Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
Хэргийн индекс | 182/2023/03759/И |
Дугаар | 210/МА2024/01299 |
Огноо | 2024-06-24 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01299
2024 06 24 210/МА2024/01299
Г.Тгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02006 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Г.Тгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зд холбогдох,
Згийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн Б/59 дугаартай ажилд эгүүлэн томилох тухай тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах тухай үндсэн,
Г.Тгээс 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, өмгөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Би, 2020 оны 10 дугаар 01-ний өдрөөс Зд хууль, эрх зүйн мэргэжилтнээр ажилд ороод 2022 оны 04 дүгээр 20-ны өдрөөс захиргааны газрын хуульчаар томилогдон ямар нэгэн зөрчил, дутагдал гаргалгүй ажилласан. Гэтэл намайг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ажлын байр хасагдах болсон гэсэн шалтгаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон талаарх мэдэгдлийг гардуулж, 2023 оны 01 дүгээр 31-ний өдрийн Згийн гүйцэтгэх захирлын Б/06 дугаартай тушаалаар ажлаас минь чөлөөлсөн.
Миний бие үүнийг хууль бус гэж үзэж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 06 дугаар 07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаар захирамжаар хариуцагч нь надад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд нөхөн төлөлт хийхээр болсон.
Уг захирамж гарснаас хойш даруй 13 хоногийн дараа Згийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн Б/59 дугаартай ажилд эргүүлэн томилох тухай тушаал гарсан боловч энэхүү тушаалыг 2023 оны 07 дугаар 19-ний өдрийн 1/512 дугаартай албан бичгээр 2023 оны 07 дугаар 26-ны өдөр надад мэдэгдсэн ба тухайн үед миний бие өвчтэй гэсэн шалтгаанаар 14 хоногийн эмнэлгийн магадлагаатай байсан тул 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа орсон. Згийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаал нь шүүгчийн захирамж гарсан өдрөөс хойш 13 өдрийн дараа гарч, надад 36 өдрийн дараа албан бичгээр мэдэгдсэнээр 2023 оны 6, 7 дугаар саруудад цалин хөлс олгогдоогүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлөөгүй тасалдуулан нэхэмжлэгч намайг хохироосон.
Энэ талаар хариуцагч байгууллагын холбогдох албан тушаалтнуудад мэдэгдэхэд дээрх цалин хөлс болон түүнд ногдох шимтгэл, хураамжийг төлөх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар шүүгчийн захирамж гарсан өдөр буюу 2023 оны 06 дугаар 07-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгож, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлөх үүрэгтэй. Түүнчлэн, шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон буюу 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилж ажиллуулах ёстой байсан.
Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б/59 дугаартай тушаалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажлын байрыг шинээр нэмсэн тухай үндэслэл байхгүй, уг ажлын байрыг 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хассан байхад орон тоог нэмээгүй.
Улмаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн томилсон тушаал гарсан боловч уг тушаал нь хэлбэрийн төдий хууль бус тушаал болно. Иймд, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч тус байгууллагаас шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу тэмдэглэлийг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан.
Би, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд хуульд нийцүүлэн эгүүлэн тогтоолгох тухай хэсгээсээ татгалзсан. Иймд, Згийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дугаартай тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, 2023 оны 06 дугаар 07-ны өдрөөс хойших ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулж, уг хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч Г.Т нь Згийн гүйцэтгэх захирлын 2020 оны 09 дүгээр 29-ний өдрийн Б/66 дугаар тушаалаар анх хуульчаар ажиллаж байгаад 2023 оны 01 дүгээр 23-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай тушаал гарч Захиргааны газрын хуульчийн ажлаас чөлөөлөгдсөн боловч түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бид хүлээн зөвшөөрсөн тул 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2023/01735 дугаартай шүүхийн шийдвэр гарсан.
Энэхүү захирамжийн дагуу манай байгууллагын гүйцэтгэх захиралын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б/59 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд 10,476,190 төгрөг олгож, мөн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 дугаар 07-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл хураамжийг нөхөн төлсөн.
Гэтэл нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн томилох тухай тушаал гаргаж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байхад тухайн тушаалыг хүчингүй болгох нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй, тэрээр шүүхийн захирамж 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр гарсан талаар мэдэж байсан ба ажилдаа орж, ажлаа хийх нь түүний хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг. Гэтэл нэхэмжлэгч нь 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэл ажилдаа огт ирээгүй бөгөөд 2023 оны 08 дугаар 14-ний өдрөөс 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл 40 цаг ажилласан. Түүнийг ажилдаа ирэх хүртэл хугацаанд бид ажилдаа эргэн орж ажил үүргээ зохих ёсоор биелүүлэх, хөдөлмөрийн дотоод журамд зааснаар цагийн бүртгэлийн дагуу ажиллахыг шаардаж байсан боловч нэхэмжлэгч нь өөрийн буруутай үйлдлээс болж түүний нийгмийн даатгалын шимтгэл 2023 оны 07 сард төлөгдөөгүй тасарсан.
Учир нь ,тухайн сард бүтэн ажилдаа ирээгүй учир цалин бодогдоогүй бөгөөд 2023 оны 08 дугаар сард нийт 40 цаг ажилласан тул бодогдсон цалин болох 618,478 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл, ХХОАТ болох 107,860 төгрөгийг суутгаж 510,618 төгрөгийн цалин олгосон. З бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн хүрээнд байгууллагын хуульчийг АЗ болох төрийн худалдан авах ажиллагааны газрын сертификаттай байх шаардлагыг Г.Тд тавьж байсан бөгөөд түүнийг байгууллагын зүгээс төлбөрийг бүрэн хариуцаж сургалтад хамруулж байсан. Гэтэл Г.Т нь манай байгууллагыг ажилд эгүүлэн тогтоох тухай 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 дугаар тушаал гаргахдаа АЗ сертификаттай байх шаардлагыг нэмсэн, урьд эрхэлж байсан албан тушаал дээрх шаардлага байгаагүй гэх худал мэдүүлгийг шүүхэд гаргасан байна.
Ажил олгогчийн зүгээс шүүхийн шийдвэрийг биелүүлсэн байхад нэхэмжлэгч нь ажил үүргээ биелүүлэх үүрэгтэй байтал ажиллаагүй тухайн хугацааны цалин болон нийгмийн даатгалын шимтгэл төлөхийг шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.
3. Хариуцагч Зээлийн батлан сан нь нэхэмжлэгч Г.Тд холбогдуулан гаргасан 10,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч Г.Т нь Згийн Захиргааны газарт хуульчаар ажиллаж байгаад гүйцэтгэх захирлын 2023 оны 01 дүгээр 23-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба түүнийг ажлаас чөлөөлөхөд нь 4 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж буюу 10,000,000 төгрөг олгосон. Гэтэл нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01735 дугаар захирамжаар ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар шийдвэрлэсэн тул дээрх тэтгэмжийг буцаан төлөх ёстой тул нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөг гаргуулж өгнө үү.
4. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд тайлбар гаргаагүй.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Згаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 3,048,132 /гурван сая дөчин найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Тд олгож, 2023.07.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлстэй тэнцэх олговор 3,048,132 /гурван сая дөчин найман мянга нэг зуун гучин хоёр/ төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Г.Тгийн 2023.06.07-ноос 2023.07.26-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, 2023.07.26-ны өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүлйин 106.5-д заасныг баримтлан хариуцагч Зд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан Г.Тгийн,
Г.Тд холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан Згийн татгалзлыг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
1/ Анхан шатны шүүх Згийн гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Б/59 дугаартай Г.Тг ажилд эргүүлэн томилох тухай тушаал нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр эсэх талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй.
Нэхэмжлэлийн шаардлагын гол агуулга нь тус гүйцэтгэх захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн тушаал нь холбогдох хууль тогтоомж зөрчиж гарсан буюу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах байсан. Уг тушаалын үр дагавар нь өмнөх шүүхийн шийдвэрийн хэлбэрэлтгүй, заавал биелэгдэх шинж чанарыг алдагдуулж Г.Т миний урьд эрхэлж байсан хөдөлмөрийн харилцааг сэргээх үүргээ биелүүлэхээс хариуцагч санаатайгаар зайлсхийсэн үйлдэл юм. Тус зайлсхийсэн үйлдлүүд нь ажилд эгүүлэн томилсон тушаалаар буюу тухайн тушаалыг 1 сар 7 хоногийн өмнө гаргасан мэт дүр үзүүлсэн, шүүхийн шийдвэрт тусгаагүй үүргийг надад хүлээлгэсэн, албан хэрэг хөтлөлтийн дотоод журмыг тодорхой заалтуудыг зөрчиж гаргасан, миний ажлын байрны орон тоог нөхөж гаргаагүй, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардсан, ажлын байранд тавигдах шаардлагыг өөрчилсөн гэх мэт үйл баримтуудаар нотлогдоно.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.2-т тус тус заасны дагуу тушаал гаргасан боловч тус тушаалаар шүүхийн шийдвэрийг хэлбэрэлтгүй биелүүлэх, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох зэрэг хууль, шүүхийн шийдвэрийн дагуу оногдуулсан үүргээ хэлбэрийн төдий, хууль тогтоомж зөрчин гүйцэтгэж, хууль бус тушаал гарган цаашид миний хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд үүсэх эрсдэл, хохиролтой үр дагавар буюу дахин хөдөлмөрийн маргаанд хүргэх нөхцөл байдалд хүргэж байгааг үнэлэлгүй орхигдуулсан. Улмаар миний хууль ёсны дагуу, шударгаар хөдөлмөр эрхлэх эрхийг минь зөрчиж байна.
2.Анхан шатны шүүх нь хариуцагчийн 2023 оны 06 дугаар 20-ны өдрийн Б/29 тоот тушаал гарснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдсэн гэж буруу дүгнэсэн. Учир нь, ажил олгогч болон ажилтны аль нь ч хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үүсгэх, сэргээх, дуусгавар болгоход хууль тогтоомж зөрчихийг зөвшөөрөөгүй. Гэтэл хууль зөрчиж гаргасан, хууль бус тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдсэн гэж үзэх нь хууль бус арга хэрэгслээр хууль хэрэгжүүлэхийг зөвшөөрөхтэй адил юм
3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзлээ. Учир нь, хариуцагч нь хуульд заасан урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл гэдэг нь шүүхийн шийдвэр болон хуулийн дагуу өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж өмнөх хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж эхлэхийг ойлгоно. Гэтэл хариуцагч нь орон тоо байхгүй ажлын байранд хууль бус тушаалаар миний холбогдох эрхүүдийг зөрчин ажилд эгүүлэн авсан гэдгийг шүүх харгалзан үзээгүй нь дээрх хуулийн заалтыг буруу хэрэглэх шалтгаан болсон гэж үзэж байна.
4. Анхан шатны шүүх нь мөн хариуцагчийн хууль зөрчсөн эс үйлдэхүйг гүйцэд дүгнээгүй. Хариуцагч нь холбогдох хугацаанд /6 сарын 07-ны өдрөөс 7 сарын 26-ны өдөр хүртэлх/ ногдох Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг төлөөгүй, ажлын байрны шаардлагыг өөрчилсөн, шинэ хөдөлмөрийн гэрээ байгуулахыг тулгасан гэх мэт хууль бус үйлдлүүдээ засах хангалттай хугацаа байсан. Би, Чингэлтэй дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй ижил агуулга бүхий гомдол гаргасан бөгөөд хариуцагчаас эвлэрэх хууль бус тушаал шийдвэрээ эргэн харах хангалттай хугацаа байсан, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахад тайлбар болон нотлох баримтыг удаа дараа гаргаж өгөлгүй маш их цаг хугацаа алдсан. Энэ хооронд мөн л ямар нэгэн байдлаар эвлэрэх, хууль бус тушаал шийдвэрээ эргэн харах бололцоотойгоор барахгүй орон тоог нэмж баталсан тушаал нөхөн гаргаснаа олон сарын дараа шүүхэд гаргаж өгсөн.
Иймд, дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02006 дугаартай шийдвэрийн 1 дэх хэсгийн хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгож холбогдох хэсгүүдэд өөрчлөлт 1 оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.Тгээс хариуцагч Зд холбогдуулан гүйцэтгэх захирлын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоолгох, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Т.Тгийн гаргасан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 10,476,190 төгрөг гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч З хүлээн зөвшөөрсөн тул Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 182ШШ2024/01735 тоот захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж зааснаар шүүхийн дээрх 182/ШШ2024/01735 тоот захирамжийн дагуу хариуцагч Згийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Б/59 тоот тушаалаар нэхэмжлэгч Г.Тг Захиргааны газрын хуульчийн албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10,476,190 төгрөгөөс түүнд урьд өгсөн ажилгүйдлийн тэтгэмжийг хасаж үлдэх хэсгийг төлөх, 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр болжээ.
Мөн хариуцагч Згийн гүйцэтгэх захирлын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/22 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан Захиргааны газрын хуульчийн албан тушаалыг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн А/81 тоот тушаалаар нэмж албан тушаалын жагсаалтад оруулсан байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2-т Энэ хуулийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ... гэж зааснаар нэхэмжлэгч Г.Тг ажилд нь эгүүлэн тогтоосон нь түүний хөдөлмөрлөх эрх сэргэсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэл гэж тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 3,048,132 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт нийцсэн байна.
Учир нь, хариуцагч З нь 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн нэхэмжлэгч Г.Тг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд буцаан томилсон боловч нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанаас гадна түүнийг ажилд нь буцаан томилсон шийдвэрийг мэдэгдсэн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацааг мөн адил хамааруулна.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нь ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
Зохигч талууд нэхэмжлэгч Г.Т нь 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаанд захиргааны чөлөөтэй байж байгаад мөн оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ажилдаа эргэж орсон талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа ажилд эгүүлэн тогтоолгох хэсгээсээ, хариуцагч нь 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ тус тус татгалзсан байна.
7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02006 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Б.МАНДАЛБАЯР