Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 18

 

                                   

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Батзаяад холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор                                                      Г.Энхмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Ц.Хүрэлбаатар

Хохирогч                                                       Г.Дарьхүү

Хохирогчийн өмгөөлөгч                           Г.Батбаяр

Нарийн бичгийн дарга                             А.Доржпүрэв нарыг оролцуулан Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрсөн улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Ж.Батзаяад холбогдох эрүүгийн 2016 1900 0608 дугаартай 1 хавтас 196 хуудас хэргийг 2017 оны 02 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харъяат, 1976 оны 10 дугаар сарын 03-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, хувиараа үс засдаг, ам бүл 2, хүүгийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг, 1-9 тоотод оршин суух, Худалдаа үйлдвэрлэлийн тэргүүний ажилтан, Монголын үйлдвэрлэлийн хоршооллын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнуулж байсан, ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Хонхош овогт Жамъяангийн Батзаяа, /РД:НЮ76100316/.

Шүүгдэгч Ж.Батзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна талд Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар, хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар шүүхийн тогтоолоор: Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заансаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Батзаяад холбогдох Эрүүгийн 2016 19000 0608 дугаартай 1 хавтас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газраар дамжуулан Төв

аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасагт буцааж,  

Шүүгдэгч Ж.Батзаяад холбогдох 201619000608 дугаартай 1 хавтас хэргийг Прокурорын газар очтол шүүгдэгч Ж.Батзаяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч бичсэн эсэргүүцэлдээ: “Шүүгдэгч Ж.Батзаяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Энхтайваны 7 дугаар гудамжны 18 тоот хашааны гадна талд Г.Дарьхүүтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар, хамрыг нь тас хазаж, нүүрийг нь засаршгүй эвдэж, дүрсийг нь алдагдуулан, бие махбодид нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд нь Төв аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэж Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Ж.Батзаяад холбогдох эрүүгийн 201619000608 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэснийг ХЯНАВАЛ: Шүүхийн 13 дугаартай тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 1. Шүүхийн тогтоолд: “...Шүүгдэгч Ж.Батзаяаг 3 хүртэл насны хүүхэдтэй ганц бие эцэг болохыг нотолсон шүүхийн 151 дугаартай шийдвэрийг гаргаж өгсөн нь шүүх нэгэнт хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй боловч дээрх нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн байцаалтын явцад шалгагдаж тогтоогдоогүй нотлох баримт байх тул ... мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох” гэжээ.

Дээр дурдагдсан 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай шүүхийн шийдвэрээр шүүгдэгч Ж.Батзаяа, түүний эхнэр П.Балбармаа нарын гэрлэлтийг цуцлаж, хүү Б.Сандаг-Очирыг эцэг Ж.Батзаяагийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэсэн байх тул Б.Сандаг-Очирыг хаана хэний асрамжинд байгаа болох, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 1-9 тоот хаягт хэн, хэн хэзээнээс эхлэн одоо хэн хэн амьдарч байгаа болохыг шалгаж тогтоох хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт: “Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй” гэж заасан байдаг бөгөөд шүүх тогтоол гаргахдаа энэхүү хуулийн зүйл хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Мөн “...иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор шүүгдэгч Ж.Батзаяагийн эд хөрөнгө хамгаалах /битүүмжлэх/ ажиллагаа явуулаагүй, шүүгдэгч Ж.Батзаяа нь Төв аймгийн Зуунмод сумын Номт 1-р баг 1-9 тоотод байршилтай 18.79 ам метр талбайтай орон сууц бүртгэлтэй талаар Улсын бүртгэлийн лавлагаа хэрэгт байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Батзаяагийн эд хөрөнгийг битүүмжлэх” гэжээ. Шүүгдэгч Ж.Батзаяа нь мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн маргаангүйгээр гэм хорын хохирлоо төлдөг бөгөөд цаашид гарах эмчилгээний зардлыг ч төлөхөө илэрхийлдэг байсан учир эд хөрөнгийг заавал битүүмжлэх  нөхцөл байдал үүсээгүй байсан, шүүхийн шатанд ч шүүгдэгч Ж.Батзаяа болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь цаашид гарах эмчилгээний зардал төлбөрийг төлнө гэж мэдүүлснийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Шүүх бүрэн эрхийхээ хүрээнд нотлох баримтуудыг үнэлээд Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлийг үндэслэн зохих хохирол төлбөрийг шүүгдэгч Ж.Батзаяагаас гаргуулахаар шийдвэрлэх эрхтэй бөгөөд хэрэв шүүхийн шийдвэрийг үл биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасны төлбөрийг зохих журмын дагуу, дэс дараалалтайгаар гаргуулах бүрэн боломжтой байсан гэж үзэж байна.

3. “... Хохирогч Г.Дарьхүү 2016 оны 08 дугаар сарын 15-ны орой хэдэн удаа гарсныг нарийвчлан тогтоож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт зааснаар гэрч О.Эрдэнэчимэгийн “...” гэх, гэрч Б.Өлзийтийн “...” гэх гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах зэрэг ажиллагааг хийх” гэжээ. Хохирогч Г.Дарьхүү, шүүгдэгч Ж.Батзаяатай хамт гэрээс 2 удаа гарсан, эхний удаа гарахад Г.Дарьхүүг шүүгдэгч Ж.Батзаяа боочихсон байсныг Өлзийт салгаж гэрт оруулж ирсэн, дахин маргаад гэрээс 2 дахь удаагаа гараад удалгүй хэрэг явдал болсон гэдгийг /гэрчүүд мэдүүлдэг/ мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн шатанд ч гэрч Ө.Болортунгалаг тодорхой мэдүүлэг бөгөөд тухайн үед гэрч Ө.Болортунгалагаас бусад бүх гэрчүүд тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тухайн үеийн нөхцөл байдлыг өөрийн санаж байгаагаар мэдүүдэг бөгөөд гэрч О.Эрдэнэчимэг, гэрч Б.Өлзийт нарын мэдүүлгийн хооронд хэргийг шийдвэрлэхэд эргэлзээ төрүүлэхээр ноцтой зөрүү байхгүй гэж үзэж байна. Гэрч О.Эрдэнэчимэг, гэрч Б.Өлзийт нарын өгсөн мэдүүлгийг бусад гэрчүүд давхар давхар гэрчилдэг. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээд дотоод итгэлээрээ үнэлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Иймд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах тухай шүүхийн тогтоолыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив" гэжээ.

Шүүх хуралд оролцсон Прокуророос: “...Бичсэн эсэргүүцлээ дэмжиж оролцоно, анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Батзаяад холбогдох 201619000608 дугаартай эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн 04 дугаарт шүүхийн тогтоол үндэслэлтэй  байна.

            Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргаж өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 151 дугаартай шүүхийн шийдвэр, Зуунмод сумын 1 багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангаагүй, мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэх ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хэрэгжүүлээгүй, хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, түүнчлэн  тухайн гэмт хэрэг гарсан байдал буюу шүүгдэгч гэмт хэргийг хэрхэн яаж үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл юу болохыг мөрдөн байцаалтын шатанд  бүрэн шалгаагүй байна.       

Шүүхийн шийдвэрийн дагуу шүүгдэгч Ж.Батзаяагийн асрамжинд бага насны хүүхэд нь өсч хүмүүжиж байгаа эсэх, өөрөөр хэлбэл тэрээр 3 хүртэлх насны хүүхэдтэй ганц бие эцэг мөн эсэх нь яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцөл мөн бөгөөд түүнийг шалгуулахаар тогтоолд заасан нь буруу биш байна. Мөн хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалд 40 сая төгрөг нэхэмжилж байгаа ба иргэний нэхэмжлэлийг хангах зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн байцаалтын шатанд гүйцэтгэгдэнэ.

Дээрх байдлууд нь хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.4, 80.1.6 дахь хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, яллагдагчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх хариуцлагын хэр хэмжээ, шинж чанарт нөлөөлөх нөхцлүүд,  гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцлийг  тогтоогоогүй гэж үзэх үндэслэл болно.

Шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бүх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлэх учиртай тул шүүгдэгч Ж.Батзаяад холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

         Иймд улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан шүүхийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 04 дугаар шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                               Ц.ӨРНӨНДЭЛГЭР

                        ШҮҮГЧИД                                Т.ЭНХМАА

                                                                        Г.БОЛОРМАА