Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01268

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 21 210/МА2024/01268

 

 

 

З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01630 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Бд холбогдох,

 

531,615,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Манай З ХХК-ийн Фамили медикал эмнэлэг нь Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 тоот тогтоолын дагуу Бтэй хамтран ажиллах гэрээ байгуулан, 2022 оны 05 дугаар сарын 01-ээс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны хооронд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийг хамруулан ажиллаж байна.

Энэ хугацаанд манай эмнэлгийн зүгээс Эрүүл мэндийн байгууллагын цахим системд 15,750 даатгуулагчийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг бүртгэгдсэнээс 15,095 даатгуулагчийн 1,931,200,000 төгрөгийн нэхэмжлэл илгээснээс 1,454,196,000 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тооцож, үлдсэн 531,632,000 төгрөгийг хассан (үүнээс 17,000 төгрөг дээр манай эмнэлэг маргаагүй)-aac 531,615,000 төгрөг хассаныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийнхүү Б нь манай эмнэлэгтэй байгуулсан Хамтран ажиллах гэрээ-ний 5.4. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч буюу З ХХК-ийн дансанд шилжүүлнэ гэж заасныг зөрчиж, санхүүжилтийг хассан, мөн санхүүжилтийг удаж олгодгоос эмнэлэгт санхүүгийн болон хүний нөөцийн олон хүндрэлүүд үүссээр байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам-ын заалтын дагуу хассан гэх дараах шалтгаануудыг тус тусад нь тайлбарлавал:

а.Журмын 2.2-т Даатгуулагч нь дараах үүрэг, оролцоотой байна. Үүнд: 2.2.1.Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, даатгуулсан байх, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.Даатгуулагч дараах үүрэгтэй: 7.2.1.эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хугацаанд төлөх; хэмээн даатгуулагчийн үүргийг зааж өгсөн. Өөрөөр хэлбэл даатгалын шимтгэлээ бүрэн төлж, даатгуулсан байх нь даатгуулагчийн үүрэг болохоос тухайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн үүрэг хариуцлагын асуудал биш юм.

б. Журмын 3.6-д Дараах тохиолдлыг тохиолдлын тоонд тооцохгүй бөгөөд даатгалын сангаас санхүүжүүлэхгүй. Үүнд: 3.6.1. Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага нь тухайн байгууллагыг сонгон ирсэн даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлэхдээ хийж эхэлснээс дуусах хүртэл 21 хоног ба түүнээс дээш хугацаа зарцуулсан тохиолдолд 2059 тохиолдлын 258,570,000 төгрөг.

Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Иргэний хууль гээд Монгол Улсын ямар ч хуульд үзлэг, шинжилгээ, оношилгоо хийх, хариу өгөх хугацааг тодорхойлон заагаагүй.

Эмнэлэг даатгуулагчийн бүх шинжилгээг 2-3 цагт багтаан, өдөрт нь бүрэн хийж дуусгадаг. Харин хариу олголт 20 хоногоос хэтрэхэд тухайн эмнэлгээс үл шалтгаалах дараах хүчин зүйлүүд нөлөөлдөг. Үүнд:

Эд эсийн шинжилгээг мэргэжлийн лабораторид илгээж, дүгнэлт гаргуулахад багагүй хугацаа шаарддагаас хариу олголт уддаг.

Иргэдэд хариу авах хугацааг нь заасан хуудас өгөөд байхад өөрсдөө товлолт хугацаандаа ирдэггүйгээс 20 хоногийн хугацаа хэтэрдэг. Ялангуяа зун, намрын саруудад иргэд хөдөө орон нутаг руу аялж яваад, 20 хоногтоо багтаж ирэхгүй хоцрох тохиолдол олон гардаг. Тус журмын 2.5. Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг даатгуулагчид үзүүлэх зохион байгуулалтад дараах үүрэг, оролцоотой байна. Үүнд: 2.5.1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцын талаарх мэдээллийг өөрийн цахим хуудаст ил тод, ойлгомжтой хэлбэрээр байршуулж, цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, аппликейшнээр сурталчилж даатгуулагчийг мэдээллээр хангах; гэж заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь иргэдийг уг 20 хоногийн хугацааны талаарх мэдээллээр хангаагүй.

Ийнхүү олон хүчин зүйлүүдээс шалтгаалж 20 хоног хэтэрдэг ч эмнэлэг уг үзлэг, шинжилгээнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эмч нарын нөөц бололцоогоо гаргачихсан байхад ийнхүү шинжилгээний хариуг иргэнд 20 хоногт өгөөгүй шалтгаанаар санхүүжилт хасаж байгаа нь хууль бус юм. Нөгөө талаас иргэд ч шинжилгээндээ орж, Эрүүл мэндийн яам ч иргэдийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг программ хангамжаараа дамжуулан авч, дээрх тогтоолуудын эцсийн зорилго биелэгдсэн байхад эмнэлгээс нэгэнт бодитоор гарсан зардал буюу санхүүжилтийг нөхөн олгохгүй байгаа нь эмнэлгийн байгууллагыг чирэгдүүлж, алдагдал үүсэхэд хүргэж байна.

Дээр дурдсаны дагуу уг 20 хоногийн хугацааны талаар ямар ч хуульд тодорхойлон заагаагүй төдийгүй, шинжлэх ухааны үндэслэлгүй бөгөөд эмнэлгийн буруугаас болоогүй тул Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан журмын 2.4.9 дэх заалтын дагуу иргэдэд өвчин эмгэг илэрсэн тохиолдолд эмнэлэг нь цаг алдалгүй харьяа дүүргийн болон дараагийн шатлалын эмнэлэгт хандаж эмчлүүлэхийг зөвлөдөг, иргэд ч үүний дагуу эмчилгээгээ Яаралтай эхлүүлдэг. Гэтэл уг журмын 3.6.2 дахь заалтын дагуу оношилгоо хийж уг өвчнийг нь эрт илрүүлсэн эмнэлгийн зардлыг олгохгүй хасахаар байгаа нь тавьсан зорилго болон 2.4.9 дэх заалттайгаа нийцэхгүй зөрчилдөж байна. Эрт илрүүлгээр хорт хавдар, зүрхний шигдээс зэрэг яаралтай эмчлүүлэх шаардлагатай өвчин илэрсэн тохиолдолд эмнэлгийн зүгээс өвчтөнөө аль болох авах санхүүжилтээ бодоод, өвчтөнөө 1 сар гэрт нь хүлээлгэж, өвчнийг хүндрүүлэх ёсгүй юм.

Мөн энэ тохиолдолд дээр дурдсаны дагуу уг журмын 2.5-д заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь иргэдийг энэ талаарх мэдээллээр хангаагүй байдаг бөгөөд иргэд ч өөр эмнэлэгт хэвтэх тухайгаа манай эмнэлэгт эргэж мэдэгддэггүй, тэгээд ч тухайн иргэний өөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх эсэх асуудлыг манай эмнэлэг зохицуулах болон мэдэх боломжгүй байдаг. Түүнчлэн өөр эмнэлэгт хэвтэх уг асуудлыг эрт илрүүлэг хийж байгаа эмнэлэг нь системд шалгах боломжгүй байдаг.

в. Журмын 3.8. Хэрэв даатгуулагч багц доторх оношилгоо, шинжилгээг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдахаас 1 сарын дотор хийлгэсэн буюу түүнийг Эрүүл мэндийн даатгалын бусад багцаас санхүүжүүлсэн, эсхүл эрт илрүүлгийн явцад өөрөө хийлгэхээс татгалзсан, эсхүл эрт илрүүлгийн явцад биеийн байдлаас хамаарч хийлгэх боломжгүй байсан зэрэг тохиолдлоос шалтгаалж дутуу үзүүлсэн бол уг оношилгоо, шинжилгээний зардлыг тухайн багцын төлбөрөөс хасаж, үлдэх санхүүжилтийг эрүүл мэндийн байгууллагад олгоно. 655 тохиолдлын 82,230,000 төгрөг.

Эрт илрүүлгийн багцад хамрагдахаас 1 сарын дотор хийлгэсэн буюу түүнийг Эрүүл мэндийн даатгалын бусад багцаас санхүүжүүлсэн гэх тухайд: Үүнийг манай эмнэлэг цахимд системээс шалгах боломжгүй байдаг тул санхүүжилтийг хассан нь үндэслэлгүй байна.

Эрт илрүүлгийн явцад өөрөө хийлгэхээс татгалзсан эсхүл эрт илрүүлгийн явцад биеийн байдлаас хамаарч хийлгэх боломжгүй байсан зэрэг тохиолдлоос шалтгаалж дутуу үзүүлсэн гэх тухайд: Оношилгоо шинжилгээний дундуур иргэн өөрөө татгалзсан тохиолдолд үйлчлүүлэгчийн сонголт учраас нэгэнт эмнэлгээс гарсан зардлыг нөхөн санхүүжүүлэхгүй гэж байгаа нь шударга бус байна.

г. Журмын Хоёрдугаар хавсралтад заасан насны багцын оношилгоо, шинжилгээг тухайн хамрах насны даатгуулагчид хийх 57 тохиолдлын 6,760,000 төгрөг.

Даатгуулагч ирээд шинжилгээнд орох гээд ирэх үеэр буюу системд бүртгэх үед тухайн насны багцын хамрах насны хүрээнээс нас нь хэтрээгүй байдаг бөгөөд хариугаа авах хооронд төрсөн өдөр нь таарч, нас нь нэмэгддэг. Тухайн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдах үед даатгуулагчийн нас нь тухайн насны багцад хамаарч байгаа тул эмнэлэг үйлчилгээ үзүүлэхгүй гэх эрх байдаггүй. Тиймээс эмнэлгийг багцын оношилгоо, шинжилгээг хамрах насны даатгуулагчид нь хийсэн гэж үзэхээр байна.

д. Шалтгаан тодорхой бус хассан 180,215,000 төгрөг.

Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын Нэгдүгээр хавсралтаар баталсан журам нь хууль болон бодит байдалд нийцээгүй төдийгүй, санхүүжилт хассан шалтгаанууд нь эмнэлгийн буруугаас болоогүй тул Бөөс хамтран ажиллах гэрээний дагуу санхүүжилтийн 531,615,000 төгрөгийг нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

З ХХК-ийн нэхэмжлэлтэй 531,615,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Манай Эрүүл мэндийн төв нь Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1-д заасныг хэрэгжүүлэх зорилгоор баталсан Эрүүл мэндийн сайдын 2022 оны Журам батлах тухай А/139 дүгээр тушаалаар баталсан журам, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын 2022 оны А/77 дугаар тушаалын 2 дугаар хавсралтын дагуу хамтран ажиллах эрүүл мэндийн байгууллагын жагсаалтын 2-д заасан З ХХК-ийн Happy family эмнэлэгтэй дүүргийн хүн амд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоог хамтран зохион байгуулахаар 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр 13 дугаартай Хамтран ажиллах гэрээ-г байгуулсан. Гэрээний 3.4, 5.4-д заасны дагуу манай эрүүл мэндийн төв нь үзлэгийн явц, хамрагдалт, зохион байгуулалтад хяналт тавьж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаар Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч буюу З ХХК-д гэрээгээр хүлээсэн үүрэг болох дүүргийн хүн амд урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийсэн гэрээт төлбөрийг нэхэмжлэхийг үндэслэн дамжуулан дансанд нь шилжүүлэх үүрэгтэй. Энэхүү гэрээний 5.4-д заасны дагуу манай төв нь дараах байдлаар ЗХХК-иас нэхэмжилсэн, нэхэмжлэхийн хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 13 удаа, нийт 1,469,756,000 төгрөгийг дансанд нь тус тус шилжүүлсэн байдаг. Тухайлбал:

-2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 95,032,000 төгрөг,

-2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 73,480,000 төгрөг,

-2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 82,102,000 төгрөг,

-2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 157,522,000 төгрөг,

-2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 109,186,000 төгрөг,

-2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 207,600,000 төгрөг,

-2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 15,214,000 төгрөг,

-2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 203,228,000 төгрөг,

-2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 49,417,500 төгрөг,

-2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 49,417,000 төгрөг,

-2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 67,270,000 төгрөг,

-2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 56,522,000 төгрөг,

-2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 152,911,000 төгрөг.

Нэхэмжлэгч З ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага гэж урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоо хийсэн ажлын төлбөрт авах ёстой, хасагдсан гэх 531,615,000 төгрөгийн гэрээт төлбөрийн зөрүүг манай байгууллага төлөх үндэслэл байхгүй.

Учир нь З ХХК-ийн ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу манай байгууллага, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгосон санхүүжилтийн хүрээнд гэрээний төлбөрийг шуурхай хийж ирсэн.

Тиймээс нэхэмжлэгч З ХХК-ийн гаргасан 531,615,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Гуравдагч этгээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын тайлбарын агуулга:

Манай байгууллага нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар даатгалын гэрээг байгуулан, гэрээний хэрэгжилтийг хянаж дүгнэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.

Хариуцагч Бтэй 2022 оны УБ-01/024 дугаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээний 1.2-т талууд үйл ажиллагаандаа Монгол Улсын Захиргааны ерөнхий хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, холбогдох бусад хууль, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас баталсан журам, заавар болон энэхүү гэрээг дагаж мөрдөнө гэж заасан.

Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоол нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6 дахь заалтад Эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах гэж заасны дагуу тогтоолын төслийг бэлтгэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу нөлөөллийн шинжилгээг хийж, тус хуулийн 62 дугаар зүйлд зааснаар санал авч баталсан болно.

Мөн даатгуулагчид үзүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг оношилгоо шинжилгээний нэхэмжлэлийн шалгуурыг цахимаар хянадаг болохыг дурдах нь зүйтэй байна.

3.1. Даатгалын шимтгэлээ бүрэн төлж даатгуулсан байх нь даатгуулагчийн үүрэг болохоос тухайн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийн үйлчилгээ үзүүлж байгаа эмнэлгийн үүрэг хариуцлагын асуудал биш юм гэсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3.1.2-т Даатгуулагч гэж энэ хуулийн дагуу эрүүл мэндийн даатгалын санд шимтгэл тогтмол урьдчилан төлж, эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ уг даатгалын сангаас хуваалцах эрх бүхий иргэнийг хэлнэ гэж тодорхой заасан. Гэтэл даатгуулагчид үзүүлэх тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэнд үзүүлсэн нь санхүүжилт хасагдах нэг шалтгаан юм.

Эрүүл мэндийн даатгалын цахим хуудсанд шимтгэл төлөлт шалгах цэс байдаг бөгөөд тухайн иргэний шимтгэлээ бүрэн төлсөн эсэх тусламж авах боломжтой эсэхийг харах бүрэн боломжтой байдаг.

3.2. Ямар ч хуульд үзлэг, шинжилгээ оношилгоо хийх, хариу өгөх хугацааг тодорхой заагаагүй байна гэсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6-д Эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд холбогдох журам, тогтоол, зөвлөмж гаргах эрхтэй бөгөөд энэ чиг үүргийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолыг батлан гаргасан.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын 2.4 дүгээр зүйл Гэрээт лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага нь урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг даатгуулагчид үзүүлэх зохион байгуулалтад дараах үүрэг оролцоотой байна гэж зааж хариуцагч Бийг үүрэгжүүлсэн бөгөөд уг журмын 2.4.3-т даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлж эхэлснээс дуусах хүртэл нь хуанлийн 20 хоногийн хугацаанд багтаах гэж тодорхой заасан. Мөн 3.6 дараах тохиолдлыг тохиолдлын тоонд тооцохгүй бөгөөд даатгалын санхүүжүүлэхгүй зүйлийн 3.6.1-т Лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага нь тухайн байгууллагыг сонгож ирсэн даатгуулагчид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлэхдээ хийж эхэлснээс хойш дуусах хүртэл 21 хоног ба түүнээс дээш хугацаа зарцуулсан тохиолдолд санхүүжилт олгохгүй гэж тодорхой заасан байна. Нэхэмжлэлд эсийн шинжилгээг мэргэжлийн лабораторид илгээж, дүгнэлт гаргуулахад багагүй хугацаа шаарддаг гэсэн байх бөгөөд даатгуулагчид үзүүлэх урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн ямар ч багцад эд эсийн шинжилгээ байхгүй ба багцад байхгүй тусламж, үйлчилгээг үзүүлж нэхэмжилж байгаа нь зөрчил юм.

Мөн иргэд хариу авах хугацааг заасан хуудас өгөөд байхад 20 хоногтоо багтаж ирэхгүй хоцрох тохиолдол олон гардаг гэсэн байх ба журмын 2.4.5-д даатгуулагчийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багц дахь эрсдэлийн үнэлгээ, биеийн ерөнхий үзлэгийг мэдээлэл, оношилгоо, шинжилгээний хариу болон дүгнэлтийг эрүүл мэндийн Даатгалын цахим системээс нэг хувь хэвлэн, эрүүл мэндийн байгууллагын болон эмчийн тамга тэмдгээр баталгаажуулан даатгуулагчид заавал өгөх эсвэл цахим шуудангаар илгээх гэж заасан байна.

3.3. Журмын 3.6.2 дахь заалтын дагуу оношилгоо шинжилгээ хийж уг өвчнийг нь эрт илрүүлсэн эмнэлгийн зардлыг олгохгүй хасахаар байгаа нь тавьсан зорилго болон 2.4.9 дэх заалттайгаа нийцэхгүй зөрчилдөж байна гэсэн байна.

Тус тогтоолын 2.4.9 дэх заалт нь тухайн даатгуулагчийг эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэгт орох хугацаанд буюу дүгнэлт гараагүй байхад эмнэлэгт хэвтүүлэн эмчилсэн тохиолдолд гэж заасан.

Эрт илрүүлгийн дүгнэлт буюу өвчин илэрсэн үед дараагийн шатны эрүүл мэндийн байгууллага руу шууд илгээх боломжтой бөгөөд 1 сар хүлээлгэх үндэслэл байхгүй. Тогтоолд эрт илрүүлэг урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэснээс хойш 1 сарын хугацаанд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахыг хориглох заалт байхгүй тул 1 сар хүлээлгэж өвчнийг хүндрүүлнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм.

-Тус журмын 2.5-д зааснаар Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчийг мэдээллээр хангах гэж заасан байхад мэдээллээр хангаагүй гэсэн байна.

Гэтэл лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллага нь тус журмын 2.4.8-д Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцын талаарх мэдээллийг ил тод, ойлгомжтой хэлбэрээр ханын самбар болон цахим хуудсанд байршуулан даатгуулагчийг үнэн зөв мэдээллээр хангах үүргийг заасан байна.

Манай байгууллага нь өөрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар гэсэн сайт болон пэйж хуудсаар байнга мэдээлэл сурталчилгааг хийж, иргэн, даатгуулагчид болон гэрээт эрүүл мэндийн байгууллагууддаа сургалт, заавар зөвлөмжийг байнга өгч ажилладаг болно.

3.4.Оношилгоо шинжилгээний дундуур иргэн өөрөө татгалзсан тохиолдолд үйлчлүүлэгчийн сонголт учраас нэгэнт эмнэлгээс гарсан зардлыг нөхөн санхүүжүүлэхгүй гэж байгаа нь шударга бус байна гэсэн байна.

Журмын 3.8-д Хэрэв даатгуулагч багц доторх оношилгоо шинжилгээг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдахаас нэг сарын дотроо хийлгэсэн буюу түүнийг Эрүүл мэндийн даатгалын бусад багцаас санхүүжүүлсэн, эсхүл эрт илрүүлгийн явцад өөрөө хийлгэхээс татгалзсан, эсхүл эрт илрүүлгийн явцад биеийн байдлаас хамаарч хийлгэх боломжгүй байсан зэрэг тохиолдлоос шалтгаалж дутуу үзүүлсэн бол нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргах бөгөөд нэхэмжлэлийн чанар төлбөрийн хяналтын журмын дагуу хянаж, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 49/A118 хамтарсан тушаалын хавсралтаар баталсан үйлчилгээний жишиг хэмжээнд заасан үнийг баримтлан уг эрүүл мэндийн байгууллагад олгоно гэж заасан.

Үүний дагуу Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/611 дүгээр тушаалын хавсралт СТ1- 12 дугаар маягтыг бөглөн ирүүлсэн тохиолдолд Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 49/A118 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан үйлчилгээний жишиг төлбөрийн хэмжээг заасан үнийг баримтлан уг оношилгоо шинжилгээний зардлыг тухайн багцын төлбөрөөс хасаж, үлдэх санхүүжилтийг нэхэмжилж санхүүжилтээ авах бүрэн боломжтой. Тодруулбал энэ журмын 3.8 дахь хэсэг нь урьдчилан сэргийлэх эрт илрүүлгийн багцыг заавал багцаар үзүүлэх шаардлагагүй, даатгуулагч өөрөө татгалзсан бол маягт бөглүүлэн, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан үйлчилгээний жишиг хэмжээнд заасан үнийг баримтлан уг оношилгоо шинжилгээний зардлыг тухайн багцын төлбөрөөс хасаж, үлдэх санхүүжилтийг нэхэмжлэх эрхтэй юм. Энэ нь хийгээгүй буюу зардал гаргаагүй тусламж үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхгүй гэсэн утгатай болно.

3.5. Даатгуулагч шинжилгээнд орох гээд ирэх үеэр буюу цахим системд бүртгэх үед тухайн насны багцын хамрах насны хүрээнээс нас нь хэтрээгүй байдаг бөгөөд хариугаа авах хооронд төрсөн өдөр нь таарч, нас нэмэгддэг гэсэн байна.

Журмын 5.1-т Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцын нэгж тохиолдлыг тооцон, эрүүл мэндийн даатгалын мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхэд дараах удирдамжийг баримтална гэж заасан бөгөөд тусламж үйлчилгээний төрөлд насны хязгаарыг тодорхой тусгасан.

Тодруулбал даатгуулагч урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад орох гэж ирэх үедээ хэдэн настай байсан тэр насныхаа багцаар оношилгоо шинжилгээнд хамрагдана. Нэхэмжлэлд дурдсанаар хариугаа авах хооронд төрсөн өдөр нь таарч нас нэмэгдэхээр нэмэгдсэн багцаар оношилгоо шинжилгээнд хамруулж байгаа нь дахин нас санхүүжүүлэхгүй байх үндэслэл болно.

3.6. Ийнхүү Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан журам нь хууль болон бодит байдалд нийцээгүй төдийгүй санхүүжилт хассан шалтгаанууд нь эмнэлгийн буруугаас болоогүй гэсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь хуулиар эрх олгогдсон эрх хэмжээний хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу нөлөөллийн шинжилгээг хийж, тус хуулийн 62 дугаар зүйлд зааснаар нээлттэйгээр санал авч баталсан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх тогтоолын санал авах хугацаанд санал өгөх бүрэн боломжтой байсан бөгөөд хариуцагч Бтэй уг журмыг хэрэгжүүлэн ажиллахаар харилцан тохиролцож Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ-г байгуулсан болно. Түүнчлэн уг нэхэмжлэлд даатгуулагч болон Эрүүл мэндийн даатгалын газрын үүргийг бичсэн атлаа гэрээт лавлагаа шатлалын эрүүл мэндийн үүрэг, оролцоог дурдаагүй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бд холбогдох 531,615,000 төгрөг гаргуулах тухай З ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,816,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчсөн тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь ийнхүү нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага, даатгуулагч зэрэг нийтэд чиглэсэн шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн харилцааны субъект байна, "... Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлан гаргасан тогтоол, дээрх журмууд хуульд нийцсэн эсэхэд ерөнхий харьяаллын шүүх дүгнэлт өгөхгүй юм, мөн шүүхийн шийдвэрийг уншиж сонсгохдоо ч "энэ гэрээ нь нийтийн эрх зүйн харилцааг хувийн эрх зүй рүү шууд оруулсан байна. Тиймээс энэ маргаан Захиргааны шүүхийн маргаан байна." хэмээн уг хэргийг иргэний шүүхийн харьяаллын маргаан биш гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг баримтлан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх дээр дурдсаны дагуу иргэний шүүхийн харьяаллын маргаан биш гэж дүгнэсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт "Энэ хуулийн 65.1.1...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.", 65 дугаар зүйлийн 65.1.1. "энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хэргийн харьяалал зөрчсөн" гэсэн заалтыг хэрэглэх байсан. Гэтэл энэ заалтыг хэрэглээгүй нь "шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй" гэсэн нөхцөлийг үүсгэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл бий болсон байна. Ийнхүү төлбөр мөнгөний асуудалд орсон нэхэмжлэгчийг дахин хүнд байдалд оруулж, тэмдэгтийн хураамжаар нь хүртэл хохироож байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Дээрх Хамтран ажиллах гэрээ, талуудын тайлбар, хэргийн бусад үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан үүргийн харилцаа үүссэн байна." хэмээн дүгнэсэн. Ийнхүү гэрЭэ байгуулагдсан гэж дүгнэсэн бол уг Хамтран ажиллах гэрээ-ний 5 дугаар зүйлийн 5.4. "Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас орж ирсэн санхүүжилтийг гүйцэтгэгч буюу З ХХК-ийн дансанд шилжүүлнэ." гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангах ёстой байсан. Гэтэл гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэсэн атлаа гэрээний нэг тал болох хариуцагчаас уг төлбөрийг гаргуулах үндэслэлгүй гэж шийдэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх үндэслэх нь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан журам хууль болон бодит байдалд нийцээгүй, санхүүжилт хассан шалтгаан эмнэлгийн буруугаас болоогүй гэх үндэслэлүүд хэргийг хэлэлцэх явцад хангалттай тогтоогдоогүй, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс батлан гаргасан тогтоол, дээрх журмууд хуульд нийцсэн эсэхэд ерөнхий харьяаллын шүүх дүгнэлт өгөхгүй юм." хэмээн хангалттай тогтоогдоогүй" гэх журамтай холбоотой асуудалд дүгнэлт өгсөн мөртлөө ерөнхий харьяаллын шүүх дүгнэлт өгөхгүй" гээд дүгнэлт өгөөд байгаа эсхүл өгөхгүй байгаа нь ойлгомжгүй, тодорхой биш шийдвэрлэсэн байна.

Ийнхүү нэгэнт үйлчилгээгээ үзүүлээд, өөрөөсөө зардал гаргачихсан байгаа хувийн хэвшлийн эмнэлэг гаргасан зардлаа авч чадахгүйд хүрч, санхүүгийн хүндрэлд улам их орж байна.

Тиймээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01630 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчаас гаргасан тайлбарын агуулга: Б нь Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалын дагуу З ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Манай байгууллага нь З ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээнд заасан ажил үүргээ хийж гүйцэтгэсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.5-д зааснаар талууд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт явуулах нэхэмжлэлийн материалыг цаг хугацаанд нь үнэн зөв бөглөсөн. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч З ХХК-иас хариуцагч Бд холбогдуулан 531,615,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс хүлээн зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь хариуцагч талыг дэмжиж оролцсон байна.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Нэхэмжлэгч З ХХК нь хариуцагч Бтэй 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж Бд харьяаллын болон харьяаллын бус иргэдийг нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулахаар доорх үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон:

 

-Лабораторийн шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, цээжний рентген зураг,

-Хэвийн хэт авиа, бамбайн хэт авиа /40-өөс дээш нас/, хөхний хэт авиа /эмэгтэй 40-өөс дээш нас/, эсийн шинжилгээ ПАП тест /эмэгтэй/,

-Улаан хоолой, ходоодны дуран, эрсдэлийн үнэлгээ, нарийн мэргэжлийн эмчийн үзлэг /халдварт өвчин, халдварт бус өвчин, хавдар/, багцын дүгнэлт, зөвлөгөө өгөх.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар зохигч талууд Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилго, үндсэн чиг үүрэг бүхий хуулийн этгээд нар бөгөөд энэхүү гэрээний дагуу хариуцагч Б нь нэхэмжлэгч З ХХК-нд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоотой холбоотой дүрэм, журам, мэдээлэл танилцуулах, харьяалах нутаг дэвсгэрийн иргэдийн тоон мэдээллийг гаргаж өгөх, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдалтын тайлан мэдээг авч, холбогдох байгууллагад хүргүүлэх, эрт илрүүлэх үзлэгийн хамрагдалт, зохион байгуулалтад хяналт тавих үүрэг хүлээжээ.

 

5. Анхан шатны шүүхийн зохигчдын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэх дүгнэлт учир дутагдалтай байна. Учир нь, талууд ашиг олох болон бусад зорилгыг хамтран хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллаагүй, харин нэхэмжлэгч З ХХК нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллага болохын хувьд хариуцагч Бийн захиалгаар тус дүүргийн Эрүүл мэндийн төвд харьяаллын болон харьяаллын бус иргэдийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйлчилгээ үзүүлэх үүрэг хүлээсэн нь дээрх хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаанд хамаарна.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

6.1. Зохигчдын байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд зааснаар хөлсийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамрагдсан иргэдийн тайлан мэдээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгох, тус байгууллагаас олгосон санхүүжилтийг хариуцагч Б нь нэхэмжлэгч З ХХК-нд шилжүүлэх үүрэг хүлээсэн нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө гэж заасныг зөрчихгүй.

 

6.2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.6-д Гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүргийн зүйлийг өөр этгээдээс хүлээн авах ёстой байсан үүрэг гүйцэтгэгч түүнийгээ авч чадаагүйгээс үүрэг биелээгүй бол үүнээс үүдэн гарах хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж зааснаар хариуцагч Б нь нэхэмжлэгч З ХХК-нд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлага хүлээж болно.

 

6.3. Гэтэл гуравдагч этгээд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 6 дугаар тогтоолоор батлагдсан Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам-ын холбогдох зүйл, заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч З ХХК-нд 343,672,000 төгрөгийн санхүүжилтийг олгохоос татгалзсан байна.

 

Тухайлбал, нэхэмжлэгч З ХХК нь Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах, төлбөрийг нь санхүүжүүлэх журам-ын 2 дугаар 2.2.1-д заасан эрүүл мэндийн даатгалын шимтгэл бүрэн төлөөгүй иргэдэд үйлчилсэн, 3 дугаар зүйлийн 3.1.6-д заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцыг үзүүлэхдээ хийж эхэлснээс хойш дуусах хүртэл 21 ба түүнээс дээш хугацаа зарцуулсан, 3.6.2-т заасан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн багцад хамрагдсан хугацаатай давхцуулан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн иргэдэд үйлчилгээ үзүүлсэн гэх зэрэг зөрчил гаргасан гэжээ.

 

6.4. Талуудын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.3-т зааснаар нэхэмжлэгч З ХХК нь иргэдийг эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах үйлчилгээ үзүүлэхдээ дээрх журмаас гадна Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/139 дугаар тушаалаар батлагдсан Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог зохион байгуулах журам-ыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байна.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.6, 16 дугаар зүйлийн 16.1-д тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой журмыг батлах эрх хэмжээтэй бөгөөд дээр дурдсан журмууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилж байна.

 

Иймд, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг хариуцдаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь нэхэмжлэгч З ХХК-ийг дээрх журмын холбогдох заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээр 531,615,000 төгрөгийг олгохоос татгалзсан үйлдлийг хариуцагч Б нь хариуцахгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/01630 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 гэснийг 359 дүгээр зүйлийн 359.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,816,025 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР