Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01267

 

 

 

 

 

 

 

2024 06 21 210/МА2024/01267

 

 

 

Э ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01538 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-т холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тл, гуравдагч этгээд А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхийн шийдвэрийн дагуу нэр бүхий иргэн, аж ахуй нэгжид 1 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй ба хариуцагч Нар нь шүүхийн шийдвэрүүдийг албадан гүйцэтгэж, төлбөрийг барагдуулах ажиллагааг явуулж байна.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд манай компанийн өмчлөлийн ... дүүргийн 16 дугаар хороо, .... дугаар хороолол, Дын гудамж ... тоот хаягт байршилтай 3,450 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оруулсан байсан.

Хариуцагч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар албадан дуудлага худалдаа явуулах тухай шийдвэрийг 14 хоногийн өмнө талуудад мэдэгдэх ёстой байтал төлбөр төлөгчид анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-125/20337 тоот мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 15 минутад буюу анхны албадан дуудлага худалдаа явагдаж өнгөрсөний дараа мэдэгдсэн. Хэрэв бид өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдах шийдвэрийг хугацаа алдалгүй мэдсэн бол тус дуудлага худалдаанд оролцож тухайн хөрөнгөө худалдан авах боломжтой байсан. Гэвч хариуцагч нь хуульд заасан хугацаанд мэдэгдээгүйгээс төлбөр төлөгчийн хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдсөн.

Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар Н-ын удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шат дараалан гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаанд талууд оролцох эрхтэйгээс гадна Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж тус тус заасан. Хариуцагч нь үүнийг зөрчиж төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарласан.

Мөн хариуцагч нь уг хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 11 дүгэр сарын 24-ний өдрийн 10 цагт зохион байгуулахаар нийтэд зарласан байсан. Бид тус өдөр Н-ын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахмад Г.Гт иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулах дуудлага худалдаанд манай компанийн үл хөдлөх хөрөнгийг оруулахаас хасаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж өгнө үү гэх хүсэлтийг өгсөн боловч Г.Г нь би хүсэлт хүлээж авдаг хүн биш, хүсэлт хүлээж авахгүй гэсэн хариуг өгөөд хүсэлтийг хангаагүй, дуудлага худалдаа явагдаж үл хөдлөх хөрөнгө худалдан борлогдсон. Гэтэл уг үл хөдлөх хөрөнгө нь жагсаалтын 6 дугаарт эрэмбэлэгдсэн байсан.

Хариуцагч нь анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг шүүхэд хянагдаж байгаа нөхцөл байдлыг мэдсээр байж хоёрдахь албадан дуудлага худалдааг явуулж манай компанийн эд хөрөнгийг зах зээлийн үнээс илтэд доогуур үнээр худалдан борлуулж, бидэнд асар их хэмжээний хохирол амсах эрсдэл бодитоор учраад байна. Тодруулбал, уг эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд холбогдох хэрэг маргаан хянагдаж байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэх ёсгүй бөгөөд хууль бус дуудлага худалдаа явагдсан гэж үзэж байна.

Иймд, Н-аас 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/09 дугаар тогтоолын дагуу 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаа, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/6 дугаар тогтоолын дагуу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулсан хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Төлбөр төлөгч Э ХХК нь нийт 23 гүйцэтгэх баримт бичгийн 1,000,006,219 төгрөгийн төлбөртэй байгаа, үүнээс 14300839 хувийн хэргийн дугаартай П.Батчимэгт холбогдох гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт заасны дагуу нэгтгэн явуулж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар Э ХХК-ийн өмчлөлийн ... дүүргийн 16 дугаар хороо, .... дугаар хороолол, Д гудамж, 506 хаягт байршилтай эрхийн улсын бүртгэлийн ........ дугаартай 3,450 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 14300839/125-01 тоот тогтоолоор битүүмжилж, мөн эд хөрөнгө хураах тухай 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14300839-125/33 дугаар тогтоолоор дээрх эд хөрөнгийг хурааж, үнийн санал аван 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 8/292 тоот шинжээч томилох тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон.

Х ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 3,376,049,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайланг ирүүлсэн. Дээрх үнэлгээг төлбөр төлөгч болон төлбөр авагч талд 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4-125/16473 дугаар албан бичгээр мэдэгдсэн.

Төлбөр төлөгч Э ХХК-ийн захирал Ч.Ц нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн хөрөнгийг үнэлэгдсэн үнэлгээнээс багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай 69/23 дугаар хүсэлтийг гаргасны дагуу 1 сарын хугацаа олгосон. Гэвч тэрбээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулж шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/09 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 4-125/20337 дугаар мэдэгдлийн хамт 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр түүнд гардуулж өгсөн.

Маргаан бүхий эд хөрөнгө нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 70 хувь буюу 2,363,234,440 төгрөгөөр ороход худалдан авах санал ирээгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 12/6 дугаар тогтоол, 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 4-125/23195 дугаар мэдэгдлийн хамт гардуулан өгч тэмдэглэл үйлдсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үнэлэгдсэн үнийн 50 хувь буюу 1,688,024,600 төгрөгөөр дуудлага худалдаанд ороход 1,728,024,600 төгрөгөөр Г.С дуудлага худалдааны ялагч болсон.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэвийн явуулах нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Б.Сын тайлбар, татгалзлын агуулга:

Би, ... дүүргийн 16 дугаар хороо, .... дугаар хороолол, Дын гудамж ... тоот хаягт байршилтай 3,450 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй, үйлчилгээ, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг худалдах албадан дуудлага худалдаанд орж ялагч болсон. Төлбөр төлөгч 14 хоногт төлбөрөө төлсөн бол үл хөдлөх эд хөрөнгө худалдагдсаныг буцаах боломж байсан гэжээ.

 

4. Гуравдагч этгээд А ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2017 оны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчээс авах төлбөр одоо хүртэл төлөгдөөгүй хохирч байна гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан Э ХХК-ийн, хариуцагч Нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаанд талууд буюу төлбөр төлөгч, төлбөр авагч нар оролцох эрхтэй. Хуульд зааснаар албадан дуудлага худалдаа явуулах гэж буй шийдвэрийг талуудад 14 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй байтал бидэнд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цаг 15 минутад буюу дуудлага худалдаа явагдаж өнгөрсөний дараа мэдэгдсэн. Хэдийгээр хэрэгт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг 15 минутанд хүлээн авсан гэсэн баримт авагдсан боловч тухайн өдөр шийдвэр гүйцэтгэгч 23 гэж зур гэж хэлсэний дагуу зурсан.

Хариуцагч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж заасныг зөрчиж, төлбөр төлөгчид хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг хязгаарласан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаарт Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдах буюу 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэгч анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай асуудлаар шүүхэд иргэний хэрэг үүссэн байгааг тайлбарлаж, үл хөдлөх эд хөрөнгийг жагсаалтаас хасаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг ахлах шийдвэр гуйцэтгэгчид 10 цаг 05 минутанд гаргасан гэх боловч энэ цагт хандсан нь нотлогдохгүй байна гэжээ.

Гэтэл уг хүсэлтийг гаргасан болох нь хэрэгт авагдсан Н-ын ахлах шийдвдэр гүйцэтгэгчид гаргасан түдгэлзүүлэх хүсэлтээр нотлогдоно. Н-ын албан ажлын өрөөнүүд бүгд бүрэн камержисан байдаг. Уг баримтыг нотлох үүднээс шүүхэд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн өрөөний камерын бичлэгийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан боловч хариуцагчийн өрөөнд камер байхгүй гэх аман хэлбэрээр гаргасан тайлбарыг үндэслэн уг захирамжийн биелэлтийг хангуулахгүйгээр шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлж шүүхийн процесс ажиллагааг зөрчсөн.

Анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 10 дугаар сарын 27-ны 10 цаг 00 минутанд эхлүүлж 12 цаг 02 минутанд дуусгасан байдаг. Бид Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 182/Ш32023/15256 дугаартай шүүгчийн захирамжийг тус өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид өгч, анхны албадан дуудлага худалдаанаас манай компанийн үл хөдлөх хөрөнгийг хасаж өгөх хүсэлтийг өгсөн боловч тэрээр би хүсэлт хүлээж авдаг хүн биш, хүсэлт хүлээж авахгүй гэж шалтаг тоочиж жагсаалтаас хасалгүйгээр дуудлага худалдаа явагдаж, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан байсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт ахлах шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болохоор заасан ба 27.2.5-д энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно гэжээ. Гэтэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд холбогдох маргаанаар иргэний хэрэг үүсчихээд байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанаас хасуулахгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдааг явуулсан нь уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

Манай компанийн үл хөдлөх хөрөнгө нь хоёрдахь албадан дуудлага худалдааны жагсаалтын 6-рт эрэмбэлэгдсэн байсан ба албадан дуудлага худалдаа нь хэдэн цаг, хэдэн минутанд эхэлж, хэдэн цаг, хэдэн минутанд дууссан нь тэмдэглэлээс харагдахгүй байгаа. Тийм учир уг дуудлага худалдааны бичлэгийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан байхад хариуцагчаас бичлэг хийгдээгүй гэх шалтгаанаар гаргаж өгөөгүй. Тухайн бичлэгээс албадан дуудлага худалдаа яаж хэрхэн явагдсан, хэдэн цаг хэдэн минутанд дууссан нь харагдах байсан.

Дуудлага худалдаа нь жагсаалтын нэгт, хоёрт гэж эрэмблэгдсэн дараалаалаар дуудлага худалдаа явагдах ба эхний нэгдэх дуудлага худалдаа хэдэн цаг, хэдэн минутанд эхэлж, хэдэн цаг, хэдэн минутанд дууссаныг дуудлага худалдааны тэмдэглэлд дуудлага худалдаа тус бүрээр нь бичих ёстой. Дуудлага худалдаа бүр нь нэг дуудлага худалдаа гэж үзнэ. Гэтэл уг дуудлага худалдаа нь нийт бүх дуудлага худалдааг хэдэн цаг, хэдэн минутанд эхэлсэн болон дууссан цагийг л бичсэн ба дуудлага худалдаа бүрээр нь хэдэн цаг, хэдэн минутанд эхэлсэн дууссан нь харагдахгүй байгаа. Мөн дуудлага худалдааны тэмдэглэлээс 3 хүн үнийн санал гаргасан харагдах боловч дуудлага худалдаа явагдах үед 3 хүн нь дахин өөр саналууд гаргасан эсэх яг ямар шат дараалалтайгаар явагдсан эсэх нь мөн тодорхойгүй байгаа тул тэмдэглэлийг шаардлага хангахгүй байна гэж үзэж байна.

Н-ын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/09 дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолд уг тогтоолыг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлэхийг 125 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчид даалгасан байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүргүүлээгүй. Хэрэгт хүргүүлснийг нотолсон баримт байхгүй байгаа. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан байх ба уг заалтыг зөрчсөн гэж үзэж байна.

2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд А ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг шүүх хүлээн авсан ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хэргийн материалтай танилцуулахгүйгээр, хэргийн материалтай танилцсан баримт дээр гарын гарын үсэг зуруулан шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Мөн гуравдагч этгээдийн төлөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг гардуулахгүй, хариу тайлбар авах хугацаа олгохгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн процесс ажиллагаа зөрчсөн.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчаас ахлах шийдвэр гүйцэтгэгчийн өрөөний камерын бичлэг, албадан дуудлага худалдааны камерын бичлэг, мөн Н-ын дуудлага худалдаанд хэрэглэгдэх журмыг гаргуулахаар хүсэлт гаргасаныг шүүхээс хангаж шүүгчийн захирамж гарсан. Гэтэл уг баримтуудыг хариуцагчаас байхгүй гэх үндэслэлээр гаргаж ирүүлээгүй ба тус газраас байхгүй гэх албан бичиг ирүүлээгүй. Шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь процесс ажиллагааг зөрчсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно гэж үзэж байна.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Тэргэлийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдол нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

8.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Агар арвижих ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдэлгэрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс гуравдагч этгээд Агар арвижих ХХК нь Э ХХК-аас 318,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Э ХХК-тай холбоотой 1,600,000,000 төгрөгийн нийт 23 төлбөр авагчид холбогдох хэрэг маргаан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй.

Гэвч Э ХХК нь уг үүргээ биелүүлээгүй. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдааны явцад 1,600,000,000 төгрөгөөр дуудлага худалдаанаас худалдаж авах боломжтой гэж тайлбарладаг. Гэвч заавал 1,600,000,000 төгрөгөөр худалдаж авах биш 1,006,000,000 төгрөгөөр 23 төлбөр авагчийн төлбөрийг төлсөн тохиолдолд уг маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой. Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх, хугацаа хожих арга хэрэглэж байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлэхийг тодорхойлох ёстой. Дуудлага худалдаа болохоос 14 хоногийн өмнө мэдэгдэхэд нэхэмжлэгчийн зүгээс 1 сарын хугацаа авч, өөрсдөө худалдан борлуулах эрхээ эдэлсэн. Гэвч дуудлага худалдаа болсны дараа 14 хоногийн хугацаанд Г.С нь 1,600,000,000 төгрөгийг төлөхөөс өмнө Э ХХК-ийн зөрчигдсөн эрх хангагдах боломжтой байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй 6, 7 жилийн хугацаа өнгөрч байна. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд төлбөр төлөгчийн эрхийг хангаж, дуудлага худалдаа болохоос өмнө 1 сарын хугацаа олгосон. Нэхэмжлэгчид хэд, хэдэн боломж байхад уг боломжоо ашиглаж чадаагүй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч Нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийн анхны болон хоёрдахь албадан дуудлага худалдааг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан баримтаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхийн 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2110/Ч дугаар шийдвэр, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5813 дугаар захирамж, мөн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 3900 дугаар захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 233 дугаар захирамж, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 282 дугаар захирамж болон 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2087 дугаар захирамж, ..., Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 7443 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2015/08955 дугаар захирамж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 182/ШШ/02213 дугаар шийдвэр, Баязүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШШ2018/18771 дугаар шийдвэр зэрэг нийт 23 шүүхийн шийдвэр, захирамжаар Э ХХК-иас 1,000,006,219.00 төгрөгийн өр төлбөр барагдуулах ажиллагааг Нар нь явуулж байгаатай зохигчид маргаагүй /х.х 5-41, 109-122/.

 

4. Дээрх шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Э ХХК-ийн өмчлөлийн ... дүүрэг, 16 дугаар хороо,.... дугаар хороолол, Дын гудамж /13321/, ... тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1-д тус тус зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр битүүмжилж, мөн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хураан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ /х.х 123-127/.

 

5. Улмаар төлбөр төлөгч Э ХХК болон нэр бүхий төлбөр авагч нараас тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т тус тус заасныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 8/292 тоот тогтоолоор Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийг томилсон нь хуульд нийцсэн байна /х.х 128-131/.

 

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн тайланд дурдсанаар төлбөр төлөгч Э ХХК-ийн дээрх үл хөдлөх хөрөнгийг 3,376,049,200.00 төгрөгөөр үнэлсэн ба шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч талууд үнэлгээний талаар гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу энэ талаар дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй орхив /х.х 136/.

 

6. Харин зохигчид анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааг зохих ёсоор явагдсан эсэх талаар маргасан бөгөөд хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Төлбөр төлөгч Э ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн өмчлөлийн ... дүүрэг, 16 дугаар хороо,.... дугаар хороолол, Дын гудамж /13321/, ... тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалт бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг хөрөнгийн үнэлгээний Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн үнэлсэн 3,376,049,200.00 төгрөгөөс багагүй үнээр бие дааж худалдан борлуулах хүсэлт гаргасныг хариуцагч Нар хүлээн авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн саналыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ. Шийдвэр гүйцэтгэгч саналыг хүлээн авсан тохиолдолд бие даан худалдан борлуулах 1 сарын хугацааг төлбөр төлөгчид олгож, энэ хугацаанд тухайн хөрөнгийг албадан борлуулах ажиллагааг зогсооно гэж заасантай нийцжээ /х.х 141/.

 

6.2. Гэвч төлбөр төлөгч тал энэхүү хугацаанд үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдан борлуулаагүй тул хариуцагч Нар нь 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11/09 тоот дугаартай тогтоолын дагуу хөрөнгийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, энэ талаар Э ХХК-нд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мэдэгдэж, мэдэгдлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл үйлдсэн байх тул нэхэмжлэгчийн мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагт 15 минутанд хүлээж авсан гэсэн гомдол үндэслэлгүй байна /х.х 142-145/.

 

6.3. Мөн нэхэмжлэгч Э ХХК нь шийдвэр гүйцэтгэгчийн хэлснээр анхны албадан дуудлага худалдаа болох мэдэгдлийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээж авсан гэж бичсэн гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн зохицуулалт нь тухайн дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй бусад оролцогч нарт хамааралтай болно.

 

6.4. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул Н-ын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 12/06 тоот тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгуулахаар шийдвэрлэж, энэ талаар төлбөр төлөгч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтуулд 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр мэдэгдсэн байна /х.х 151-153/.

 

6.5. Төлбөр төлөгч Э ХХК-иас анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай иргэний хэрэг үүссэн гэсэн үндэслэлээр дуудлага худалдааны жагсаалтаас дээр дурдсан хөрөнгийг хасах тухай хүсэлтийг Нар нь татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.

 

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-т энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл гэж заасан үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх эрхтэй ба түүний шийдвэрийг үндэслэлтэй эсэхийг мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянах журамтай.

 

6.6. Хэрэгт авагдсан баримтаар төлбөр төлөгч Э ХХК-ийн гаргасан анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр мэдэгдсэн болон хоёр дахь албадан дуудлага худалдааг түдгэлзүүлэх тухай хүсэлт, гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нар тус тус хянаад татгалзсан хариу өгсөн байна /х.х 44, 45, 150, 176, 183. 186, 2-р х.х 75/.

 

Үүнээс үзвэл хоёр дахь албадан дуудлага худалдаанд орох хөрөнгийн жагсаалтаас төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгийг хасах тухай хүсэлтийг эрх бүхий этгээд хянан шийдвэрлэсэн байна.

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2024/01538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг т