Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2017/00909

 

М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00376 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 844 дүгээр магадлал,

Нэхэмжлэгч : Макслайн ХХК,

Хариуцагч : Хөгжил финанс ББСБ ХХК,

Хариуцагч : Х.Баттулга,

Нэхэмжлэлийн шаардлага: 9.575.161 төгрөгийг гаргуулах тухай

Хариуцагч Х.Баттулгын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

үүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Өлзийбат, хариуцагч “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн өмгөөлөгч М.Болдбаатар, хариуцагч Х.Баттулга, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: Манай компани Герман Улсын Бугатти брэндийн албан ёсны борлуулагч бөгөөд тус компаниас татан авсан барааны төлбөрт 10462.40 еврог 2012.02.28-ны өдөр Бугатти компанийн Commerzbank банкин дахь дансанд шилжүүлсэн. Манай компанийн  хариуцлагагүй байдлаас Бугатти компанид барааны төлбөрийг  зөрүүтэй шилжүүлсэн гэж тооцож явсан. Гэтэл 2016.4.13-ны өдөр Бугатти компанийн менежер Dagmar Kuge-ээс манайхаас барааны төлбөрт 3713,98 евро илүү шилжүүлсэн байна  илүү  мөнгийг  Хөгжил финанс ББСБ-ын Худалдаа хөгжлийн банкиндахь валютын дансанд буцаан шилжүүлсэн тухай  мэдээллийг [email protected]-аас цахим шуудангаар ирүүлсэн. Ингээд манай компанийн зүгээс Бугатти компанитай холбогдож дээрх асуудлыг шалгасан. Гэтэл манай компанид брэнд менежерээр ажиллаж байсан Х.Баттулга нь  төлбөрийг илүү шилжүүлсэн байгааг олж мэдэнгүүтээ Бугатги компанитай биечлэн харилцаж, тус компанийг төөрөгдөлд оруулах замаар өөрийн эх Ө.Хишгээгийн ажиллуулдаг Хөгжил финанс ББСБ-ын  дансыг Бугатги компанид өгч Макс лайн ХХК-иас илүү шилжүүлсэн 3713,98 еврог  авсан байсан. 3713,98 евро нь манай Макслайн ХХК-ийн мөнгө бөгөөд  Х.Баттулга нь  бусдын эд хөрөнгийн хууль бусаар захиран зарцуулсан баримтаар нотлогддог.  Улсын бүртгэлийн газрын лавлагаанаас үзвэл,  Ө.Хишгээ нь Хөгжил финанс ББСБ ХХК-ийн үүсгэн байгуулагч байгаа. Хөгжил финанс ББСБ ХХК-иас тайлбар өгөхдөө Ө.Хишгээ ажлаас гарсан  гэх боловч үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч гэдэг нь нотлогдоно. Хөгжил финанс ББСБ ХХК нь  Х.Баттулга  зээлдэгч байсан ба 3710 еврогоор зээлийн төлбөрийг хаасан гэдэг. Гэтэл Х.Баттулга, Хөгжил финанс ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь нотлогдохгүй байгаа. Зээлийн хуулга гэж баримт гаргаж өгсөн байсан нь бодит баримт биш дотооддоо хуурамчаар хийж болохоор юм. Үндсэндээ бодит биш зээл юм шиг харагдана. Макс лайн ХХК  нь хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан этгээдүүдээс төлбөрөө нэхэмжилж байгаа. Бугатти компаниас Макс лайн ХХК-иас илүү шилжүүлсэн мөнгийг нь буцаан төлөхдөө замаас нь өөр компанийн данс руу орсон. Бугатти компани төлбөр төлөхдөө Макс лайн ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас энэ мөнгө бол Макс лайн ХХК-ийн өмч юм. Иймд хариуцагч нараас мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Хөгжил финанс ББСБ ХХК шүүхэд  тайлбар  гаргахдаа:  Хөгжил финанс банк бус санхүүгийн байгууллага нь Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйлчилгээ эрхэлдэг. Харилцагч зээлийн төлбөрөө манай байгууллагын харилцах дансаар дамжуулан хийдэг журамтай. Макс лайн ХХК-ийн нэхэмжлэл, гүйлгээтэй холбогдох иргэн Х. Баттулга  тухайн үед манай зээлдэгч байсан. 2012.3.09-ний өдөр  Х.Баттулгын хүсэлтээр зээлийн төлбөрт  шилжиж ирсэн 3713.98 еврог  тухайн үеийн ханшаар тооцож 6.510.606,94 төгрөгийг  зээлийн төлбөрт авсан. Тухайн үеийн захирал Хишигээ нь 2016.8.01-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Манайх Х.Баттулга нь  2012.01.05-ны өдрийн 12/04 тоот гэрээгээр 10 сая төгрөг авсан байдаг.  2012.3.09-ны өдөр манай төгрөгийн дансанд 6.500.010 төгрөгийн гүйлгээ орсон. Гүйлгээ орсоны дараа Х.Баттулга ирж  төлөлт хийсэн талаар хэлж,  мөнгийг  төлбөрт нь суутгасан.  Х.Баттулгатай холбоотой маргаан, энэ мөнгийг хаанаас авсан ямар эх үүсвэрээс орж ирсэн гэдгийг бид мэдэхгүй, ойлгомжгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч Х.Баттулга шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжилж буй мөнгө нь Макс лайн ХХК-ийн мөнгө биш байна. Би Бугатти  компанитай 2011, 2012 онд Макс лайн ХХК-ийн нэрийн өмнөөс хамтран ажиллаж байсан. 2012 оны 01 сард уулзахад тухайн үед жилийн 40,000-50,000 еврогийн захиалга заавал Макс лайн ХХК-тай хийгдэж байна. Тэгвэл чамд тодорхой хэмжээний мөнгө өгнө гэсэн үүний дагуу 3713.98 еврог  Бугатти компаниас надад шилжүүлсэн. Би  тухайн үед Хөгжил финанс ХХК-нд зээлийн өртэй байсан болохоор Хөгжил финанс ХХК-ийн данс руу шилжүүлсэн, мөн үлдэгдэл төлбөрийг өөрт байсан мөнгөнөөс нэмж хаасан. Энэ нэхэмжилж байгаа мөнгө бол Макс лайн ХХК-ийн мөнгө биш Бугатти компаниас надад өгсөн мөнгө юм. Хөгжил финанс ХХК-ийн данс руу орсон мөнгө бол Бугатти компаниас шилжиж орсон мөнгө байдаг. Иргэний хуулийн 64 зүйлд зааснаар Макс лайн ХХК бол Бугатти компаний зүгээс шилжүүлсэн 3713.98 еврог Х.Баттулгаас шаардах, мөн Хөгжил финанс ХХК-аас шаардах  эрхгүй. Нэхэмжлэгч хэрэв хохирсон гэж үзэж байвал Бугтти компаниас шаардах боломжтой.  Энэ харилцаа бол байгууллага хоорондын харилцаа байж нэг ч албан бичгийн үндсэн дээр харилцсан зүйл байдаггүй. Гадаадын байгууллагатай харилцахад албан бичиг хэрэглэдэг. Тийм байхад Макс лайн ХХК-с гаргаж өгсөн  материалууд зөвхөн цахим баримтууд байдаг. Коммерз банкны баримтыг нотлох баримтаас хасуулъя гэсэн. Энэ баримт бол Бугатти компаниас Хөгжил финанс ХХК-ийн данс руу шилжүүлсэн гэдгийг нотлох баримт болохоос Макс лайн ХХК-ийн мөнгийг дамжуулан өгч байна гэдгийг нотолсон  баримт биш.  Бугатти компаний нэрийн өмнөөс Хөгжил финанс ХХК болон Х.Баттулгаас нэхэмжлэл гаргах итгэмжлэлийг нэхэмжлэгч авсан байх ёстой. Бугатти компанийг төлөөлөх эрхгүй этгээд учир  3713.98 евро Макс лайн ХХК-д хамааралгүй. Х.Баттулга, Хөгжил финанс  ХХК-ийн хооронд 3713.98 евротой холбоотой Макс лайн ХХК, Хөгжил финанс ББСБ ХХК-ийн хооронд ямар ч харилцаа үүсээгүй байгаа. Иймд Макс лайн ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00376 дугаартай шийдвэр гаргаж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д заасныг баримтлан Хөгжил финанс ББСБ ХХК-иас 9.575.161 төгрөг гаргуулж Макслайн ХХК-д олгож, Х.Баттулгад холбогдох  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Макслайн ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.314 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хөгжил финанс ББСБ ХХК-иас 167.314 төгрөгийг гаргуулж Макслайн ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 844 дугаартай магадлал гаргаж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/00376 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар Х.Баттулгаас 9.575.161 төгрөг гаргуулж Макслайн ХХК-д олгож, Хөгжил финанс ББСБ ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “Хөгжил финанс ББСБ ХХК-иас” гэснийг “Х.Баттулгаас” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Хөгжил финанс ББСБ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.314 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Х.Баттулга хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хөгжил Финанс ББСБ ХХК-ийн дансанд шилжиж ирсэн 3713.98 евро нь Макслайн ХХК-иас  барааны төлбөрт илүү шилжүүлсэн мөнгө болох нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэн болох нь мэдэгдэхгүй, ийм этгээд байдаг эсэх, байдаг бол Бугатти компанид ажилладаг эсэх, төлөөлөх эрхтэй эсэх зэргийг нь нотлогдож тогтоогдоогүй. Е-майл  хаягийг хэн нэгэн этгээд зориудаар нээсэн эсэхийг нотлож тогтоогоогүй байж маргаан бүхий мөнгийг дээрх цахим хаягт байсан агуулгын дагуу үнэлж, нэхэмжлэгчийн мөнгө байна гэж үзсэн нь  хууль бус гэж үзэж байна.  Хэрэгт барааны төлбөрт илүү шилжүүлсэн мөнгө, Макслайн ХХК-ийн хөрөнгө болохыг нотолсон баримт авагдаагүй байхад шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.   Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдлын талаар  давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй хэргийг шийдвэрлэсэн нь  хуулийг ноцтой зөрчиж байна.  Хавтаст хэрэгт авагдсан  банкны баримт, Хөгжил финанс ББСБ ХХК-ийн  дансны хуулга, албан бичиг зэрэг нь  Бугатти компаниас Хөгжил Финанс ББСБ ХХК-ийн  дансанд 3713.98 евро шилжүүлсэнийг нотолж байна. Макслайн ХХК-ийн нэхэмжилсэн 3713.98 еврог  Бугатти компаниас Хөгжил Финанс ББСБ ХХК-д шилжүүлсэн 3713.98 евро Макс лайн ХХК-ийн хөрөнгө болох нь  тогтоогдоогүй. Бугатти компаниас Макслайн ХХК-д шүүхэд нэхэмжлэл гаргах эрх олгогдоогүй тул шүүх  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.5, 117.1-т заасан үндэслэлээр  хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Иргэний хуулийн 495.1 дэх заалтыг хэрэглэх ёсгүй байхад хэрэглэсэн. Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн тухай Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн зохицуулалтаас үзэхэд шаардлага гаргах эрх бүхий этгээд нь хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байх хуулийн шаардлага байна. Хэрэгт авагдсан Хөгжил финанс ББСБ ХХК-ийн  дансны хуулга, зэрэг нотлох баримтуудаар  Бугатти компаниас Хөгжил Финанс ББСБ ХХК-ийн дансанд 3 713.98 евро шилжүүлсэн баримтуудаас үзвэл өмчлөгч, эзэмшигч нь  Бугатти компани юм. Тиймээс Иргэний хуулийн 495.1-г  хэрэглэхэд  хууль ёсны өмчлөгч, эзэмшигч байх  ёстой. Хэргийн баримтаас харахад Бугатти компаниас Х.Баттулга надад урамшуулал болгон шилжүүлсэн 3713,98 евро нь Макслайн ХХК-ийн өмч, хөрөнгө болох нь  нотлогдоогүй, Шүүх хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 495.1 дэх заалтыг хэрэглэсэн 3713.98 еврог Хөгжил Финанс ББСБ ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансанд Бугатти компани шилжүүлсэн, Макслайн ХХК шилжүүлээгүй тул Макслайн ХХК Иргэний хуулийн 495.1-д заасны дагуу Х.Баттулга надаас 3713.98 еврог шаардах эрхгүй байна гэжээ.ХЯНАВАЛ:

“Макслайн” ХХК нь “Хөгжил финанс ББСБ” ХХК, Х.Баттулга нарт холбогдуулан 9.575.161 төгрөг гаргуулахыг шаардахдаа “...Герман Улсын Бугатти компанид бид илүү шилжүүлсэн 3713,98 еврог буцаан шилжүүлэхэд Х.Баттулга нь “Хөгжил финанс ББСБ” ХХК руу шилжүүлэн авч зээлээ барагдуулсан байна...” гэсэн үндэслэл заажээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.нхан шатны шүүх “Хөгжил финанс ББСБ” ХХК-иас 9.575.161 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгон, Х.Баттулгад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх  “Хөгжил финанс ББСБ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Х.Баттулгаас 9.575.161 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох өөрчлөлтийг шийдвэрт оруулжээ. 

Хариуцагч Х.Баттулгын гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж  хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

  “Макслайн” ХХК нь 10462,40 еврог Бугатти компанид төлөхдөө 3713,98 евро илүү шилжүүлсэн байсныг буцаасан, буцаахдаа тухайн үед нэхэмжлэгч байгууллагад ажиллаж байсан бренд менежер Х.Баттулгын хэлсэн данс руу шилжүүлсэн, Х.Баттулгын заасан данс нь Макслайн ХХК-ийн бус, харин “Хөгжил финанс ББСБ” ХХК-ийн данс байсан, уг 3713,98 еврогоор Х.Баттулга “Хөгжил финанс ББСБ”ХХК-д төлөх зээлийнхээ  зарим хэсгийг барагдуулсан үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогджээ.

Х.Баттулга нь тус шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан нөхцөл байдлын талаар анхан шатны шүүхэд тайлбар гаргаж байгаагүй, анхан шатны шүүх шүүх хуралдаан дээр гаргасан үндэслэлээ баримтаар нотлоогүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан түүний  гомдлыг хангах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх Макслайн ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул магадлалыг хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 844 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Х.Баттулгын гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч Х.Баттулга хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 167.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ