Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатар Бадрах |
Хэргийн индекс | 184/2023/07549/И |
Дугаар | 210/МА2024/01224 |
Огноо | 2024-06-10 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 210/МА2024/01224
2024 оны 06 сарын 10 өдөр | Дугаар 210/МА2024/01224 |
М.,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2024/02458 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: М.,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Ж.,,,,,,,,,,,,,,,д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,,, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.,,,,,,,,,,,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 1 дүгээр хорооллын Саппоро үйлчилгээний төвд зурагт засварын үйл ажиллагаа эрхэлдэг Ж.,,,,,,,,,,,,,,,д Ротензо брэндийн 50 инчийн LCD зурагтын лед гэрлийг солиулахаар очиход 30 минутын дараа задална, 2 цаг угсарна, 3 цагийн дараа ирж аваарай гэсэн. 3 цагийн дараа очиход зурагтын дэлгэц хагарсан байдалтай, засварын газар нь үйлчилгээний газрын шаардлага, орчин нөхцөл хангаагүй, камергүй байсан.
Хариуцагчийн хайнга байдлаас болж эд хөрөнгөөрөө хохирсон тул эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлоо шаардаж байна. Миний бие Ротензо загварын зурагтыг 2020 онд 900,000 төгрөгөөр авч байсан, одоо шинэ зурагт нь 1,500,000 төгрөг, хуучин зурагт нь 1,200,000 төгрөгийн үнэтэй байгаа тул дундаж үнээр бодож 1,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Rotenzo загварын 50 инчийн LCD зурагтыг авчирч үзүүлэхдээ Нэкст электрониксын засварт засуулах гэж 1 сар хүлээсэн гэж хэлсэн ба шалгаж үзэхэд дэлгэц нь асахгүй байсныг асуухад лед гэрэл нь шатсан гэж хэлсэн.
Гэрлийг нь солих үйлчилгээ 3 цаг орчим үргэлжилсний дараа шалгаж үзэхэд дэлгэц өрөөсөн талдаа зураастай байсан. М.,,,,,,,,,,,,,,,ийг ирэхэд нь энэ тухай хэлэхэд ийм байгаагүй гэж хэл амаар доромжилж, цагдаа дуудсан.
Зурагтын лед гэрэл асахгүй гэмтэлтэй ирснийг 3 цагийн турш засаж, 180,000 төгрөгийн засвар хийж дэлгэцийг нь асдаг болгосны дараа баруун дээд буландаа зураастай байгаа нь мэдэгдсэн. Ирэхэд нь тухайн гэмтэл харагдсан бол би хүлээн авахгүй байсан.
М.,,,,,,,,,,,,,,,ийн зурагт хаана, ямар газар гэмтсэн болох нь тогтоогдохгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч М.,,,,,,,,,,,,,,,аас 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,,т олгож, үлдэх 200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгөөс илүү төлсөн 46,450 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 23,750 төгрөгийг хариуцагч Ж.,,,,,,,,,,,,,,,аас тус тус гаргуулан нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,,т олгож шийдвэрлэсэн.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
Тухайн телевизорын лед гэрэл шатсан байсан ба дэлгэцийн цуурал лед гэрлийг асаахаас нааш мэдэгдэхгүй, хариуцагчийн лед гэрлийг нь сольж хийсний дараа цууралттай гэдэг нь мэдэгдсэн.
Хэзээ телевизийн дэлгэц цуурсан, ямар хүчний үйлчлэлээр дэлгэц цуурах боломжтой, хариуцагчийн үйлдлээс үү, эсхүл нэхэмжлэгчийн үйлдлээс шалтгаалсан уу гэдгийг тогтоох зорилгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй нь хэргийн бодит үнэнийг тогтоох үүргээ биелүүлээгүй.
Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч нь зурагтыг шалгаж аваагүй. Хүлээлгэн өгсний дараа гэмтэл гарсан. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч М.,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч М.,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч маргааны зүйлд хамаарах хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой байна.
3. 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч нь хариуцагчид Ротензо брэндийн 50 инчийн LCD зурагтын лед гэрлийг солиулж, засварлуулахаар хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.
3.1. Ийнхүү хариуцагч нь зурагтыг засварлаж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч нь хэлэлцэн тохирсон хөлсийг төлөхөөр харилцан тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарч байна.
Гэрээнд заагдсан ажлыг гүйцэтгэх явцад зурагт эвдэрсэн эсэх нь үүргийн зөрчилд хамаарах бөгөөд харин гэм хорын буюу хуулиар үүсэх үүрэгт хамаарахгүй болно.
3.2. Зурагт хэзээ, хаана дэлгэц нь хагарсан эсэхийг хэн нотлох ёстой талаар зохигч маргасан. Энэ тохиолдолд хариуцагч ажлыг гүйцэтгэхээс өмнө эвдрэл гэмтэлтэй зурагт хүлээн авсан болохоо нотлох ёстой.
Учир нь хариуцагч нь зурагт засварлах чиглэлээр 20 жил ажиллаж байгаа буюу энэ чиглэлдээ мэргэшсэн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч этгээд байна. Иймээс хариуцагч нь зурагтыг засварлахаар хүлээн авахдаа нэг бүрчлэн шалгах, өөр гэмтэл доголдол байгаа эсэх талаар хэрэглэгчээс тодруулах, ямар шинж байдалтай хүлээн авсан болохоо баримтжуулах ёстой байсан. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийг зурагтыг хүлээн авч засварлах явцдаа дэлгэцийг хагалж гэмтээсэн гэж дүгнэнэ.
Анхан шатны шүүх хариуцагч Ж.,,,,,,,,,,,,,,, нь зурагтыг хүлээн авахдаа эд хөрөнгө хүлээлцэх акт үйлдээгүй, хохирол учруулахад буруугүй гэдгээ нотлоогүй, улмаар зурагтын лед гэрлийг солихдоо дэлгэцэд нь цууралт, хагарал үүсгэсэн хооронд шалтгаант холбоотой байх тул хариуцлага хүлээх үндэстэй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
3.3. Эд хөрөнгийн үнэлгээний хувьд хариуцагчийн тайлбарт дурдагдсан үнэлгээг үндэслэл болгосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцэж байх бөгөөд эрх бүхий байгууллагаар үнэлгээ тогтоолгох шаардлагагүй.
3.4. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосон нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т нийцэж байна.
Мөн шүүхээс шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзсэн байгааг дурдвал зохино.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үйл баримтыг тогтоох үүднээс зохигчийн хүсэлтээр шинжээчийг томилно.
Зохигчийн маргаж буй зурагт хэзээ эвдэрсэн эсэх нь шинжээчийн дүгнэлтээр биш өөр бусад баримтаар нотлогдох үйл баримт юм. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулах талаар гаргасан хариуцагч талын хүсэлтийг шүүх хангахаас татгалзсаныг буруутгах үндэслэлгүй.
5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 184/ШШ2024/02458 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтад 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 510 дугаар зүйлийн 510.1-д гэснийг 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Т.БАДРАХ