| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0245/Э |
| Дугаар | 243 |
| Огноо | 2019-03-15 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: П.Ганбаатар,
Нарийн бичгийн дарга: С.Уранбилэг,
Шүүгдэгч …………/өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ………………..холбогдох эрүүгийн 18090200901144 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч О нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Эм Ти Эс” гэх барилгын орчим иргэн Гыг хувийн таарамжгүй харьцаа буюу цалин өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, тухайн үед шанаа хэсэг рүү нь баруун гараараа цохисон, мөргөсөн чинь хойшоо болоод шүд ньтаарсан.Тухайн үедээ гайгүй гэж бодоод л явсан.Нөгөөдөр нь ажил дээр ирээд цагдаад баривчлагдсан.Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.
Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Гын мэдүүлэг /хх- 8-13, /, сэжигтэн, яллагдагчаар өгсөн Оын мэдүүлэг /хх-24,29/, шүүх шинжилгээний 694 тоот дүгнэлт /хх-19, 25/, шүүгдэгч Оын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Эм Ти Эс” гэх барилгын орчим иргэн Гыг хувийн таарамжгүй харьцаа буюу цалин өгсөнгүй гэх шалтгааны улмаас маргалдан зодож 2 шүдний булгарал, 2 шүдний сулрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр барилга дээрээ ажилласан. Үдээс хойш манай ажилтан Ууганбаяр согтуу орж ирээд инженер Баттөмөртэй маргалдаад байхаар нь Баттөмөр хүн дуудаж гаргасан.Тэгээд би 20 цагийн үед ажлаа тараад явж байхад Ууганбаяр ирээд Баттөмөр та 2 адилхан зан гаргаж байн уу гэж хэлээд намайг заамдаж аваад толгойн дээд хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед би 2 гарыг нь бариад авсан чинь Ууганбаяр урдаас шүд рүү мөргөж 4 шүд хөдөлгөөнтэй болсон. Ууганбаяр согтуу, би эрүүл байсан. Миний 4 шүдний 2 нь уначихсан, гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-13/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн “2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 5277 дугаартай “...Гын биед 4 шүдний сулрал, уруулд язарсан шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 19/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн 694 дугаартай “...Гын биед хийсэн үзлэгээр зүүн дээд 1, 2 дугаар шүдний булгарал, баруун дээд 1, 2 дугаар шүдний сулрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Урьд гаргасан шинжээчийн 2577 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Хоёр шүдний булгарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 11.52.2-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 25х/,
Сэжигтэнээр өгсөн Оын “...2018 оны 04 дүгээр сард хамт ажилладаг Гтай халаас ухлаа, цалингаа өгсөнгүй гэж маргалдсан. Ингээд барилгаас гараад Галбадрахыг гарч ирэхийг 2 цаг орчим хүлээгээд гарч ирэхээр нь шанаан тус газар нэг цохиж шүд рүү нь нэг удаа мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх- ийн 29/,
Яллагдагчаар өгсөн Оын “...өмгөөлөгч авахгүй мэдүүлэг өгнө. Би эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцсан. Би урьд сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Оыг /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, түүний цагдан хоригдсон 40 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүх хуралдааны явцад хохирогчийн оролцуулах талаар улсын яллагч саналгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Иймд шүүх хуралдаанд хохирогч Гыг оролцуулахгүйгээр шийдвэрлэж, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг хэрэгт авагдсан баримтаар шийдвэрлэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оаас 19 000 төгрөгийг гаргуулж хохирогч Гад олгохоор шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оыг 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч урьд цагдан хоригдсон 40 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ тогтоолоор оногдуулсан 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг түүний цагдан хоригдсон 40 хоногийн 8 цагаар тооцож /40 хоног*8 цаг=320 цаг/, түүний эдлэх ялаас хасч нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэнд тооцсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оаас хохирол 19 000 төгрөгийг гаргуулж хохирогч Гад олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч От хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ