Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00138

 

 

                             Д.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

                                      иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Лхагвадамдинд холбогдох

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах” үндсэн нэхэмжлэлтэй,

бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Оюунчимэгийн нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Б.Лхагвадамдин нараас 9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Энхбаяр,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжпэгч Д.Мягмарсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Лхагвадамдинтай 2003 онд гэр бүл болсон. 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2009 оны 04 дүгээрсарын 26-ны өдөр хүү төрсөн. Хүү Дашням одоо 6 настай сургуульд орсон. Бид хамт амьдарч байх хугацаанд айлын карма өрөө болон 5 ханатай гэрт амьдарч байсан. Мөн би 2010-2015 он хүртэл цалингийн зээлд хамрагдаж хашаа байшинд хувь нэмрээ оруулсан. Дотор засвар болон хаалга, цонх граш зэрэг 2.000.000 төгрөг орчим болсон. Лхагвадамдин нь хардаж сэрдэснээсээ болж хэд хэдэн удаа дарамталж зодож нүддэг байсан. Бид салаад удалгүй Лхагвадамдин нь хамтран амьдрагчтай болсон. Лхагвадамдинтай хамт амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн Булаг багийн 10-13 тоот хашаа байшингаас хүү бид хоёрт оногдох хувийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Лхагвадамдин шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Мягмарсүрэнтэй 2-лаа тус тусын гэр бүлтэй байж байгаад салаад 2003-2012 оны хооронд хамт амьдарч байсан. Амьдарч байх хугацаанд хүүтэй болж би хүү Дашнямыг өдий хүртэл өөрийн чадлаар харж хандаж явсан. Хүүхэддээ тэтгэвэр төлөхөд татгалзах зүйлгүй, бид 2 Улаанбаатар хотод явж байгаад орой би аавынд байх хойгуур хүргэний гэрт хүргэнтэй унтах гэж байхдаа дүүд баригдан бөөн хэрүүл болсон. Би анх энэ хашааг 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан, хашааг худалдаж авахад Мягмарсүрэнгээс ямар ч мөнгө гараагүй. Уг байшинг анх Хялганатаас 350.000 төгрөгөөр худалдан авч, тэндээс буулган ачиж ирж байсан. Хашаандаа байшингаа 2 залуугийн хамт барьж мөнгийг нь би гаргаж байсан. Тухайн үед Мягмарсүрэн нь цалингийн зээл авч тэр мөнгөнөөс нь хөргөгч, угаалгын машин худалдан авсан. Мягмарсүрэн салаад явсны дараа ээжтэйгээ ирж гэрээс хөргөгч, угаалгын машин болор эдлэл болон өөрийн хувцасаа бүгдийг нь аваад явсан. Авсан цалингийн зээлийг хамт амьдарч байх хугацаанд хамтран төлөлцдөг байсан. Хашаа байшинг өөрийн хуримтлуулсан мөнгөөр бий болгосон хуваалцах юм байхгүй. Мягмарсүрэнтэй дахин амьдрах хүсэлгүй байгаа тул гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлнө” гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Оюунчимэг шүүхэд гаргасан шаардлагадаа: “Миний хүү Б.Лхагвадамдин нь 2007 онд Булгийн 10-13 тоот хашааны газрыг худалдан авахад 1 сая төгрөг, байшинг барих зах банз Хялганатаас аваөд 1 сая төгрөг байшин граш барих барилгын материал 2,5 сая төгрөг, нийт 4,5 сая төгрөгийг хөгшин бид 2 зарцуулсан. Хашаа байшингаа барьж дуусаад төвөхнөөд ирэхээрээ Мягмарсүрэнгийн цалингийн зээл дуусахаар та нарт өгнө гэж ярьдаг байсан. Энэ мөнгийг би зээлээр өгсөн. Газрын гэрчилгээ нь гарсны дараа газрыг нь барьцаалж, хүүгийн хамт зээл авсан. Үүнийг бэр Мийгаа мэдэж байгаа. 2012 оны сүүлээр бэр Мягмарсүрэн, хүү Лхагвадамдин нар муудалцаж, салах дээрээ хүрсэн ба хөгшин бид 2-ыг Улаанбаатараас дуудуулж, би ирсэн. Мягмарсүрэнгийн ээж Баасансүрэн хүүхдүүдийн хамт уулзаад буцаж нийлээч гэсэн зөвшөөрөөгүй. Тэгвэл энэ хашаа байшинг одоо 5 сая төгрөгний өрөнд байгаа яах вэ гэхэд Мийгаагийн ээж зээл. зээлтэй нь хөрөнгөө авна биз, Мийгаагийн зээлээр авсан цахилгаан барааг бид авна. Та нар 5 сая төгрөгний өртэй хашаа байшингаа ав гэж тохиролцоод, удаагүй би хүүгийнхээ нэр дээр байсан хашаа, байшинг Д.Оюунчимэг өөрийн нэр дээр болгоод зээлийн барьцаанд гэрчилгээг нь орхиод явсан. Энэ зээлийг тэтгэвэрийн хөгшчүүл бид хүүг нь хагас дутуу өгсөн ба энэ зээл нь 9 сая төгрөг болоод мөнгө зээлүүлсэн. Б.Алтанзагаст хашаа байшинг нь шилжүүлсэн. Одоо зээлтэй хашаа байшингаа хуваалгахаар нэхэмжлэл бэр Мийгаа гаргаж. хаша байшинг нь үнэлгээ хийсэн гэх тул зээлэнд өгсөн 9 сая төгрөгийг гаргуулахаар бие даасан шаардлага гаргаж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: Миний бие Б.Оюунчимэгийн гаргасан бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2007 онд Булгийн 10-13 тоот хашааны газрыг миний бие нь Жаргалсайхан Энхтуяа нараас өөрөө худалдан авч Лхагвадамдингийн нэр дээр гэрчилгээ гаргуулсан. Байшинг модоор нь худалдан авч барихад миний бие цалингийн зээл авч бүх зүйлийг худалдан авсан газар болон байшинг болгоход гарсан зардалд Б.Оюунчимэг болон хадам аав оролцоогүй. Иймд тэдний гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Лхагвадамдин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: "Би Булагийн 10-13 тоот хашааны газрыг 2007 онд нэг сая төгрөгөөр худалдаж авсан, хашаа байшигаа барихад барилгын материал авах болон ажилчдын хөлс өгөх зэрэг нийтдээ ээж аав 2-с 4,5 сая төгрөг авсан нь үнэн. Энэ талаар Мягмарсүрэн ч мэдэж байгаа, бид 2-ыг салахад хашаа байшин бас л яригдаж байсан. Хоёр ээж ярилцаад хашаа байшинг 5 сая төгрөгийн өртэй байгаа гэхэд Мийгаагийн ээж эд хөрөнгийн талаар маргахгүй, ртэй байгаа хашаа байшингаа та нар ав гэж тэд нарыг ярилцсаны дараа би ээжийн нэр дээр газрын гэрчилгээг шилжүүлсэн. Өртэй хашаа байшингийн зээлийг төлж чадахгүй байсаар 9 сая төгрөг болгоод хашаа байшинг өрөнд өгсөн гэж ээж хэлж байсан, тийм болохоор Булагийн 10-13 тоот хашаа байшинг үндсэн 16 сая төгрөгнөөс бие даасан шаардлага гаргасан ээж Оюунчимэгт 9 сая төгрөгийг гаргуулахад Б.Лхагвадамдин миний зүгээс татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Д.Мягмарсүрэн, Б.Лхагвадамдин нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Л.Дашнямыг эх Д.Мягмарсүрэнгийн асрамжинд үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Л.Дашнямыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж буй бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Лхагвадамдингаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 131 дүгээр зүйлийн 131.2-д заасныг баримтлан хариуцагч Б.Лхагвадамдингаас 11.181.892 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнд олгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул бие даасан шаардлага гаргасан 3-дагч этгээд Д.Оюунчимэгийн Б.Лхагвадамдин, Д.Мягмарсүрэн нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээдийн төлсөн 40.000 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэмж 241.814 төгрөг, бие даасан шаардлага гаргасан 3 дагч этгээд Д.Оюунчимэгээс 118.950 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, хариуцагч Б.Лхагвадамдингаас 312.014 төгрөг гаргуулан нэхэмжпэгч Д.Мягмарсүрэнд, 28.626 төгрөг гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.2.2 дэх хэсэгт зааснаар 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2871 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэн давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн Б.Лхагвадамдинтай хамт амьдарч байх үедээ авсан цалингий зээлээ төлж дуусгасан нь ... зохигчдын хооронд өрийн асуудлаар маргаан байхгүй гэж дүгнэлээ. Здагч этгээд Д.Оюунчимэгийн Д.Мягмарсүрэн, Б.Лхагвадамдин нарт холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж дүгнэсэн... “гэдгийг хэтэрхий нэг талыг буюу нэхэмжлэгчийн эрх ашгийг өндөрт тавьсан гэж үзэж, гуравдагч этгээд Б.Оюунчимэг нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна.

Маргаад байгаа Булаг багийн 10-13 тоот хагт байрлах 760 м.кв газар, хашаа, байшинг бий болоход Д.Оюунчимэг нь хувь нэмэр оруулсан нь Б.Лхагвадамдин, Д.Мягмарсүрэн нарт 4.500.000 төгөрөг зээлдсэн гэдэг нь тогтоогдоогүй... хэрэгт Б.Оюунчимэг, Б.Лхагвадамдин нар 2011 онд Б.Аптанзагасаас 4.500.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ, 2013 онд Алтанзагасаас 5.000.000 төгрөг зээлсэн зээлийн гэрээ авагдсан... байшинг 2005 онд барьж дуусгасан нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа тул 2011, 2013 онд авсан зээлийн 2008 онд баригдаж дууссан байшинд зарцуулсан гэж үзэх үндэслэлгүй юм... 2008 оны барилгын материал авсан зарлагын баримтуудад худалдан авагч Б.Лхагвадамдин гэж бичсэн байх тул эдгээр баримтуудыг үндэслэн хариуцагч нараас төлбөр гаргуулах боложгүй байна...” гэж шүүх дүгнээд гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь үндэсгүй юм. ҮНДЭСЛЭП НЬ:

1.Гэр бүлээ цуцлуулах тухай Д.Мягмарсүрэн 2015 оны 11 дүгээр сард шүүхэд хандсан.Д.Мягмарсүрэн, Б.Лхагвадамдин нар 2012 оны 12 дугаар сараас хамт амьдараагүй.Хамт амьдарч байх үед Булагийн 10-13 тоот газрыг барьцаалж, 2011 онд зээлийн гэрээ хийсэн байх ба энэ талаар нэхэмжлэгч мэдэж байсан.

Маргаад байгаа газар, хашаа, байшин, граж гэх хөрөнгүүд 2007-2009 онд баригдсан. Энэ эд хөрөнгүүд зөвхөн Д.Мягмарсүрэнгийн цалингийн зээлээр бий болсон гэж үзэх боломжгүй. Зохигчид уг эд хөрөнгөө 6-7 сая төг боссон гэдэгтэй маргаагүй. Шүүх хуралдааны тэмдэглэлд бий. Б.Лхагвадамдин ээж, ааваасаа 4.500.000 төгрөгийг хэсэг, хэсгээр нь авсан гэдгээ бичгээр тайлбар гаргаж, Оюунчимэгийн гаргасан бие даасан шаардлагаас оногдох хэсгээ төлөх талаар тайлбарласан. Шүүх энэ тухайд ямар ч дүгнэлт хийгээгүй. Зөвхөн банкны зээлийг өөр гэж үзээд хариуцагчийн эцэг, эхээс авсан зээлийг өр төлбөрт тооцохгүй байгаа нь буруу юм.

2. Д.Мягмарсүрэн нь хамт амьдрахаа больсан 2012 оноос хойш 4 жилийн дотор эд хөрөнгийн талаар маргаан гаргахгүй байсаар авсан зээлээ төлж чадахаа болиод хашаа байшинг зээлдүүлэгч Б.Алтанзагаст шилжүүлснээс хойш шүүхэд хандаад байгаад шүүх огт дүгнэлт хийгээгүй.

Шүүх хуралдаан дээр Д.Мягмарсүрэн миний үйлчлүүлэгч Д.Оюунчимэгийг бидэнд мөнгө зээлэх ямарч чадваргүй, ядуу зүдүү, газар, хашаа байшинг зөвхөн би өөрийн цалингийн зээлээр босгосон мэтээр ярьж байсан\шүүх хуралдааны тэмдэглэлд бий.\

Үүнд миний үйлчлүүлэгч маш их гомдож байгаа. Энэ талаар бид шүүхэд жичид нь хандаж, нэр төрөө сэргээлгэх болно. Маргаад байгаа эд хөрөнгө 6-7 сая төгрөгөөр боссон талаар зохигчид маргаагүй ба зөвхөн цалингийн зээл 3.5 сая\төг өр зээл гэж үзээд хувь хүнээс зээлсэн мөнгийг өр төлбөрт тооцохгүй байгаа нь хэтэрхий нэг талыг барьсан бүдүүлэг алдаа гэж үзэж байна.

2011, 2013 онд Б.Алтанзагасаас авсан зээлүүдийг маргаад байгаа эд хөрөнгийг бий болгоход зарцуулсан.

ИХ-ийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх эд хөрөнгө гэж үзэж байгаа бол уг эд хөрөнгийг бий болгоход оруулсан зээл бас хуваагдах учиртай. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан өргөдөлдөө 2012-12-21 ний өдрөөс хойш хамт амьдрахгүй байгаа гэсэн цаг хугацаанаас 2 хоногийн дараа Булагийн 10-13 тоот газрыг Б.Лхагвадамдин Д.Оюунчимэгийн нэр дээр шилжүүлсэн байдаг, тусдаа амьдрах болсон тэр үед хашаа байшин 5,0 төгрөгийн зээлийн барьцаанд байгаа талаар Б.Лхагвадамдин шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн.Үүнийг үгүйсгэх баримт нэхэмжлэгч Д.Мягмарсүрэнгээс гаргаагүй юм.Энэ тухайд шүүх огт дүгнэлт хийхгүй байгаа нь шударга ёсонд нийцэхгүй.

Гуравдагч этгээд Б.Оюучимэг нь хүүгээ сайн сайхан амьдраасай гэж тэдэнд 4500.000 төгөрөг зээлж, улмаар зээл, хүүгийн төлбөр 9.000.000 төгрөг болоод төлж чадахгүй болсон учир хашаа байшинг зээлдүүлэгч Б.Алтанзагаст шилжүүлсэн.Хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй шийдвэрлээгүй тул уг давж заалдах гомдлыг хүлээн хавч, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-05-19 ний өдрийн 142\ШШ2016\00680 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү.

Бие даасан шаардлага гаргаж байгаа Д.Оюунчимэг нь шаардлагаа багасгаж, 2011 оны зээлийн хэмжээгээр 4.500.000 төгрөг болгон бууруулж байгаа болно гэжээ.

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгээ гаргуулах тухай нэхэмжлэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Оюунчимэг нэхэмжлэгч Д.Мягмарсүрэн, хариуцагч Б.Лхагвадамдин нараас 9.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлаж, хүү Л.Дашнямыг Д.Мягмарсүрэнгийн асрамжинд үлдээж, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж гэр бүлийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Харин хариуцагч Б.Лхагвадамдин өөрийн эзэмшлийн газар, байшингаа зээлийн төлбөрт бусдад шилжүүлсэн, бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш, нэхэмжлэгчийн оролцоо байхгүй, ээж Оюунчимэгт 9.000.000 төгрөгийг төлөх учиртай гэж маргажээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй, талаас нь үнэлж тус аймгийн Баян-Өндөр сумын Булагийн 10-13 тоотод байрлалтай, 16.772.838 төгрөгний үнэ бүхий  газар, граж, байшинг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж тухайн үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдэд тэнцүү хувааж хариуцагч Б.Лхагвадамдингаас 11.181.892 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 129 дүгээр зүйлийн 129.2, 131 дүгээр зүйлийн 131.2-д заасантай нийцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын гэр бүлийн хамтран өмчлөлтэй холбоотой маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Оюунчимэг 9.000.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан ба  шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруу гэж үзэх боломжгүй юм. Учир нь Б.Оюунчимэг нь байшин барихад зориулж 4.500.000 төгрөг хүнээс хүүтэй зээлж авсан тул 9000000 төгрөгийг Д.Мягмарсүрэн, Лхагвадамдин нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж авна гэж тайлбарлаж байх боловч  энэхүү шаардлагаа нотолж чадаагүй, бусдаас мөнгө зээлсэн хугацаа тухайн байшин барьж дууссан хугацааны хувьд хоорондоо зөрүүтэйгээс гадна тухайн зээлийг байшин барихад зарцуулсан болохыг нотлох баримт хэрэг авагдаагүй ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлийн талаар зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байх тул бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү“ гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 680 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Долгорсүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40.000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ