| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0011/Э |
| Дугаар | 185/2019/0011/Э |
| Огноо | 2018-12-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 185/2019/0011/Э
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Жаргалбаяр,
Улсын яллагч Д.Мөнхтогоо,
Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б-н У-д холбогдох эрүүгийн 1709013150929 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт
- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 254 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 265.000 төгрөгөөр торгох,
- Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан бүрэн Боржигон овогт Б-ийн У нь:
- 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны орчим хохирогч Д.Эрдэнэчимэгийн халааснаас “Самсунг Жи 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Эрдэнэчимэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны урдуур явж байхдаа баруун халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Араас нэг эрэгтэй хүн дагаад байх шиг байсан гэжээ. / хх 22 /
Яллагдагч Б.У мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би он сар өдрийг яг сайн санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 10 дугаар байрны урд архи уучихаад явж байгаад хажуугаар 2 эмэгтэй явж байхаар нь арай настай хүнийх нь халааснаас гар утсыг нь мэдэгдэлгүйгээр хулгайлж авсан.Тэгээд Монтел төв дээр очоод утас авдаг хүмүүст 120.000 төгрөгөөр зарсан. Тэгээд зарсан мөнгөөрөө архи уугаад дууссан гэжээ. / хх 28-30 /
Эд зүйлийн үнэлгээ / хх 20 /
Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 19 /
Шүүгдэгч Б.Уг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөо яллагдагчаар байцааж мэдүүлэг авсан тэмдэглэл / хх 28-30 /
Шүүгдэгч урьд ял шийтгүүлсэн эсэхийг шалгасан тэмдэглэл / хх 37 / зэрэг болно.
Шүүгдэгч Б.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хот тохижуулахад ажилд орохоор өргөдлөө өгсөн. Дахин хэрэг хийхгүй гэдгээ амлаж байна гэв.
Шүүгдэгч Б.У нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хорооллын 10 дугаар байрны орчим хохирогч Д.Эрдэнэчимэгийн халааснаас “Самсунг Жи 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …10 дугаар байрны урдуур явж байхдаа баруун халааснаасаа гар утсаа хулгайд алдсан. Араас нэг эрэгтэй хүн дагаад байх шиг байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Д.Эрдэнэчимэгийн мэдүүлэг / хх 22 /, ... Хажуугаар 2 эмэгтэй явж байхаар нь арай настай хүнийх нь халааснаас гар утсыг нь мэдэгдэлгүйгээр хулгайлж аваад Монтел төв дээр очоод утас авдаг хүмүүст 120.000 төгрөгөөр зарсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Б.Угийн мэдүүлэг / хх 28-30 /, ...Эд зүйлийн үнэлгээ / хх 20 /, ...Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 19 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Уг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн тул, түүний учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.У нь цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч нь 250.000 төгрөг хүлээн авсан нэхэмжлэх зүйлгүй / хх 23 / гэсэн тул шүүгдэгчийг төлөх төлбөргүйг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б-ийн У-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б-ийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 / хоёр зүүн тавин / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөр болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Уд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ