Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01298

 

 

 

 

 

 

 

 

 

2024 06 24 210/МА2024/01298

 

 

 

Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01568 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Тийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц.Пид холбогдох,

 

Төрд учруулсан хохирол 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Дэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Ц.П нь У газрын даргаар ажиллаж байх хугацаандаа 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 тоот тушаалаар Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Аыг төрийн албанаас чөлөөлсөн бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 389 дугаар ажилд томилох тушаалаар түүнийг ажилд нь буцааж томилоогүй. Уг тушаал нь У газрын үйл ажиллагаа стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц орон тооны дээд хязгаарыг батлах А/16 тушаалыг үндэслэж эхэлж чөлөөлж, буцааж Б.Аыг томилоогүй.

Б.А нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 тоот шийдвэрээр энэхүү 388 тоот тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, түүнийг албан тушаалд нь буцааж томилохыг У газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэсэн. Түүнчлэн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дүгээр тогтоол тус тус гарсан. Гэвч эдгээр тогтоолыг гарсны дараа Ц.П нь У газрын дарга албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ба Улсын бүртгэл статистикийн ерөнхий газрын даргын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/95 тоот тушаалаар Б.Аыг шүүхийн шийдвэрийн дагуу Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтэст албан тушаалдаа эгүүлэн томилогдсон.

Мөн Б.А нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин хөлс буюу 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс ажилд томилогдох хүртэл буюу 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх талаар шүүхэд хандсан ба тус шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 199 тоот Улсын бүртгэл статистикийн ерөнхий газраас 5,531,871 төгрөгийг гаргуулж Б.Ад олгохыг даалгасан. Ингээд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/121 дугаар хөрөнгө хуваарилах тушаалын дагуу Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу 4,152,514 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 199 дугаартай шийдвэрийн дагуу 5,531,871 төгрөг, нийт 9,684,385 төгрөгийг гаргаж Б.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас гаргуулан олгосон.

Би, Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцаас мөнгө гарсан гэдгийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/802 дугаар хамтран ажиллах тухай албан бичгийг тус байгууллага руу хүргүүлж 2018 оноос хойш багцаас гарсан мөнгөтэй холбоотой тушаал, шийдвэрийг ирүүлэх, мөн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхийн тусгай архив руу Б.Атай холбоотой шүүхийн шийдвэрийг татаж, 2023 оны 05 дугаар сарын 18-ны Тийн албан бичгээр У газар руу нэр бүхий албан хаагчдыг төрийн албанаас халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөн болон төрийн албан тушаалд эгүүлэн томилсон ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгосон талаарх баримтуудыг тус тус авч мэдсэн.

Манай байгууллага 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 04/1237 тоот төрд учирсан хохирлын мэдэгдлийг хүргүүлж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 01/1811 тоот албан бичгээр тус шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу Т шаардах эрхээ мэдсэн даруйдаа буюу мэдсэн цагаасаа эхэлж шаардлагаа хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх мэдсэн цагаасаа гаргасан гэж тооцож нэхэмжлэлийн шаардлага гаргасан тул хариуцагч Ц.Поос 9,684,385 төгрөгийг гаргуулж төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2 дахь хэсэгт заасныг баримтлан төрд учирсан хохирлыг гаргуулах эрхтэй гэх боловч 2017 онд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулийг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн дагуу Б.Аын ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг Хууль зүйн сайдын 2018 оны А/121 тоот тушаалын дагуу 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжүүлж олгосон байна. Иймд, нэхэмжлэгч Тд шинэчлэн баталсан Төрийн албаны тухай хуулиар 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шаардах эрхийг олж авсан тул түүнээс өмнөх цаг хугацааны асуудлыг буцаан хэрэглэх замаар шаардах эрхгүй.

Онолын үүднээс тодорхой цаг хугацаанд болсон үйл явдлын эрх зүйн үр дагаврыг тогтоохдоо тухайн цаг хугацаанд үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг баримтална. Эрх зүйн хэм хэмжээг өөр, өөр цаг хугацаанд өрсөлдүүлэх тохиолдолд эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг сонгож хэрэглэнэ. Энэ хүрээнд хуулийг буцаан хэрэглэх зарчим материаллаг эрх зүйн хүрээнд үйлчилнэ. 2002 оны Төрийн албаны тухай хуулиар Тд ийнхүү төлөөлөн нэхэмжлэл гаргах эрх хуулиар олгогдоогүй, хуулийн 35 дугаар зүйлд заасан тус байгууллагын эрх хэмжээ, 39 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэх зохицуулалтад ийм эрх тусгагдаагүй. Харин ажил олгогч байгууллага буюу У газрын хувьд Ц.Поос шаардах эрхтэй боловч өнөөг хүртэлх хугацаанд хохирол шаардаагүй, шаардаж байгаагүй болно.

Шүүхийн шийдвэрийн дагуу Б.Ад олговрыг Хууль зүйн сайдын 2018 оны А/121 тоот тушаалын дагуу 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон. Хариуцагчаас хохирол шаардах эрх ийнхүү мөнгийг олгосон цаг үеэс эхлэн тоологдож эхлэх тул Ц.Поос шаардах Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан таван жилийн хугацаа 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр дуусгавар болсон. Харин нэхэмжлэгч Төөс тус шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийг гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон.

2002 оны Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах гэж, мөн Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тус тус зохицуулсан. Харин хохирлыг арилгасан ажил олгогч ажилтнаасаа буцаан шаардах эрхийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заахдаа ийнхүү ажилтнаас буцаан шаардах /регресс/ эрхийн бүрэлдэхүүн буюу урьдчилсан нөхцөлд гэм буруугийн бүх хэлбэрийг хамаатуулаагүй, зөвхөн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй хандсан гэм буруутай тохиолдолд ажилтнаас буцаан шаардах эрх үүснэ.

Монгол Улсын Засгийн газраас төсвийн зардлыг бууруулах зорилгоор төрийн албан хаагчийн орон тоог цомхотгох чиглэлийг баримталж, 2014 оны Засгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай 387 дугаар тогтоолоор зарим агентлагуудыг нэгтгэж, татан буулгаж, агентлагуудын орон тоог цөөрүүлэхдээ У газрын орон тоог 155 орон тоотой /зөвхөн ерөнхий газрын хэмжээнд/ байхаар шинэчлэн тогтоосон. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс Хууль зүйн Сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн У газрын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг батлах тухай А/16 дугаар тушаалаар тус газрын бүтэц орон тоог /Ерөнхий газарт 155 + дүүрэг 355 + орон нутагт 760 = 1269/ шинэчлэн баталсан. Ингэснээр зөвхөн У газрын хэмжээнд ажиллаж байсан 196 ажилчин, албан хаагчдыг 155 болгож цөөрүүлсэн тул У газрын даргын 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалаар нийтдээ 196 ажилтан, албан хаагчдыг чөлөөлж, мөн өдрийн 389 дүгээр тушаалаар томилох ажиллагаа явагдсан. Үүнээс Б.Аын тухайд орон тоо хасагдсан тул чөлөөлж, түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон. Энэ маргааны тухайд хариуцагч Ц.П нь У газрын даргаар ажиллах үедээ Б.Аыг ажлаас чөлөөлөхдөө шууд санаатай хэлбэрээр төрд хохирол учруулах санаа зорилго анхнаасаа агуулаагүй. Харин Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яамны гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс өөрийн байгууллагын ажилтан, албан хаагчдыг батлагдсан орон тооны хязгаарт нийцүүлэх үүднээс томилох, чөлөөлөх ажиллагааг гүйцэтгэсэн.

2002 оны Төрийн албаны хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ гээд 13.1.4-т харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх гэж заасны дагуу У газрын дарга бөгөөд төрийн захиргааны албан хаагчийн хувиар зайлшгүй хийж гүйцэтгэх ёстой хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлсэн. Хэдийгээр шүүхээс 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан төрийн байгууллага өөрчлөн зохион байгуулагдсан үед орон тоо цөөрсөн бол ... ажилтнуудаас мэргэжлийн түвшин ур чадвар, ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангасан ажилтныг сонгон шалгаруулж авах заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн хэдий ч нийт 196 ажилтнуудын чөлөөлөх, томилох тушаал гаргахдаа Ц.Пийн зүгээс бусдад санаатай үйлдлээр, мөн илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулах хүсэл зорилго байгаагүй. Мэдээж 196 ажилтантай байсан газрыг 155 орон тоотой болгож багасгахад орон тоо хасагдсан, цөөрснөөс ажилтнууд чөлөөлөгдөх тул аль болох хууль тогтоомжид нийцүүлэх, алдаа гаргахгүй байх, ажилтнуудын эрх ашгийг хөндөхгүй байх зорилгыг агуулж ажилласан. Гэм буруугийн хэр хэмжээний хувьд Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2 дахь хэсэгт гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ гэж, 230 дугаар зүйлийн 230.3 дахь хэсэгт гэм хор учрах буюу түүнээс урьдчилан сэргийлэх, учирсан гэм хороос үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буюу эрх бүхий этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ нөлөөлсөн бол гэм хорыг арилгах үүрэг болон түүний хэмжээг тодорхойлохдоо тэдгээрийн гэм буруугийн хэмжээг харгалзана гэж тус тус заасан.

У газрын хувьд улсын хэмжээнд нэгдсэн байдлаар иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл гэсэн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг, тухайн үедээ нийтдээ 1269 ажилтан, албан хаагчтай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Хууль зүйн Сайдын 2015 оны А/16 дугаар тушаалаар тус байгууллагын эрхэм зорилгыг дээрх гурван төрлийн бүртгэлийн ажиллагаа болохыг тодорхойлсон байдаг. Иргэд олон нийтэд гадагш чиглэсэн өргөн цар хүрээтэй энэхүү үйл ажиллагааг салбар хуулиудын дагуу хэрэгжүүлэхэд У газрын даргын хувьд ерөнхий удирдлагаар хангаж ажилладаг. Үүний хажуугаар дотогш чиглэсэн байгууллагын зохион байгуулалтыг уялдуулж ажиллахад зөвхөн ганц хүний хэр хэмжээнээс хэтрэх тул боловсон хүчний бодлого, эрхийн актын хэрэгжилт болоод өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй Тамгын газар тус байгууллагын бүтцэд бий. Нэг зэрэг 199 ажилтныг чөлөөлөх, томилох ажиллагаанд зөвхөн байгууллагын даргаас гадна тамгын газар, хүний нөөц хариуцсан ажилтнууд тодорхой хэмжээнд оролцох, тушаалын төслийг боловсруулах, ажилтнуудыг шинэчлэгдсэн бүтцийн дагуу мэргэжил ур чадварын хувьд хэн нь илүү хангах, тухайн ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хэн нь илүү хангах талаарх холбогдох судалгаа зэргийг чиг үүргийн дагуу гаргах замаар оролцсон. Иймд тушаалыг эцэслэн баталсны хувьд зөвхөн нэг хүнд бүх үр дагаврыг хариуцуулахаар шаардаж байгаа нь учир дутагдалтай.

Хуульд зааснаар гэм хор учрах болсон шалтгаан нөхцөл, хамтын оролцооны байдал, гэм буруугийн хэр хэмжээг шүүх зайлшгүй харгалзах учиртай. Хохирлын хэмжээний тухайд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэрээр, 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 4,152,514 төгрөг, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шийдвэрээр: 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 5,531,871 төгрөг олгохоор заасан. Нэхэмжлэгч уг шийдвэрүүдийг үндэслэж хохирлын хэмжээгээ тооцжээ. Ц.П миний бие Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 19 дүгээр тогтоолоор У газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн тул түүнээс хойших цаг хугацааны олговрыг шаардах учиргүй. Мөн Б.Ад ажлаас чөлөөлөгдөхөд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 393 дугаар тушаалаар түүнд 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон. Энэ талаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэсэн.

Иймд Б.Ад 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойших хугацааны олговрыг тооцох учиртай. /2015.09.09-2016.01.04 хүртэл ажлын 79 хоног, нэг өдрийн дундаж цалин 36.108 төгрөг /2016 оны шийдвэрт дурдсан/, нийт 2,852,532 төгрөг болно. Гэтэл шүүх тушаал гарсан 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрөөс хойш олговрыг тооцож алдаа гаргаж, эсрэгээр Б.А энэ хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Харин алдаатай тооцож илүү олгосон явдалд хариуцагч Ц.П хамааралгүй. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн шүүхийн шийдвэр гарах үед У газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан. Тус шүүхэд нэхэмжлэгч Төөс Ц.Пид холбогдуулан 7 тусдаа нэхэмжлэлээр нийт 56,601,387 төгрөгийг шаардаад байна. /нэхэмжлэлүүдийг хавсаргав/ /11,487.905 + 4,395.099 + 10,271.647 + 9,684,385 + 12,190,036 + 4,084,120 + 4,488,195/ Үүнээс энэ маргаанд хамаарах бүтцийн өөрчлөлт хийгдсэн 2015 оны 388 дугаар тушаалтай холбоотойгоор 4 тусдаа нэхэмжлэлээр нийт 30,446,736 төгрөгийг шаарджээ. /9,684,385+12,190,036 +4,084,120 + 4,488,195/ 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 2021 онд шинэчлэн баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт ажилтны буруугаас учруулсан хохирлын дээд хэмжээг зургаан сарын дундаж цалин хөлснөөс хэтрэхгүй байхаар заасан. Хэдийгээр Ц.Пийн тухайд төрийн үйлчилгээний ажилтан биш хэдий ч Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар ажилтнаас хохирлыг буцаан шаардаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан дээрх зохицуулалтыг төсөөтэй хэрэглэх замаар хохирлын хэмжээг тооцох боломжтой гэж үзэж байна.

Ажил үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор захиргаа эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тохиолдолд хохирлыг тооцох арга аргачлал төрийн /захиргааны, тусгай, үйлчилгээний албан хаагч/ болоод төрийн бус бүх байгууллагын ажилтанд адил тэгш байх учиртай. Эцэст дүгнэхэд Төрийн албан хаагчийн дотогш чиглэсэн шийдвэрийн улмаас иргэнд олгох нөхөн олговор бүрийг төр тухайн шийдвэрийг гаргасан албан хаагчаас буцаан нэхэмжилж байгаа нь төр хариуцлагаас бүрэн чөлөөлөгдөж буй хэлбэр болно. Мөн аливаа иргэн төрийн албан хаагч байхдаа гаргасан бүх шийдвэрийн хариуцлагыг тухайн шийдвэрийг гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлд эргээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, тэгш байдал-ын зарчим, төр болон ажил олгогч ажилтан, албан хаагчид хяналт тавих байдлаар хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэх стандарт тогтоох талаарх Төрийн албаны тухай хуулийн суурь зорилго, зарчимтай нийцэхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1, 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Поос төрд учирсан хохиролд 9 684 385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Т нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Хариуцагч Ц.П нь У газрын даргаар ажиллаж байхдаа 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 388 дугаар тушаалаар тус газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Аыг албан тушаалаас нь чөлөөлжээ.

Иргэн Б.А нь дээрх 2015 оны 388 дугаар тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шийдвэр тус тус гарч ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэжээ.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дүгээр тушаалаар 9,684,385 төгрөгийг Б.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог.

Өөрөөр хэлбэл, ажлаас хууль бусаар чөлөөлөх шийдвэр гаргасан этгээд нь У газрын дарга Ц.П юм. Т нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн төрд учруулсан хохирол 9,684,385 төгрөгийг Ц.Поос гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Тодруулбал, хариуцагч Ц.П нь албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа тус газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсийн ахлах мэргэжилтэн б.Аыг төрийн албанаас чөлөөлсөн, уг чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг захиргааны 3 шатны шүүх тогтоосон.

Улмаар Тийн зүгээс Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу шаардах эрхээ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр зөрчигдсөн талаарх мэдсэн бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд нотлох баримтаар гарган өгч, шаардах эрхээ мэдсэн даруйдаа шаардлагаа хүргүүлж, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Гэтэл анхан шатны шүүх ...Т хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнөх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

Учир нь, Т төрийн аль шатны байгууллагаас хэзээ ямар төлбөр гарч, хэнд олгож, төрд хохирол учирч байгааг нэг бүрчлэн мэдэх боломжгүй юм. Түүнчлэн Иргэний хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж хуульчилсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэж заасан хэдий ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр болсон бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж ойлгохоор байна.

Хариуцагч Ц.Пийн хууль бус шийдвэрийн улмаас Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дүгээр тогтоол, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 199 дүгээр шийдвэр тус тус гарсан.

Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Хөрөнгө хуваарилах тухай А/121 дүгээр тушаалаар нийт 9,684,385 төгрөгийг Б.Ад ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцож олгосон байдаг.

Иймд, шүүхийн шийдвэрийн үндсэн дээр төрд хохирол учирсан тул хөөн хэлэлцэх хугацааг арван жил байхаар тооцоход хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна. Хариуцагч Ц.Пийн гаргасан тушаал хууль бус болохыг шүүх тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хариуцагч нь өөрийн гаргасан хууль бус шийдвэрийн эрх зүйн үр дагаврыг өөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу гэм хор учруулагч учирсан гэм хорын хооронд үр дагавар, шалтгаант холбоо тогтоогдож байх тул төрд учруулсан гэм хорыг хариуцагч хариуцан арилгах үүрэгтэй. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь Т нь 2002 оны Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлд Зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 35.1.2-т 39.1 дэх хэсэгт заасан маргааныг хянан шийдвэрлэх албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулахаар төрийн өмнөөс нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхийг хуулиар олгосон байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичиг ирсний дараа энэ эрх зөрчигдсөн талаар мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу албан бичгээр хариу ирэхээс өмнө мэдэх ёстой байсан. Тийм учраас 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээс эрх зөрчигдсөн талаар мэдсэн гэж байгаа нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт заасны дагуу албан бичгээр хариу ирэхээс өмнө мэдэх ёстой байсан. Иймд Иргэний хуульд заасны дагуу тусгайлан олгох буюу бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар хуульчилсны дагуу Улсын Дээд Шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 дүгээр тогтоолын дагуу 5 жилээр тооцож, 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас хойш 3 жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахаас татгалзаж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Пид холбогдуулан төрд учруулсан хохирол 9,684,385 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 тоот шийдвэрээр У газрын даргад холбогдох 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 388 дугаар тушаалын Б.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгож, У газрын Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний ажилд томилоогүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ажилд томилохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

 

3.2. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2016/00199 тоот шийдвэрээр Б.Аын нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох ажилгүй байсан 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 6,078,186 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлээс 5,531,871 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.

 

3.3. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/121 тоот тушаалаар төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулах 1,560,538,748 төгрөгийг холбогдох этгээдүүдэд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад даалгасны дагуу Б.Ад нийт 9,684,385 төгрөгийг олгожээ.

 

4. Харин зохигч талууд Б.Аыг хууль бусаар ажлаас чөлөөлсөнтэй холбоотойгоор түүнд ажилгүй байсан хугацааны цалин хөлсний олговорт төрөөс төлсөн 9,684,385 төгрөгийг хариуцагч Ц.П нь нөхөн төлөх үүрэгтэй болон нэхэмжлэгч Т нь хариуцагчаас шаардах эрхтэй эсэх талаар маргасан.

 

5. Төрийн албаны тухай хууль /2017 он/-ийн 50 дугаар зүйлийн 50.2-т Төрийн албаны төв байгууллага шүүхийн шийдвэрийн биелэлтийн талаар бүртгэл хөтөлж, төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасан хэдий ч Б.Аыг ажлаас чөлөөлсөн болон түүнийг урьд өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд нь буцаан томилох тухай хэрэг маргааныг хянан шийдвэрлэх цаг хугацаанд 2002 оны Төрийн албаны тухай хууль үйлчилж байсан.

 

6. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-т хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах зарчмын хүрээнд хариуцагч Ц.Пийн хууль бус шийдвэрийн улмаас Б.Ад учирсан хохирлыг төр хариуцах боловч энэ нь тухайн хууль бус шийдвэр гаргасан албан тушаалтныг хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, мөн 498.5-т Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж тус тус зааснаар хариуцагч Ц.П нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр хохирол учруулсан бол хариуцлага хүлээнэ.

 

7. Улсын Дээд шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 361 тоот тогтоолд Б.А нь Улсын бүртгэлийн төв архивын газрын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтэст ахлах мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан, шинэчилсэн бүтцээр Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний 4 орон тоо хасагдаагүй, хэвээр батлагдсан, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Улсын бүртгэлийн төв архивын газрын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны нэр, албан тушаалын ангилал, зэрэглэл, ажлын байранд тавигдах шаардлага, хүчин зүйлс-ийн нөхцөл шаардлагууд болон ...бүртгэлийн хувийн хэргийн тайлан мэдээг нэгтгэж гаргах, ...мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, ...цахимжуулах үйл ажил ажиллагаанд түүвэр шалгалт хийх, ...лавлагаа хуулбар өгөх, хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргүүд хэвээр батлагдсан, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, ...эсхүл зохион байгуулалтайн бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулна гэж заасан албан тушаалын орон тоо, ажлын байрны чиг үүрэг хэвээр байхад бүтэц орон тоо шинэчлэн батлагдсан гэх үндэслэлээр Б.Аыг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн үйлдэл хуулийн дээрх заалттай нийцээгүй гэсэн дүгнэлтээс үзвэл хариуцагч Ц.Пийг гэм буруутай гэж үзэх үндэстэй.

 

Мөн Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т ...албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас төрд учруулсан хохирлыг арилгуулахаар төрийн нэрийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах гэж заасныг үзвэл нэхэмжлэгч Т нь хариуцагч Ц.Пид холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхтэй байх тул энэ талаарх хариуцагчийн татгалзлыг хүлээн авахгүй.

 

8. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хөөн хэлэлцэх хугацааны талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Хэрэгт авагдсан баримтаар Тийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04/802 тоот албан бичгээр төрд учруулсан хохирлыг буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхээр төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой мэдээлэл хүссэний дагуу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Б.Ад шүүхийн шийдвэрээр 9,684,385 төгрөгийг олгосон талаарх холбогдох баримтыг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн байна.

 

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар нь Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт нийцсэн. Нөгөө талаар Б.Аыг ажлаас чөлөөлсөн хариуцагч Ц.Пийн шийдвэрийг хууль зөрчсөн болохыг 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон байх тул мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д Тухайн шаардлагад хөөн хэлэлцэх богиносгосон хугацаа тогтоосон байсан ч шүүхийн шийдвэрийн үндсэн дээр уг шаардлага хуулийн хүчин төгөлдөр бол түүний хөөн хэлэлцэх хугацаа арван жил байна гэж заасныг харгалзах учиртай байжээ.

 

9. Зохигчид хариуцагч Ц.Пийг 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг У газрын даргаар ажиллаж байсан болон Б.А нь 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст иргэний улсын бүртгэгчээр томилогдсон талаар маргаагүй.

 

Өөрөөр хэлбэл, Б.Аыг ажилд томилогдохоос өмнө хариуцагч Ц.П нь ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх тул тэрээр чөлөөлөгдсөнөөс хойших хугацааны ажилтны ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцахгүй.

 

Иймд, хариуцагчаас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 470 тоот шийдвэрийн дагуу Б.Ад төлсөн 4,152,514 төгрөг, тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш хариуцагч нь ажлаас чөлөөлөгдсөн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацааны 3,502,746 төгрөг, нийт 7,654,990 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь холбогдох дансанд төлүүлэхээр шийдвэрлэв /36,108x97=3,502,746/.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 183/ШШ2024/01568 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэхь заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч Ц.Поос 7,654,990 төгрөгийг гаргуулж Төрийн сан банк дахь улсын төсвийн 100900021501 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2,029,395 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 56.1 гэснийг 56.2 гэж, дурдсугай гэснийг дурдаж, хариуцагчаас 137,430 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Б.МАНДАЛБАЯР