| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэн Ренченхорол |
| Хэргийн индекс | 185/2019/0229/э |
| Дугаар | 232 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 232
2019 03 11 232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж,
Улсын яллагч: Г.Цогтгэрэл,
Нарийн бичгийн дарга: Д.Хандсүрэн,
Шүүгдэгч Т.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Төгсбатын Түвшинбатад холбогдох эрүүгийн 1809026351102 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1999 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 56-р гудамж, 788-4 тоотод оршин суудаг,
Урьд 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018/ШЦТ/366 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн.
Сартуул овогт Төгсбатын Түвшинбат /РД:ИЭ99122116/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл буюу фейсбүүк сайтыг ашиглаж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баттулгаас “... түүний эгч н.Жамьяансүрэнгийн цахим хаягаас эгчдээ мөнгө шилжүүлээч...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100 000 төгрөгийг өөрийн эх Ц.Сольхүүгийн Хаан банкны 5018767793 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: ”. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохиролоо төлсөн...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг хохирогч М.Баттулгын /хх-17-39/, гэрч Ц.Сольхүү /хх-20/ нарын мэдүүлэг, гэрчээр Т.Тын өгсөн мэдүүлэг /хх-19/ , яллагдагчаар өгсөн Т.Т мэдүүлэг /хх-22-24/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/хх-13-14/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх13-14/, гэрч Ц.Сольхүүгийн хаан банкны дансны хуулга /хх-12-15/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр цахим хэрэгсэл буюу фейсбүүк сайтыг ашиглаж Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Баттулгаас “... түүний эгч н.Жамьяансүрэнгийн цахим хаягаас эгчдээ мөнгө шилжүүлээч...” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 100 000 төгрөгийг өөрийн эх Ц.Сольхүүгийн Хаан банкны 5018767793 дугаарын дансаар шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүгдэгч Т.Т нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:Хохирогч М.Баттулга мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Этүгэн их сургууль дээр байж байхад 11 цагийн орчим манай авга эгч Жамъансүрэн нь сейсбүүк чатаар сайн уу эгч рүүгээ мөнгө шилжүүлэх боломж байна уу гэсэн. Тэгээд би дансны аваад 5018167793 гэсэн дансруу найз Болд-Эрдэнийн худалдаа хөгжлийн банкны 416010684 данснаас шилжүүлсэн юм...би мөнгө шилжүүлсэн баримтны зургийг хэрэгт хавсаргасан... Түвшинбаттай ярилцаж тохиролцсон учраас ямар нэгэн гомдол санал байхгүй.../хх17-39/ гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Сольхүүгийн “Тухайн үед миний хаан банкны виза карт манай хүүхэд Түвшинбатад байсан болохоор хэдэн төгрөг шилжиж орж ирээд хаашаа явсныг би мэдэхгүй. Сүүлд Түвшинбат өөрөө надад хэлээд улмаар дансны хуулгаа харахад үнэхээр мөнгө орж ирээд гарчихсан байна лээ...” гэх мэдүүлэг/хх 20/,
Т.Тын гэрчээр өгсөн: “...2018.06.05-ны өдөр Сансарт байрлах лоф нэртэй цахим тоглоомын газар фейсбүүкийн лог буюу нэр паспорт хийдэг хэсэг дээр ямар ч хамаагүй утасны дугаарыг хийсэн чинь Жамъяансүрэн гэдэг хүний фейсбүүк хаяг руу орсон тэгээд чатыг нь харж байгаад Баттулга гэх хүний чат руу эгчрүүгээ мөнгө явуулаач гэсэн чат бичиж ээж Сольхүүгийн 5018167793 дугаарын данс руу шилжүүлсэн юм тэгээд мөнгөө тухайн өдрөө АТМ-с авсан юм...” гэх мэдүүлэг /хх 19/
Т.Тын яллагдагчаар өгсөн “...би 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Сансарын замын эсрэг талд байрладаг “Лоф” нэртэй писи тоглоомын газарт интернэтэд сууж байхдаа утасны дугаар ашиглаад хүний фейсбүүк хаягаар нэвтэрч орсон... тэгээд би нэвтэрч ороход Жамъяансүрэн гэдэг хүний хаяг байхаар нь чат руу нь орж байгаад идэвхтэй байсан хүмүүс рүү мэнд мэдэж чат бичихэд хариу бичсэн чат руу нь мөнгө байвал эгчдээ шилжүүлээд өгөөч гэдгийг хэлээд ээжийн 5018167793 тоот дансыг өгөхөд шилжүүлчихлээ гэж хэлэхээр нь би фейсбүүк хаягаас гарч тэндээс явсан. Улмаар би АТМ орж ээжийн виза картнаас 100.000 төгрөгийг Дархан явах зардалд хэрэглээд дуусгасан. Ээж надад карт нь байгаа гэдгийг ч мэдээгүй бөгөөд энэ талаар би саяхан өөрт нь хэлж дансны хуулгыг авахуулсан юм. Би уг гэмт хэргийг үйлдэхдээ ганцаараа байсан...” /хх22-24/ гэх мэдүүлэг,
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 13-14/,
Гэрч Ц.Сольхүүгийн хаан банкны дансны хуулга /хх 12, 15/,
Эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх 9/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Т.Тыг бусдын 100000 төгрөгийг цахим хэрэгсэл ашиглаж залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Т.Тыг нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Т нь /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч Т.Тын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Т.Т нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, түүнийгээ 406 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлж, 20 цагийн үлдэгдэл нийтэд тустай ажил хийлгэх ялтай болох нь Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 4/6464 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Тын Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар ялыг нэмж нэгтгэн оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно..
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т.Т бусдын эд хөрөнгийг цахим хэрэгсэл ашиглаж залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 615 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын үлдэгдэл 20 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 520 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тад нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Тад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ