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                                ШҮҮГЧИД                                 Т.ЭНХМАА

                                                                               Г.БОЛОРМАА