Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01330

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 210/МА2024/01330

 

 

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч С.Энхбаяр, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01243 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Г.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.От холбогдох,

 

Хаш чулууны үнэ 104,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б, өмгөөлөгч Л.Э, хариуцагч Ш.О, өмгөөлөгч С.И, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2012 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ОХУ-ын Эрхүү хотын Сибирьгеологийн компаниас 2 тонн ногоон өнгийн хаш чулууг гоёл чимэглэлийн эд зүйл хийх зорилгоор 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрөлтэйгөөр Алтанбулагийн хилээр нэвтрүүлэн автомашинаар тээвэрлэн оруулж ирсэн. Би, өөрийн хэрэглээнд 73 кг хаш чулууг 2013 оны 08 дугаар сарын эхээр өөрийн танил н.М гэх чулуу зүсдэг залуугаар хөрөөдүүлэхээр түүний үйлдвэрт зөөвөрлөн хүргэсэн. Тухайн өдөр хөрөө нь хөрөөдөж дийлээгүй учраас тэндээ үлдээгээд түүнээс хойш 10 гаруй хоносон. Гэтэл н.М нь манай найз Ш.О чиний чулууг хүнд үзүүлээд аваад ирье гэнээ гэхэд нь би түүнд чиний найз юм бол тэг дээ гэж хэлсэн. Ингээд Ш.О гэх хүнээс асуухаар шалтгаан тоочоод хугацаа хэлээд байсан болохоор итгэж хүлээсэн боловч худлаа яриад байгааг нь мэдээд 2014 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

Хяналтын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 578 тоот тогтоолд Ш.От холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалт явуулахад Г.Бийн 73 кг жинтэй хаш чулууг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдсон хэдий ч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэлээ гэсэн. Ийм учир Ш.Оээс хаш чулууны үнэ 104,025,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Чулууг ОХУ-аас авчирсан, сэвгүй, нэг ширхэг том хэмжээтэй, чанарын хувьд тунгалаг, ямар ч хар толбо байхгүй, 7 дугаар үеийн хаш чулуу байсан. Цэвэр ногоон өнгийн гоёлын бэлэг дурсгал, хөөрөг зэргийг урладаг тансаг зэрэглэлийн чулуу байсан. Тухайн үедээ нэг кг хаш чулуу 500 ам долларын үнэтэй байсан тул нийт чулууны үнэ 36.500 ам долларыг нэхэмжлэл гаргах үеийн төгрөгт шилжүүлж шаардсан.

Би, анхнаасаа Ш.Оийг огт таньдаггүй байсан. Тухайн үед чулуу хөрөөддөг үйлдвэр ажиллуулдаг Э.Мын үйлдвэр дээр хаш чулууг жижиглүүлэхээр орхисон байсан. Харин Ш.О намайг эзгүйд Э.Маас гадаа машинд чулууг хүнд үзүүлээд аваад ирье гээд тэр чигтээ алга болсон. Хаш чулуу 73 кг буюу том чулуу байсан учраас жижиглүүлэхээр тохирсон. Тэр үед Улаанбаатар хотын хэмжээнд чулуу хөрөөддөг үйлдвэр ганц байсан ба Сонгинохайрхан дүүрэг, Замын цагдаагийн дэргэд байрлалтай байсан. Би н.Алдар гэх хүнийг ч гэсэн огт танихгүй, Э.Мын үйлдвэрт н.Алдар, Ш.О нар хамт очиж, танилцаж байсан гэж сонссон. Ш.О нь Эрээн хот руу аваачиж хаш чулууг зарсан гэдгийг хожуу н.Алдараас сонссон. Би, түүнтэй хэд, хэдэн удаа таарсан зүйлгүй, мөн түүнээс 1,000,000 төгрөг өгчих гэж хэлж байсан удаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Прокурорын тогтоолыг сүүлд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр мэдсэн. Хэрэгт баримтаар өгсөн хуулбарласан огнооноос харагдана. Прокурор тогтоолдоо мэдэгдсүгэй гэж заасан мөртөө Г.Бт мэдэгдээгүй. Хариуцагч мөн хэргийг хэрхсэн талаар мэдэгдээгүй гэж байгаа тул 2021 оны 06 дугаар сараас хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдох тул хэтрээгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Би, 2012 оны 10 дугаар сард Бээжин хот руу ажлаар явах гэж байхад н.Алдар гэх танил маань холбогдоод Эрээн рүү 64 кг чулуу 1 кг-ийн 50.000 төгрөгөөр зарах гэсэн юм, чи авч яваад чулуу авдаг хүмүүс тэнд байдаг үзүүлээд зараад өгөөч гэж гуйхад нь миний бие чулууны ямар ч мэдлэггүй, тийм авдаг хүмүүс нь байдаг бол тус болъё гэж бодсон. Ингээд Замын-Үүдэд амьдардаг найз н.Мөнхөө эндээс унаатай явах болоод бид нар холбогдоод хэлэхэд энэ Г.Б гэх залуу өөрөө машинд дайгаад явуулсан. Би, 3 хоногийн дараа очоод Эрээн рүү авч гарах юм болсон чинь хууль бус наймаа гээд хилээр гаргадаггүйг нь мэдээд хэлтэл Замын-Үүдэд байдаг чулууны наймаа хийдэг хүмүүст нь үзүүлэхэд монгол хаш чулуу байна, цууралт, зураас ихтэйн гэсэн байх тийм юм хэлээд аваагүй. Тэгээд энэ Г.Б гэх залуутай холбогдоод хэлэхэд хямдруулаад ч гэсэн зараад өгөөч гэсэн боловч голоод тэр хүмүүс нь авахгүй байсан.

Би, цаашаа Бээжин явах ажилтай тул явлаа энэ чулууг чинь яах уу гэсэн чинь Г.Б нь наад дайж явуулсан хүнийхээ гэрт нь үлдээчих гэсэн. Миний бие өөрөө очиж авъя гэхээр нь н.Мөнхөөгийн дугаарыг өгөөд үлдээгээд явсан. Гэтэл 2014 онд энэ Г.Б цагдаад гомдол гаргаж өгсөн байна гэсний дагуу очтол чулуугаа очиж аваагүй байж надаас 60,000,000 гаруй төгрөг нэхэмжилсэн байсан. Би, цагдаад болсон үйлдлийг нь тайлбарлаад дэргэд нь н.Мөнхөөтэй холбогдсон. Тэр чулуу нь гараашинд нь машины нэг юм эвээд тавьчихсан байж л байгаа, наад хүн чинь ирж авна гээд таг алга болсон ирж аваач гэсэн. Тухайн үед Г.Бийг цагдаа зэмлээд миний дэргэд н.Мөнхөөгийн утасны дугаар, гэрийн хаягийг нь өгөөд өөрөө очоод аваарай гээд бид хэд салсан. Үүнээс хойш надтай хэд, хэдэн удаа тааралдахад зав болохгүй, авч амжихгүй байгаа гэсэн. Нэг удаа таарахад 1,000,000 төгрөг өгчих гэж байсан боловч би өгөөгүй. Би, тэр чулууг нь зарж үрээгүй, үлдээ гэсэн газар нь үлдээгээд явсан. Энэ Г.Б манай гэрийн хаяг, утасны дугаар мэддэг хэр нь нэг ч холбогдож байгаагүй. Би энэ хүнээс зугтаж, залилсан үйлдэл байхгүй тул чулууны үнэ болох энэ их хэмжээний нэхэмжлэлийн дүн 104,025,000 төгрөгийг ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна.

Чулууг би очиж аваагүй, харин Г.Б нь анх өөрөө Халдвартын эмнэлгийн тэнд н.Алдар, н.Чука нартай хамт авчирч өгсөн. 5 жилийн дараа гэнэт Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газраас ирээд, манай гэрийг нэгжсэн. Цагдаагийн хажууд Э.М руу утсаар ярихад тэр чулуу байсан. Гараашинд, манай хадмын машин дээр данхраадчихсан байгаа ирж ав гэсэн. Тэгээд сар гаруй хугацааны дараа ахиад цагдаа дээр очиход энэ хэрэг хэрэгсэхгүй болчихсон гэж хэлсэн. Гэтэл 5 жилийн дараа гэнэт үнэтэй зүйл байсныг нь мэдсэн юм шиг нэхэмжлэл гаргасан байсан. Тэрнээс өмнө зөндөө таарч байсан. Машин угаалгын газар ч тааралдаж байсан. Иймд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар Ш.Оээс 2,572,323 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 101,452,677 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид 678,075 төгрөгийг гаргуулж улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,107 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ОХУ-ын Сибирьгеология компаниас импортлогч Huang wuqing 1918 кг байгалийн ногоон өнгийн Хаш чулууг Хиагт нөхцөлөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 04-2091008-12-1302258 тоот барааны мэдүүлэгт үндэслэж хаш чулууны үнийг гаргасан.

Гэтэл шүүх эд зүйлийн үнэлгээг тогтоохдоо 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн гаалийн үнэлгээгээр үнэлээд байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй юм.

Харин шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Хаш чулууны үнийг тооцож, нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасныг хариуцагч нотлох баримтаар няцаагаагүй, ИХШХШТ хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т зааснаар шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байгааг гэрчийн мэдүүлгээр давхар нотолсон байхад шүүх нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй.

Гэрчийн мэдүүлгээр яг тэр Хаш чулуу шиг сайн чанарын үнэтэй хаш чулуу Монголд одоо орж ирэхгүйг мөн хэлсэн.

2. 2012 онд Гаалиар орж ирэх үеийн болон 2024 оны шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн хаш чулууны үнэлгээ нь Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшин, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж үзэхэд жил бүр өөрчлөгдөж нэмэгдэж байна.

3. Шүүх Хүнд үзүүлээд ирий гэхээр өгч явуулсан гэсэн хүсэл зоригийн Даалгавар гэж шүүх үзжээ. Гэтэл Би энэ хүнд даалгаврын гэрээ байгуулаагүй, доор хүнд үзүүлээд ирье гэсэн тул зөвхөн үзүүлэх зөвшөөрлийг олгосон болохоос биш захиран зарцуулах, худалдан борлуулах эрхийг олгоогүй. 

Үүнийг хариуцагч зөвшөөрсөн, хариуцагчийн үгүйсгэж байгаа Улаанбаатараас Замын-Үүд хүртэл тээвэрлүүлээгүй, Эрээн хот руу худалдан борлуулахаар явуулсан талаар ямар ч нотолгооны хэрэгсэл байхгүй. Ийм үйл баримт болоогүй.

4. Үндэслэлгүй хөрөнгөжсөн хүний юмыг хүнд үзүүлэх зөвшөөрлийг цааш нь худалдан борлуулсан

5. Хариуцагч талын гэрч н.Мөн-Эрдэнэ нь чулуу зүсүүлэх газарт ч байгаагүй, нэхэмжлэгчтэй харьцаагүй, хариуцагчийн шүүхэд зохиож гаргаж ирсэн хүн юм.

6. Тосон хөрөөгөөр хөрөөдөх гээд хөрөөдөж дийлээгүй, ямар ч сэв үүсээгүй байхад шүүх хараагүй байж хариуцагч талын эрх ашигт нийцүүлж, дүгнэлт гаргасан.

7. Шүүх ОХУ-аас оруулж ирсэн гаалийн мэдүүлгийг үндэслэн 10 ам.доллар гэж үнэлсэн мөртлөө тус улсаас орж ирээгүй гэж нотлох баримтуудыг зөрүүтэй үнэлж дүгнэсэн. Хэрэв ийнхүү зөрүүтэй нотлох баримт байгаа гэж үзсэн бол ИХШХШТ хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг шинээр шаардах, бүрдүүлэх боломж байсан.

8. 10 ам доллар гэдэг үнэлгээ нь миний ОХУ-д өөрийн мөнгөөр худалдаж авсан, өмчийг МУ-ын хилээр орж ирэхэд Монгол Улсын гааль хилээр нэвтрүүлсний татвараа килограмм тутамд төлөх татвар гэж тооцон ногдуулсан дүн юм.

Гэтэл шүүх миний өмчийг гаалийн татварын дүнгээр үнэлээд байгаа нь ямар ч ойлгомжгүй байна.

9. Үндсэн хуульд зааснаар өмчлөгч өөрийн хөрөнгийг хэрхэн үнэлэх, нэгэнт мөнгөө төлж үнэлсэн бол худалдан борлуулах, үнэлэх нь хувь хүний эрхийн асуудал бөгөөд өнөөдөр ногоон хаш долоогийн чулуу бол музейн үзмэр болсон. Учир нь ОХУ-д нөөц үлдээгүй, олборлож байгаа уурхай байхгүй, үнэ цэнэ нь өссөн болохыг дэлхий нийтээрээ мэднэ. Хариуцагч бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг луйвардаж авсныг шүүх мэдсээр байж өөгшүүлээд байна.

Иймд, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 3 дугааp сарын 26-ны өдрийн 01243 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч тал маргаан бүхий чулууг ОХУ-д нөөц дууссан, ОХУ-аас орж ирээгүй гэж анхан шатны шүүх тайлбарласан гэж давж заалдах гомдол гаргадаг. Гэтэл шүүхийн шийдвэрт дээрх дүгнэлтийн талаар бичигдсэн зүйл байдаггүй ба хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд маргаан бүхий чулууны үнийг 10 ам.доллар байхаар тодорхойлж шийдвэрлэсэн нь хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр. Мөн нэхэмжлэгч тал даалгаврын гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж маргадаг. Анхан шатны шүүх хуралдааны явцад хэлцлийн хэлбэрийг тодорхойлох зорилгоор шүүгч нэхэмжлэгчээс хэд, хэдэн асуулт асуухад ...хүнд үзүүлээд ир, хэрэв хүн авна гэвэл зарж борлуулж болно... гэх зөвшөөрлийг өгсөн нь үнэн гэх тайлбарыг хэлсэн учир тухайн тайлбарын үндсэн дээр анхан шатны шүүх хэлцлийг тодорхойлсон нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Г.Боос хариуцагч Ш.От холбогдуулан хаш чулууны үнэ 104,025,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хэрэг бүртгэлийн хэргийг хаах тухай 578 тоот тогтоолоор Ш.Оийг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 73 кг хаш чулууг залилан мэхэлж авсан болох нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.

 

3.2. Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх тухай 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт ОХУ-ын Сибирьгеология компаниас импортлогч Huang wuging Эрээн хот гэсэн хаягаар 1,918 кг байгалийн хаш чулууг Хиагт нөхцөлөөр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн баримтын санхүүгийн хариуцагч хэсэг Г.Б гэж бүртгэсэн ба улмаар нэхэмжлэгч Г.Б нь үүнээс 73 кг чулууг 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хариуцагч Ш.От бусдад худалдан борлуулах зорилгоор хүлээлгэн өгчээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт болон зохигчдын гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Бийг хариуцагч Ш.От уг 73 кг чулууг сонирхогч этгээдэд зөвхөн үзүүлээд зогсохгүй худалдах эрхийг олгосон гэж зөв дүгнэж, улмаар талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1 дэх хэсэгт заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 578 тоот тогтоолд Ш.Оийг Г.Бийн 73 кг хаш чулууг залилан мэхэлж авсан гэсэн нь хариуцагчийг нэхэмжлэгчийн эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авсан гэж шууд үзэх үндэслэл болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж зааснаар хариуцагчийн гэм бурууг шүүхийн шийдвэрээр тогтоогоогүй.

 

5. Хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

5.1. Нэхэмжлэгч Г.Б нь 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан гомдолд 1 кг хаш чулуу нь 500 ам.долларын үнэлгээтэй гэсэн нь тухайн чулууны зах зээлийн бодит үнийг нотолсон гэж үзэхгүй бөгөөд тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 73 кг хаш чулуу нь 104,025,000 төгрөгийн үнэлгээтэй гэдгийг баримтаар нотлох ёстой.

 

5.2. Хэдийгээр хэрэгт авагдсан ОХУ-ын Үйлдвэр худалдааны яам гэсэн нэртэй барааны гарал үүслийн баримтад байгалийн түүхий хаш чулууны гэрээний үнийг 840 ам.доллар гэж тодорхойлсон байх боловч очих буюу хүлээн авах газар зөрүүтэй байх тул энэ нь зохигчдын маргаж байгаа 73 кг чулууг худалдах, худалдан авах гэрээний үнэ байсан гэж дүгнэх боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх хариуцагч Ш.Оийг нэхэмжлэгч Г.Боос 73 кг хаш чулууг хүлээн авсан боловч буцааж өгөөгүй, алга болсон гэсэн үндэслэлээр Гаалийн хилээр бараа нэвтрүүлэх тухай 2012 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлэгт дурдсан нэгж үнэ болох 10 ам.долларт үндэслэн хариуцагчаас 2,572,323 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосныг буруутгахгүй.

 

6. Хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлсэн боловч шүүх хуралдаан дээр мэтгэлцээн явагдаж шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсэж, уг баримтыг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх үндэслэлтэй гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж болно.

 

Гэтэл нэхэмжлэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, мөн үүнээс өмнө буюу 2014 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргахдаа 1 кг хаш чулууны үнийг 500 ам.доллар гэж тодорхойлж байсан учир тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэг хүлээх бөгөөд үүнийг хэрэгжүүлээгүй байх тул шүүх өөрийн санаачилгаар нотлох баримтыг шинээр шаардах, бүрдүүлэх боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

7.Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШШ2024/01243 дугаар шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 679,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

 

Б.МАНДАЛБАЯР