Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01219

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2024/01219

 

 

,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,,,,,т холбогдох,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: ,,,,,,,,,,, дугаар анги,

Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцыг чөлөөлүүлж, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ,,,,,,,,,,,,ын зүгээс 2011 онд 74 дүгээр байрны 1, 2 дугаар орцонд амьдарч буй дээд эх үүсвэрийн нийт 33 ажилтантай орон сууц үнэ төлбөргүйгээр ашиглуулах гэрээ байгуулан байрыг тодорхой зорилго, хугацаатайгаар ашиглуулж ирсэн.

Гэтэл ,,,,,,,,,,,,,,,, нь манай байгууллагын зөвшөөрөлгүй 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцыг хууль бусаар эзэмшиж хууль ёсны эзэмших эрхэд саад учруулж буй тул ,,,,,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс уг орон сууцыг чөлөөлж өгнө үү.

Зэвсэгт хүчний 137 дугаар анги, ,,,,,,,,,,,,ын хооронд байгуулсан 1999 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар байрыг ашиглах тухай гэрээ, Батлан хамгаалахын сайдын Хамтарсан хөрөнгө оруулалтын тухай 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 173 дугаар тушаал, 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 6/912 тоот албан бичиг болон холбогдох бусад албан бичиг, баримтуудыг үндэслэн манай байгууллагыг Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгож өгнө үү.

1.2. ,,,,,,,,,,,,,,,,т хөрөнгийг хууль ёсны болон эзэмших эрхтэй гэдгийг тодорхойлсон баримт байхгүй. Уг барилга нь ,,,,,,,,,,, дугаар ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Тухайн барилга эзэнгүй эд хөрөнгө биш. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Төрийн өмчийг орон нутгийн өмчид шилжүүлэхтэй холбоотой харилцаа, өөрөө бие даасан эрх зүйн, тодорхой харилцаагаар зохицуулагддаг. Өнөөдрийг хүртэл энэ байр Батлан хамгаалах яамны өмчлөлд байгаа. Ус сувгийн удирдах газар нь уг байрыг Батлан хамгаалахын сайдтай байгуулсан санамж бичгээр байрыг ашиглаж байсан гэхээс эзэмших, өмчлөх эрх зүйн харилцаа үүсээгүй.

Нэхэмжлэгч 2011 онд тус байранд засвар хийсэн мэтээр тайлбарлаад байна. Гэтэл тэр талаар бичгийн нотлох баримт огт гаргаж өгдөггүй. ,,,,,,,,,,,,,,,, нэхэмжлэгч байгууллагатай гэрээ хийх ямар ч үүрэг хүлээхгүй.

Тухайн үед дүүргийн боловсролын хэлтсээс уг орон сууцад н.Ганбатыг орж амьдар гэдэг чиглэлийг өгсөн. Тухайн байранд орох үед ямар нэгэн гэрээ байгуулах субъект огт байгаагүй. Нэхэмжлэгч тус байрны хууль ёсны өмчлөгч биш учраас бусад этгээдийг байрнаас албадан чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна гэж заасны дагуу 24 жил уг орон сууцыг эзэмшиж, ашиглаж буй ,,,,,,,,,,,,,,,, нь уг үл хөдлөх хөрөнгийн тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй этгээд мөн. Бодит байдал дээр 2000 онд маргаан бүхий орон сууцыг Зэвсэгт хүчний 137 дугаар анги эзэмшиж, ашиглах боломжгүй гээд орхисон.

Иймд эзэмшилдээ авч өмчлөх эрх үүссэн гэж үзэж байгаа учир ,,,,,,,,,,,,,,,,ийг Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 20 тоотын өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг дэмжиж оролцсон.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт тус тус зааснаар Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот байрыг хариуцагч Боржигон овогт Лхамжавын Алтанцэцэгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, нэхэмжлэлээс үлдэх Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот байрны шударга өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилсэн ,,,,,,,,,,,,,,,,ийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Налайх дүүргийн 74 дүгээр байрны 20 тоот орон сууц нь өнөөдрийг хүртэл төрийн өмч буюу батлан хамгаалахын салбарын өмчид бүртгэлтэй байгаа бөгөөд түүнийг олж авсан гэж үзвэл төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр олж авна. Түүнээс аль нэг албан тушаалтны албан бичгийн хүрээнд төрийн өмчийг өөрт олж авах, эзэмших ашиглах боломж байхгүй. Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шударга эзэмшигч биш гэж үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон атлаа, маргаан бүхий төрийн өмчийн хууль ёсны эзэмшигч тул хариуцагчийг албадан гаргахыг шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Мөн зөвхөн нэхэмжлэгчид ашигтай гэсэн баримтуудыг үнэлсэн нь үндэслэлгүй.

Төрийн өмчийн асуудал эрхэлсэн байгууллагын шийдвэрээр Ус сувгийг удирдах газар балансаар шилжүүлсэн гэх баригдаж дуусаагүй барилга буюу Налайх дүүргийн 5-р хороо городокийн 74-р байрыг нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,ын балансаас хассан тухай шийдвэр хэрэгт авагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэсгийг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь орон сууцны эзэмшигч болох нь баримтаар тогтоогдсон. Иймд шийдвэр үндэслэлтэй тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ус сувгийн удирдах газар нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцыг чөлөөлүүлэх, тус орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох ,,,,,,,,,,, дугаар анги нь нэхэмжлэгчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. ,,,,,,,,,,, дугаар ангийн өмчлөлийн Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцыг өмчлөгчийн зөвшөөрлөөр Ус сувгийн удирдах газар эзэмших эрхтэй, харин хариуцагч нь уг орон сууцанд өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр оршин сууж буй гэх үйл баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөв тогтоосон байна.

Хариуцагчийн зүгээс маргааны зүйл болж буй орон сууцыг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр шилжүүлэх ёстой гэж маргаж буй боловч орон сууцыг өмчлөлд биш эзэмшилд шилжүүлсэн учир энэхүү мэтгэлцээний байр суурийг хүлээн авах үндэслэлгүй.

 

3.1. Нэгэнт Ус сувгийн удирдах газар нь маргааны зүйл болж буй орон сууцны эзэмшигч тул Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд учирсан саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.

Хариуцагч нь уг орон сууцыг хууль болон гэрээнд зааснаар эзэмших эрхтэй болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул түүний эзэмшлийг хууль бус гэж дүгнэнэ.

Иймд анхан шатны шүүх Налайх дүүргийн 5 дугаар хороо, Городокийн 74 дүгээр байрны 1 дүгээр орцны 20 тоот орон сууцыг хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэл бүхий болжээ.

Харин шүүх эзэмшигчийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийн үндэслэл болох Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүйг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3.2. Нэхэмжлэлээс орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Учир нь хэргийн үйл баримтаар нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны эзэмшигч болох нь тогтоогдсон тул түүнийг шүүхийн шийдвэрээр эзэмшигчээр тогтоох шаардлагагүй.

Уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх алдаатай эрх зүйн дүгнэлт өгснийг ийнхүү залруулан дүгнэв.

 

3.3. Өмчлөгчөөр тогтоолгохоор гаргасан сөрөг нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

Харин шүүх уг нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхэд хамаарах Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримтлаагүй, мөн найруулгын хувьд сөрөг нэхэмжлэлийг оновчгүй тодорхойлсон байгааг залруулах нь зүйтэй.

 

4. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 104/ШШ2024/00243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад 89 дүгээр зүйлийн 89.1, 90 дугаар зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1 гэснийг 106 дугаар зүйлийн 106.1 гэж,

2 дахь заалтад 105 дугаар зүйлийн 105.1, 115 дугаар зүйлийн 115.1 гэснийг 100 дугаар зүйлийн 100.1 гэж, шударга өмчлөгчөөр гэснийг өмчлөгчөөр гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Т.БАДРАХ