Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 286

 

 

 

 

 

 

 

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                 

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,

Шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Д.Жаргал,

Хохирогч Т.Баярхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Урианхад овогт С-н Г-д холбогдох эрүүгийн 1809048550007 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт

Завхан аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, бие эрүүл, ухаан бүрэн Урианхад овогт С-ын Г  нь:

 

- 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хойморь” төвийн 1 дүгээр давхарт байрлах рестораны заалан дотор иргэн Т.Баярхүүгийн олон нийтийн газарт зүй зохисгүй биеэ авч явсан үйлдэлд дургүйцэн түүнтэй маргаж, нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, баруун, зүүн хөлийн хуруунууд дээр гишгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

                                                                                         

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Т.Баярхүү мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2018 оны 10 дугаар сарын 23-ны өглөө 09:00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хоймор” төвийн 1 давхарт байрлах ресторанд ороод хоол захиалаад идээд 100 гр архи уусан. Тэгээд утасгүй интернет үйлчилгээг нь ашиглаад фейсбүүкээр найзуудтайгаа ярилцаад байж байтал ресторан тооцоогоо нэхэхээр нь таньдаг хүн рүүгээ яриад рестораны данс руу хийлгэсэн. Тэгээд байж байтал рестораны тогооч, угаагч гэх эрэгтэй “Идэж, ууж болсон бол яваач ээ. Хэт чанга дуугараад байна” гэсэн би “Үйлчлүүлж байна шүү дээ. Ингэж харьцаж болж байгаа юм уу” гэж хэлчихээд гутал, оймсоо тайлаад сууж байтал тэр эрэгтэй намайг хэл амаар доромжилсон. Би бухимдаад рестораны хаалганы хажууд байсан хогийн савыг цонх руу нь шидсэн. Тэгэхэд цонх хагараагүй. Тэгтэл тэр эрэгтэй над дээр ирээд миний баруун шанаа руу гараараа цохиж унагасан. Баруун талын шанаа хавдсан, тархи хөдөлсөн, нүд бүрэлзээд байна. Миний хөлөн дээр бор цамцтай залуу гишгэсэн. Хэдэн удаа гишгэсэн гэдгийг мэдэхгүй, гавлаж байхдаа гишгэсэн гэжээ. / хх 18-21 /

 

Гэрч Д.Энхбадгар мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ:...Урууландаа лент наасан залуу менежер залуутай муудалцаад цагдаа дуудсан юм. Би менежер залуутай нийлж гавласан бөгөөд хүмүүс гомдол гаргаад байхаар нь би гадагшаа гаргасан гэжээ. / хх 23 /

 

 

Яллагдагч С.Г мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... Гаднаас нэг залуу орж ирсэн. Утсаараа видео чат хийгээд, чанга яриад, шүлэг уншаад, маань, мэгзэм чанга уншаад байсан бөгөөд тэнд үйлчлүүлж байсан хүмүүс наад хүнээ чимээгүй болгооч гэхээр нь би очоод “Ууж, идсэн бол одоо гарах уу” гэтэл “Чи намайг хөөлөө” гээд чанга орилоод эхлэхээр нь цагдаа руу дуудлага өгсөн  ...Гутлаа тайлсан, буйдан дээр хөлөө гаргаад тавьсан, нэг оймсоо тайлаад шидсэн байсан юм. ... Хэрүүл хийгээд ширээн дээр хөлөө тавиад байхаар нь би хөлөө буулга гээд очсон чинь над руу хогийн сав авч шидсэн. Тэр үед би тэр залуугийн шидсэн хогийн савнаас бултаад тэр залууг цээж рүү нь түлхсэн чинь хашгираад орилоод байсан бөгөөд тэр үед нь би хамгаалагч дуудаад гавлуулсан юм. Тэгтэл тэр залуу дахин орилоод байсан бөгөөд тэгэхлээр нь би хамгаалагчтай нийлээд гадагш гаргасан юм гэжээ. / хх 5 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12924 дугаартай дүгнэлтэнд:

1. Т.Баярхүүгийн биед тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хөлийн 1 дүгээр хуруунуудын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хөлийн тавхайн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 28 /

 

Шүүгдэгч С.Гыг 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 3-5 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 46 / зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагийн үед хохирогч манай ресторанаар үйлчлүүлэхээр орж ирээд өглөөний цай уугаад 100гр архи захиалж уусан. Улмаар гутал, оймсоо тайлж тавиад утсаар чанга яриад, хүмүүстэй видео калл хийгээд шүлэг уншаад, маань уншаад байсан. Гэтэл манайхаар үйлчлүүлж байсан хүмүүс болон шалгалтаар ирсэн хүмүүс болиулаач гэхээр нь би шаардлага тавьсан. Гэтэл энэ хүн өөдөөс хэл амаар доромжилж, хогийн сав авч над руу шидсэн. Би бултаад дараагийн үйлдэл хийхээс хамгаалж, түүнийг түлхсэн. Ингээд би хамгаалагчаа дуудаж, түүнийг гавласан.  Надаас өөр хүн түүнд хүрээгүй. Цагдаад дуудлага өгсөн боловч ирэхгүй байсан учир арга буюу түүнийг ресторанаасаа гаргасан.

Энэ хүн анх орж ирэхдээ өрөөсөн оймстой, уруул дээрээ шархны лент наасан байсан. Гавласан нь миний буруу. Гэхдээ энэ хүнээс болж манай рестораны тэр өдрийн орлого буурсан. Эхлээд хөл  дээр гишгэсэн гэж гомдол гаргаагүй, дараа нь ийм зүйл ярьсан байсан. Би энэ хүнийг зодож, цохиогүй. Хохирлыг төлөхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хохирогч Т.Баярхүү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өглөөний цай уухаар ресторанд орсон. Би өглөөний цай, шөл авч идээд 100гр авсан. Тэгээд гутал хөл бариад байсан учир гутлаа оймстойгоо тайлаад рестораны интернетийг ашиглаад  хүнтэй яриад дуу дуулж, шүлэг уншсан. Гэтэл үйлчлэгч намайг “ Идэж ууж дууссан бол мөнгөө төл “ гэхээр нь надад бэлэн мөнгө байгаагүй учир би найздаа хэлээд данс руу нь хийлгэсэн. Гэтэл энэ залуу ирээд намайг гуйлгачин архичингаар дуудаж доромлохоор нь би “ Би үйлчлүүлэгч. Та нар үйлчлүүлэгчтэй ингэж харьцдаг юм уу. Цагдаагаа дууд “ гэж би хэлсэн. Дахиж ирээд доромжлоод хөөхөөр нь би бухимдсандаа хогийн сав авч шидсэн. Энэ залуу миний баруун шанаанд цохиод намайг гавлаад ресторанаас хөл нүцгэн гаргаад 30 минут орчим хүйтэн шалан дээр байлгасан. Миний хөлийг дэвссэн.

Тухайн үед би хөлөө гэмтсэнийг мэдээгүй. Орой нь гэртээ очиход миний хөл хөхөрсөн байсан. Би энэ тухайгаа шүүх эмнэлэгт үзүүлэхдээ хэлсэн. Хэдийгээр би буруутай ч гэсэн энэ хүн намайг доромжилсон болохоор би эсэргүүцсэн. Намайг үйлчлүүлж байхад тэнд тийм олон хүн байгаагүй. Хоёр хүн эдний ажилтнууд л байсан. Энэ хүний үйлдлээс болж миний толгой тархи одоо болтол өвдөөд, стрестэй, нойр муутай байгаа. Ажил хийлгэхгүй байн байн дуудагдаж байгаа нь хэцүү байна.

Тодосгогчтой толгойн томограф 2 удаа хийлгэсэн төлбөр 600.000 төгрөг, хараагүйчүүдийн болон гадуур байдаг бариач нараар 10-аад удаа толгойгоо бариулсөн төлбөр 150.000 төгрөг, толгойгоо бариулахаар машин хөлсөлсөн төлбөр 40.000 төгрөг, энэ хүнээс болж шүүхээр орж 100.000 төгрөгөөр торгуулсан учир нийт 890.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Гомдолтой байна гэв.

 

Шүүгдэгч С.Г нь 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хиймор “- төвийн 1 дүгээр давхарт байрлах рестораны үйлчилгээний заалан дотор иргэн Т.Баярхүүгийн олон нийтийн газарт зүй зохисгүй биеэ авч явсан үйлдэлд дургүйцэн түүнтэй маргаж, нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, баруун, зүүн хөлийн нуруунууд дээр гишгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... рестораны тогооч, угаагч гэх эрэгтэй “Идэж, ууж болсон бол яваач ээ. Хэт чанга дуугараад байна” гэхээр би гутал, оймсоо тайлаад сууж байтал намайг хэл амаар доромжлохоор нь би бухимдаад рестораны хогийн савыг цонх руу нь шидсэн. Тэр эрэгтэй ирээд миний баруун шанаа руу гараараа цохиж унагасан. Баруун талын шанаа хавдсан, тархи хөдөлсөн,  хөлөн дээр   гавлаж байхдаа гишгэсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн  хохирогч Т.Баярхүүгийн мэдүүлэг / хх    /,  ... Уруул дээрээ шархны ленттэй залуу залуу менежер залуутай муудалцаад цагдаа дуудсан юм. Би менежер залуутай нийлж гавласан бөгөөд хүмүүс гомдол гаргаад байхаар нь би гадагшаа гаргасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Д.Энхбадгарын мэдүүлэг  / хх 23 /,  ... Т.Баярхүүгийн биед биед тархи доргилт, баруун шанааны зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн хөлийн 1 дүгээр хуруунуудын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн хөлийн тавхайн зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  12924 дугаартай дүгнэлт / хх 28 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч С.Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргииг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Гын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзаад түүнд хуульд заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгний торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй бөгөөд шүүгдэгч С.Г нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Хохирогч П.Баярхүү нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох тодосгогчтой толгойн томограф 2 удаа хийлгэсэн төлбөр 600.000 төгрөг, хараагүйчүүдийн болон гадуур байдаг бариач нараар 10-аад удаа толгойгоо бариулсөн төлбөр 150.000 төгрөг, толгойгоо бариулахаар машин хөлсөлсөн төлбөр 40.000 төгрөг, шүүгдэгчийн буруугаас болж, 100.000 төгрөгөөр торгуулсан учир нийт 890.000 төгрөгийг нэхэмжилжээ. Хэрэгт авагдсан “Натур “ эмнэлэгт 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр компьютер томограф хийлгэж, 120.000 төгрөг төлсөн, мөн өдрөө шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгний баримтаас / хх 38-39 / өөр баримт хэрэгт авагдаагүй, тул шүүгдэгчээс 128.000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгож, өнөөдрийг хүртэл өөр баримт гаргаж өгөөгүй, өөрийн зүй бус үйлдэлдээ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаартай шийтгэврээр 100.000 төгрөгөөр торгуулсан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш тул үлдэх 762.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Г нь хохирогчийг цохиогүй, хөл дээр гишгээгүй гэж мэдүүлж байгааг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Хохирогч нь тухайн гэмт хэрэг гарсны маргааш буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж, өөрийн зодуулсан талаараа бичиж, гэрэл зургаа хавсаргаж өгсний гадна тухайн байгууллагын камерыг шүүж өгөхийг хүссэн / хх 12-14 / байхад шалгаж тодруулаагүй байна.

2. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчид үзүүлсэн байх бөгөөд уг дүгнэлтийн үзлэгт: баруун шанаа бага зэрэг хавдарта, нүн хөх яган цус хуралттай, эмзэглэлтэй, баруун хөлийн 1-р хуруу бага зэрэг хавдартай, гүн хөх ягаан цус хуралттай, эмзэглэлтэй, хөлийн тавхайн урд дээд хэсэгт 0.8х0.8 см, 0.6х0.6 см, 0.3х0.5 см улаан хүрэн зулгаралттай, зүүн хөлийн 1-р хурууны дотор хажуу хэсэгт гүн хөх ягаан цус хуралттай, бага зэрэг хавдартай, тавхайн урд дээд хэсэгт 1х1 см улаан хүрэн гүн зулгаралттай гэж тэмдэглэсэн байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан / хх 32-36, 41-42 /, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “ Өвчний эмнэлгийн карт “-нд  бичигдсэн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн эмчийн үзлэгийн тэмдэглэлд: ...намайг шууд цохиж унагаагаад гар мушгиад өчсөн, чирээд явсан. Хөл нүцгэн 30 минут болгосон. Тархины доргилтын шинж илэрнэ. Хоёр хөлийн тавхай дээд хэсэгт эмзэглэлтэй, нэвчдэстэй, баруун шанаа хавдартай, нэвчдэстэй гэж бичигджээ.

4. Ресторанаас түүнийг гавлан чирч гаргах үед хохирогч П.Баярхүү нь хөл нүцгэн байсан болох нь хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон, түүний хөл гэмтсэн асуудал нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

5. Хэдийгээр хохирогчийн зүй бус үйлдлээс гэмт хэрэг гарсан боловч дээр дурьдсан баримтуудаар хохирогч нь болсон асуудлыг үнэн зөв мэдүүлсэн нь нотлогдсон гэж дүгнэв.

 

Прокуророос хохирогч Т.Баярхүүгийн зүй бус үйлдэлд Зөрчлийн хуулийн дагуу арга хэмжээ авахуулахаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст хүргүүлсэн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Т.Баярхүү арга хэмжээ авахуулсан болохоо мэдүүлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар ...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно “ гэж хуульчилсан тул тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын  14-ний өдрийн 80 дугаартай шүүгчийн шийтгэвэртэй танилцахад прокуророос Т.Баярхүүд 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1/430 тоотоор зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр ЦБ-д хүргүүлсэн байх ба Зөрчлийн тухай хуулийн  5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар П.Баярхүүг 100.000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсныг шүүх хуралдаанаар хэлэлцэж, хэрэгт хуулбарлан хавсаргав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхад овогт С-ын Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч  С-ын Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, С.Г нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар С.Г-аас 128.000 төгрөг гаргуулан хохирогч Т.Баярхүүд олгож, нэхэмжлэлээс 762.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Г-ад оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Г нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

7. С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ОЮУНЧИМЭГ