Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 102/2023/04133/И |
Дугаар | 210/МА2024/01269 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 210/МА2024/01269
2024 06 21 210/МА2024/01269
Т ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/01019 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Т ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М ХХК, Ц.Ц, З нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 912,058,180,000.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч М ХХК, Ц.Ц нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч Ц.Ц, хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Манай банк зээлдэгч М ХХК-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 800,000,000.00 төгрөгийг тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх зориулалтаар жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгосон. Түүнчлэн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар Ц.Цийн өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай Б дүүрэг, ..... хороо, .... гудамж, 1 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ........ дугаартай 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг тус тус барьцаалсан.
Үүнээс гадна хариуцагч Зтай батлан даалтын гэрээ байгуулж үндсэн зээлийн 41.81 хувь буюу 334,480,000.00 төгрөгийг батлан даахаар тохирсон.
Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ба 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр үндсэн хүү 1,406.00 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн хүү 25,756.00 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр үндсэн хүү 6,997,000.00 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр үндсэн зээлээс 7,000.00 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр үндсэн хүүнээс 3,000,000.00 төгрөг, харин З батлан даалтын гэрээний дагуу 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр үндсэн зээлд 167,238,537.00 төгрөг төлсөн боловч үүнээс хойш хариуцагч нар төлбөрийг төлөөгүй.
Бид 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрүүдэд зээл төлөх, гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлийг зээлдэгчид өгсөн бөгөөд 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр уулзалт хийж байсан боловч өнөөдрийн байдлаар гэрээний үүрэг биелэгдээгүй байна. Ингээд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар хариуцагч М ХХК-иас үндсэн зээлд 465,514,463.00 төгрөг, зээлийн хүүнд 277,669,450.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,634,267.00 төгрөг, нийт 744,818,180.00 төгрөгийг, хариуцагч Згаас 167,240,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.
Гэвч хариуцагч З 167,238,537.00 төгрөгийг төлсөн бөгөөд талуудын байгуулсан батлан даалтын гэрээнд эхний ээлжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тохирсон тул тухайн хариуцагчаас татгалзаж байна.
Иймд, хариуцагч М ХХК, Ц.Ц нараас 912,058,180,000.00 төгрөг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч М ХХК, Ц.Ц нарын тайлбар, татгалзлын агуулга:
Т ХК-тай 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 120 сарын хугацаатай 800,000,000.00 төгрөгийг зээлсэн. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан зээлийн дүн болон зээлийн төлбөртэй холбоотой тайлбар, тооцоолол нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК, Ц.Ц нараас 912,058,180.00 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т ХК-нд олгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Ц.Цийн өмчлөлийн улсын бүртгэлийн .... дугаартай Б дүүрэг, ..... хороо, .... гудамж, 1 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ........ дугаартай 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч Зд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 718 241 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Монголиан пропет корпорейшн ХХК, Ц.Ц нараас 4 718 241 /дөрвөн сая долоон зуун арван найман мянга хоёр зуун дөчин нэг/ төгрөг гаргуулж Т ХК-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.4 дэх хэсэгт заасныг шүүх буруу тайлбарлан хэрэглэж, мөн хуулийн 6 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим болох мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Хариуцагч Ц.Цийн зүгээс эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон талаар, мөн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг гаргаж холбогдох эмнэлгийн магадлагааг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
Гэтэл шүүхээс уг баримтын үнэн зөвийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч нь эмнэлгийн магадлагаа, холбогдох хүсэлтээ шүүх хураладааны өмнө өгсөн атал энэ баримтын талаар "Энх-Ану" эмнэлгээс тодруулж шалгаагүй атлаа зөвхөн магадлагааны хэсэгт эмчийн гаргасан техник алдааг үндэслэн дүгнэж хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.
Хариуцагч Монголиан проперт корпорэйшн ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүү нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаан давхардсан талаар нотлох баримт болон хүсэлтийг шүүх хуралдааны өмнө шүүхийн [email protected] сайтаар явуулсан боловч шүүгчийн туслах Азжаргал нь таны хүсэлт ирээгүй байна гэдгээр хүлээн аваагүй.
Мөн нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлага тодруулж бичгээр өгсөн атал тодруулсан шаардлагыг хариуцагч нарт гардуулж зохигчдын мэтгэлцэх эрхийг хангахгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч М ХХК болон Ц.Ц нарт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 912,058,180,000.00 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч Т ХК нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч М ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 800,000,000.00 төгрөгийг тэжээвэр амьтдын цогц үйлчилгээг өргөтгөх зориулалтаар жилийн 13.82 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай олгохоор тохирчээ /х.х 10-13/.
4. Түүнчлэн талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар хариуцагч Ц.Цийн өмчлөл, эзэмшлийн улсын бүртгэлийн .... дугаартай Б дүүрэг, ..... хороо, .... гудамж, 1 тоот хаягт байрлах 617 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн ........ дугаартай 579 м.кв үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан байна /х.х 14-20/.
5. Зохигчид зээлийн гэрээний зүйл болох 800,000,000.00 төгрөгийг зээлдэгчид өгсөн болон хариуцагч З нь үндсэн зээлээс 41.81 хувь буюу 334,480,000.00 төгрөгийг батлан даахаар тохирсон эсэх талаар маргаагүй /х.х 23-27/.
6. Нэхэмжлэгч Т ХК нь 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч М ХХК-иас үндсэн зээлийн үлдэгдэл 465,514,463.00 төгрөг, зээлийн хүүнд 277,669,450.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,634,267.00 төгрөг, нийт 744,818,180.00 төгрөгийг, хариуцагч Згаас үндсэн зээлийн үлдэгдэл 167,240,000.00 төгрөгийг тус тус нэхэмжилж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц.Цийн өмчлөл, эзэмшлийн барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргажээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Т ХК нь М ХХК-ийг зээлдэгчийн, Зг батлан даагчийн, Ц.Цийг барьцаалуулагчийн хувьд хариуцагчаар тодорхойлсон байна /х.х 1-3/.
7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хариуцагч нарт 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр болон 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан байна.
8. Гэтэл нэхэмжлэгч Т ХК нь 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Згаас татгалзаж, улмаар 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 167,240,000.00 төгрөгөөр нэмэгдүүлж хариуцагч М ХХК-иас гадна барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хариуцагч болох Ц.Цээс зээлийн гэрээний үүрэгт 912,058,180,000.00 төгрөгийг нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг тэдгээрт гардуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ /х.х 57, 111/.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хариу тайлбар, татгалзал болон нотлох баримт өгөх үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг тайлбарлаж өгөх үүрэгтэй байхад анхан шатны шүүх хуульд заасан энэхүү ажиллагааг хийж гүйцэтгээгүйн улмаас хариуцагч нарын мэтгэлцэх эрх зохих ёсоор хэрэгжээгүй байх тул тэдгээрийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
10. Харин хариуцагч нарын шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаагүй гэсэн гомдлын хувьд анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхүүгийн хэргийн материалтай танилцах хүсэлт, мөн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч Ц.Цийн эмнэлгийн магадлагааг үндэслэн тус тус хойшлуулж, энэ өдөр талуудад 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Үүнээс үзвэл анхан шатны шүүх хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд эрхийг нь хангасан ба эмнэлгийн магадлагааг шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй нь үндэслэлтэй боловч нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч нарт гардуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох ба давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцээх боломжгүй байна.
11. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2024/01019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,718,241.00 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Б.МАНДАЛБАЯР