Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 00144

 

 

                              “Шим Технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                          иргэний хэргийн тухай

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Б.Баттөр, Б.Оюунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 844 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд холбогдох

“2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143.586.686 төгрөгийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Погорелый А.М-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Оюунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат

Нарийн бичгийн дарга О.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь молибдений баяжмал боловсруулах чиглэлээр 2005 онд байгуулагдсан. 2009-2014 онуудад сул зогсолтын нөхцөлд байгаад 2014 оны 03 дугаар сараас Монгол улсын Дампуурлын тухай хуулийн хүрээнд Орхон аймгийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 576 дугаар шүүгчийн захирамжаар төлбөрийн чадваргүйд тооцогдсон. Манай компани 2015 оны сүүлчийн саруудад цахилгаан ашиглалтын төлбөрөө төлж чадахгүйд хүрсэн ба ЭБЦТС компани манайд цахилгааны үндсэн төлбөр 360 951 350 төгрөг, алданги 78 813 440 төгрөгийн төлбөр бүхий акт тогтоосон. Манайх энэ актын дагуу үндсэн төлбөр 360 951 350 төгрөгийг үл маргах журмаар төлнө. Харин алдангид ноогдуулсан 143 856 686 төгрөгийг дараах шалтгаан нөхцөл байдлын улмаас төлөх боломжгүй тул “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн манай компанитай тооцоо нийлсэн актад заасан 143 856 686 төгрөгийг төлөхгүй гэж үзэж байгаа.

Иймд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143 586 686 төгрөгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

 “Шим технолоджи” ХХК нь “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №1172 дугаартай цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ байгуулсан. Уг гэрээ нь 2015 оны 05 дугаар сар, 2016 оны 05 дугаар сард тус тус 1 жилийн хугацаагаар сунгагдсан. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д “төлбөрийн баримтыг хүлээн авсан, хэрэглэгчийн хуанлийн 5 хоногийн доторо төлбөрөө барагдуулах үүрэгтэй” мөн 4.2-т хэрэглэгч нь эрчим хүчний төлбөр /үлдэгдэл төлбөр болон тухайн хугацаанд хэрэглэсэн цахилгааны төлбөр/-ийг гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутам /төлбөрийн нэхэмжпэл хүлээн авснаас хойш 6 дахь хоногоос эхлэн/ төлөгдөөгүй төлбөрийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. 2015 оны гэрээний сунгалтаар хоёр тал харилцан тохиролцож алдангийн хэмжээг 0,3 хувь болгон өөрчилсөн. Дээрх гэрээний заалтын дагуу “Шим технолоджи” ХХК нь алдангид ногдуулсан 143 856 686 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Эрчим хүчний тухай хуулийн 31.3 Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчдэд хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “Анз торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу алдангийн нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй болно.

Цахилгаан эрчим хүчээр хангах хэрэглэх гэрээнд НагйзЫр /хүнд нөхцөл байдал/ нөхцөлийн талаар тусгагдаагүй, ийм нөхцөлд цахилгаан эрчим хүчний төлбөрт ногдуулсан алдангийг төлөхгүй байхаар зохицуулсан зүйл, заалт байхгүй. Алдангийн өр үүссэн нь “Шим технолоджи” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан. Иймд нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХК-ийн нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 844 дугаар шийдвэрээр: Эрчим хүчээр хангах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан “Шим технолоджи” ХХК-ийн 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон 143 586 686 төгрөгийг хүчингүй болгуулахыг хүссэн хариуцагч “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч “Шим технолоджи" ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 877 233 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК-ийн захирал давж заалдсан гомдолдоо:

1.Манай компанийн үйл ажиллагаа 2008- 2013 онд зогсож, 2011 онд Эрдэнэт үйлдвэр ХХК болон бусад хэдэн нэхэмжлэгч дампуурлын нэхэмжлэл гаргаснаар Орхон аймгийн Шүүхээс дампуурлын хэрэг үүсгэн хянаж, 2011.05.11-ний өдрийн 579 дүгээр захирамжаар “Төлбөрийн чадваргүй”-д тооцсон ба 2013.12.26-ны өдрийн 14 дүгээр захирамжаар “ Компанийг дахин хөрөнгөжүүлэх 2 жилийн төлөвлөгөө-ний дагуу ажиллуулж байгаа нь Монгол улсад “Дампуурлын тухай хууль”-ийн дахин хөрөнгөжүүлэх замаар буцаан сэргээх нөхцлийг хэрэгжүүлж буй анхны практик юм

2.Дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө батлагдах үед буюу ЭБЦТС ТӨХК-тай 2014.05.14-ний өдөр байгуулсан “Цахилгаан эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэх” гэрээ байгуулж байх үед үйлдвэрлэийн бүтээгдэхүүний үнэ 1 фунт нь 11-12,5 ам доллар байсан бол төлөвлөгөө хэрэгжүүлэх явцын үе болох 2014 оны сүүлч үеэс унаж эхэлсэн ба 2015, 2016 оны 4 сар хүртэл 4 ам доллар хүртэл буюу 2,5 дахин унаж манай компани ЭБЦТС ТӨХК-тай цахилгаан ашиглалтын гэрээ байгуулах үед байсан нөхцөл байдал компанийн өөрсдөөс хамаарахгүй шалтгаанаар өөрчлөгдөж, урьдчилан тооцоолох боломжгүй, компанийн хүсэл зоригоос гадуур, нийгэм улс төрийн шинжтэй эдийн засгийн хямрал, валютын ханшны өсөлт, бүтээгдэхүүний үнийн уналт гэх зэрэг хүчин зүйлийн нөлөөллөөр гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй бэрхшээл тулгарч эдийн засгийн хувьд давж дийлэхээргүй хүнд нөхцөл байдалд орсон. Энэ нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлд заасан “Нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй байдалд хүрсэн юм. 221 дүгээр зүйлд заасан “Хүндэтгэн үзэх үндэслэл” гэж үзэж байна.

Хуулийн зарчмаар гэрээний оролцогч талын хувьд манайх цахилгаан хэрэглээний төлбөрөө хугацаанд нь төлөх үүрэгтэй боловч, 2015 оны 9 дүгээр сараас эхлэн бүтээгдэхүүний үнэ үгцом унаснаас төлөх боломжгүй болж өр хуримтлагдан 2015оны12 дугаар сар гэхэд 390 гаруй сая төгрөгийн үндсэн өр, 100 гаруй сая төгрөгийн алдангийн өр үүссэн.

Үндсэн төлбөрийн 390 гаруй сая төгрөгийг төлж барагдуулсан. Ер нь давагдашгүй хүчин зүйлийн аль нэгд автагдсан тал нь тэрхүү үйл явдлыг урьдчилан харах боломжгүй байдаг бөгөөд энэ шинж нь түүнийг давагдашгүй хүчин зүйл гэж үзэх гол үндэс нь болдог гэдэг нь практик дээр харагдаж байна. Эрчим хүчний салбар нь Дэмжих тариф 1 квт тутмаас 4 төгрөг, Чадлын тарифыг манай ажлын ид оргил ачааллын үед гарсан тооцооноос 1 квт тутамд 9000 төгрөгөөр нэмэгдүүлэн тооцдог / мөн НӨТ 10%/, шөнийн тарифыг аж ахуйн нэгжүүд хасаж тооцдоггүй зэрэг нь бодит амьдрал дээр маш хүндээр тусдаг Үндсэн төлбөр дээр нэмэгдэл нь 50 гаруй хувь нэмэгдэж төлөгддөг. ЭБЦТС ТӨХК-д энэхүү нөхцөл байдлаа олон удаа мэдэгдэж, тайлбарласан боловч манай компанийг зөвхөн Эрчим хүчний хуулийн дагуу “Алдангийн өр үүссэн нь “Шим технолоджи” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалсан” гэх ганц шалтгааныг авч үздэг.

3. Дээрхи эдийн засгийн хүнд байдалд орсноос гадна манай компани “Эрдэнэт үйлдвэр ХХК” төлөх болон бусад 56,448,370,832 төгрөгийн өртэй байгаа бөгөөд , бүтээгдэхүүний үнийн огцом уналт, валютын ханшны зөрүүгээс үүссэн алдагдал зэргээс шалтгаалан 2015 онд 35,603,393,376,21 төгрөгийн алдагдалтай ажилласан.

1172 тоот “цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэх гэрээ”-нд МҮХАТанхимаас МҮХАҮТ-ын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэг, МҮХАҮТ-ын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.13 МҮХАТанхимын “Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болон Хүнд нөхцөл байдлын баталгаа гаргах журмын” 1 дүгээр зүйлийн 1.3-т заасны дагуу манай компанид “ХҮНД НӨХЦӨЛ БАЙДАЛ” -ын гэрчилгээг олгосон. МҮХАҮ-н танхим нь Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл /Форс мажор/, хүнд нөхцөл байдал /Хард шип/-н нөхцөлд орсныг гэрчлэн баталгаажуулах хуулиар олгогдсон эрх бүхий субьект бөгөөд манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ цаг тухайд нь биелүүлэх боломжгүйд хүрсэн түүнчлэн үүссэн алдангийг төлөхгүй байх эрх зүйн нотолгоо гэж үзэж байна.

1.Олон улсын болон манай улсын хууль гэрээний эрх зүйд “Гэнэтийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд өртсөн тохиолдолд гэрээний хариуцлагаас чөлөөлдөг төлбөрийн хэмжээг бууруулах гм хуульд заасан нөхцлүүд байдаг. Олон улсын гэрээ конвенци, баримт бичигт давагдашгүй хүчин зүйлийн төрөл, хүрээний талаар тусгагдсан байдаг бөгөөд үүнийг дэлхий нийтийн практикт хүлээн зөвшөөрч практикт өргөн хэрэглэж байна. Хард шипийн талаар манай улсын хууль эрх зүйд нэг бүрчлэн тодорхой зохицуулаагүй мэт боловч Манай компанийн хувьд бий болсон энэхүү хууль зүйн бодит факт нь гэнэтийн давагдашгүй хүчний шинжтэй байгаа тул хуулийн зохицуулалтад хамрагдах нь зүйтэй гэж үзэж байна.

ИХШХШ тухай хуулийн 10.4. ”Тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ.

10.5. Монгол Улсын Үндсэн хуульд харшлахгүй бол шүүх олон улсын иргэний эрх зүйн холбогдолтой хэргийг хянан шийдвэрлэхдээ олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно” гэх заалтыг шүүх харгалзаж үзсэнгүй. Бодит амьдрал дээр Хард шипийн нөхцөл бодитоор бий болсон, гэвч хуулийн нарийвчилсан зохицуулалт байхгүй байгаа үед Форс мажорийн зохицуулалтыг төсөөтэйгээр хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Одоогоор ЭБЦТС ТӨХК нь манай компанийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хэмжээгээр хязгаарлаж, төлбөр алдангийг бүрэн хэмжээгээр төлсөн үед эрчим хүчээр хангах шаардлага тавьж байгаа тул үйлдвэрийн үйл ажиллагаа бүрэн зогсож, гадны зарим улс оны компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн худалдах худалдан авах тухай “ гэрээний үүргээ биелүүлэхэд саад учирч мөн л ихээхэн хэмжээний гэрээний хариуцлага, хор хохирол хүлээх гэх мэтээр улам бүр хүнд нөхцөл нэмэгдэж байна. Манай компани “Эдийн засгийн хүнд нөхцөл”-д орсон гэдгээ тал бүрээс нотлож шүүхэд хүргүүлсэн.

Иймд Орхон аймгийн Сум дундын шүүхийн анхан шатны шүүхийн 2016.06.16-ны өдрийн 844 дүгээр шийдвэрийг хянан үзэж хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

                                             ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 116 дугаар зүйлийн 116.2-т заасан  хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХКомпани алданги 143.856.686 төгрөгийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХКомпанийг гэрээний үүргээ зөрчсөн, талууд гэрээндээ хүнд нөхцөл байдал буюу Hairdship- ын тодорхой нөхцөл байдал үүсвэл хэрхэн шийдвэрлэхийг тусгаагүй, энэ талаар гэрээндээ заалт болгон оруулаагүй гэсэн дүгнэлт хийх : Эрчим хүчээр хангах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч “Шим технолоджи” ХХКомпани 2005 оноос молибдены баяжмал боловсруулах үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2009 оноос эхлэн валютын ханшны өсөлтийн зөрүү гарч алдагдал үүссэн, дэлхийн зах зээлд молибдены үнэ буурч өөрсдөөс хамаарахгүй шалтгаанаар эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орж улмаар 2011оны 5 дугаар сард  төлбөргүй чадваргүйд тооцогдсон, 2013 оны 12 дугаар сард “Металл тек” ХХКомпаниас тус компанийг 2 жилийн хугацаагаар дахин хөрөнгөжүүлсэн ба 2016 оны 2 дугаар сарын 16-ны өдөр дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг 6 сарын хугацаагаар сунгасан болох нь Сум дундын 14 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн № 14 дүгээр захирамж, Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1046 дугаар шүүгчийн захирамж бусад нотлох баримтуудаар батлагдсан байна.

Нэхэмжлэгч тус компани нь дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөний дагуу зохих хэмжээгээр үйл ажиллагаа явуулсны үндсэн дээр бусад төлбөр болон цахилгаан эрчим хүч ашигласны төлбөрөө төлж байсан боловч 2015 оны 8 дугаар сараас эхлэн молибдены дэлхийн зах зээлийн ханшны үнэ 2014 оны мөн үеийнхээс 2,0-2,5  дахин унаж буурсан, валютын ханш өссөн зэрэг эдийн засгийн шинжтэй шалтгааны улмаас 2015 оны жилийн эцэст санхүүгийн ихээхэн хэмжээний буюу 63.212.868.98 төгрөг /жаран гурван тэрбум хоёр зуун арван хоёр сая найман зуун жаран найман мянган/-ийн алдагдалд орсон, Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас 2015 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн № 01/704, 2016 оны 3 дугаар сарын 18-ны № 01/188 тоот гэрчилгээгээр Шим технолоджи ХХКомпанийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй “хүнд нөхцөл байдал” үүссэн болохыг тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан татварын жилийн эсийн  тайлан, гэрчилгээний хуулбар/ хх-ийн 7,9 тал/, Монгол банкны гаргасан тодорхойлолт /хх-ийн 75 тал/ болон зохигчын гаргасан тайлбараар  тогтоогдож байх тул Иргэний хуулийн  221 дүгээр зүйлийн 221.2-д заасны дагуу нэхэмжлэгчид гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэх боломжгүй болсон өөрөөр хэлбэл эдийн засгийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч эдийн засгийн дээрх онцгой нөхцөл байдал үүссэний улмаас цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр, алдангийг төлж чадахгүйд хүрч байгаа талаар хариуцагч байгууллагад удаа дараа мэдэгдсээр байхад 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр цахилгаан эрчим хүчээр хангах, түүнийг хэрэглэх гэрээг 2 жилийн хугацаагаар сунгах үед алдангийг хэрхэн төлүүлэх талаар гэрээнд тусгаагүй нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.3-д “талууд өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг зохицуулах арга хэмжээг тэргүүн ээлжинд авах үүрэгтэй” гэж заасан үүргээ хариуцагч тал  биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал цахилгаан эрчим хүч ашигласны төлбөр 415.667.036 /дөрвөн зуун арван таван сая зургаан зуун жаран долоон мянга гучин зургаан / төгрөгийг төлж дуусгаж байгаа, 143.856.686 төгрөгийн алданги нь дээрх эдийн засгийн давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдалд буюу 2015 оны 8 сараас 2016 оны 3 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарч байх тул талуудын  2016 оны 4 дүгээр сарын 07 ны өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаагаар тавигдсан алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч тал нэхэмжлэгчийг гэрээнд заасан төлбөр, алдангийг төлөөгүйгээс цахилгаан эрч хүчний байгууллагад өр төлбөртэй гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүйгээс гадна хариуцагч нь нэхэмжлэгчээс 2016 оны 4, 5 дугаар сард цахилгаан эрч хүч ашигласны төлбөрөөс гадна гэрээнд заасны дагуу 16 сая орчим төгрөгийн алданги тооцсон ба дээрх төлбөр, алдангийг нэхэмжлэгч үл маргах журмаар төлөхийг зөвшөөрч байгааг дурьдав.

Иймд анхан шатны шүүх хэрэг авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 143.856.686 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 844 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас “Шим технолоджи” ХХК-д 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн тооцооны актаар тогтоосон алданги 143 586 686 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч “Шим Технолоджи” ХХК нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                                       ШҮҮГЧИД                                  Б.БАТТӨР

                                                                                          Б.ОЮУНЦЭЦЭГ