Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/01331

 

 

 

 

 

 

 

 

 

2024 07 01 210/МА2024/01331

 

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Бадрах, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01671 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Н ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Мд холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай үндсэн, зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт төлсөн төлбөр болох 696,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Я, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Зээлдэгч Б.Мтай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр BMW X5 /2005-2012/ маркийн, ......... арлын дугаартай, .... УБД улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг барьцаалан 7,700,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, сарын 2,90% хүүтэйгээр, 206211178 тоот зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх 206211178 тоот фидуцийн гэрээг тус тус байгуулсан.

Хариуцагч Б.М нь 206211178 тоот фидуцийн гэрээнд тусгасан BMW X5 /2005-2012/ маркийн, ......... арлын дугаартай, .... УБД улсын дугаартай хар өнгийн тээврийн хэрэгслийг эвдэрсэн тул цаашид ашиглах боломжгүй болсон үндэслэлээр фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний дагуу төлбөрийг нэхэмжилж байна.

Иймд зээлдэгч Б.Мгээс 206211178 тоот зээлийн гэрээний үндсэн зээл 7,373,111.30 төгрөг, үндсэн хүү 8,371,322.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,990.33 төгрөг, нийт 17,146,424.13 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Миний бие Н" ХХК-иас BMW Х5 маркийн автомашиныг 7,700,000 төгрөгөөр буюу зээлээр худалдан авч, Н ХХК нь Б.М надтай 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан.

Н ХХК-аас худалдаж авсан автомашин нь эвдэрхий байсан тул засварын газруудаар үзүүлж, засуулах гэсэн боловч засвар авах боломжгүй болох нь тогтоогдсон тул би Н ХХК-д 2020 оны 07 дугаар сард очиж, эдийн засагчид нь зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлөх боломжгүй боллоо, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулмаар байна, авсан автомашин нь эвдэрхий одоог хүртэл замын хөдөлгөөнд оролцоогүй гэдгийг хэлэхэд уг байгууллага ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Гэтэл одоо үндсэн зээлээс давсан хүү 8,371,322 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,401,990 төгрөгийг нэхэмжилж, 7,700,000 төгрөгийн зээлийг 17,146,424 төгрөг болгож байгаа нь үндэслэлгүй.

Иймд би зээлийн төлбөрийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.Мгийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

Н ХХК нь Иргэний хуулийн 286 дугаар зүйл, MNS 5274:2017 стандарт буюу Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ, нийтлэг шаардлага, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 121 дүгээр тогтоол, хавсралт Нийслэлийн нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам-ыг дагаж мөрдөн харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсээс олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл Н" ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэхдээ харьяа дүүргийн Засаг даргын Тамгын газраас олгосон батламжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхой бус байх тул зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг байгуулах эрхгүй этгээд гэж үзэхээр байна.

Н ХХК нь Иргэний хуулийн 202 дугаар зүйл, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн нь өөрөө гэрээг хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байна.

Иймд зээлийн гэрээ болон фидуцийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-т заасан хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, мөн зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар Н" ХХК-д зээлийн гэрээний үүрэгт төлсөн 696,000 төгрөгийг буцаан гаргуулж Б.Мд олгож, BMW 25 маркийн автомашиныг Н" ХХК буцаан авахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

 4.Нэхэмжлэгч Н ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн тайлбар, татгалзлын агуулга: Салбарын захирал Б.Мөнхцэцэгийг 2020.06.20-ны өдөр захирлын ажил албан тушаалаас чөлөөлсөн тул гэрээ байгуулах эрхтэй байсан. Манай байгуулах нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг тул зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Мгээс 7,004,000 /долоон сая дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс 10,142,424 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.1.8, 56.1.9 дэх хэсэгт зааснаар Н ХХК, Б.М нар байгуулсан 2020.05.21-ний өдрийн №206211178 дугаартай Зээлийн гэрээ, 2020.05.21-ний өдрийн №206211178 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, хариуцагч Б.Мгийн зээлийн төлбөрт төлсөн 696,000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,682 төгрөгийг, хариуцагч Б.Мгийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91,460 төгрөгийг тус тус Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мгээс 121,310 /нэг зуун хорин нэгэн мянга гурван зуун арван/ төгрөгийг гаргуулж Н ХХК-д олгож, нэхэмжлэгч Н ХХК-иас 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж Б.Мд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Анхан шатны шүүх "Н" ХХК нь Б.Мтэй 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Зээлийн гэрээ" байгуулж, зээлдүүлэгч нь автомашины лизингийн зориулалтаар 7,700,000 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлж,... "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ"-г байгуулж, BMW X5 маркийн, .... УБД улсын дугаартай автомашиныг "Н" ХХК-ийн өмчлөлд шилжүүлжээ. /хавтаст хэргийн 8-11 хуудас/ гэж дүгнэсэн. Гэтэл Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой BMW X5 маркийн, .... УБД улсын дугаартай автомашин нь талуудыг гэрээ байгуулахаас өмнө буюу 2018.8.23-ны өдрөөс эхлэн "Н" ХХК-ийн өмч байсан болох нь хэргийн 42 дугаар талд авагдсан баримтаар тогтоогдоно.

2. 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 206211178 дугаар "Зээлийн гэрээ" болон "Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ" нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д "өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл"-д хамаарч байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус байхаар заасан боловч халхавчлагдсан хэлцэл нь хүчин төгөлдөр байх боломжтой юм. Хариуцагч Б.М нь "Н" ХХК-иас BMW X5 маркийн, .... УБД улсын дугаартай автомашиныг 7,700,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлийг шүүх өөрөө тодорхойлсон.

Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас тодорхой байхад анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч худалдах худалдан авах гэрээг халхавчлан хийсэн байна гэж нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

3. Анхан шатны шүүх Хариуцагч Б.М нь худалдан авсан BMW X5 маркийн, .... УБД улсын дугаартай автомашинаа эвдэрхий байсныг засуулж чадаагүй, замын хөдөлгөөнд огт оролцоогүй гэж тайлбарлаж байгаа боловч тухайн автомашины хөдөлгөөнд оролцож, 2020.06.30, 2020.07.12-ны өдрүүдэд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас торгуулсан болох нь ЦЕГ-ын Тээврийн Цагдаагийн албаны BMW X5 маркийн 2638 УБД дугаартай тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээллээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 108-109 хуудас/ гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрэмд 14.7.50, 14.7.37 гэх заалт байхгүй, түүнчлэн гэрч Г.Отгонхуяг машиныг засварын газар хүргэх гэж чирч яваад нэг удаа торгуулж байсан гэж мэдүүлсээр байхад шүүх замын хөдөлгөөнд оролцсон байна гэж дүгнээд байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар шүүх хуралдаанд хангалттай тайлбар гаргасан. /102. 103, 115/

4. Хариуцагч Б.М нь BMW X5 маркийн 2638 УБД улсын дугаартай автомашиныг засварын газарт засагдаагүй эвдэрсэн байдалтай байхад нь худалдан авсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байгаа тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.- д "Эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан" бол худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдана гэж заасны дагуу автомашины доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдсан байна гэж дүгнэсэн.

Хариуцагч тал дээрх доголдлыг нүдээр хараад мэдэх боломжгүй, засварын газар очоод мэдсэн, нэхэмжлэгч тал ийм доголдол байгаа гэдгийг анхнаасаа өөрсдөө мэдсэн байж, хариуцагчид энэ талаар хэлж, анхааруулсан зүйл байхгүй байгаа. Тийм ч учраас нэхэмжлэгч тал хариуцагчаас өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхгүй байхад зээлээ төлөх талаар мэдэгдэл өгч, зээлийн гэрээний үүргийг шаардаж байгаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н ХХК-иас хариуцагч Б.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, уг гэрээний үүрэгт шилжүүлсэн 696,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд;

 

3.1. Н ХХК нь 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Б.Мтэй зээлийн гэрээ байгуулж 7,700,000 төгрөгийг сарын 2.90 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээлэхээр тохиролцсон;

 

3.2. Талууд уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар мөн өдөр BMW маркийн .... УБД тоот улсын дугаартай автомашиныг фидуцийн гэрээгээр зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна.

 

Эдгээр гэрээг нэхэмжлэгч Н ХХК-ийг төлөөлж салбарын захирал Б.Мөнхцэцэг, зээлийн ажилтан Э.Сарангоо нар байгуулсныг уг компанийн зүгээс хүчин төгөлдөр бус гэж маргаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гэрээг эрх бүхий этгээд байгуулаагүй гэсэн тайлбарыг үндэслэлгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

4. Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д зааснаар барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхлэх этгээд нь гагцхүү хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгох эрхтэй.

 

Гэтэл, нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Б.Мтэй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.4 дэх хэсэгт заасныг зөрчжээ.

 

Түүнчлэн, банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд биш атлаа тус гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тохирсон зэрэг нь дээрх хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн гэрээ, хэлэлцээрүүд хүчин төгөлдөр бус байна.

 

5. Талуудын анхдагч хүсэл зоригийн илэрхийлэл нь нэхэмжлэгч Н ХХК-ийн өмчлөлийн автомашиныг худалдан авахаар тохиролцож, уг гэрээний үнэд тохируулан зээлийн гэрээ байгуулж, улмаар хариуцагч Б.Мгийн өмчлөлийнх гэж фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дахь хэсэгт нийцээгүй байна.

 

Зохигч талууд зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг бодитоор шилжүүлээгүй тул уг зээлийн гэрээнээс үүрэг үүсгээгүй, мөн хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний нөхцөл нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.4-т Хэлцлийн агуулгыг тодорхойлох боломжгүй бол уг хэлцлийг хийгдээгүйд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх боломжгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, халхавчлагдсан гэх худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл буюу үнэ, түүнийг төлөх журам, хугацаа, хэмжээ зэрэг зүйлүүд тодорхойгүй, үүрэг үүсгээгүй зээлийг гэрээ, мөн хүчин төгөлдөр бус фидуцийн гэрээний нөхцөл нь худалдах, худалдан авах гэрээнд үйлчлэхгүй.

 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч Н ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг этгээдийн хувьд хариуцагч Б.Мд зээл олгох үйл ажиллагааг эрхлэх эрхтэй байхад хөдлөх эд хөрөнгө барьцаалах бус гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх тухай фидуцийн гэрээ байгуулсныг үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн хэлцэлд хамааруулж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.

 

7. Иймд, дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2024/01671 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-т тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч Н ХХК-ийн гаргасан хариуцагч Б.Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 17,146,424 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Мгийн гаргасан зээлийн болон фидуцийн гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч Н ХХК-иас 696,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Мд олгож, хариуцагчид BMW маркийн .... УБД тоот улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгасугай гэж өөрчлөн найруулж,

 

2 дахь заалтыг хасаж, 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж, 5 дахь заалтыг 4 гэж дугаарлалтыг өөрчилж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Н ХХК-ийн төлсөн 243,682 төгрөг, хариуцагч Б.Мгийн төлсөн 91,460 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н ХХК-иас 91,460 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Мд олгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Б.МАНДАЛБАЯР