Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01297

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 210/МА2024/01297

 

 

 

Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01305 дугаар шийдвэртэй,

 

Бгийн нэхэмжлэлтэй,

М ХХК-нд холбогдох,

 

19,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр М ХХК-тай орон сууц захиалан бариулах тухай гэрээ байгуулсан. Дээрх гэрээний дагуу гүйцэтгэгч нь .... хотхоны Д блок, 1 дүгээр орц, 2 давхар, 206 тоот хаягт 45.4 м.кв талбайтай 2 өрөө байрыг барьж гүйцэтгэх, захиалагч миний бие урьдчилгаа төлбөрт 20,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 52,640,000 төгрөгийг мөн оны 05 дугаар сарын 13-ны өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон.

Намайг М ХХК-ийн борлуулалтын албатай анх уулзахад 70 хувийн гүйцэтгэлтэй, удахгүй ашиглалтад орно, хямд байгаа дээр нь бэлэн мөнгөтэй бол гэрээ байгуулаад төлбөрөө төлж байхгүй бол дуусчихна шүү гэсэн мэдээлэл өгсөн. Би, төлбөрийн урьдчилгаа болох 20 сая төгрөгийг компанийн дансанд шилжүүлээд банкнаас зээл хөөцөлдөөд явж байхад М ХХК-иас дээрх байрыг 30-40 хувийн гүйцэтгэлтэй гэсэн тодорхойлолт өгсөн учир банкны зээл бүтээгүй.

Гүйцэтгэгч нь худал мэдээлэл өгч надтай гэрээ байгуулсан болох нь гаргаж өгсөн бичгээр тодорхой болсон учир миний бие гэрээг цуцлах саналыг компанийн хуульч Б.Мөнх-Одод уламжлаад бид нар гэрээ цуцалсан акт үйлдсэн. Гэвч гэрээг захиалагчийн санаачилгаар цуцалж байгаа учир 500,000 төгрөгийг суутган авч үлдэх ёстой, харин үлдэх 19,500,000 төгрөгийг гүйцэтгэгч нь байрыг бусдад зарсан хойно, эсхүл гэрээ цуцалсан акт үйлдсэнээс хойш 180 хоногийн дараа буцааж төлнө гэсэн. Би, уг хугацааг хүлээж байгаад тус компанийн хуульчтай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзахад тэрээр манай компани таныг төлбөрийг оны өмнө өгч чадахгүй, оны дараа ч гэсэн боломжгүй гэсэн хариуг өгсөн. Иймд, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ цуцалсан актын дагуу хариуцагчаас 19,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч М ХХК-иас шүүхэд хариу тайлбар гаргаагүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, хариуцагч М ХХК-иас 19,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 255,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 255,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бд олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дүгээр сарын 29-нna өдрийн 181/ШШ2024/01305 дугаартай шүүхийн шийдвэрт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 161 дугаар зүйлийн 161.1 дэх хэсгийг үндэслэн дараах байдлаар гомдол гаргаж байна. Үүнд:

1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одгэрэл нь Б нэхэмжлэлтэй шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүх хуралд оролцох боломжгүй байгууллагын зүгээс шинээр итгэмжилсэн төлөөлөгч томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан тул "Иргэний хуулийн 100.3"-т зааснаар шүүх эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг хангаж байна.

2. Тогтоох хэсгийн 1-т "Иргэний хуулийн 243.1, 205.1 дахь хэсэгт зааснаар хариуцагч М ХХК-аас 19.500.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Бд олгосугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

Нэгдүгээрт, ИХШХШТХ-ийн 6 дугаар зүйлд заасанчлан мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хоёрдугаарт, ИХШХШТХ-ийн 25, 26 мөн тус хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2 зүйлүүдэд заасанчлан зохигчдын биечлэн оролцох эрхээр хангаагүй, гуравдугаарт, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхээр хангаагүй зэрэг зүйлс багтана.

Иймд, анхан шатны шүүхийн "М" ХХК-с 19,500,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 255,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Бд олгох шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан орон сууцны төлбөрт шилжүүлсэн 19,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлд хариу тайлбар ирүүлээгүй байна.

 

3. Зохигчдын 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан гэрээгээр хариуцагч М ХХК нь Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороонд байрлах .... хотхон орон сууцнаас Д блок, 1 дүгээр орц, 2 дугаар давхар, 206 тоот 45.04 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор багтааж ашиглалтанд оруулж хүлээлгэн өгөхөөр, нэхэмжлэгч Б нь орон сууцны төлбөрт 72,640,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, үүний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 20,000,000 төгрөгийг төлжээ.

 

Энэхүү үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

4. Гэвч нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасныг хариуцагч тал хүлээн авч, улмаар талуудын 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гэрээг цуцлах тухай актаар хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 20,000,000 төгрөгөөс гэрээг хугацаанаас нь өмнө захиалагчийн хүсэлтээр цуцалсны хохиролд 500,000 төгрөгийг суутган авч, үлдэх 19,500,000 төгрөгийг 180 хоногийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

5. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 19,500,000 төгрөгийг буцааж өгөх үүрэг хүлээнэ.

 

6. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1. Нэхэмжлэгч Б нь хариуцагч М ХХК-нд холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2024/00885 дугаар захирамжийн дагуу хариуцагчийг 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд албадан ирүүлж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

 

6.2. Мөн шүүхээс хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагчид мэдэгдсэн боловч 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

 

Тодруулбал, анхан шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримт ирүүлээгүй гэсэн үндэслэлээр хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар дугаар 100.2-т заасантай нийцжээ.

 

Үүнээс үзвэл хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, аль эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн талаар маргаагүй гэж дүгнэнэ.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2024/01305 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 256,727 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

 

ШҮҮГЧИД  С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР