Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 10

 

О.А-, Н.Д- нарт холбогдох

  эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, Б.Чулуунгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл, шүүгдэгч Н.Д-, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 879 дүгээр магадлалтай, Н.Д-, О.А- нарт холбогдох хэргийг шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Х.Даваахүү, хохирогчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын архитектур мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 2, ***, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-н А-,

2. Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ***, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Н-н Д-..

О.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй “Жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ үедээ тээврийн хэрэгсэл жолоодох" гэсэн заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Шангрилла Молл төвийн хойд замд “***” маркийн ** УБ улсын дугаартай мотоциклыг жолоодох явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан хэвтээ тэмдэглэлийг дараах зориулалтаар хэрэглэнэ. “1.1-хоёр буюу гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, замын аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу унадаг дугуйн эгнээг бусад эгнээнээс зааглах, зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарлах буюу тээврийн хэрэгслийн зогсоолын хилийг тэмдэглэнэ", 1.4-т заасан “1.1-1.3, 1.15а-1.5в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно...” гэсэн заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам /1.3 тэмдэглэл/-г давж эргэснээс Н.Д-ын жолоодон явсан “***” загварын ** УБӨ дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон бөгөөд жолооч Н.Д- нь мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийг хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсгийн захад мотоциклтой зогсож байсан М.Т-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.А-ийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Д-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Д-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 1  жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 12 дугаар зүйлийн 12.8, 12.10 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О А-, Н.Д- нарт оногдуулсан үндсэн болон нэмэгдэл ялыг тус тус өршөөн хэлтрүүлж,

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч Б.Р-гоос 1,848,500 төгрөгийг гаргуулж хохирогч М.Т-д, 1,247,500 төгрөгийг гаргуулж С.Б-д тус тус олгож,

хохирогч М.Т- нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэрэгт Н.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Д-ыг цагаатгасугай.”,

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан эрүүгийн хэргийг өршөөн хэлтрүүлсүгэй.” гэсэн заалтууд нэмж,

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3, дахь заалтууд болон тогтоолын Н.Д-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгож,

4 дэх заалтыг “Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.А-ээс 4,215,000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Р-д, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О А-ээс 1,247,500 төгрөгийн гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Б-д тус тус олгосугай.” гэж,

5 дахь заалтыг “Шүүгдэгч О.А- нь хохирогч М.Т-д гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 3,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг, хохирогч М.Т- нь цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж тус тус өөрчилж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, иргэний хариуцагч Б.Р-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогч М.Т-н өмгөөлөгч Н.Батцэнгэл гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч танилцахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар "Шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс хохирогч М.Т-д иргэний хариуцагч Б.Р-гаас 1,848,500 төгрөгийг гаргуулж олгох, цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн  иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн юм.

Гэтэл давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэгт ...М.Т-д иргэний хариуцагч Б.Р-гаас 1,848,500 төгрөгийг гаргуулж түүнд олгох хохирлын асуудлыг орхигдуулж бичсэн, одоо гэм хорын  хохирлыг хэн төлөх нь тодорхойгүй болсон байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Хохирогч М.Т-г О.А- машинаар дайрч бие махбодид нь хүнд гэмтэл учруулаагүй , харин жолооч Н.Д- нь замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг ноцтой зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж мотоциклтой зогсож байсан иргэн М.Т-г дайрч эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж, одоо эрүүл мэндийнхээ 60 хувийг алдаж, суга таягтай группд орсон, мөн О.А-ийг дайрч хүндэвтэр гэмтэл учруулсан, жолооч С.Б-ы авто машиныг мөргөж 1,247,500 төгрөгийн хохирол учруулсан байхад Н.Д- гэгчийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Н.Д- гэгч нь М.Т-г машинаараа дайрснаас биш О.А- нь дайраагүй юм. Хохирогч М.Т-, О.А- хоёр хоёул Н.Д- гэгчийн машинд дайрагдаж, О.А- машины доор, М.Т-г замын хашлагад шахан дайрч хөлнийх нь яс бяцран хугарч хүнд гэмтэл авсан байдаг.

Энэ хэргийг тал бүрээс нь харж хууль зүйн дагуу үнэн шударгаар шийдэх, давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн Н.Д-ыг ямар ч гэм буруугүй гэж үзэж, ял завшуулах боломж олгосонд туйлын их харамсаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Х.Даваахүү гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх, шүүгдэгчийн нэг болох Н.Д-ын гэм бурууг тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2-т: “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд            ял шийтгэнэ.” 2.3-т “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэж заасан байхад Н.Д-ыг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Дээрх заалтад зааснаар тухайн хэргийг шийдвэрлэхэд Эрүүгийн хуулиас гадна замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримталж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэдийгээр тухайн зам тээврийн осол гарахад буюу иргэн М.Т-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, мөн иргэн С.Б-ы автомашиныг гэмтээсэн үйл явдал нь эхэлж О.А-тэй мөргөлдсөн үйл явдлын дараа болсон боловч энэ үйлдлийг давж заалдах шатны шүүх нэг үйлдэл мэтээр ойлгож, зөвхөн О.А-ийг ганцаар буруутай мэтээр дүгнэсэн нь дээрх хууль тогтоомжид нийцэхгүй байна. Үүнээс шалтгаалан иргэн О.А- нь бүх хохирлыг дангаар хариуцах болсон нь түүний эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа тул гомдолтой байна.

Магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад шийтгэх тогтоолыг тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж Нямдоржын Д-ыг эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-р зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож цагаатгасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2020 оны 9-р сарын 25-наас 26 нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр Шангрила Молл төвийн хойд замд болсон зам тээврийн ослын хэргийн газрын үзлэгийг тээврийн цагдаагийн албаны бие бүрэлдэхүүн очиж хийж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж тусгай мэдлэг бүхий мөрдөгчийн магадалгааг 2020 оны 10-р сарын 29-ний өдөр 169 тоот дугаартайгаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийг үндэслэн гаргасан бөгөөд, замын хөдөлгөөнд оролцогчид болох О.А-, Н.Д-, М.Т-, С.Б- нарыг тус бүрд нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тогтоож С.Б-, М.Т- нарыг зөрчлийн тухай хуулиар шийтгэл оноосон байдаг. /1хх 222/

Дээрх мөрдөгчийн магадалгаа нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал шалтгаан нөхцөлийг, хэргийн үйл баримт бодит байдалд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт өгсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх хурал дээр осол болсон үеийн камерын бичлэгийг болон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тогтоосон ач холбогдол бүхий бичгэн нотолгоотой харьцуулж, талуудын санал хүсэлтээр шинжлэн судалсан бөгөөд:

1. О.А-ийн жолоодож явсан мотоциклыг Н.Д-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл мөргөсөн байдаг. Энэ байдал нь Н.Д-ын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чиглэл нь, О.А-ийн тээврийн хэрэгслээс болж өөрчлөгдөөгүйг харуулж байна. Н.Д-ын тээврийн хэрэгслийг О.А-ийн мотоцикл мөргөөгүй, харин мөргүүлж 4,9 метр шидэгдэж биедээ хүндэвтэр гэмтэл авсан.

2. О.А-ийн мотоциклыг, Н.Д-ын тээврийн хэрэгсэл мөргөхөд жолооч талын хамгаалах хийн дэр задарсан гэдэг нь огт худлаа байсан ба мөргөлдөх үед тээврийн хэрэгслийн салхины шилний өнгөнд ямар ч өнгөний хувирал үүсээгүй бөгөөд О.А-ийг мөргөөд цааш явж М.Т-г мотоциклтэй хамт дайрч, альфард маркийн тээврийн хэрэгслийг хүчтэй мөргөсний дараа салхины шилэнд цагаан өнгө тодорч, хийн дэр задарч байгаа нь камерын бичлэгт маш тодорхой, ойлгомжтой харагддаг. Үүнээс гадна давж заалдах шатны шүүхийн магадлалын 9-р хуудасны доороосоо 7-с 12 дэх мөрний хооронд бичигдсэн Н.Д-ын өгсөн мэдүүлэгт "... хоёр хүн суулгаад явах үед зам чөлөөтэй байсан, тэгсэн зүүн гар талаас хав хар юм ороод ирсэн. Би айж сандарсандаа баруун гар тийшээ дарсан, тэгсэн дахин л бас хүн ороод ирсэн, тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Тухайн үед би аюул саадыг зайлуулж баруун гар тийшээ дарсан...”/1хх 243/ гэсэн байдаг. Цаана байгаа хүнийг буюу М.Т-г үзэгдэж байсан гэж мэдүүлснээр Н.Д- нь “...учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжтой” байсан гэж үзэж байна. Мөн О.А-ийг мөргөснөөс болж хийн дэр задарч үзэгдэх орчин хязгаарлагдсан гэх үндэслэлгүй байна.

3. Н.Д- зогсоох арга хэмжээ авч тоормос гишгэсэн бол осол болсон үеийн камерын бичлэгт тоормосны улаан гэрэл асаж харагдах байсан. (Шөнийн цагийн бичлэг)

4. Манай улс олон улсын Венийн конвенцод элсэн орсон улс бөгөөд дэлхийн аль ч улсын замын хөдөлгөөний дүрэмд жолооч аюул саад тулгарсан үед жолооч зогсоох арга хэмжээ авах буюу ажлын /хөл тоормос/ болон зогсоолын /гар тоормос/ тоормосыг ажлуулж хурдаа сааруулж, зогсох буюу явж байгаа чиглэлээ чигээр нь хадгалах арга хэмжээ авахаас биш зайлуулж дарна гэсэн ойлголт огт байдаггүй. Давж заалдах шатны шүүх зайлуулж баруун гар тийш дарсан гэх үйлдлийг зөв мэт үзэж байгаа нь огт үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал 6-р хуудас доороосоо 1-с 5 дахь мөр)

5. Н.Д-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл нь О.А-ийн жолоодож явсан мотоциклыг мөргөөд Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-ийг зөрчилгүй, зогсоох арга хэмжээ авсан бол тухайн осол төгсгөл болох байсан. Н.Д- нь цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлж М.Т-гийн биед хүнд гэмтэл, С.Б-, Б.Р- нарын тээврийн хэрэгсэлд хохирол учруулж байгаа нь харагдаж байсан. Харин энэ үед О.А- нь зам дээр, хөлний шагай хэсэгтээ хүндэвтэр гэмтэл авсны улмаас босож чадахгүй хэвтэж байсан тул дээрх хохирлыг учруулаагүй болно.

6. Анх тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн А цэг 2-р эгнээнд байдаг бөгөөд А цэгээс цааш 4-с 5 метр явж 1-р эгнээний захад зогсож байсан тээврийн хэрэгсэл болон хүн мөргөж, яах аргагүй Н.Д- Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-ийг зөрчсөнөөс үүдэлтэй, гэм хор уршиг үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

7. Мөн бичлэгээс харахад О.А- нь эргэх үйлдлийг аажим хурд багатай хийж 3-р эгнээг өнгөрч, 2-р эгнээнд орж эргэх үйлдлээ дуусгавар болж байхдаа мөргүүлсэн үйл явдал дүрслэгдсэн байдаг бөгөөд үүнээс үзэхэд О.А-ийг хурдтай эргэх үйлдлийг хийсэн гэдгийг үгүйсгэж байна.

8. Осол болсон үеийн камерын бичлэг болон давж заалдах шатны шүүхийн магадлал (Давж заалдах шатны шүүхийн магадлал 6-р хуудас доороосоо 1-с 5 дахь мөр), Н.Д-ын мэдүүлэг (1хх 243) тус бүрээс харж үзэхэд Н.Д- нь өөрийн шийдвэрээр, О.А-ийг мөргөхийн өмнө баруун гар тийшээ дарсан гэдэг нь харагдаж байна. Энэ нь “Н.Д-д самбаачлах хугацаа байсан” гэж үзэж байгаа бөгөөд баруун гар тийш дархын оронд тээврийн хэрэгслийн чиглэлийг өөрчлөлгүй, хурдыг хасан, зогсоох арга хэмжээ авсан бол цаашилж М.Т-н биед хүнд гэмтэл учруулахгүй байсан гэж үзэж байна.

9. Дээрх байдлуудаас үзэхэд Н.Д-ын үйлдэл нь тухайн зам тээврийн осол гарахад шалтгаант холбоотой байгаа нь харагдаж байна.

3. Н.Д-ыг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтууд болон тогтоолын Н.Д-д холбогдох хэсгүүдийг хүчингүй болгосон заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын 4 дэх заалтанд өөрчлөлт оруулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Н.Д-ын жолоодож явсан тээврийн хэрэгсэл иргэний хариуцагч Б.Р-гийн эзэмшлийнх тул тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч нь иргэний хуулийн 499.1 дүгээр зүйлийн 1 болон 4-т зааснаар хохирлыг хариуцах үүрэгтэй бөгөөд, цаашид өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй байдаг.

О.А-ийг 1 дүгээр хавтаст хэргийн 36-д мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоосон байдаг бөгөөд энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа. О.А- нь өөрийн жолоодож явсан Б.Анхболдын эзэмшлийн мотоциклд учирсан хохирол болох 860,000 төгрөгийг төлж барагдуулсан. Анхан шатны шүүх О.А-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг хангахгүй орхисныг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хяналын шатны шүүх хуралдаанаас шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгчөөр ажиллаж байна. Хэргийн газрын үзлэг, анх мөргөлдсөн цэгийг тогтоосон замын зураг хэрэгт авагдсан байгаа. Мөргөлдсөн цэгээс хүнд гэмтэл авсан хохирогч хүртэл 4.5 метр зай байгаа. Тэгэхээр Н.Д-ын хувьд орон зай, цаг хугацааны хувьд зогсоох арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан. Х.Даваахүү өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн зөрүүтэй байдлыг бий болгосон буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Эхний мөргөлдөөн үүссэн тохиолдолд зогсоох арга хэмжээг зайлшгүй авах шаардлагатай. Гэтэл Н.Д- нь зогсоох арга хэмжээ аваагүйгээс болж М.Т-д хүнд гэмтэл учруулах шалтгаан болсон байна. О.А-ийн хувьд өөрийн холбогдох үйлдэлдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэв.

Хяналтын шатны шүүхэд Тээврийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Арвинбуудай бичсэн эсэргүүцэлдээ “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Д-ын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна

Учир нь зам тээврийн ослын үеийн дүрс бичлэгийг үзвэл, жолооч Н.Д- нь 03:05:18 цагт хөдлөж баруунаасаа зуүн тийшээ явсан 3 эгнээ замын 2 дугаар эгнээгээр явж байтал зүүнээсээ баруун тийшээ явсан 2 эгнээ замын 2 дугаар эгнээнээс мотоциклтой хүн урд зүг руү буюу үргэлжилсэн цагаан шугам давж, эсрэг урсгалд О3:05:24 цагт орж түүнтэй мөргөлдсөн улмаар О.А-ийн хөдөлгөөнөөс зайлсхийж баруун гар тийш жолоогоо дарж...зам тээврийн осол гарсан нь хэрэгт авагдсан байх ба энэ цаг хугацаанд Н.Д- нь автомашиныг зогсоох, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг багасгах талаар ямар ч арга хэмжээ аваагүй, санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзэх үндэспэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын шүүгдэгч Н.Д-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Н.Д- нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчиж, зорчих эрхийн захад мотоциклтой зогсож байсан М.Т-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон байна.

Жолооч нь жолоодлого үйлдэх явцад өөрт аюул саад тулгарсан үед жолооны хүрдийг баруун, зүүн гар тийш нь эргүүлэх үйлдэл хийх нь өөрт болон бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт аюултай байдлыг бий болгодог ба хэрэв жолооч энэхүү үйлдлийг зайлшгүй хийх шаардлагатай болвол өөрт болон бусад оролцогч нарт аюултай байдлыг үүсгэхгүй байдлыг магадлан мэдсэн байх ёстой. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч Н.Д- нь эсрэг хөдөлгөөний гэрэлтүүлэгтэй, үзэгдэх орчин хангалттай, хөдөлгөөний эрчим бага замд нэгдүгээр эгнээнээс хоёр зорчигч суулган хөдөлгөөнөө эхлүүлж, тээврийн хэрэгслийн хурдаа бүрэн аваагүй байх үед үргэлжилсэн цагаан шугам давж өөрт нь аюултай байдал бий болсон мотоциклыг бүрэн харах боломжтой орчин зайд тээврийн хэрэгслийнхээ тоормосыг гишгэх арга хэмжээ авах байтал авалгүйгээр баруун гар тийш жолооныхоо хүрдийг эргүүлэн зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд зогсож байсан мотоциклын жолоочийг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон байна.

Давж заалдах шатны шүүх хэргийг Н.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Н.Д- нь хөдөлгөөнд саад бий болсон үед шууд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүй байхад шүүх зам тээврийн осол болох үед тээврийн хэрэгслийн хамгаалах дэр гарч үзэгдэх орчин хязгаарлагдсан гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл тухайн хамгаалах дэр нь зам тээврийн осол болсны дараагаар гарч ирсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолд “иргэний нэхэмжлэгч Б.Р-гийн эзэмшлийн 18 09-УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан 4,215,000 төгрөгийг шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулахаар өөрчлөлт оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хохирогчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл, шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Х.Даваахүү нарын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцэл зэргийг үндэслэн О.А-, Н.Д- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дахь заалтыг зөрчин мотоцикл жолоодох эрхгүй үедээ 2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 03 цагийн үед Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, “Шангрилла Молл” төвийн хойд замд “***” загварын ** УБ дугаартай мотоциклыг жолоодон явахдаа мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3, 1.4 дахь заалтыг тус тус зөрчин “үргэлжилсэн шугам”-ыг давж эргэснээс Н.Д-ын жолоодон явсан “***” загварын ** УБӨ дугаартай тээврийн хэрэгслийн явах замд аюултай байдал бий болгосон бөгөөд жолооч Н.Д- нь мөн дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчин зогсоох арга хэмжээ аваагүйгээс зорчих хэсгийн захад мотоциклтой зогсож байсан М.Т-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо тухайн хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд анхан шатны шүүх О.А-, Н.Д- нарт холбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж хэргийг шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх О.А-, Н.Д- нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч О.А-ийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.3-т заасан, шүүгдэгч Н.Д-ын үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

Мөн шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, О.А-, Н.Д- нарт хорих ял оногдуулж, уг ялыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.Д-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон, цагаатгаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Учир нь жолооч О.А- нь эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцон энэ үйлдлээ үргэлжлүүлэн хийж явсаар гэмт хэрэг гарах үндсэн нөхцлийг бий болгосон гэм буруутай болох нь тогтоогдож байгаа хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл жолооч Н.Д-ын хувьд зорчигч суулгаад 03:05:18 цагт хөдөлж баруунаасаа зүүн тийшээ 3 эгнээ замын 2 дугаар эгнээгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явсан бөгөөд 03:05:22 цагт О.А-ийн мотоцикл эсрэг урсгалын дунд хэсэгт орчихсон байхад тээврийн хэрэгслээ зогсоох буюу тормос гишгэн хурдаа сааруулах ямар нэг арга хэмжээ аваагүйгээс гадна замын хөдөлгөөнд оролцоход шаардагдах ердийн, зохист анхаарал хандуулсан тохиолдолд ослын нөхцлийг урьдчилан мэдэх боломжтой байхад үүнийг мэдэлгүйгээр, хөдөлгөөн эхлүүлээд удаан явж байсан тул самбаа гаргаж болох цаг хугацаа байсан гэж үзэх нөхцөл байдалд хэт хайхрамжгүй байдлаар хөдөлгөөнөө үргэлжлүүлж, тухайн зам тээврийн осол гарахад гэм буруутай үйлдэл гаргасан байх тул түүний үйлдэлд хор уршиг гэм буруугүйгээр учруулсан шинж чанар үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ.

Тодруулбал, тээврийн хэрэгсэл нь хөдөлгөөн эхэлсэн цагаасаа эхлэн аюултай хэрэгсэлд тооцогдох бөгөөд жолооч нь сонор сэрэмжтэй, самбаачлах хугацаа сайтай байхыг шаарддаг ба Н.Д-ын хувьд 10 гаруй жилийн туршлагатай жолооч /2002 онд жолоодох эрхийн үнэмлэх авсан/ бөгөөд түүний хувьд учрах аюулыг танин илрүүлэх, эрсдэлд үнэлгээ, шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах замаар аюулыг арилгах боломжтой байсан хэдий ч аваагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, “...шүүгдэгч Н.Д-ыг цагаатгасан нь үндэслэлгүй, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулгаар бичигдсэн хохирогчийн өмгөөлөгч Н.Батцэнгэл, шүүгдэгч О.А-ийн өмгөөлөгч Х.Даваахүү нарын гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 484 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 879 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                              С.БАТДЭЛГЭР

                                    ШҮҮГЧ                                       Б.АМАРБАЯСГАЛАН

                      Б.ЦОГТ

                       Ч.ХОСБАЯР                                                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН