Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01222

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01222

 

 

,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02233 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,,,,,ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,т холбогдох,

үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/Ш32022/01578 дугаар захирамжийн дагуу ,,,,,,,,,,,,, ХХК, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, Б.Мандахбаяр нараас 2,033,127,870.00 төгрөг гаргуулж, ,,,,,,,,, ХХК-нд олгохтой холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ,,,,,,,,,,, явуулж байгаа.

Гэтэл төлбөрт хураагдсан миний өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан Ар гудамж, 100/6 дугаар байр, 49 тоот хаягт байрлах 101,65 м.кв талбайтай гурван өрөө сууцыг 280,700,063.00 төгрөгөөр буюу бодит байдалд нийцээгүй, зах зээлийн үнэ цэнээс хэт багаар үнэлсэн байна.

Иймд хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны буюу гүйцэтгэх баримт бичгийг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр үүсгэн хуулийн дагуу зохион байгуулж ажиллаж байна. Тус ажиллагааны явцад ,,,,,,,,,,,,,,,,,ын гурван өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилж, хөндлөнгийн шинжээч болох Дамно ХХК уг хөрөнгийг 280,700,063.00 төгрөгөөр үнэлсэн .

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж Дамно ХХК-ийн шинжээч өнөөгийн зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн нь бодитой байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан хариуцагч ,,,,,,,,,,,т холбогдох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100 дугаар байр, 49 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2206045708 тоот дугаартай 101.65 м.кв талбайтай орон сууцыг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж, ,,,,,,,,,,,,,, хариуцагчийн төлөөлөгчийг биечлэн оролцох боломжоор хангаагүй. Өмгөөлөгч ,,,,,,,,,,,,,ийн зүгээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах хүсэлтийг баримтын хамт шүүхэд хүргүүлсэн.

Шүүх хуралдааны товыг хэргийн оролцогчдод зохих ёсоор мэдэгдээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил юм.

4.2. Шинжээч томилж, үнэлгээг дахин хийлгэх шаардлагатай байсан. Гэтэл нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах, үнэлгээ хийлгэх нөхцөл бололцоогоор хангалгүй шүүх хуралдааныг хийсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн.

Үнэлгээ хийхэд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.5, 4.4 , 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.9-д заасан заалтууд ноцтой зөрчигдсөн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч оролцоогүй, гомдолд тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,т холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01578 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Сагсайминерал ХХК, ,,,,,,,,,,, ,,,,,,,,,,,,,,,,,, Б.Мандахбаяр нараас 2,033,127,870.41 төгрөгийг гаргуулж, ,,,,,,,,, ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн /хх 4-11/.

 

3.1.,,,,,,,,,,, дээрх шийдвэр, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэрт заасан барьцаа хөрөнгө болох ,,,,,,,,,,,,,,,,,ын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байр, 49 тоот хаягт байрлах 101.65 м.кв талбайтай орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр битүүмжилж, 03 дугаар сарын 22-ны өдөр хураан авсан байна /хх 64-67/.

 

3.2. Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор явуулсан ажиллагаанд төлбөр төлөгч, өмчлөгч нар нь үнийн саналын талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн тогтоолоор Дамно ХХК-ийн үнэлгээчин Ц.Түвшинцэнгэлийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ /хх 71-73/.

 

3.3. Шинжээч Дамно ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр үнэлгээний тайлан гаргахдаа олон улсын болон Монгол улсад дагаж мөрдөгдөж буй стандарт, өртгийн болон зах зээлийн хандлагын аргуудыг ашигласан, үүнээс зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзэн Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Ар зайсан гудамж, 100/6 дугаар байр, 49 тоот хаягт байрлах 101.65 м.кв талбайтай орон сууцыг 280,700,063 төгрөгөөр үнэлсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7-8 дугаар зүйлд заасан үнэлгээ хийх журам, аргачлал, үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцсэн байна /хх 80-104/.

 

3.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлгээг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа бүрдүүлж нотлох ёстой бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулах ёсгүй.

Мөн шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшнаас бууруулж тогтоосон гэх тайлбараа нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

3.5. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцсэн.

 

4. 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн цагаас эхлэн нэхэмжлэгчийн өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх нь нээлттэй байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид зохих журмын дагуу мэдэгдсэн байна.

Ийнхүү нэхэмжлэгч нь шүүх хуралдаан болохоос урьдчилан өөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах болсноо шүүхэд мэдэгдэх хангалттай хугацаа байхад мэдэгдэлгүй шүүх хуралдаанд энэ талаар хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг шүүх хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй тул холбогдох гомдлыг хангахгүй орхив.

 

4.1. Хариуцагчид хурлын тов мэдэгдсэн эсэх асуудлаар эрх ашиг нь хөндөгдөж буй хариуцагч өөрөө гомдол гаргаагүй, түүнчлэн хэргийн материалтай танилцах эрхээ хэрэгжүүлэх эсэх нь зохигчийн эрхийн асуудал тул эдгээр үндэслэлээр гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2024/02233 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ