Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2019/0536

 

Б.М нарын  нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

         Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Г.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.О, К.А нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0385 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.О-ын гомдлын дагуу Б.М нарын нэхэмжлэлтэй, Монгол-Улсын их сургуулийн удирдах зөвлөлд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0385 дугаар шийдвэрээр:

 Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг тус тус баримтлан Б.М, Г.О, Б.Оргилбаяр, Г.Б, Н.М нараас Монгол Улсын их сургуулийн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “ ... удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын 4 дүгээр баганан дахь Хууль зүйн сургуулийн ерөнхий суурь, мэргэжлийн суурь болон мэргэжлийн хичээлүүдийг нэг багц цагийн төлбөртэй холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч Б.О давж заалдах гомдолдоо: “...1. Нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

    Хууль тогтоомжийн дагуу эрх олгогдсон эрх бүхий байгууллага болох Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр “Хяналт шалгалтад хамрагдсан сургуулиуд нь сургалтын төлбөрийг тогтоохдоо бодит, өртөг зардлыг тооцон нарийвчилсан тооцоон дээр үндэслээгүй ...”, “...сургуулиуд нь Монгол Улсын Гэгээрлийн сайдын 1999 оны 107 дугаар тушаалаар баталсан “Их сургууль, коллежийн төсөв зохиох, сургалтын төлбөрийг тодорхойлох аргачлал”-ыг баримтлан сургалтын төлбөрийг тогтоосон ч энэхүү баримт бичиг нь цаг үеийн шаардлага хангахгүй, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байна” гэж тус тус дүгнэсэн байхад шүүгч уг нотлох баримтыг үнэлээгүй, эсхүл буруу үнэлэн, шүүхийн шийдвэр гаргахдаа авч үзээгүй байна. Энэ дүгнэлт нь төрийн эрх бүхий байгууллагаас маргаан бүхий харилцаатай холбоотой гаргасан ач холбогдол бүхий, хуулийн үндэслэл бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй авч үзэх, үнэлэх шаардлагатай эрх зүйн хүчин төгөлдөр баримт бичиг болно.

     Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх тооцоо байгаагүй, нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй байхад зөвхөн хариуцагчдын тайлбар дээр үндэслэсэн.

      Сургалтын төлбөрийг нэмэгдүүлэн шийдвэрлэсэн 2018 оны ** дугаар тогтоол гэх шийдвэр гаргах үед гаргасан гэх ямар нэгэн тооцоо бүхий нотлог баримтын шаардлага хангасан баримт байгаагүй ба шүүгч зөвхөн хариуцагчдын шүүх хуралдаанд гаргасан, өөр хоорондоо илт зөрчилдсөн тайлбарт үндэслэн шийдвэрээ гаргасан. Хариуцагчийн зүгээс ерөнхий эрдмийн, мэргэжлийн суурь, мэргэжлийн гэх аль ч түвшний хичээлийн 1 багц цагийн өртгийг тооцсон, түүнд үндэслэн Хууль зүйн сургуулийн оюутны сургалтын 1 багц цагийн үнэлгээг тооцон гаргасан тооцоог нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй. Энэ тохиолдолд сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх тооцоо нь үндэслэл бүхий байсан гэж үзэж буй шүүгчийн дүгнэлт нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Хууль буруу хэрэглэсэн тухайд:

Шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөнтэй холбоотой хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн буюу хэрэглээгүй. Шүүгч нь “... сургалтын төлбөрийг шинэчлэн тогтохдоо сонсох ажиллагааг явуулах нь ач холбогдолгүй ...” гэж дүгнэжээ. Захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа сонсох ажиллагаа явуулах журмыг Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааж өгсөн бөгөөд Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөл нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан  журмын дагуу явуулаагүй, явуулсан гэдгээ шүүхэд нотлоогүй. Түүнчлэн, Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөлийн маргаан бүхий уг захиргааны акктай холбогдуулан сонсох ажиллагаа явуулахад Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд заасан “Сонсох ажиллагаа хийхгүй байх” нөхцөлүүдийн аль нь ч хамаарахгүй, эсхүл тус хуулийн 28.2-т заасанчлан Монгол Улсын Их сургуулийн Удирдах зөвлөл нь сонсох ажиллагаа хийгээгүй шалтгаанаа нотлох үүргийнхээ дагуу нотлоогүй, нотлох баримтын шаардлага хангасан холбогдох нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүгч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүйн улмаас “сонсох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй байна” гэж хуулийн үндэслэлгүй дүгнэлт гаргасан байна.

Хуулийн шаардлага хангаагүй буюу хуулийн хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Гэгээрлийг сайдын 1999 оны *** дугаар тушаалыг үндэслэл болгосон.

Энэ тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1, 65, 66-р зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй эрх зүйн баримт бичиг байна. Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр бус эрх зүйн баримт бичиг атал шүүгч энэ тушаал дээр үндэслэн шийдвэр гаргасан нь хуулийн үндэслэлгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2019/0385 дугаар шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

          Монгол Улсын Их сургуулийн удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ** дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “2018-2019 оны Бакалаврын түвшний сургалтын төлбөрийн хэмжээ”-г шинэчлэн тогтоохдоо, хичээлийн төрлийг ерөнхий болон мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээл гэж ангилан, салбар болон бүрэлдэхүүн сургуулиудын хувьд уг хичээлийн төрлүүдийн нэг багц цагийн төлбөрийг ялгамжтай төлөхөөр шийдвэрлэжээ.

          Нэхэмжлэгч нар уг тогтоолын /1 дүгээр хавсралтын 4 дэх багана/  Хууль зүйн сургуулийн төлбөрийг ерөнхий хичээлийн нэг багц цагийн төлбөр “98600” төгрөг, мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн нэг баг цагийн төлбөр “111000 төгрөг” гэж шинэчлэн тогтоосныг хууль бус гэж үзэж маргасан байна.

          МУИС-ийн удирдах зөвлөлийн 2015 оны 05, 2016 оны 03 дугаар тогтоолоор баталсан 2015-2017 оны Хууль зүйн сургуулийн сургалтын төлбөр 3-4 дүгээр түвшин-70500, 5 дугаар түвшин 50700, 2017 оны 06 дугаар тогтоолоор 2-3 дугаар түвшин 92200, 4-5 дугаар түвшин-74600 төгрөг байхаар тус тус тогтоосны дагуу төлбөр төлж байсан, нэхэмжлэл гаргасан 4-5 дугаар түвшний оюутнуудын хувьд мэргэжлийн суурь хичээлийн төлбөр 24-48 хувиар нэмэгдсэн байх тул тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх тогтоолын улмаас хөндөгдсөн байх тул нэхэмжлэл гаргах эрхтэй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна.

          Нэхэмжлэгч Б.О-ын гаргасан давж заалдах гомдолд “ ... шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэглэсэн, маргаан бүхий акттай холбоотой сургалтын төлбөр нэмэгдүүлэх тооцоолол байгаагүй, нотлох баримтуудыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын илт зөрүүтэй тайлбар дээр үндэслэж дүгнэлт хийсэн ...” гэсэн нь үндэслэлтэй байна.

          Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.12-т “Удирдах зөвлөл дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: ... 36.12.4. сургалтын төлбөр, ... төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоох;” Монгол Улсын Их сургуулийн дүрмийн 4.1.4.4-д “Сургалтын болон оюутны байрны төлбөрийн хэмжээг хэлэлцэн батлах” гэж тус тус зааснаар  их сургуулийн удирдах зөвлөлд сургалтын төлбөрийн хэмжээг тогтоох бүрэн эрхийг олгосон хэдий ч уг эрхийг хэрэгжүүлэхдээ төлбөрийн хэмжээг зохих журмын дагуу тогтоохыг үүрэг болгосон байна.

          Удирдах зөвлөлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Хуралдааны тэмдэглэлээс үзвэл сургалтын төлбөрийг 2017, 2018 оны төсвийн бодит өртгөөр ерөнхий суурь хичээлийн үнийг тогтоон, бусад мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн өртөгт хөтөлбөрийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн нэр хүнд, чанарын баталгаажуулалт, инфляци, боловсролын үйлчилгээний индексийг харгалзан тооцооллыг хийсэн талаар тэмдэглэлд тусгагдсан, хариуцагч энэ талаар тайлбар ирүүлсэн боловч уг тайлбараа нотолсон баримт, тооцоо, судалгааг шүүхэд ирүүлээгүй байна.

          Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д “Төрийн өмчийн боловсролын сургалтын байгууллагын санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ”, 40.4.4-т “их сургууль, ... улсын төсөв, сургалтын төлбөр, эрдэм шинжилгээний төсөлт ажлын болон өөрийн үйл ажиллагааны орлого” гэж заажээ.

          Хариуцагчаас МУИС-ийн бүрэлдэхүүн болон салбар сургууль тус бүрийн 2018 оны төсвийн нэгтгэл, 2018 оны орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төсвийг баталсан тогтоол ирүүлсэн боловч ерөнхий суурь хичээлийн үнийг тогтоосон гэх бодит өртгийг хэрхэн тооцсон, бусад мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн өртөг тооцохдоо хөтөлбөрийн эрэлт, хэрэгцээ, сургуулийн нэр хүндийг хэрхэн үнэлсэн, чанарын баталгаажуулалт, инфляци хэдэн хувиар тооцсон, боловсролын үйлчилгээний индексийг хэрхэн харгалзсан, дээрх хуульд заасан орлогын бусад эх үүсвэртэй хэрхэн уялдуулан тооцсон нь тодорхойгүй байна.

          Мөн хариуцагчаас Боловсролын тухай хуульд 2018 оны 11 дүгээр сарын **-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтөөр улсын төсвөөс зарим зардлыг санхүүжүүлэхгүй болсон гэж тайлбарлах боловч энэ нь маргаан бүхий 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор сургалтын төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэнд хамааралгүй.

          Монгол Улсын Их сургуулийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/203 дугаар тушаалаар МУИС-ийн сургалтын журам шинэчлэгдэн батлагдаж, уг журмын 1.10.15-д “Ерөнхий суурь хичээл”, 1.10.16-д “Мэргэжлийн суурь хичээл”, 1.10.17-д “Мэргэжлийн хичээл”, 1.10.27-д “Багц цаг” гэх ойлголтуудын талаар тодорхойлон заасан байх бөгөөд хариуцагчийн ... ерөнхий болон мэргэжлийн, мэргэжлийн суурь хичээл гэж ангилан, 2016 оны хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн гэж тайлбарлах боловч энэ шалтгаанаар багц цагийн төлбөрийг нэмэгдүүлэх үндэслэл, ямар журам, аргачлал ашиглаж төлбөрийг энэ хэмжээгээр нэмэх шаардлага үүссэн талаар тодорхойгүй, мөн уг тайлбарыг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

          Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... уг сургалтын төлбөрийг тооцоолон гаргахдаа нарийн судалгаа, шинжилгээн дээр суурилсан, холбогдох баримтууд нь байгаа, энэ талаар хэрэгт яагаад авагдаагүй талаар сайн мэдэхгүй байна” гэж тайлбарлаж байх тул шүүх холбогдох  баримт, тооцоолол судалгааг цуглуулж, маргаан бүхий акт нь Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн  40.7-д заасны дагуу “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн эсэх, нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд  дүгнэлт өгөх шаардлагатай.  

             Харин давж заалдах гомдолд “... бидний гомдолд хариу өгсөн улсын байцаагчийн дүгнэлтийг шүүх үнэлээгүй” гэх боловч хэрэгт авагдсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 5/09 дүгээр дүгнэлт нь нэхэмжлэгч болон хариуцагчид хандсан эсэх нь тодорхойгүй байна.

          Мөн гомдолд “... Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ... сонсох ажиллагаа хийж, сургалтын төлбөрийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагыг танилцуулж, санал авах үүрэгтэй ба .... сонсох ажиллагаа хийсэнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй. Гэтэл шүүх  сонсох ажиллагаа явуулах нь ач холбогдолгүй гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан ...” гэжээ.

           МУИС нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-д заасан үйлчилгээг нь нийтээс хэрэглэдэг төрийн өмчийн сургууль, Боловсролын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.4-д зааснаар зарим санхүүжилт нь улсын төсвөөс хийгддэгийн хувьд захиргааны байгууллагад хамаардаг онцлогтой бөгөөд Боловсролын тухай хуульд зааснаар их сургуулийн удирдах зөвлөлийн сургалтын төлбөрийг тогтоосон шийдвэр нь тодорхой нэг этгээдэд чиглэсэн захиргааны акт биш, тухайн сургуулийн суралцагч бүрт чиглэсэн, дахин давтан үйлчлэлтэй акт тул сургалтын төлбөр тогтоох ажиллагаанд суралцагч бүрийг оролцуулах, сонсох ажиллагааг явуулах үүрэггүй, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

          Харин уг төлбөрийг тогтоохдоо дээрх хуульд заасан 4 төрлийн санхүүжилтийн зохистой харьцааг зохих журмын дагуу тогтоож, Боловсролын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.7-д зааснаар суралцагчийн “сургалтын төлбөр, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих” эрхийг хангаж, сургалтын төлбөрийг ямар үндэслэлээр нэмэгдүүлснээ  суралцагчдад танилцуулах үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.7-д “Суралцагчаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн гэж үзвэл суралцагч гомдол, нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд анхан шатны шүүх нь хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий дээрх  баримтуудыг бүрэн цуглуулж, сургалтын төлбөрийг тогтоосон  тогтоолын улмаас нэхэмжлэгч 4-5 дугаар түвшний суралцагч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.