Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/1266

 

 

 

 

 

 

 

 

     2024         06             21                                          210/МА2024/01266                            

 

 

 

С.Эгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01351 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: С.Эгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Чт холбогдох,

 

20,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цэдэндамба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, хариуцагч Э.Чтой хамт 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Э.Отой уулзаж бартерын гэрээ байгуулсан. Гэрээгээр Э.О нь өөрийн өмчлөлийн ... УНБ улсын дугаартай Тоёота Тундра-2 маркийн авто машиныг нэг бүр нь 135 төгрөгийн үнэ бүхий 281,482 ширхэг нийт 38,000,000 төгрөгийн үнэтэй улаан тоосгоор солилцохоор тохиролцсон ба хэдийгээр гэрээг миний бие байгуулсан боловч Э.Ч нь хамтран үүрэг хүлээсэн этгээд юм.

Ингээд Э.Ч бид хоёр бартерын гэрээнд заасан тоосго нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир Э.О шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2022/01462 тоот магадлалаар С.Э надаас 32,300,000 төгрөг гаргуулж Э.Од олгохоор шийдвэрлэсэн. Шүүхэд миний бие Э.Чтой хамтран хариуцах ёстой талаараа мэдүүлж, холбогдох нотлох баримтыг гаргаж өгсөн боловч нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Э.Чоос татгалзсанаар дээрх шийдвэр гарсан.

Харин ... УНБ улсын дугаартай Тоёота Тундра-2 маркийн авто машин нь бодитоор Э.Чт шилжиж тэрээр захиран зарцуулсан. Энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...бартерын гэрээнд “Угалзан цамхаг” ХХК-ийн тоосго гэж дурдсан, тоосго нийлүүлэх асуудал Э.Чтой хамааралтай болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд тусгагдсан, түүнчлэн тээврийн хэрэгсэл бодитоор Э.Чийн өмчлөлд шилжсэн зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар Э.Ч нь хамтран үүрэг гүйцэтгэх үүрэгтэй этгээд мөн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг зөвхөн С.Эээс бүхэлд нь шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй. Хариуцагч С.Э нь хамтран хариуцах үүрэг бүхий этгээд болох нь хариуцагч Э.Чоос жич нэхэмжлэлээ гаргаж, шийдвэрлүүлбэл зохино” гэж дүгнэсэн болно.

Ийнхүү шүүхийн шийдвэр гарснаар Э.Ч нь хариуцлагаас мултарч бартерын хөрөнгө болох машиныг өөртөө авч 20,200,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн. Хариуцагч Э.Ч бид хоёр Э.Огоос 38,000,000 төгрөгийн үнэлгээтэй машиныг аваад “Залуу монгол оч” ХХК-нд 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. Уг 20,000,000 төгрөгөөс өмнө тус компаниас зээлсэн байсан С.Эгийн 7,000,000 төгрөгийн, Э.Чийн 2,200,000 төгрөгийн, Т.Бий 3,300,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийн зээлийг хааж үлдэгдэл 7,500,000 төгрөгийг С.Э авсан. Өөрөөр хэлбэл, миний бие 38,000,000 төгрөгийн авто машиныг барьцаанд тавьж 17,800,000 төгрөгийг авсан ба Э.Од 5,700,000 төгрөгийн хар замаск нийлүүлсэн. Одоо үлдэх 20,200,000 төгрөгийг хариуцагч Э.Ч хариуцах нь зүй ёсны хэрэг тул хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Э.Чийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч нь намайг үүргийг хариуцах байтал Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх зөвхөн С.Эгээс төлбөр гаргуулж шийдвэрлэсэн тул 20,200,000 төгрөгийг надаас гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүх нэхэмжлэгчийг шаардлагаа тодруул гэсэн боловч тодруулаагүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл нэхэмжлэгч нь намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн байна. Нэхэмжлэгч нь машины үнэ 38,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг хасаад 18,000,000 төгрөгийг, мөн зээл хаасан гэх 2,200,000 төгрөгийг шаардаж байна. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэл тодорхойгүй. Гэрээг гурвуулаа байгуулсан, гэрээний үүргийг хариуцах ёстой этгээдийг хариуцагч Э.Ч гэж дүгнээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслээд байгаа боловч энэ нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдсэн бөгөөд Э.Чийг гэрээ байгуулсан, үүрэг хүлээх этгээд гэж дүгнээгүй. Мөн хамтран үүрэг хүлээх этгээд гэсэн атлаа үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Эгийн хариуцагч Э.Чт холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бодит нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальсан, буруу дүгнэж шийдвэрлэсэн тухайд: нэхэмжлэгч нь шүүхэд хариуцагчаас 20,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд шаардлагын хууль зүйн үндэслэлээ “...бартерийн хөрөнгө болох машиныг өөртөө авч 20,200,000 төгрөгийн хэмжээнд үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байх тул нэхэмжлэл гаргаж байна” гэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 493 дугаар зүйлийн 493.2-т заасны дагуу тодорхойлсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс маргааны зүйлийг хамтран ажиллах гэрээ гэж дүгнэсэн нь бодит нөхцөл байдлаас зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт болсон.

Мөн Э.О, С.Э нарын хооронд байгуулсан бартерын гэрээтэй холбоотойгоор Э.Ч, С.Э нарын хооронд тодорхой хэмжээний тохиролцоо байсан боловч, энэ нь бодит байдал дээр хэрэгжээгүй. Учир нь Э.Ч нь Э.О, “Угалзан цамхаг” ХХК, С.Э нарыг хуурч, мэхэлж, их хэмжээний хөрөнгө завшсан бөгөөд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөрөнгө завших, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалаар тогтоогддог.

Өмнөх шийдвэр, магадлалын тухайд нэхэмжлэгч нь 3.О, хариуцагч нь С.Э, Э.Ч (сүүлд хассан) байх бөгөөд бартерийн гэрээний үүрэг шаардсан маргаан байдаг. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 00805 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт “... ................ тээврийн хэрэгсэл бодитоор Э.Чийн өмчлөлд шилжсэн зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар Э.Ч нь хамтран үүрэг гүйцэтгэх үүрэгтэй этгээд мөн гэж үзэхээр байна... хариуцагч С.Э нь хамтран хариуцах үүрэг бүхий этгээд болох Э.Чоос жич нэхэмжлэлээ гаргаж, шийдвэрлүүлбэл зохино” гэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 1462 дугаар магадлалд  “.......... хариуцагч Э.Чийг гэрээний нэг тал гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Тийм учир эдгээр үйл баримтыг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй байна.

Нэхэмжлэгч С.Э нь эдгээр дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэж тодорхойлсон ба анхан шатны шүүхээс ч мөн адил анх 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байгаа учир иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл шүүх нь өөрөө өөрийнхөө хүчин төгөлдөр захирамжийг үгүйсгэж, өмнө нь нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримт болох талаар дүгнэлт хийж байна. Мөн С.Эгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэг шаардаагүй ба гагцхүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний улмаас хөрөнгийн үнийг шаардаж байгаа болохыг шүүх сайтар анхаарах нь зүйтэй.

Бартерийн гэрээний нэг тал болох Э.Огийн өмнө хүлээсэн үүрэг болох 38,000,000 төгрөгийн төлбөрийн үүргээ С.Э нь бүрэн биелүүлж 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээний харилцаа бүрэн дуусгавар болсон. Гэтэл автомашиныг нь Э.Ч өөр дээрээ авч, нэхэмжлэгч С.Э мөнгөн төлбөрийн үүргийг хариуцаж төлөх нь хуульд заасан “шударга ёсны”, “шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчимд нийцэхгүй байна. Хэдийгээр бичиг баримт цаасан дээр Э.Чийн нэр байдаггүй боловч Э.Отой хийсэн тохиролцоо, сүүлд “Залуу монгол оч” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн талаар Э.Ч нь мэдэж байсан, бүгдийг зохион байгуулж, уулзалт бүр дээр цуг байсан. Иймээс ч Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 00805 дугаар шийдвэр дээр хамтран үүрэг гүйцэтгэх үүрэг бүхий этгээдээр Э.Чийг тодорхойлсон байдаг.

Мөн бартерийн гэрээний гол тохиролцоо болох улаан тоосго бодитоор Э.Чийн хамаарал бүхий компани болох “Угалзан цамхаг” ХХК-ийн үйлдвэрлэдэг тоосго бөгөөд 38,000,000 төгрөгийн 1 ширхэг бүрийн 135 төгрөгөөр тооцон 281,482 ширхэг тоосгыг нийлүүлэх үүрэг нь С.Чийг үүрэг байсан. Гэтэл С.Ч нь “Угалзан цамхаг” ХХК-ийн үйлдвэрлэдэг тоосгыг хууль бусаар захиран зарцуулж, их хэмжээнийн хохирол учруулсан улмаар эрүүгийн хариуцлага хүлээсэн. Үүний улмаас тоосго нийлүүлэх боломжгүй болж 38,000,000 төгрөгийг С.Э Э.Од төлж барагдуулах үүргийг хүлээсэн.

Бичгээр байгуулсан гэрээн дээр Э.Чийн нэр байхгүй боловч талуудын тайлбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.О хамтран хариуцагчаар татаж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан нөхцөл байдал, Э.Ч тээврийн хэрэгслийг өөрийн танил барьцаалан зээлдэх газар болох “Залуу монгол оч” ХХК-д барьцаанд тавьж өмчлөх эрхийг олж авч, улмаар бусдад худалдан борлуулсан, мөн Э.Чийн 2,200,000 төгрөгийн зээлийг хаасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг үйл баримтаас харахад Э.Ч нь Э.О, С.Э нарын хооронд байгуулсан гэрээнд оролцоогүй хамтран үүрэг хүлээх этгээд биш гэж эцэслэн дүгнэх боломжгүй юм.

Хариуцагч 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлөөлөгчөө томилж, төлөөлөгч нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гардаж авсан. Гэвч хэрэгт авагтсан баримтаар хариуцагч нь бичгээр хариу тайлбар гаргаагүй, мөн хариуцагч Э.Чийн нэр дээр шилжсэн, түүний үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн ... УНБ улсын дугаартай Тоёото Тундра-2 маркийн автомашины үнэлгээ болох 38,000,000 төгрөг болох талаар шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд маргаагүй болно.

Автомашины үнэтэй холбоотойгоор хавтаст хэрэгт зээлийн гэрээ, барьцааны гэрээ, бартерийн гэрээнүүд авагдсан бөгөөд хариуцагчийн зүгээс үнэлгээтэй холбоотой маргасан тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргах боломжтой байсан. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн асуулт хариултын үе шатанд хүртэл хариуцагчийн төлөөлөгчөөс автомашины үнийг хүлээн зөвшөрөөх эсэхийг тодруулахад хариуцагч маргахгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрсөн гэж тодорхой тайлбарласан. Гэтэл анхан шатны шүүхийн 01351 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг баримтаар нотлоогүй гэж үзсэнд гомдолтой байна.

Мөн нэгэнт хариуцагч Э.Ч нь энэхүү автомашины өмчлөх эрхийг Б.Амирханд шилжүүлсэн байх тул автомашиныг буцаан шаардах боломжгүй гэж үзэж Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт заасны дагуу автомашины үнэ болох 38,000,000 төгрөгийг бүхэлд нь бус түүний зарим хэсэг 20,200,000 төгрөгийг хариуцагч Э.Чоос шаардсан болохыг анхаарах нь зүйтэй.

Өмнөх Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дээр шийдвэрлэгдсэн иргэний хэрэгт Э.Чийг хамтран хариуцагчаас хассан байна. Үүний дагуу С.Э нь Э.Чт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч ийнхүү шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнгүй.

Гэтэл бодит байдал дээр 38,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин нь хариуцагчийн нэр дээр өмчлөх эрх нь шилжсэн байна. Э.Ч, С.Э нарын хооронд тодорхой хэмжээний тохиролцоо байсан болох нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалаар тогтоогдож байх бөгөөд гагцхүү Э.Чийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн хамтын ажиллагаа, тохиролцоо бодит байдал дээр хэрэгжээгүй байна. Э.Ч нь дээрх эрүүгийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлалаар эрүүгийн хариуцлага хүлээсэн гэм буруутай болохыг дурдах нь зүйтэй.

Анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг дүгнэлгүй С.Э өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, сэргээх боломжгүй болж буйд туйлын гомдолтой байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 20,200,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч С.Эгээс хариуцагч Э.Чт холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр 20,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2022/00805 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 210/МА2022/01462 тоот магадлалаар С.Эг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн арилжааны гэрээний дагуу Э.Од 281,482 ширхэг тоосго нийлүүлэх зорилгоор түүнээс 38,000,000 төгрөгийн үнэтэй ... УНБ улсын дугаартай Тоёота Тундра-2 маркийн автомашиныг хүлээн авсан,

 

3.2. С.Э нь Э.Огоос 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр олгосон автомашиныг зээлийн барьцаанд тавих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах итгэмжлэлийг үндэслэн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “Залуу Монгол Оч” ХХК-тай 20,000,000 төгрөгийн зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, автомашиныг тус компанийн эзэмшилд бүртгүүлсэн,

 

3.3. Улмаар С.Э нь “Залуу Монгол Оч” ХХК-иас авсан 20,000,000 төгрөгийн зээлээс урьд өмнө зээлсэн байсан өөрийнхөө 7,000,000 төгрөг, Э.Чийн 2,200,000 төгрөг, Т.Бий 3,300,000 төгрөг, нийт 12,500,000 төгрөгийн зээлийг суутган төлүүлж, үлдэх 7,000,000 төгрөгийг өөртөө авсан бөгөөд Тоёота Тундра-2 маркийн автомашиныг “Залуу Монгол Оч” ХХК-иас 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр С.Чт шилжүүлэх хүсэлтийг үндэслэн тэрбээр тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэгдсэн,

 

3.4. С.Э нь Э.Од 281,482 ширхэг тоосго нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсантай холбоотой С.Эгээс урьд өмнө бараа бүтээгдэхүүнээр өгсөн 5,700,000 төгрөгийг хасаж 32,300,000 төгрөгийг Э.Од төлөхийг даалгасан ба харин Э.Чийг хамтран хариуцагч гэж дүгнээгүй. 

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дээр дурдсан үйл баримтыг дахин нотлохгүй, зохигч талууд С.Э, Э.Ч нар хамтран үүрэг гүйцэтгэгч мөн эсэх талаар маргах эрхгүй.

 

4. Нэхэмжлэгч С.Э нь Э.Огоос 38,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашиныг хүлээн аваад “Залуу Монгол Оч” ХХК-нд 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан үйлдлийг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2.1-д “өмчлөх эрх олж авч байгаа этгээдийн эзэмшилд шилжүүлснээр” өмчлөх эрхийг олж авсан гэж үзэх тул тэрбээр зээлийг зохих ёсоор төлсөн тохиолдолд автомашиныг барьцаанаас чөлөөлөхийг шаардах эрхтэй.

 

5. Гэтэл, хариуцагч Э.Ч нь нэхэмжлэгч С.Эгийн “Залуу Монгол Оч” ХХК-иас авсан 20,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт 23,600,000 төгрөгийг төлж, тухайн автомашиныг барьцаанаас чөлөөлж өөртөө авсан болон автомашины үнийг тухайн үед 38,000,000 төгрөг байсан эсэх талаар зохигчид маргаагүй, харин хариуцагч нь “...автомашиныг Б.Амирханд 26,000,000 төгрөгөөр худалдсан...” гэсэн тайлбар гаргажээ.

 

5.1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д “Хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болно” гэж заасан.

 

Тодруулбал, нэхэмжлэгч С.Э нь хариуцагч С.Чийн өмнөөс “Залуу Монгол Оч” ХХК-нд төлсөн 2,200,000 төгрөгийг, хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс тус компанид төлсөн 23,600,000 төгрөгийг тус тус харилцан нэгнээсээ шаардах эрхтэй.

 

5.2. Гэвч хариуцагч С.Ч нь нэхэмжлэгч С.Эгийн өмнөөс 23,600,000 төгрөгийн зээлийг төлсөн боловч 38,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг хүлээн авсан байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас 38,000,000 төгрөг болон түүний өмнөөс төлсөн 2,200,000 төгрөгийн хамт нийт 40,200,000 төгрөгийг шаардах эрхтэй ба үүнээс нэхэмжлэгчийн хариуцагчид төлөх 23,600,000 төгрөгийг хасвал 16,600,000 төгрөг болж байна.

 

5.3. Зохигчдыг харилцан төлөх өглөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1 дэх хэсэгт заасан журмаар тооцоход хариуцагчаас 16,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

      

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШШ2024/01351 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг “Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасныг үндэслэн хариуцагч Э.Чоос 16,600,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Эгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 240,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.ЭНХБАЯР

 

 

            ШҮҮГЧИД                              Т.БАДРАХ 

 

 

      Б.МАНДАЛБАЯР