Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01223

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/01223

 

 

,,,,,,,,,,,,,, ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ,,,,,,,,,,,,-д холбогдох,

3,039,511,177 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

7,511,317,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1 ,,,,,,,,,,,,,, ХХК нь Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих ангийн 3 дугаар талбайн нурмаг ачааны хэсэг болох 10, 15-р өндөрлөсөн салаа зам байршилд Улаанбаатар төмөр зам ХНН-тэй терминал түрээсийн гэрээг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулан хамтран ажиллаж байсан.

Терминалыг ажиллуулахад гаалийн баталгаат бүс болгох шаардлага тавигддаг бөгөөд энэ зөвшөөрлийг гаалийн байгууллагаас авахад бүтэн нэг жил илүүтэй хугацаа зарцуулагдаж, энэ хугацаанд ,,,,,,,,,,,,,, ХХК ямар нэгэн үйл ажиллагаа явуулж чадаагүй.

Үүний дараа үйл ажиллагаа жигдрэх шатандаа орж байтал дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хил, гаалиа хааж ачаа, тээвэр зогсонги байдалд орсон. Хил гаалийн асуудал нааштайгаар шийдвэрлэгдэж үйлчлүүлэгчдийн ачаа барааг терминалдаа төвлөрүүлж эхэлж байх үед буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариуцагч нь талбайн түрээсийн нэг сарын үнэ 5,721,600 төгрөг байсныг 717,900,000 төгрөг болгон 14,000 хувиар нэмэгдүүлж байгааг мэдэгдэн хэрэв зөвшөөрөхгүй бол талбайгаа хүлээлгэн өгөхийг шаардсан шаардлагуудыг ирүүлсэн. Энэ хугацаанаас хойш түрээсийн талбайд ямар нэгэн вагоны ачилт хийлгээгүй ба түрээсийн гэрээг цуцалсан.

,,,,,,,,,,,,,, ХХК анх үйл ажиллагаагаа урт хугацаагаар төлөвлөж, хөрөнгө оруулалтыг хийсэн. Иймд нурмаг ачааны терминал байгуулахад гаргасан хөрөнгө оруулалт болох 1,154,682,540 төгрөг, үйл ажиллагааны алдагдал буюу хохиролд 1,804,726,237 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна.

1.2. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш буюу гэрээ дуусгавар болсноос хойш 2023 оны 03 дугаар сар хүртэл хариуцагчид шилжүүлсэн 68,659,200 төгрөг болон гэрээний барьцаа 11,443,200 төгрөг, нийт 80,102,400 төгрөгийг гаргуулна.

Иймд нийт 3,039,511,177 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү

1.3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлээ нотлоогүй. Бид Улаанбаатар төмөр зам ХНН-ээс бүрэн хамааралтай ажилладаг ба зөвхөн ачааг хүлээж аваад цааш нь машинд ачуулаад хил гаргах ажлыг хийдэг. Хэрэв үйл ажиллагаа явуулсан бол хадгалалтын хөлсийг авах ёстой. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбар, сөрөг нэхэмжлэлийн агуулга:

2.1. Түрээсийн гэрээг манай санаачилгаар 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөр тасалбар болгон цуцалж, түрээсийн талбайг түрээслүүлэгч талд шилжүүлэн өгөхийг хүссэн. Гэвч ,,,,,,,,,,,,,, ХХК нь түрээсийн талбайг чөлөөлж өгөлгүй үргэлжлүүлэн үйл ажиллагаагаа явуулж ирсэн тул ажлын хэсэг гарч талбайг 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн талбайг хүлээлцсэн.

Шүүхийн шийдвэрээр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсныг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсантай холбогдуулан 2,959,408,777 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

,,,,,,,,,,,,,, ХХК болон УБТЗ ХНН-ийн хооронд анх байгуулсан 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээнд зааснаар түрээслэгч ,,,,,,,,,,,,,, ХХК үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд аливаа засан сайжруулалт, тохижилтын ажлыг өөрөө хариуцан хийх, гарсан зардлыг буцаан нэхэмжлэх эрхгүй байхаар харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж заасан.

Иймд талууд гэрээ байгуулсан хугацаагаар дотоод үйл ажиллагаагаа төлөвлөж, бизнесийн үйл ажиллагаагаа эрхлэх боломжтой. Харин түрээсийн хугацаа дууссан үед үргэлжлүүлэн сунгах эсэхээ талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр гэрээндээ заасан тул энэ хүрээнд үйл ажиллагааны зардлаа тооцоолох боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2.2. ,,,,,,,,,,,,,, ХХК-иас үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж маргаан хийсний улмаас 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Хэргийг шүүхээр шийдвэрлэх хугацаанд бид талбайдаа 2022 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэл хугацаанд үйл ажиллагаа явуулж чадаагүй.

2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өөрийн талбайгаа эзэмшилдээ буцаан авах хүртэл хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК нь түрээсийн талбай болон оффисын байрыг чөлөөлөөгүйн улмаас УБТЗ-аас тус объектуудыг тогтоосон тарифын дагуу бусад этгээдэд түрээслэн орлого олох боломжоо алдсан тул баталсан тарифын хэмжээгээр манай байгууллагад хохирол учирсан гэж үзэж байна.

Иймд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас 2,995,963,800 төгрөгийг гаргуулж өгнө үү.

2.3. Гэрээг цуцалсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш түрээсийн талбайд ,,,,,,,,,,,,,, ХХК-ийн 23,458 тонн нүүрс, төмрийн хүдэр зэрэг нурмаг ачаанууд байсан ба талбайг чөлөөлөх мэдэгдэл хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл талбайг чөлөөлөөгүйгээс талбайгаа бүрэн ашиглаж чадахгүй байна.

УБТЗ-ын даргын 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А-233 дугаар тушаалаар баталсан Тарифын 1-р мөрдлөг ийн 10.1.1-д УБТЗ-ын мэдлийн агуулах, талбайд ачааг хадгалбал ачааны цэвэр жингийн тонн тутмаас задгай талбайд хоногт 500 төгрөгөөр тооцно гэсний дагуу нийт 586 хоног болсон тул задгай талбайн төлбөр 500 төгрөгөөр тооцоход 23,458 тн ачааны төлбөр 4,515,353,500 төгрөгийн ачаа хадгалалтын хөлсийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-аас 878,762,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК-аас 235,419,800 төгрөгийг гаргуулж, хариуцагч ,,,,,,,,,,,,-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,577,341 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,714,536 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 4,551,762 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс 1,335,045 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 5.3, 5.4, 5.5, 5.6-д заасан заалтуудыг шүүх анхаарч үзээгүй. Талууд харилцан тохиролцож дээрх гэрээний нөхцөлийг тусгасан байхад гэрээний заалтыг зөрчиж төлбөр гаргуулж байгаа нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй байна. Гэрээний 5.6-д түрээслэгч өөрийн зардлаар урсгал засвар болон 5.3-т заасан засварын ажлыг гүйцэтгэх бөгөөд энэхүү зардлыг түрээсийн төлбөрөөс хасаж тооцохгүй, буцаан нэхэмжлэх эрхгүй гэж заасныг зардлаа буцаан нэхэмжлэх, шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн атлаа тохижилт хийсэн зардлаа шаардах эрхтэй гэж зөрүүтэй дүгнэлт гаргасан. Талбайд засан сайжруулалт, тохижилт хийхдээ түрээслүүлэгчийн зөвшөөрөлгүй хийснийг анхаарч үзээгүй.

Хөрөнгийн үнэлгээ гаргахад хууль сануулаагүй, шинжээчийн эрх үүргийг тайлбарлаагүй, талуудыг оролцуулж үнэлгээ хийгдээгүй тул үнэн зөв гэж үзэх боломжгүй.

4.2. Иргэний хуулийн 326.1, 326.2-т заасны дагуу түрээслэгч нь талбайг чөлөөлөөгүйгээс түрээслүүлэгчид учирсан хохирол, олох байсан орлогоо шаардах эрхтэй.

",,,,,,,,,,,,,, ХХК нь гэрээ цуцалсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш талбайг чөлөөлж өгөлгүй ашигласан талаар шүүх дүгнээгүй. Иймд ",,,,,,,,,,,,,," ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл талбай болон оффисын байр ашигласны төлбөр төлөхөөс чөлөөлөгдөхгүй.

Талуудын хоорондох түрээсийн гэрээний эрх зүйн харилцаа дуусгавар болсон, хариуцагч талбайг чөлөөлөх мэдэгдлийг сайн дураар биелүүлээгүй, үргэлжлүүлэн ашигласны улмаас учирсан хохирол болох 2,995,963,800 төгрөгийг гаргуулахаар шаардсан байхад шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн.

Хохиролд тооцож буй 2,995,963,800 төгрөгийг тооцвол нурмаг ачаан талбайн ",,,,,,,,,,,,,, ХХК-д түрээсэлж байсан сарын 5,721,600 төгрөг байснаас тариф нь Замын даргын А-913 тушаалаар 2022 оны 01 дүгээр сараас эхлэн сарын 458,128,000 төгрөг, А-913 тоот тушаалаар баталсан тарифыг өөрчилсөн тухай 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А-376 тоот тушаалаар сарын 229,264,000 төгрөг ба дээрх дүнгээр тооцвол 2022 оны 01-10 дугаар сарыг хүртэл нийт 2,978,832.000 төгрөг болно.

4.3. ,,,,,,,,,,,,,," ХХК нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талбайд байсан 23,458 тонн нурмаг ачаанаас тодорхой хэмжээгээр ачин авсан ба төлбөр тавигдсан байцаагчийн актад энэ талаар тооцоолол, хугацааг тодорхой заасан байсан. Тус албан шаардлагаар 4,515,353,500 төгрөгийг тооцохдоо гэрээ цуцалсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс ачиж гарсан өдөр хүртэлх хадгалалтын хөлсийг тусад нь тооцож одоо байгаа ачааг үлдсэн хугацаагаар нь тооцсон байгааг буруу дүгнэж шийдвэрлэсэн.

Ачаа хадгалалтын хөлсийг тооцсон тооцоолол дээр талууд маргаагүй байхад шүүгч анхаарч үзээгүй. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Гомдлыг зөвшөөрөхгүй. Талбайд манай үлдээсэн нурмаг ачаа байхгүй, үүнийг нотолсон баримтгүй. Тухайн засан сайжруулалтыг хийхгүй бол түрээсийн талбайг зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Харин ч энэ талаар гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК нь ,,,,,,,,,,,,-д холбогдуулан 3,039,511,177.37 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 7,511,317,300 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх хууль болон гэрээний зохицуулалтыг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтын хуваарилалтыг буруу хийсэн, шийдвэр бичилтэд техникийн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

3. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр хариуцагч нь Дорноговь аймгийн Замын-үүд сум дахь шилжүүлэн ачих ангийн 114,432 м.кв талбайг 10, 15-р өндөрлөсөн зам, авто пүүгийн хамт шилжүүлэн өгөхөөр, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт сар бүр 5,721,000 төгрөг төлөхөөр,

мөн 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч нь дээрх шилжүүлэн ачих ангийн талбайд байрлах 315,96 м.кв талбайтай ажлын байрыг шилжүүлэн өгөхөөр, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрт халаалттай сард 5,661,548 төгрөг, халаалтгүй сард 4,195,500 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, түрээсийн талбай, ажлын байрыг гэрээний дагуу нэхэмжлэгч хүлээн авч ашиглаж байжээ.

Дээрх 2 гэрээ нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр цуцлагдаж, түрээсийн зүйлийг хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зохигчийн тайлбар, дурдагдсан гэрээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/01373 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2023/01115 дугаар магадлалд үндэслэн зөв тогтоосон.

 

4. Анхан шатны шүүх зохигчийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр үүссэн үүргийн харилцааг зүйлчлээгүй, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үүссэн харилцааг эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаанд хамааруулж дүгнэхдээ Иргэний хуулийг буруу тайлбарлажээ.

Зохигчийн 2018 оны 06 дугаар сарын 15, 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан гэрээ нь аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх шинжээрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаанд хамаарч байх ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.1. Үндсэн нэхэмжлэлээс барьцаа 11,443,200 төгрөг гаргуулах хэсгийг хангаж, 2,160,748,777 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд зохигч гомдол гаргаагүй учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу үүнд эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив.

Харин шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгож буй хэсгийн үнийн дүнг бичихгүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт заасан шаардлагад нийцэхгүй тул холбогдох өөрчлөлтийг оруулна.

 

4.2. 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний хэрэгжилтийн явцад түрээсийн талбайд нэхэмжлэгч нь шинээр 9,000 м.кв талбайд бетон хучилтыг 798,660,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн тул үнийг гаргуулна гэж Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хийсэн үнэлгээнд үндэслэн шаардсан.

Уг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт нийцээгүй.

Учир нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д талууд өөрөөр тохиролцоогүй бол, хөлсөлж авсан эд хөрөнгийг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр, өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зайлшгүй зардлыг гэрээ дуусгавар болсны дараа төлүүлэхээр хөлслүүлэгчээс шаардах эрхтэй гэж заасан.

Үүнтэй холбоотойгоор талуудын байгуулсан гэрээний 5.3, 5.4, 5.6, 5.7-д нэхэмжлэгч нь өөрийн зардлаар түрээсийн зүйлийн үндсэн бүтэц, хийц, төлөвлөлтийг өөрчлөхгүйгээр урсгал засвар, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн салгаж үл болох өөрчлөлт, засан сайжруулалтыг өөрийн зардлаар хийнэ, гарсан зардлыг буцаан нэхэмжлэхгүй, салгаж үл болох засан сайжруулалт хийхээр бол түрээслүүлэгчид бичгээр урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах, гэрээний хугацаа дуусахад өөрийн хөрөнгөөр хийсэн салгаж үл болох өөрчлөлт, тохижилтын буулгах шаардлагатай гэж үзсэн бол анхны байдалд оруулан түрээслүүлэгчид хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Иймд нэхэмжлэгч түрээсийн талбайн зарим хэсэгт бетон хучилт хийхдээ хариуцагчид мэдэгдэж зөвшөөрөл аваагүй, гэрээний тохиролцоо ёсоор энэ талаарх зардлыг нэхэмжлэхгүй, харин анхны байдалд оруулан өгөхөөр байх тул 798,660,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

5. Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээ цуцлагдсантай холбоотойгоор түрээсийн талбайд буй 23,458 тонн нурмаг ачааны төлбөр 4,515,353,500 төгрөг, түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүйн улмаас алдсан олох байсан орлого 2,995,963,800 төгрөг, нийт 7,511,317,300 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан.

 

5.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр түрээсийн зүйлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн.

Ийнхүү хүлээлгэн өгөх үед тухайн түрээсийн талбайд 23,458 тонн нүүрс, төмрийн хүдэр байсан бөгөөд уг ачааг талбайгаас ачих хүртэл 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл тухай бүр нь тооцоо хийхэд нийт 586 хоногийн хадгалалтын хөлс нь 4,515,353,500 төгрөг болсон нь Улаанбаатар төмөр зам-ын дотоод аудит, хяналт шалгалтын албаны байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн албан шаардлага, 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 53/306 тоот албан бичгээр тогтоогдсон.

Уг үйл баримтад нэхэмжлэгч маргаж буй боловч мэтгэлцээний байр сууриа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Түүнчлэн гэрээ цуцалснаас хойших нэхэмжлэгчийн түрээсийн зүйлийг ашигласан хугацааны төлбөрийг тухайн талбайд буй нурмаг ачааны үнээр хариуцагч нэхэмжилж буй нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцох зохицуулалтад нийцнэ.

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс 4,515,353,500 төгрөг шаардах эрхтэй.

Шүүхээр гэрээ цуцлагдсан эсэхтэй маргаан шийдвэрлэгдэж байсан нь хариуцагчийн гэрээ цуцлагдсаны хохирлоо шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг дурдвал зохино.

 

5.2. Харин хариуцагч нь түрээсийн зүйлийг чөлөөлж өгөөгүйн улмаас алдсан олох байсан орлого 2,995,963,800 төгрөг гаргуулахаар шаардсан нь дээрх 4,515,353,500 төгрөг гаргуулах шаардлагатай агуулгын хувьд давхацсан, 4,515,353,500 төгрөгөөс гадна нэмж 2,995,963,800 төгрөгийн орлого олох байсан гэдгээ нотлоогүй тул уг сөрөг нэхэмжлэлийг хангахгүй.

 

5.3. Түүнчлэн нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 дугаар сар хүртэлх хугацаанд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний түрээсийн төлбөрт 68,659,200 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байх тул үүнийг уг гэрээний хохиролд тооцож буй 4,515,353,500 төгрөгөөс хасч тооцон үлдэх 4,446,694,300 төгрөгийг хариуцагчид олгож, 68,659,200 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт нийцэж байна.

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тооцоололд хамаарах 68,659,200 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хангаж шийдвэрлэснийг ийнхүү залруулан дүгнэв.

 

5.4. Хариуцагч нь 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан гэрээний хүрээнд 2,995,963,800 төгрөг шаардсан, үүнээс аль хэсэг нь ажлын байрны түрээсийн гэрээнд хамаарахыг тодорхойлоогүй байхад анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн гэрээний төлбөрийн зөрүү 17,131,800 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул үүнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Хариуцагчийн гомдлоос зарим хэсгийг хангасан тул ийнхүү сөрөг нэхэмжлэлээс 17,131,800 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулаагүй болно.

Мөн шүүхээс сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхэд хамаарахгүй Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг хасч зөвтгөнө.

 

6. Дээр дурдсан дүгнэлтээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2024/02115 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ,,,,,,,,,,,,-аас 11,443,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3,028,067,977 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,, ХХК-иас 4,446,694,300 төгрөг гаргуулж хариуцагч ,,,,,,,,,,,,-д олгож, сөрөг нэхэмжлэлээс 3,064,623,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15,577,341 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 37,714,536 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 198,041 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 22,391,421 төгрөг гаргуулж хариуцагчид олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36,537,437.5 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Т.БАДРАХ